Цагаан будаандаа ЦАДАХ ЦАГ ИРНЭ

2016 оны 02 сарын 29

Хархорин сумын агрономч Гэнэдуламын туршилтаар тарьсан

цагаан будааны хураалтын үе

Манай улс 2014 онд 29.5 мянган тонн цагаан будааг 14.8 сая ам.доллараар худалдан авсан тухай Монголын гаалийн цахим хуудсанд бичжээ. Монголчууд 2012-2014 онд дунджаар 27 мянган тонн цагаан будаа импортолсныг дээрх цахим хуудаснаас харж болохоор байна. Харин зарим мэргэжилтний хэлж буйгаар 2014 онд манай улсын хэрэглээ 60 мянга, бүр 68 мянган тоннд хүрсэн гэнэ.

Импорт нэмэгдэхийн хэрээр гадагшаа “урсгадаг” ам.долларын хэмжээ өсөх нь тодорхой. “GIMEX” компанийн захирал Ж.Ганхуяг “Монгол Улс жилд 70-аад мянган тонн цагаан будаа импортолдог. Үүнд 60 орчим сая ам.доллар зарцуулж байгаа” хэмээв. Нөгөөтэйгүүр, манайд импортоор оруулж ирдэг 11 төрлийн будаанд өнгөрсөн онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийхэд заримынх нь хугацаа дууссан, хадгалалтын горим алдагдсан зэрэг зөрчил илэрч байв.

Төгрөг сумын Мазар багт хүлэмжинд цагаан

будааны үрслэг суулгаж байгаа нь

“Дорнын алтан тос” компанийн захирал О.Мөнхбаатар “Одоогоос дөрвөн жилийн өмнө манай улсын импортолсон цагаан будаанд хар тугалгын хэмжээ 30-60 дахин их байсан.

Хар тугалга хүний биед үл шингэдэг, усанд үл уусдаг, хорт хавдрын гол үндэс болдог” гэлээ. Манай улс цагаан будааны хамгийн том үйлдвэрлэгч, бас импортлогч БНХАУ-аас дийлэнх хэрэглээгээ хангадаг.

Монголын гаалийн цахим хуудсанд бичсэнээр буюу албан ёсоор бүртгүүлэн оруулж ирсэн цагаан будааны 23.453 тонн нь урд хөршийнх байжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд 29.596 тонныг импортолсны 80 орчим хувийг БНХАУ-аас авчээ.

Хэрэглээ нь нэмэгдэхийн хэрээр урд хөрш цагаан будааны экспортдоо хязгаарлалт тавьсан бөгөөд манай улс ганц боомтоор л БНХАУ-аас уг таваарыг оруулж ирж байгаа юм. Харин бусад боомтоор нууцаар оруулж ирж байгаа аж. Ингэхдээ хүмүүс будааг хар уутаар битүү ороох зэргээр аргалдаг байна.

Хулгайгаар оруулж ирсэн цагаан будаа эрүүл ахуйн стандарт хангана гэж итгэхэд бэрх. Боломж нь байвал Монгол Улс жил бүр хэрэгцээ нь нэмэгдэж буй цагаан будааг өөрсдөө тарих шаардлагатай нь эндээс харагдана.

Гурил, төмс гэх мэт хүнсний голлох бүтээгдэхүүнээ дотоодоос хангадаг болсон гэдэг ч цагаан будаагаа хэрхэн үйлдвэрлэх талаар улсын бодлогоор бус, хувийн хэвшлийнхэн л илүүтэй анхаарч ирсэн байх юм. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тодруулахад, “Багахан талбайд туршилтаар тарьж үзэж байгаа болохоос биш, төчнөөн тонн цагаан будаа хурааж авсан гэхээр зүйл байхгүй” гэв.

Ер нь цагаан будаа ус, дулаан шаарддаг гээд “ааштай” учир тарих боломжтой газар цөөн гэж салбарын яамныхан үзэж буй. ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун “Цагаан будаа тарихад олон жил туршлага судлах хэрэгтэй.

Цаг уурын нөхцөл, тохирох сорт сонгох зэрэг ажил бий. Цагаан будаа тарьж болох, эсэхийг нэг жил туршаад л шийдчихгүй, олон төрлийн сорт туршиж үзэх хэрэгтэй. Дарханы Ургамал газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнд шинэ сорт нутагшуулах талаар судалж байгаа. Энэ талаар оролдлого хийхгүй биш, хийж байгаа” хэмээв.

