Г.ДОРЖПАЛАМ: Зориг маань мөөм, мөөм гэж нэхсэн хүүхэд байлаа

2016 оны 02 сарын 29

Энэ зургийг авахуулж байх үед Зориг тав, зургаан сартай л байсан

болов уу гэж Доржпалам гуай өгүүлсэн юм

Наймхан хоногийн дараа Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Энэ өдөр бидний хувьд нийт эмэгтэйчүүдийн баярын өдөр бол зарим улсад уг өдрийг Ээжүүдийн баяр хэмээн тэмдэглэдэг.

Тиймээс 20 насаа удахгүй угтах гэж байгаа “Өнөөдөр” сонин, 20 жилийн өмнөх үүцээ задалж, С.Зориг агсны ээж Г.Доржпалам агсантай хийсэн ярилцлагаа уншигч Танд хүргэж байна.

1996 оны арваннэгдүгээр сарын 02.


 

Бямба №014 (014)

У.АМАРСАЙХАН

Ээж шиг сайхан хүн энэ ертөнц дээр байдаг гэж үү? Эхтэйгээ хамт буй азтан бүр ч сайхан. Тийм азтангуудад атаархаж явдгаа нуух юун.

Амьд сэрүүн дэргэд нь байж, хүүгээ асарч дэмжин, хүмүүжүүлж суугаа Монголын жирийн олон сайхан ээжийн нэгэнтэй хуучилснаа эрхэм уншигч тантай хуваалцъя.

Энэ хүн бол ардчиллын “алтан хараацай”, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Зоригийн ээж Г.Доржпалам гуай бөлгөө.

-Та яагаад “Сэрэлт” киноны орос эмчид тоглох болсон юм бэ?

-Ийм учиртай юм. Би МУИС-ийн Хүн эмнэлгийн ангийн оюутан байлаа. Нэг өдөр “УАЗ-469” машинтай хүмүүс манай сургууль дээр ирж, намайг Кино үйлдвэр рүү аваад явав. Д.Жигжид (ардын жүжигчин, кино найруулагч), З.Баттулга (үргэлжилсэн үгийн нэрт зохиолч) гуай хоёр байсан юм.

Очингуутаа миний зургийг хэд хэдэн янзаар авлаа. Өөр хүмүүс ч бас зургаа авахуулсан. Тэгээд биднийг буцаагаад явуулчихлаа. Хэд хоногийн дараа одоогийн УИД-ийн дэргэдэх гоо сайхны үйлчилгээний газрын суурин дээр байсан манай хашаанд бас л машинтай хэдэн хүн намайг сурагласаар ирснээ “Чи тэнцсэн, кинонд тоглох болсон” гэдэг юм байна.

Тэгээд л их сургуулийн оюутан охин кино жүжигчин болчих нь тэр. Мөн ч сайхан байсан даа.

-Ах лам та нарыг даваан дээр отож байгаад морийг чинь үргээж, чарга онхолдуулдаг цасан шамрагатай хэсгийн зургийг хэд дахин авахад таныг уйлж байсан гэж “лавлаа” Дашийн хүүгийн дүрд тоглосон жүжигчин, найруулагч Банзрагч ярьж байсан. Тэр үнэн үү?

-Үнэнээр барах уу даа. Хавар гуравдугаар сард зураг авсан юм. Цасны ширхэг бүдүүрч, хүчтэй салхины аясаар нүүрэнд битүү шивчихсэн. Хорссон гэж яана аа. “Царцаа ногоон” тавьж байгаад сэнсдэж, салхи дэвэргэсэн юм чинь ямархан хүчтэй цасан шуурга болох нь ойлгомжтой биз дээ.

Би тэсч ядахдаа “Энийг чинь тоглож чадахгүй нь ээ, больё” гэж уйлахад Жигжид гуай “Битгий олон юм яриад бай. Дуугүй наадхаа тогло” гэж зандарч байж билээ. Би хүүхэд шиг уйлахаа больж, хүн шиг тоглож эхэлсэн. Ганц үг л гацаа гаргачихдаг юм билээ.

-Жигжид гуай ширүүн хүн үү?

-Хариуцлагатай, их энергичный, ядарч цуцахыг мэддэггүй хүн байсан. Санасандаа хүрч байж, санаа нь сая амардаг байсан юм. “Дахиад, дахиад, дахиад” гэдэг үгийг Жигжид гуайгаас мөн ч олон сонсч, мөн ч олон дахин зураг авахуулсан даа.

