Урд хөрш рүү мах экспортолж эхлэв

2016 оны 02 сарын 22

Манай улс өнгөрсөн баасан гаригт урд хөрш рүү албан ёсоор мах экспортолж эхлэв. Тодруулбал, Увс аймгийн “Мон Тува” үйлдвэр Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор дамжуулан БНХАУ-д хонины 16 тонн мах нийлүүллээ.

Урд хөршийн Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газраас Завхан аймгийн “Завхан хүнс групп”, Хөвсгөлийн “Монгол эко мах” компанийн “Хөвсгөл мах маркет”, Увсын “Грийн грэйс лэнд”-ийн “Мон Тува” үйлдвэрт бэлтгэсэн үхэр, хонь, ямааны мах нийлүүлэх зөвшөөрөл олгожээ.

Баруун таван аймгийн малчид, иргэд мал, махаа дээрх компаниудын үйлдвэрт нийлүүлэх боломжтой аж. Бургастайн боомтын хувьд баруун таван аймгийн нутаг дэвсгэр төдийгүй БНХАУ-ын махны хамгийн өндөр хэрэглээтэй муж, аймгуудтай ойр хиллэдэг онцлогтой юм байна.

Урд хөршид мах экспортлох үйл ажиллагааны нээлтэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар оролцов.

Дашрамд дурдахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар манай улсын баруун таван аймагт тавьсан үхэр, хонь, ямааны түүхий махны шүлхийн хоригийг цуцалж, эрүүл болохыг нь хүлээн зөвшөөрч байв.

Ц.БОЛОР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД