С.ДУЛАМ: ХАДНЫ СҮГ ЗУРАГ БОЛ байгалийн галерей юм

2016 оны 02 сарын 15

Рашаан хадны сүг зураг

“Хадны сүг зургийг ямар нэгэн эмх замбараагүй дүрсийн овоолго ч юм уу санаандгүй байдлаар сийлчихсэн зүйл гэж ойлгож болохгүй. Тэдгээрийг сайн ажиглавал бидэнд ямар нэгэн мэдээллийг дамжуулж байдаг юм.

Түүнийг өөрийнх нь логикоор буюу учир шалтгааных нь үүднээс тайлан тайлбарлаж, уншаарай гэж өвөг дээдэс маань бидэнд гэрээсэлсэн захиа гэж үзэх хэрэгтэй” хэмээн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам өгүүлэв.

Тэрбээр бүжгийн хөдөлгөөн, дохио зангаа илэрхийлсэн хадны сүг зургуудыг тэмдэг зүй, бэлгэдэл зүйн танивар дохионуудын (кодууд) тусламжтайгаар тайлан уншжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Хадны сүг зургийг бэлгэдэл зүйн үүднээс тайлсан судалгааныхаа тухай танилцуулаач. Та чухам юу олж мэдэв?

-СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал, доктор Д.Уранчимэг надтай уулзаж, сургуулийнхан нь хээрийн шинжилгээний ажил явуулах хүсэлтэй буйг хэлээд яавал дээр болох, хаанаас эхлэх ёстой талаар зөвлөгөө авахыг хүссэн.

Тэгэхэд нь би “Монголын хадан дээр буй сүг зураг, тамга тэмдэг, бичээсүүд та нарт л зориулсан зүйл. Дүрслэх урлагийнхны ирээдүйд зориулсан бичиг зохиол юм. Та нар түүнийг сурвалжлан судалж, буулган авч өөрийн гэсэн эрдэм шинжилгээний сан хөмрөгтэй болох хэрэгтэй” гэж хэлсэн.

Зөвлөгөөний дагуу өнгөрсөн оны наймдугаар сард Дүрслэх, дизайн урлагийн сургууль, ОХУ-ын эрдэмтэдтэй хамтраад Хэнтий аймгийн Батширээт сумын Биндэр уулын Рашаан хад гэдэг газар хээрийн шинжилгээний ажил явуулсан.

Тус ажилд би биеэр оролцох ёстой байсан ч тухайн үед Румынд хуралд оролцоод чадаагүй. Гэхдээ чадлынхаа хэрээр зааж зөвлөсөн. Рашаан хадны нэг том хадан самбар дээр монголын овог аймгуудын 450 гаруй тамга байдаг.

Түүнийг буулгаж авчраад, дээжээс нь надад өгсөн. Тамгадын зургийг ажихад нэг л хүний дүрс тэр дунд нь байв. Хүний дүрс нь тамгатай ямар харьцаатай юм бэ, юуг илэрхийлж байна вэ гэдгийг тайлахыг оролдож, ажсан. Баруун гарынхаа таван хурууг сэгсрэн хаяж буй байдалтай зогсох эрэгтэй хүнийг дүрсэлсэн байв.

Баруу хөлөө дээш нь этийлгэн өргөж, зүүн хөлөө доош жийсэн нь нэгэн төрлийн бүжгийн хөдөлгөөн хийж байгаа юм шиг харагдсан. Эргэн тойрных нь тамгыг сонирхон үзэв. Зүүн гарынх нь дээхнэ талд монголчууд хөмрөгөн гурвалжин гэж нэрлэдэг шовх үзүүр нь доошоо харсан, гурвалжин тамга байсан.

Энэ нь монголчуудын домог зүй, бөө мөргөлийн үзэлд хар тэнгэрийн язгуурыг тэмдэглэдэг тэмдэглэгээ юм. Гэтэл баруун хөлнийх нь дээхнэ талд яг үүний эсрэг дээшээ харсан шовх гурвалжин тэмдэг байсан.