УРГАХ БОЛОМЖ, ТАРЬСАН ТУРШЛАГА БИЙ

Өнгөрсөн жилүүдэд манай улс цагаан будаа тарих хэд хэдэн туршилт хийсэн, өдгөө ч хийж буй. Тухайлбал, 1995-1997 онд Японы туршлагаар Дорнод аймгийн Хэрлэн голын эрэгт цагаан будаа тарихаар туршиж байв. Үүнээс хойш нам жим байсаар Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Дорнын алтан тос” компани 2013 онд Хэрлэн голын эрэг орчимд цагаан будаа туршилтаар тарьжээ.

Тэд урд хөршийн мэргэжилтнүүдтэй хамтран, өвөрмонгол сортын үр авчран, хүлэмжинд тарьсан байна. Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын агрономч Ч.Самбуубаатар “Манай аймгийн тодорхой газруудад цагаан будааны ургалтын хугацаа тохирсон, дулааны нийлбэр хүрэлцээтэй байдаг тул ургах боломжтой.

“Дорнын алтан тос” компанийн будааны болц нь болж өгөхгүй байсан ч тонн хэртэй цагаан будаа хурааж авсан” хэмээн өгүүлэв. Цагаан будааг хурааж авсны дараа цайруулж, хальслах, өнгөлөх гээд хэд хэдэн дамжлагаар “оруулах” шаардлагатай. Дамжуулах үйлдвэргүй болон бусад шалтгааны улмаас “Дорнын алтан тос”-ынхон зах зээлд будаагаа борлуулаагүй байна.

Тус компанийн захирал О.Мөнхбаатар “Хэрлэн голын эрэгт цагаан будаа тарихад зарим бэрхшээл тулгарч байсан. Хөрс нь ус тогтоох давхаргагүй учраас ус удалгүй “алга болчихдог”. Бас үржил шим хангалтгүй байсан.

Импортыг орлох, гадагшаа мөнгө урсгахгүй байх, дотоодын хэрэглээгээ хангах ач холбогдолтой гээд цагаан будаа тарихаар зорьсон ч улсын, салбарын яамны дэмжлэг муу байна. “Халх гол” төсөл хэрэгжүүлнэ гэж байгаа.

Хэрэв тэнд будаа таривал манайд үр, техник бий, уг нь. Цагаан будаа тарих нь нарийн арчилгаа, уйгагүй хөдөлмөр шаарддаг” хэмээсэн. Агрономч Ч.Самбуубаатар “Дорнодын Хэрлэн, Чойбалсан суманд цагаан будаа тарих боломжтой. Дорнод бүс нутагт дулааны нийлбэр хангалттай байдаг. Шар буурцаг ч Дорнодод ургадаг шүү дээ” гэж байв.

Цагаан будааг дотооддоо тарья гэвэл эхний ээлжинд үр импортолно, технологи нутагшуулна гээд ажил мундахгүй. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, багаар бодоход 5-7 жил туршилт, судалгаа хийж байж үйлдвэрлэлд нэвтрүүлэхгүй бол нэг жил туршчихаад цагаан будаа тарьдаг боллоо гэж болохгүй аж.

Юуны түрүүнд, мэргэжлийн байгууллагатай хамтрах ёстой бөгөөд аль сорт тохирох, баталгаа, гарал үүслийг нь тодорхойлох гээд бишгүй олон ажил хийх шаардлагатайг тэд сануулж байв.

Одоо бол манай улс үйлдвэрлэл, шинжлэх ухаан хоёроо холбож чадахгүй байгаа гэнэ. Компаниуд нь хөрөнгө мөнгөний хувьд боломжтой, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээсээ түрүүлж хөгждөг “гажиг” тогтолцоотойг энд дурдаж болох аж.

Цагаан будаа тарьж ургуулахаар туршсан, туршиж буй өөр нэг аймаг бол Өвөрхангай. Тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд, Хархорин, Нарийнтээл, Арвайхээр, Төгрөг сумын агрономч гээд 10 хүн Японы Засгийн газрын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2011-2015 онд Хоккайдо мужийн Такикава хотод дадлагажин, цагаан будаа тарих технологи сурчээ.