-“Лавлаа” Дашийн хүүгийн дүрд тоглосон Банзрагчийгаа санаж байгаа биз дээ?

-Саналгүй яахав. Би битгий хэл Монголын кино үзэгчид бултаараа санадаг байх аа. Банзрагч бид хоёр насаар бараг чацуу. Хоёр, гурван л насны зөрүүтэй байсан болов уу. Банзрагч урлагийн сургуулийн оюутан байсан санагдана.

Дөлгөөн зантай, эвсэг тоглолттой залуу байлаа. Хүүхдийн дүрийг яг хүүхэд шиг гаргаж чадаа биз дээ. Янжинжав, Гүр гээд авьяастай мөн л эвсэг, нямбай тоглолттой залуу жүжигчид байлаа.

Ер нь надад киноныхон, урлагийнхан их таалагдсан шүү. Угтаа би олигтой ч ганц дуу дуулчихаж чаддаг байсан биш дээ. Тэдний хүчээр л кинонд тоглосон юм чинь.

-Киноныхоо сэтгэлд хоногшсон хэсгээс ярихгүй юу?

-Сумын эмнэлгийн өвчтөн бүртгэх журналд Дамдинсүрэн, Дулмаа гэж анхныхаа өвчтөний нэрийг бичиж буй хэсэг санаанаас огт гардаггүй юм. Би ч бас хэдэн жилийн дараа МУИС төгсч, хүний их эмч болоод ингээд л анхныхаа үзсэн өвчтөний нэрийг эмнэлгийнхээ журналд бичнэ шүү дээ гэж киноны тэр хэсэгт тоглож байхдаа бодож байсан юм.

Киноны төгсгөлийн хэсэгт Сүрэн, Банзрагч бид гурав цэцгэн далай дундаас тэвэр тэврээр нь өнгийн цэцэг түүж, “лавлаа” Даш цагаан сийрсэн малгай хөндлөн тавьж, тарган хээр морины нуруун дээр жишүүдүүхэн сууж, уургаа бариад тал дүүрэн багшран бэлчиж яваа адуун сүргээ жинхэнэ адуучин, монгол эр хүний аз гийсэн бардам сайхан харцаар ширтэж буй хэсэг өнөө хүртэл амьдралын минь гэрэл гэгээ, аз жаргал, хийморь лундаа болон дурсагддаг юм.

Энэ хэсгийн зургийг энүүхэн Толгойтын баруун салаанд авсан юм. Одоо тэр сайхан цэцгүүд алга болсонд сэтгэл гонсойж явдаг.

-Кино дууссаны дараа ерөнхий найруулагч Жигжид гуай та бүхэнд юу гэж хэлсэн бэ?

-”Кино ерөнхийдөө надад таалагдаж байна. Бид бүхэн хүч, хөдөлмөрөө зарцуулсны ач” гэж байв.

-Танд яг юу гэж хэлэв?

-Чи жүжигчний үүрэг гүйцэтгэж чадлаа гэсэн.

-Яриагаа ялигүй халтируулаад таны амьдралын замыг товчхон ч болов сонирхмоор байна.

-Амьдралын зам гэхээр аан, ээжээс л эхэлнэ биз дээ.

-Яг тэгнэ. Та аав, ээж хоёроо дурсахгүй юу?

-Намайг орос царайтай болохоор орос хүний охин гэж мэдээж бодож таараа. Судсаар минь орос эцэг, эхийн цус гүйдэг ч би гэдэг хүн жинхэнэ монгол бүсгүй юм аа. Намайг мэндэлснээс хойш цөөн хэдэн сарын дараа эх минь амьдралын хувь тавилангаар охиноо монгол ээжид минь өгчихөөд эх нутагтаа буцжээ.

Миний аавыг Андрей Дмитриевич Симуков гэдэг. Монголчууд, ялангуяа манай эрдэмтэн мэргэд сайн мэднэ. Анх 1923 онд П.К.Козловын удирдсан экспедицийн бүрэлдэхүүнд багтан, Монголд ирээд удирдлагын шийдвэрээр үлдэж, Монгол оронд ажиллах болжээ.