Дээш, доош чиглэсэн шовх гурвалжин тэмдгүүд нь хоорондоо эсрэг тэсрэг, сайн муу, эерэг сөрөг харьцааг үүсгэдэг. Хамгийн сонирхолтой зүйл нь баруун гарынх нь дээд талд иштэй, сэтэртэй туухай тамга бий.

Одоогийнхоор бол нэмэх тэмдэг, загалмай юм л даа. Тэр загалмайнх нь дунд хэрчлээсээс хоёр сэтэр гарсан байгаа. Сайн ажиглавал баруун сэтэрнийх нь дээхнэ нь гурван үзүүртэй гал буй.

Туухай тамга буюу зарим газар чагтан тамга гэж нэрлэдэг зүйл нь монголчуудын соёлд хооронд нь үрж анх гал гаргасан үрүүл, хавируул хоёр модыг илэрхийлдэг юм. Түүнийг нь хараад үүнийг үйлдсэн хүн бол ерийн нэгэн биш байж гэдгийг ойлгосон.

Энэ хүн анх үрүүл, хавируул хоёрыг хооронд нь үрж хавиралдуулан, гал гаргах арга ухааныг нээсэн хүн байж. Гал гаргасандаа баясаж, баруун гарынхаа таван хурууг сарвайлгажээ. Энэ нь гэрэл гэгээ цацарлаа гэсэн утгыг илэрхийлж буй юм.

Түүнийг би гал гаргаж чаддаггүй байсан хөмрөгөн гурвалжин тэмдгээр бэлгэдсэн хар тэнгэрийн харанхуй үе, галтай болсон шовх гурвалжин тамгатай гэрэл гэгээтэй үеийн зааг дээр бүжиж буй хүн байна гэж үзээд “Тамганы бүжигчин” гэж нэрлэсэн.

Хүн төрөлхтөн галтай болсноор олон дэвшилд хүрсэн тухай угсаатны зүйч, түүхчдийн бүтээлд өгүүлсэн байдаг ч энэ үйл явдлыг тэмдэглэсэн зураг өөр хаана ч байдаггүй. Тэгэхээр Рашаан хадны тус зураг бол томоохон үйл явдлын дурсгал юм.

Тэр баярт үйл явдлыг цэнгэл болгож, овог болгон өөрсдийн тамгыг үлдээсэн байна гэж үзээд өнгөрсөн оны сүүлчээр “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг, тэдгээрийн танивар дохиог тайлах нь” илтгэл тавьсан.

Тус илтгэл Дүрслэх, дизайн урлагийн болоод Бүжгийн урлагийн сургуулийн багш нар, эрдэмтэн судлаачдын урам зоригийг ихэд бадраасан.


Д.Энхгэрэлийн дэглэлт “Хаданд амилсан тамга” бүжгийг толилуулж буй нь

-Судалгааны ажлаас сэдэвлэсэн бүжгэн жүжиг тавих гэж буй гэсэн үү?

-Судалгаанаас олон бүтээл төрөх боломжтой. Тэр дундаа бүжгийн хөдөлгөөнийг нь сэргээсэн бүжиг, бүжгэн жүжиг тавибал сонирхолтой байх болов уу гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүнээс сэдэвлэсэн “Хаданд амилсан тамга” нэртэй анхны бүжгийг СУИС-ийн багш, бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэж, тус сургуулийн 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод анх удаа толилуулсан нь олон хүнд таашаагдсан.

Төрийн соёрхолт жүчигчин Д.Сосорбарамын дэглэж найруулан саяхан үзэгчдэд хүргэсэн “Тэнгэр тамгатай монгол” тоглолтод эл бүжиг багтлаа. Тус судалгаанаас сэдэвлэсэн гурван бүжгэн жүжиг тавихаар тооцоолоод цомнолыг нь бичсэн.

Анхных нь болох “Хөмрөгөн гурвалжин” бүжгэн жүжгийг одоо дэглэж эхлээд буй бол дараагийнх нь “Тамганы бүжигчин”, “Босоо цагаан гурвалжин” байх юм. Эртний монгол бүжиг ямар дохио зангаа, хөдөлгөөнтэй байсан, тэр нь юуг илэрхийлж байж вэ гэдгийг хадны зургаас нэхэн сэргээж болно гэдгийг ойлголоо.

