Топууд засаглалдаа анхаарна гэв

2016 оны 02 сарын 22

Монголын хөрөнгийн биржийн “Топ 20” индексийн сагс шинэчлэгдэн, “Мерекс”, “Ариг гал”, “Э-Транс ложистикс”, “Хай би ойл” компани шинээр бүртгэгдсэн. Тэд сайн засаглалтай хувьцаат компани болохоор хичээн ажиллах тунхаг бичигт нэгдэн, гарын үсэг зурлаа.

Эдгээр компани үнэн зөв мэдээллээ МХБ-ийн, компанийн засаглалын үндэсний портал цахим хуудас (governance.mn) болон олон нийтийн бусад мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд түгээх бөгөөд дээрх тунхаг бичиг нь биржийн бүртгэлийн I ангиллын шалгуурыг хангахад чухал ач холбогдолтой аж.

Ер нь тунхаг бичиг нь МХБ-ийн топ компаниудыг сайн засаглалын ил тод, нээлттэй, эрх тэгш, хяналттай, хариуцлагатай байх зарчмыг даган мөрдөгч, үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэгч болоход нөлөөтэй юм байна.

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын, Компанийн засаглалын үнэлгээ хийх, түвшин тогтоох, МХБ-ийн бүртгэлийн зэрэг холбогдох журам хэрэгжүүлэхийг топ 20 компанийн төлөөлөлд сануулж байв.

Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр “Эдийн засгийн хүчийг “авч явагч” нь компаниуд. Компанийн бизнесийн хүчийг хөдөлгөгч нь ТУЗ юм” гээд, Монголын хөрөнгийн биржийн I самбарт бүртгэгдэн, хөрөнгө оруулалт татахын төлөө засаглалаа сайжруулан хамтран ажиллахыг уриалж байлаа.

Ц.БОЛОР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД