Б.НАРАНЗУН: Урлаг хүнийг ганцаардал, мухардлаас хөтөлж гаргадаг

2016 оны 02 сарын 19

Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа агсны ач, найруулагч, дуучин Б.Бадрууган агсны хүү Б.Наранзунтай ярилцлаа. Тэрбээр нийгмийн ухаан, урлаг судлаач мэргэжилтэй ч бидний сонсох дуртай олон сайхан дууг зохиосон ая зохиогч. Бас орчин үеийн хөгжмийн урлагт хувь нэмрээ оруулж яваа продюсер. Гурван үеэрээ урлагт хүчин зүтгэж яваадаа тэрбээр үргэлж бахархдаг.

-Хэсэг хугацаанд хөндийрсний эцэст эргээд урлагийн ажилдаа орсон сурагтай. Шинэ уран бүтээлийн сонин сайхан юу байна вэ?

-Сүүлийн хэдэн жил уран бүтээлээс нэлээд холдсон. Саяхнаас буцаад дуртай ажлаа хийж байна. Сүүлд “Single ladies-2” киноны “Би зогсохгүй” дууны үг, аяыг зохиож, “Sweetymotion” хамтлаг дууллаа.

Намайг эрхэлдэг бусад ажлаар минь биш, уран бүтээлч гэдгээр нь хүмүүс илүү мэддэг юм шиг. Би ч тэрэнд нь их баярладаг. Тийм болохоор энэ салбараас удаан холдож чадахгүй юм билээ.

-Та одоо урлагаас өөр ямар ажил эрхэлдэг юм бэ?

-Олон нийтийн нийгмийн харилцааны чиглэлээр янз бүрийн л ажил хийж байна. Одоогоор “Шунхлай” группийн олон нийттэй харилцах албыг ахлан ажиллаж байгаа.

Компанийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, түүгээр нийгэм рүү хандсан үйл ажиллагаа зохион байгуулдаг. Эдийн засгийн энэ тогтворгүй үе бидэнд өмнө нь анзаараагүй алдаануудаа олж харж, засаж залруулах боломж олгож байна.

-Та гурван жил БСШУЯ-нд ажилласан. Уран бүтээлээс хөндийрч төрийн алба хашихад ямар байв?

-Төрийн зохион байгуулалт, үйл ажиллагаа ямар зарчмаар явдгийг мэдэх зорилгоор энэ албанд ажиллах саналыг хүлээн авсан л даа.

Түүнээс биш, албан тушаал горилж, ар өврийн хаалгаар ороогүй. Төрийн албанд ажиллах хугацаандаа салбарынхаа бүтэц, чигийг л их сайн ойлгосон.

-Хүмүүс таныг ая зохиогч, продюсер Б.Наранзун гэхээс илүү Б.Бадрууган агсны хүү л гэдэг. Сайн, муу үйлдэл бүрийнхээ араас аавынхаа нэрийг дуудуулах ямар санагддаг вэ?

-Хүн төгс биш шүү дээ. Үргэлж сайн сайхан байхгүй, алдаа эндэгдэл гаргана. Тэр бүр аавынхаа нэрийг дуудуулна гэдэг хэцүү. Сайн сайхан явахад олдсон нэр хүнд ганцхан алдаа гаргахад л шалдаа буудаг. Хүмүүсийг эцэг эх, үндэс угсаагаар нь биш, хувь хүн гэдгээр нь хараасай гэж хүсдэг.

Би эцэг эх, гэр бүлийнхээ нэр хүндийг унагахгүй юмсан гэсэн хариуцлагад уягдаж өнөөг хүрсэн. Нэг талаасаа энэ нь надад зөв хүмүүжил олгосон байх. Намайг энэ хорвоод бий болгож, нэр хайрлаж, өөрөөрөө овоглосон хүн шүү дээ. Сайн эцгийнхээ нэрийг барж биш, арвижуулж л явах ёстой.

Намайг хүмүүс ааваар минь мэдэж байгаа нь аавын минь олонд хүндтэй хүн байсны илрэл юм даа. Миний аав урлагийн олон төрөлд орон зайгаа үлдээсэн хүн. Их хошин, нийтэч хүн байсан даа. Тийм болохоор одоо ч хүмүүс дурсдаг байх.