Арвайхээр сумын тариаланч Мятавдоржийн туршилтаар тарьж буй

цагаан будааны ургацын байдал


Өвөрхангайн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ерөнхий агрономч Д.Пагмын ярьснаар Нарийнтээл, Төгрөг, Арвайхээр суманд 2012 оноос цагаан будаа тарин, туршиж буй бөгөөд арлын орноос жилд хоёр удаа мэргэжилтэн ирж, зөвлөгөө өгдөг байна.

Өнгөрсөн онд дээрх гурван сумаас гадна Хархорин, Баруунбаян-Улаан суманд гээд нийт 296 ам метр бүхий хүлэмжинд цагаан будаа тариалж, 46 орчим кг ургац авчээ. Одоогоор нийт 100 кг үртэй болж амжсан тэд хөрс, цаг уурын судалгаа байнга хийдэг байна. Хархорин, Төгрөг сум далайн түвшнээс 1340-1360 метр өргөгдсөн тул дулааны баланс арай илүү нь туршилтын явцад тогтоогджээ.

Түүнчлэн Нарийнтээлийн Арцын гол задгай устай тул хүлэмжинд цагаан будаа тарин ургац авч байгаа аж. Харин Арвайхээр далайн түвшнээс 1700 метр өндөр тул арай сэрүүдэж, үр суух магадлал тааруу байгаа гэсэн.

Өвөрхангай аймгийнхан Дарханы Ургамал газар тариалан, сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран цагаан будаа туршилтаар тарьж, өлчиржүүлэх, ургалтын хугацааг богиносгох зорилгоор хураасан ургацаасаа дээж хүргүүлжээ.

Цаашид шаварлаг хөрстэй, нөмөртэй, нарны илчээр халах боломжтой голын ойролцоо талбай сонгон таривал цагаан будаа ургах боломжтойг Д.Пагма хэлээд, “Бид цагаан будаа тарих, үрслэг бойжуулах арга зүй эзэмшин, технологио нутагшуулж, өөрийн гэсэн бага хэмжээний үртэй болсон.

Бас хөрс, усаа зөв сонгох арга зүйг эзэмшсэн” гэж онцоллоо. Өвөрхангай аймгийнхан цаашид богино болцтой, хүйтэнд тэсвэртэй сортын цагаан будааг нутагшуулан тарьж турших зорилготой ажиллаж буй юм билээ.


3-5 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛД ЦАГААН БУДАА ТАРИНА

2013 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зарласан тендерт “GIMEX” компани шалгарч, Лаост газар түрээслэн, цагаан будаа тарих болсон. Тус компанийн захирал Ж.Ганхуяг “Одоогоор Лаост 300 га газар түрээсэлж байгаа. Улмаар Монголд “Хөсөг” нэртэй цагаан будаа нийлүүлж байна” хэмээн өгүүлэв.

Тэд өнгөрсөн онд анхны ургацаа авсан бол ирэх арваннэгдүгээр сард хоёр дахийгаа авах бөгөөд цаашид түрээслэх газрын хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой аж. “GIMEX”-ийнхэн анх 25 га-д будаа тарьсан бол 50, 300 га болгон нэмэгдүүлжээ.

Гагцхүү Лаос улсын дэд бүтцийн хөгжил тааруу, далайд гарцгүй учраас вагон, усан зам ашиглах боломжгүй, Тайланд юм уу, Вьетнамын боомт ашиглах болдог байна. Тэгэхээр тээврийн зардал өсөж, бүтээгдэхүүнийх нь үнэ арай өндөр болчихдог аж. Тус компанийнхан сүүлийн дөрвөн жилд дэлхийд чанараар нэгдүгээрт эрэмбэлэгдсэн “Жасмин” сортын хом мали төрлийн будаа тарьж буй юм билээ.

“Монгол хүний ходоод хогийн сав биш. Чанарыг эрхэмлэж, энэ төрлийн будааг сонгон тарьж байгаа” гэж Ж.Ганхуяг хэлэв. Тэд нийт 80-аад тонн будааг дотоодын зах зээлд борлуулахаар ажиллаж буй бөгөөд дэлгүүрүүдээр нэг кг-ийг нь 5000 төгрөгөөр зарах гэрээ байгуулжээ. Газар нутгаасаа хамаараад хом мали төрлийн будааны жишиг үнэ кг нь гурван ам.доллар, гурван евро байдаг аж.