Нэрт монголч эрдэмтэн П.Шастина “А.Д.Симуков Монгол оронд бидний хэнээс ч илүү удаан амьдарч, их аялж, очиж үзээгүй нэг ч аймаггүй болтлоо явсан” гэж бичсэн байдаг. Аав нутгийн ардуудтай амархан дасдаг, монгол зан, ёс горимыг гаргууд мэддэг, үргэлж монгол дээл өмсдөг, монголоор ус цас шиг ярьдаг, яруу сайхан бичдэг, монгол шатар тоглодог, жаа хөөхдөө сүрхий байсныг хуучцуул дурссан байдаг.

Элэгсэг сайхан занд нь бахархсан монголчууд аавыг шар Дамдинсүрэн гэж дууддаг байжээ. “Симуковын ногоон” гэж алдаршсан Монгол орны газар зүйн атлас бий.

Миний аавын хөдөлмөр, Монгол орон, монголчуудад элэгтэй хайртай, дотно сайхан сэтгэлээр ханддаг байсныг нь үнэлж, БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр Ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулж “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Аав 1937 онд баригджээ. Сталины их хэлмэгдүүлэлтийг гардан хэрэгжүүлэгч, цуст яргалагч Ежов аавыг баривчилсан гэдэг. 1942 онд хойно алагдсан гэж дуулсан. Аавынхаа цагаатгагдсан тухай орос хэл дээрх бичгийг 1957 онд авсан.

Аавыгаа би ном зохиол, сургаар л мэдэх хүн дээ. Ринчен Бямбаев, Хөдөөгийн Пэрэнлэй гуай хоёр аавтай их найз, сайн таньдаг мэддэг байсан юм билээ.

-Та монгол ээж гэж дээр ярилаа.

-Миний ээжийг Дуламсүрэн гэдэг. Энүүхэн Улиастайн голын хүн. 50 төгрөгийн цалинтай, хороо хорины ажил хийдэг байсан юм. Одоо бодоход миний ээж дэндүү хариуцлагатай, дэндүү ажилсаг хүн байж дээ.

Би ээжээсээ 16 настай өнчин хоцорсон юм шүү дээ. Намайг хүн болгосон ачийг нь насан туршдаа мартдаггүй. Би монгол ээжийн жинхэнэ монгол охин шүү.

Монгол ээжийн бүлээн гараар илүүлж, монгол дээлээрээ гоёж, монгол хоол, цайгаа идэж, ууж өссөн дөө. Монгол дээлнээсээ салахгүй байсаар их сургуульд орохдоо л европ хувцас анх өмсч үзэв шив дээ.

-Та сургуулиа төгсөөд хаана ажилласан бэ?

-Хүүхдийн төв эмнэлэгт их эмчээр, Хүн эмнэлгийн техникумд багшаар, Ажилчны районы яслиудын зөвлөх эмчээр ажиллалаа.

-Тэтгэвэр хэдийг өгч байна?

-9891 төгрөгийн тэтгэвэртэй. Байрны хөлс сард арван мянга элбэг гардаг боллоо. Гурван хүүхэд төрүүлээгүй бол ч хэцүүдэх нь ээ. Тэднийхээ тус дэмээр л амьдарч байна шүү дээ. Үртэй хүн жаргадаг гэдэг үнэн юм, хөөрхий.

-Санжаасүрэн гуай та хоёр хэдийд танилцсан юм бэ?

-МУИС-д байхдаа танилцсан юм. Би хоёрдугаар курс төгсөөд гуравдугаар курст орж байсан юмдаг уу даа. Санжаасүрэн манай сургуулийн Нийгмийн ухааны факультетын декан байлаа. Манай ангид цөөн цаг ордог байсан юм.

Тэгээд л надад дурласан юм байх. Дөрөвдүгээр курс төгссөн жилээ 1959 оны зургадугаар сард бид хоёр гэрлэсэн юм. Баяраа нэг нас хүрч байлаа. Дараа нь Зориг, тэгээд Оюун гарсан.

-Санжаасүрэн гуай ямаршуу зан ааштай хүн байсан бэ. Их л дуугүй хүн санагддаг юм.

-Тэр үнэн. Тэгтлээ дуугараад байхгүй. Хачин тайван даа. Манайх хэрүүл уруул гэдгийг мэддэггүй айл. Санжаасүрэн их хариуцлагатай, шударга л хүн дээ. Манай гурван хүүхэд багаасаа биеэ дааж өссөн юм шүү.