Харамсалтай нь, надад тэр хэмжээний авьяас заяасангүй. Гэхдээ адилхан мөн чанарууд цухалздаг шүү.

-Ямар чанарууд тань аавтайгаа адилхан бэ?

-Би бас хошин хүн. Тэр талаараа төстэй. Аав минь их дотогшоо хүн байсан. Бодсон зүйлээ дотроо хураагаад л явдаг, гаднаа тэр бүр илэрхийлдэггүй. Би ч бас тиймэрхүү. Аав их зөөлөн хүн байсан. Харин би хатуу талдаа. Юмыг зоригтой шүүмжилдэг, шууд хэлчихдэг зантай. Тэр нь ч амар.

-Та аавынхаа аль төрлийн уран бүтээлд илүү дуртай вэ. Телевиз, кино, дуу хөгжмийн гээд олон төрлийн уран бүтээлтэй хүн шүү дээ.

-Би аавынхаа дэлгэцийн бүтээлүүд, кинонд их дуртай. Их ч зүйл хийх байсан. Дуулах, гитар тоглох нь ч сайхан. Ялангуяа гитарыг ямар уран, гоё тоглодог байсан гээч.

-Аавтайгаа өнгөрөөсөн багынхаа дурсамжаас яриач?

-Намайг бага байхад аав бид хоёр зураг аваад, угаалгын өрөөндөө хальсаа боловсруулж, угаадаг байсан. Тэр үед би аавыгаа зурагчин юм болов уу гэж боддог байлаа. Яагаад ч юм тэр төрх нь надад илүү тод үлдчихсэн.

Хувцасны шүүгээнд орж суугаад, гурван мм-ийн хальсаар кино үздэг байлаа. Кино театр болгож байгаа нь тэр.

-Та бас гитар тоглодог гэсэн. Гитарын барилт, анхны аккордыг ааваараа заалгаж байсан уу?

-Үгүй ээ, өөрөө оролдож байгаад л сурсан. Анхны аккордыг зуслангийнхаа эгчээр заалгасан санагдана. Сүүлд нэлээд дөртэй болсныхоо дараа ааваар зарим техникийг заалгасан.

-Та аавынхаа тухай “Ууган” нэртэй ном гаргасан. Олон хүний дурдатгалыг эмхэтгэсэн байна билээ. Энэ номын үргэлжлэл гарах уу?

-Аавын талаарх найз нөхөд, гэр бүл, ойр дотных нь хүмүүсийн дурсамжийг эмхэтгэсэн юм. Ном гэж нэрлэж болох ч юм уу.

Гол нь аав минь ямар олон салбарт ажиллаж, юу хийж бүтээсэн бэ гэдгийг хүмүүст таниулахыг хүссэн. Би өөрөө ч аавынхаа тухай мэдэхгүй олон зүйлийг тэр номноос мэдсэн.


-Таны аав ээж салж, хоёр дахь амьдралаа зохиоцгоосон. Хоорондоо ямархуу харилцаатай байдаг вэ?

-Би эцэг эхээс гурвуулаа. Биднийг багад аав, ээж маань салж, хоёр дахь амьдралаа зохиосон. Хэн хэн нь нэг, нэг хүүтэй. Хоорондоо холбоотой байлгүй яах вэ.

-Таны өвөө Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа агсны 90 насны ой энэ жил тохиож буй юм билээ. Өвөөгийнхөө тухай дурсамжаас хуваалцахгүй юү?

-1993 онд намайг 20 настай байхад өвөө минь бурхан болсон. Энэ жил 90 насных нь ой тохионо. Ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байна. Хийж, бүтээсэн зүйлүүдийг тасралтгүй үргэлжлүүлэх нь тэр хүнийг мөнхжүүлнэ гэж боддог.

Өвөө минь Монголын ардын, тэр дундаа үндэстэн ястны язгуур урлагийг сэргээж, судлахад асар их хувь нэмэр оруулсан хүн. Хэл шинжлэл, яруу найрагт ч өөрийн мөртэй.