2011 онд “GIMEX”-ийнхэн хоногт 60 тонн тутарга боловсруулах хүчин чадалтай орчин үеийн үйлдвэр байгуулжээ. Тус компанийнхан гадаадад газар түрээсэлж, түүхий эдээ оруулж ирэн, энд цайруулах бус, цаашид дотооддоо цагаан будаа тарихаар зэхэж буй таатай мэдээ байна.

Тэд Баянхонгор, Говь-Алтай аймагт тариалалтаа энэ хавар туршилтаар эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд чадвал гурав, үгүй бол таван жилийн дараа Монголд цагаан будаа тарих зорилготой ажиллаж байгаа гэсэн. Үүний хүрээнд Япон, БНСУ, Хар мөрөн, Шинжаанаас үр цуглуулж буй аж.

Мөн алдаа гаргахгүй ажиллаж, эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах үүднээс Японы компаниудаас зөвлөгөө авч буй. Ж.Ганхуяг “Сүүлийн 12 жил судалгаа, шинжилгээний ажил хийлээ. Дотооддоо цагаан будаа тарих нь өчигдөр бодчихоод, өнөөдөр хийж байгаа ажил биш.

Монголд цагаан будаа тарьснаар хүнсний аюулгүй байдал хангагдаж, чанарын баталгаатай, гарал үүсэл нь тодорхой, шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэнэ. Бидний тооцож байгаагаар 30-40 мянган га талбайд цагаан будаа тарьж, дотоодынхоо хэрэгцээг хангах боломжтой.

Магадгүй түүнээс илүү га-д таривал экспортлохыг ч үгүйсгэхгүй. Газар дороос алт ухах биш, дээр нь “алт” ургуулна гэж бодож байгаа” гэлээ. Манай урд хөрш уг таваарыг хамгийн ихээр импортолдог тул борлогдохгүй гэх зовлонгүй аж.

Нөгөөтэйгүүр, дэлхийд өрсөлдөх хэмжээний чанартай бүтээгдэхүүн тарих боломжтой юм байна. Бохирдоогүй хөрс, цэвэр агаар, устай тул эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг Ж.Ганхуяг тодотгож байв. Ингэвэл ажлын байр олноор нэмэгдэж, цагаан будаа импортлоход зарцуулж байгаа валютаа дотооддоо үлдээх юм.

Товчхондоо, далайн түвшнээс дээш 1000 гаруй метрт, наранд бүлээсчихдэг задгай устай газар том талбайд цагаан будаа тарих боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.

Тухайлбал, Баруунбаян-Улаанд томоохон талбайд будаа таривал ургах боломж бий аж. “Ямбатай” цагаан будааг цэцэглэлтийн үед нь 25 градусаас дээш бүлээн устай орчинд байлгах, хөрс нь зуурсан гурил шиг нялцгай шавар байх гээд тарихад мөрдөх ёстой “хууль” олон.

Хөрс бэлтгэхээс гадна хальслах, цайруулах зэрэг тоног төхөөрөмж авахад анхны хөрөнгө оруулалт өндөр гээд монголчуудын хувьд тоочвол олон бэрхшээл бий. Гэхдээ дотооддоо тарьсан цагаан будаанд цадах цаг удахгүй ирэх нь.

Ц.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.21.31 yamar saihan ym be.amjilt husii
59.153.114.25 bi gimex-n budaa l avdag. neeree l mongol huni hodood hogin sav bish,hyataduud bur budaa importlohoo bolivol bidend sain um bish uu, hor idej baisnaas idehgyi l baya
122.254.111.74 Сэдэв болон мэдээ нь сонирхолтой байлаа. Даанч найруулага нь авах юм алга. Ц.Болормаа нийтлэж байгаа юмаа хүнээр шалгуулж байгаач дээ. Суралц, өөрийгөө хөгжүүл. Шүүмж авч бай
122.254.111.74 Нийтлэл дотор мэдээ байдаггүйг мэдчихээд хүн шүүмжлээч ээ.
  • 2016 оны 03 сарын 03
112.72.11.114 Маш Зөв үр нь ол п
122.201.21.113 Эрдэнэбилэг:Уда
122.201.21.113 эрдэнэбилэг:Тий
73.246.178.107 Geniin uurchlultei ur oruulj ireed l tarichihgui bol boljil bainadaa.Terend l sanaa zovj baina,oros geniin uur hlultei ur taria oruulhiig horigloson Mongol yasan boloo?
103.229.120.157 амжилт хүсье. Монголын хөрсөнд ургасан сайн чанарын цагаан будаагаа цадталаа идэх болтугай