-Санжаасүрэн гуай даанч залуугаараа өөд болсон доо.

-Хий настайгаа тавь дөнгөж гараад л өөд болсон юм. Гэгээрлийн яамны нэгдүгээр орлогч сайд хийж байгаад МУИС-ийн декан байхдаа 1981 онд талийгаач болсон.

Бие нь муудаж, онош нь тогтоогдохгүй байхад тэр үед СнЗ-ийн дарга байсан Ж.Батмөнх гуай богино хугацаанд Засгийн газрын захирамж гаргаж, биднийг Москва явуулсан.

Зөвлөлтийн эмч нар “Цөөхөн хоногийн настай болжээ. Нутагтаа буцсан нь дээр” гэсэн. Тэгээд л эх орондоо буцаж ирээд удалгүй өөд болсон доо, хөөрхий.

-Талийгаач танд бурхан болохынхоо өмнө захиж хэлсэн юм бий юу?

-Надад юм хэлээгүй ээ. Харин том хүүдээ “Ээжийгээ сайн харж хандаж байгаарай, миний хүү” гэж захисан юм билээ. Бие нь биш болсныг мэдэж байжээ.


-Хүүхдүүдээс чинь хэн нь аавыгаа илүү дууриасан бэ?

-Зориг л яг аав даа. Зан төрх нь ч, байгаа байдал нь ч.

-Зориг танаас юу ч “аваагүй” юм уу?

-Миний нүдний өнгийг авсан юм болов уу даа.

-Тэр ер нь ямар ааш араншинтай залуу вэ?

-Өөрийнхөөрөө. Зүтгэсэн юмнаасаа буцахгүй, тэр чигээрээ зүтгэчихнэ. Өөрийн бодол өөртөө зөв байдаг бололтой юм.

-Хүүгийнхээ талаар Та элдвийн л юм дуулж сонсоо доо?

-Муу хүүг минь элдвээр муулдаг байсан. Одоо харин овоо гайгүй болоо юу даа. Эрлийз ч гэж хэлсэн, бичсэн нь бий. Миний хүүг, намайг яагаад монгол хүн гэж ойлгохгүй байна аа. Монголын төлөө зүрх сэтгэлээс өөр хэнд, юу хэрэгтэй юм бэ.

-Зориг юунд дуртай вэ?

-Миний хийсэн хоол унданд дуртай. Шатарт дуртай. Нөгөө баскетболд дуртай. Номонд их хорхойтой доо.

-Зоригийг ямар онцлог шинжтэй гэж та үздэг вэ?

-Их чөлөөтэй сэтгэдэг. Бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлж чаддаг авьяасыг нь би үнэлдэг юм.

-Та Зоригт юм захиж хэлдэг үү?

-“Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай байж, улс эх орондоо ихийг бүтээхийг хичээгээрэй, миний хүү” гэж захидаг.

-Та хэр олон ачтай болж байна даа. Баяраа, Оюунаа хоёр чинь юу хийж байна?

-Гурван ачтай. Зоригоо, Булган хоёр надад хэзээ ач бэлэглэхийг хэлж мэдэхгүй юм. Би бэр Булганыгаа Зоригоог сайн сайхан авч яваад их баярладаг. Том хүү Баяраа МУИС-ийн сэтгүүлчийн анги төгссөн. Одоо намын чиглэлээр ажиллаж байна.

Оюун Чехийн Карповын их сургуулийг геохимич мэргэжлээр төгссөн. Эдүгээ Кембрижийн их сургуулийн аспирантурт суралцаж байна. Цолоо хамгаалахад бэлэн болсон. Удахгүй охин дээрээ очих санаатай.

Намайг ирүүлэх гэж мөнгө төгрөгөө хуримтлуулаад хэрэндээ хичээж зүтгэж байгаа. Охин дээрээ очно оо. Хуучилж, харж суухад сайхан байдаг юм. Бид чинь тэрүүхэндээ аминчилж ярих юмтай бүсгүй улс шүү дээ.

-Таны бие лагшин хэр байна даа?

-Даралт бага зэрэг хөдлөхөөс биш одоохондоо гайгүй шүү.