МҮОНРТ-ийн сан хөмрөгт миний өвөөгийн үлдээсэн ардын язгуур урлагтай холбоотой асар их бүтээл бий. Ядаж л тэдгээрийг нь тоон системд оруулж, олонд дахин хүргэхийг зорьж байна.

-Ж.Бадраагийн ач, Б.Бадрууганы хүү гэдгээрээ онгирч явсан үе бий юү?

-Амьдралдаа хэзээ ч тэгж үзээгүй. Тэднийхээ нэрийг арайхийн авч яваа над мэтэд бүр ч илүү дарамт болно. Өвөө, аавынхаа нэрээр хүмүүсийн хүндлэл хүлээж, нэр хүнд олно гэдэг байж боломгүй хэрэг.

Харин өвөөгөөсөө дээших үеэрээ онгирдог байсан үе бий. Манай өвөө “Хүн чамайг магтахгүй бол хааяа өөрийгөө магт” гэж хэлж байсан удаатай. Хүмүүсийн нүдэнд олны танил, алдартай байж болох ч миний хувьд зүгээр л өвөө, аав минь.

-Аав, өвөөгөөсөө дээд үе гэхээр Жалханз хутагтын тухай ярьж байна уу. Таныг бас Дилав хутагт Б.Жамсранжавын үр сад гэж сонссон.

-Манай өвөөгийн талынханд Богд хаант Монгол Улсын хоёр удаагийн Ерөнхий сайд байсан Жалханз хутагт С.Дамдинбазарын эгч дүүсийн хүүхдүүд байсан.

Дилав хутагт Б.Жамсранжав, Жалханз хутагт С.Дамдинбазар нар эгч дүүсийн хүүхэд. Миний удам угсаа гэдэг утгаар би тэдгээр хүмүүсийг үргэлж хүндлэн, биширч явдаг.

-Та нийгмийн ухаан, урлаг судлаач мэргэжилтэй. Өвөөгийнхөө уран бүтээлүүдэд судалгаа хийж байна уу?

-Өвөөгийн уран бүтээлийг судлахад жаахан хүндрэл гарч байна. Хамтран уран бүтээл туурвиж, өвөөгийн минь тухай мэдэх хүмүүсийн олонх нь бурхан болжээ. Байгаа хэдтэй нь уулзаж, мэдээлэл, судалгаа авч байгаа.

-Эмээгээ магтах дуртай гэж ярьсныг тань сонсож байсан. Таны эмээ Х.Бадарч мундаг эмч. Эмээгийнхээ тухай ярихгүй юу?

-Би эмээгээ дандаа магтдаг. Тэгэхээс ч аргагүй. Хэдэн мянган эх үрийг мэнд учруулсан хүн шүү дээ. Энэ бол жинхэнэ гавьяа. Гэтэл одоо ямар ч шагнал аваагүй л байна. Өөрөө ч их даруу хүн юм даа.

Саяхан эмээгээ шагналд тодорхойлж, материалыг нь бүрдүүлж өгсөн юм. Гэтэл “Энэ хүн юу хийсэн гэж шагналд тодорхойлсон юм бэ” гэсэн яриа гарсан байсан. Тэрнээс хойш дургүй хүрээд больчихсон.

Хүний амь аварна гэдэг чинь гавьяа биз. Хоёр, гурваар тоологдох амь биш шүү. Хэдэн мянган амь. Гэтэл зарим нь хоёр дуу дуулаад гавьяат болдог биз дээ. Ингээд бодохоор бид ямар нийгэмд амьдарч байгаа нь харагдана.

-Урлагт хөл тавихад аавын тань нөлөө их байсан уу?

-Би уг нь олон нийтийн харилцаа, нийгмийн ухаан талдаа илүү сонирхолтой байсан. Тийм ч болохоор энэ мэргэжлээ эзэмшсэн. Харин урлаг, хөгжим бол хообий байлаа. Уран бүтээлчийнхээ хувьд би хаана ч, ямар ч байдлаар гарч магадгүй. Харин урлаг судлаачийнхаа хувьд маш тогтвортой, мэдлэгтэй байх ёстой.

-Урлагийн юу нь сайхан болоод тэгтлээ татагдсан юм бэ?

-Миний хувьд урлаг гэдэг хүнийг ганцаардал, ямар нэгэн мухардал, үл ойлгогдох байдлаас хөтөлж гаргадаг агуу зүйл. Тийм ч болохоор уран бүтээлээ хийж байхдаа эрх чөлөө, өөрийнхөө мөн чанарыг илүү мэдэрдэг. Үнэхээр увидастай зүйл шүү.

-Авьяас удамшдаг гэж хүмүүс ярьдаг. Та энэ үгтэй санал нийлдэг үү?

-Хүмүүс янз бүрээр л ярьдаг. Нэг хувийн авьяастай бол 99 хувьд нь хөдөлмөрлөх ёстой ч гэдэг. Гэхдээ би авьяас цаанаасаа төрмөл байдаг гэж боддог. Ур чадварыг хүн дасгал сургуулилалт, хичээл зүтгэлээр олоод авчихна.

Харин авьяасыг авч төрдөг. Тэгэхээр удамшдаг гэж хэлж болох юм. Авьяастай байгаад, сайн хөдөлмөрлөж чадсан хүмүүс л амжилтад хүрнэ шүү дээ.

-Хэчнээн дуу зохиосноо тоолж үзсэн үү?

-Хоёр жилийн өмнө тоолоход 270-аад болсон, болоогүй дуу зохиосон байна билээ. Цөөхөн хэдийг нь л хүмүүс мэднэ дээ.

-Ихэнх дууныхаа шүлгийг та өөрөө бичсэн байх аа...

-100 гаруйнх нь үгийг бичсэн. Өөрөө үгээ бичээд, аяа зохиох нь надад илүү амар байдаг. Тэгэхээр л зуун хувь миний илэрхийлэл болох юм шиг санагддаг. Багадаа янз бүрийн дөрвөн мөрт бичиж, өвөөдөө үзүүлж, засуулдаг байсан нь надад жаахан дэм болсон байх л даа.

Ямар сайндаа л сурагч байхдаа уран зохиолын хичээл дээр даалгавраа хийхгүй явж явчихаад, шалгалтан дээр зохиосон шүлгээ уншаад онц гарчихдаг байлаа. Яагаад ч юм миний зохиосон аянд хэт уянгалсан яруу найраг, эсвэл хип хоп маягийн үг ерөөсөө таардаггүй. Түүнээс биш, хүний шүлгийг голоод байгаа юм биш.

Донжийг нь олж гаргасан хэмнэлдээ өөрөө л үгээ бичих нь илүү зохицдог. Тэгээд ч дуу гэдэг давдагдашгүй, юу илэрхийлэх гэж байгаа нь тодорхой байх ёстой. Өөрийн гэсэн үзэл бодол, ертөнцтэй байж бүтээсэн зүйл аяндаа л хүмүүст хүрдэг.

Гэтэл сүүлийн үед олны танил болох гэж янз бүрийн л арга хэрэглэж, хэнээрхдэг болжээ. Цахим ертөнц ч тэр боломжийг нь хангалттай олгоод өгчихөж байна. Ингэж олсон нэр хүнд хэр удаан хадгалагдах нь ойлгомжтой.

-Ямар үед сайхан аялгуу санаанд тань буудаг вэ?

-Хайрын тухай дуу зохиохдоо чи дурлачихсан байсан уу, “Улаан хэрүүлч” дууг зохиохдоо хүнтэй маргалдчихсан байсан уу гээд л хүмүүс асуудаг юм.

Үгүй шүү дээ, зүгээр л зохиомж. Шүлэг бичихэд сэтгэл хөдлөл, онгод хөглөгдөхийг хүлээлгүй яах вэ. Аялгуу ч тэр. Тухайн үеийн сэтгэл хөдлөлийн байдлаас болоод өөр өөрөөр орж ирнэ.

-Машин жолоодож явах, эсвэл унтахаар хэвтэж байх үед гэнэт гоё аялгуу ороод ирвэл яах вэ. Шууд босоод л тэмдэглэж авах уу?