-Эмэгтэй хүний насыг асуудаггүй гэдэг. Гэвч та зөвшөөрвөл...?

-1937 оны хоёрдугаар сард төрсөн гэж албан бичигт бичдэг. Тэр үед ямар төрсний гэрчилгээ гэж байсан биш дээ.

-Зориг та хоёрын татуулсан энэ гэрэл зураг их сонии юм аа.

-Зоригоо тав, зургаан сартай байсан байх. Хөхөө хуу сорчихдог, их идэмхий хүүхэд байсан юм. Мөөм, мөөм гэж нэхсэн хүү байлаа. Тэгээд би энэ зураг дээр ийм туранхай гарчихгүй юу. Манай Баяраа таван нас хүртлээ мөөмөө хөхсөн юм шүү дээ.

-Та төр, засгийн залуу удирдагчдад хандаж ахмад хүний хувьд юу хэлмээр байна?

-Би хэзээ ч намын гишүүн байгаагүй. Үйлдвэрчний, улаан загалмайн л гишүүн байсан. Төр, засгийн залуу удирдагчдад хандаж ахмад хүний хувьд “Өөр хоорондоо эвсэг, ажил үйлсээ хамтдаа хэлэлцэж, ярилцаж, бие биеийнхээ үгийг сайн сонсч, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө нэг санаа, нэгдмэл хүчээр зүтгэцгээгээрэй. Хэлсэн амласнаа цагт нь хэрэгжүүлж биелүүлээрэй” гэж захиж, хүсмээр байна.

-Таны овгийн эхний үсгийг “Сэрэлт” кинон дээр “С” гэж бичсэн байсан. “Д”, сүүлдээ бүр “Г” болсны учир юу вэ?

-(Инээснээ). Сэтгүүлчид та нар ажигламтгай улс даа. Үнэхээр “Сэрэлт” кинонд С.Доржпалам гэсэн байгаа. Жигжид гуай айхавтар хүн болохоороо Симуков ааваар чинь овоглоно гээд кинондоо тэгээд биччихсэн юм.

Дуламсүрэнгийн Доржпалам гэдэг бол ойлгомжтой. Ээжээрээ овоглосон хэрэг. Дахин паспорт авахдаа би овгоо Гималай гэж өөрчилсөн. Эхээр овоглохоор хүмүүс эцэггүй амьтан гэж сэжиглэж, сэрдэж элдвийг боддог юм билээ.

Гималай гэж уулын, тэртээ хөх тэнгэрт цойлох өндөр сүндэр уулын нэр. Монголчууд бид сүмбэр ууланд дуртай, түүний оройгоос алсыг харах бүр ч дуртай.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.143.237 duraaraa l ovgoo soliod baisan khereg yy, namiin uvur damjdag chin endees ugshiltai yum bish yy. ikh arkhi uudag khun baij bilee, um ma ni bad mu khum
202.9.42.3 Эгэл жирийн эх хүн. сайхан, чин сэтгэлээсээ ярьж. Бурхны оронд заларч байгаа гэдэгт итгэнэ
202.131.232.34 Их сайхан ярилцлага байна. Эгэл жирийн жинхэнэ эх хүний үг байна.
59.153.114.154 Монгол ээж хүнийсэтгэлд монгол гэсэн сэтгэл байхад болдог гэнэ.Одоогийн УИХ гишүүд уншина биз дээ
122.201.19.174 baadaa Boney emee l ged duuddag bj bilee goy emee bsan
122.201.19.174 Таны хариулт ..Karpovin ih surguuli gej bas baidag baih ni ee.....
  • 2016 оны 03 сарын 06
122.201.19.174 bagadaa
  • 2016 оны 03 сарын 01
59.153.114.94 Гайхамшигтай сайхан ээж. бас сайхан ярилцлага.
103.9.88.210 Эгэл жирийн, сайхан сэтгэлтэй жинхэнэ Монгол эх хүний сэтгэлтэй сайхан ээжий. Монголчуудын сэтгэл зүрхэнд мөнх дурсагдан явах эмчийн дүр төрх.
220.191.168.20 saihan yariltslaga baina. Dorjpalam guiadaa ih bayarladag shuu. Ta Mongoliin Ardchilaliin Altan Haraatsai S. Zorgiig turuusln eh hun baisan shuu. Um amgalan baih boltugai!