-Тэгнэ. Их марзан юм болно. Усанд орж байхад ч гэнэт ая орж ирнэ. Уснаасаа гүйж гараад л бичиж авч байгаа юм чинь. Заримдаа яг сайхан нойрон дунд ч санагдана. Нэг удаа үнэхээр гоё дуу зохиочихоод л баярлаад байна гэж зүүдэлсэн юм. Шөнө сэрэнгүүтээ нөгөөдөхөө тэмдэглэж аваад л. Өглөө нь босоод сонссон чинь хачин инээдтэй юм байсан.

-Гараас юу ч гарахгүй, таг гацах үе байдаг уу?

-Байлгүй яах вэ. Ямар машин биш дээ. За, өнөөдөр л гоё дуу хийнэ дээ гээд суухаар гараас юу ч гардаггүй. Нээрэн, залуу байхад ингэж гацсанаасаа болоод сар гаруй хөгжмөө хаяад, сэтгэлээр унаж явсан үе ч бий.

Сүүлдээ би авьяасгүй юм гэж гутраад л. Хүн ер нь ажил, амралтыг хослуулж байх хэрэгтэй. Ялангуяа уран бүтээлч хүн хэсэг завсарлахад гэмгүй. Тэгэхгүйгээр ар араас нь хийгээд байхаар уран бүтээлүүд нь хоорондоо төстэй болж, хайрцагт орчихдог.

-Та “Пентатоник” наадмын хоёр удаагийн шагналтан. Одоо манай орчин үеийн хөгжмийн хөгжилд энэ төрлийн наадам үгүйлэгдэж байна уу?

-Ийм наадам баярлаж цэнгэж, шагнал гардуулахаас илүү хөгжмийн ертөнц ямар шатанд явж байгааг, хэн, хэрхэн хөгжиж буйг харуулдаг. Уран бүтээлчдийн өөрсдийгөө таних, шүүмжлүүлэх нэг боломж. Өрсөлдөөн байх ёстой.

Тэгэж байж урагшилна, бас чанаржина. Тэгэхээр үгүйлэгдэх нь битгий хэл, зайлшгүй хэрэгтэй байна.

-Та шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Сонсох л хэрэгтэй. Авахаа авч, хаяхыг нь хаяна. Хүмүүс шүүмжлүүлэх их дургүй болжээ. Шүүмжилж байна гэдэг чинь тэр зүйлийг сайжруулахын төлөө хэлж байгаа болохоос биш, гутаан доромжлох биш шүү дээ.

Шүүмж, доромжлол хоёрыг ялгадаг байх хэрэгтэй. Хүнийг улам хурцлан, сул талыг нь залруулж, чиглүүлж өгдөг учраас шүүмжлэл сонсож сурах хэрэгтэй.

-Хэвлэлүүд таны хувийн амьдралын талаар нэлээд сонирхдог юм билээ. Та ч ам нээдэггүй.

-Гэр бүл, хувийн амьдралаа хүмүүст дэлгэх шаардлагагүй. Би ярихгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Миний үнэт зүйлс шүү дээ. Энэ талаар ам нээдэггүй болохоор л илүү сонирхдог, ухаж төнхдөг, таамаглаж бичдэг байх. Би цаашдаа ч ярихгүй.

Орой ажлаа тараад харихад намайг угтдаг, надад баяр баясал өгч байгаа хүмүүсийнхээ тухай олонд зарлахыг хүсдэггүй.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.160.91 Тийм байхаа. Их хүчтэй шүү.
182.160.38.69 Бадрууган гэнэ үү? Бадар-Ууган гээд хүний нэрийг зөв биччихэж чадахгүй байж сэтгүүлч болж болдог юм уу?
103.26.193.252 avyaslag medremjtei,chadaltai mundag zaluu suuliin ued yund ch yum jaahan dargadaad bnu da,haragdhaa bolijee.
66.58.200.154 naizdaa amerikaas mend hyrgie.sain saihan yavaad chini bayarlaj bn.just dont listen to this stupid mofos and be your self my nigga
182.160.1.44 ТАНХАЙ ЭМЭЭ
103.57.92.126 Яаманд 3 жил ёстой юу ч хийгээгүй. Төрийн ажлын дөргүй, өглөө цагтаа ч ирэхээ мэддэггүй жинхэнэ зеленый дурак байсан. Бас тэгээд пээдгэр. Олигтой амьтан биш.
182.160.42.16 saguu novsh danda sagaj yavna