СУИС-ийн захирал Э.Сонинтогос болоод удирдлагууд энэ санааг дэмжиж, орчин цагийн урлагийн нэгэн шинэ урсгал, чиглэл, инновацийг үүсгэн бүтээх баялаг хэрэглэгдэхүүн гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, хадан дээрх зурагнаас манай эрин үеийн соёлын ололтыг гаргаж ирээд, түүндээ зориулсан этно бүжиг дэглэх боломж гарч буй юм.

-Рашаан хаднаас гадна Дэл уулын хадны сүг зургийг судалсан гэж дуулсан. Тэдгээр нь юу “шивнэж” байна вэ?

-Дундговь аймгийн Дэл уулын дөрвөлжин булшны хананд олон хүний дүрс буй. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь дээшээ харсан нумарсан, махир зураас дээр есөн хүн гараасаа хөтчин бүжиж буй зураг.

Монголчууд хадны сүг зургийг тэнгэрийн хүүхдүүдийн бичиг гэж нэрлэдэг. Тэнгэр болсон өвөг дээдсийнхний олон мянган жилийн тэртээгээс илгээсэн захиа гэсэн утгаар адилтган зүйрлэж оноосон нэр шүү дээ.

Есийн тоо бол монголчуудын хувьд тэнгэрийн тоо байдаг. Есөн цагаан сацал, есөнтөө мөргөх, есөн тэнгэр гэх мэтээр ихэд бэлгэшээдэг. Тиймээс би “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” гэж нэрлэсэн. Хоорондоо хөтчөөд дэвсэл маягийн зүйл хийж буй нь зурагт тодорхой харагддаг.

Дээшээ харсан нуман зураас бол монголчуудын дүрсийн бэлгэдэлд тэнгэрийн хаяаг илтгэдэг. Угтаа бол тэдгээр хүн тэнгэрийн хаяанд бүжиж байна. Бүжиглэдэг цаг нь үдшийн бүрий буюу нар жаргасны дараах үе байдаг.

Ер нь хадны зураг дээр буй бүжгийн хөдөлгөөнийг “Тэнгэрийн хүүхдийн бүжиг” гэж нэрлэвэл зохилтой. Олон дүрс бий. Бүгдийг тоочвол нэлээд цаг орно.

-Тантай танилцсан “Тэнгэрийн бүжигчид” он цагийн аль үед хамаарч байна?

-Аливаа дурсгалын он цагийг тогтоодог археологийн арга байдаг. Рашаан хад орчмын дурсгалуудын он цаг маш олон үед хамаарч буйг манай археологичид тогтоосон. Хуучин чулуун зэвсгийн үеийн соёлт давхаргаас Кидан гүрний үеийн сүг зургууд хүртэл буй. Он цагийн архив гэсэн үг л дээ.

Хадны сүг зураг бол байгалийн галерей юм. Галерей гэхээр байшин дотор өлгөөтэй зураг төдийхнөөр ойлгож болохгүй, байгаль дээр ч байдаг юм. Үүний нэг жишээ нь Рашаан хад. Дэл ууланд буй хам олны бүжгийн хөдөлгөөний дүрс нь хүрлийн үед хамаарна. Хуучин монгол нэршлээр бол бүжиг дэвсэл хийх гэж ярьдаг.

Бүжгийг эхлэгч нэг хүн утга тодорхойгүй үг, аялгуу, ая дуугаргасны дараа бусад нь гар гараасаа хөтлөлцөж, гал тойрон бүжиглэдэг байжээ. Хөтлөлцөж буй гар нь тэднийг эв нэгтэй болгон гагнаж, хэрүүл тэмцлийг нь үгүй болгодог. Нэгнээ хайрлах сэтгэл төрүүлж, хайр дамжуулдаг хэлхээс нь байсан юм.

-Хадны сүг зургийг өмнө нь бэлгэдэл зүйн үүднээс судалж байсан уу?

-Санахгүй байна. Би археологийн чиглэлийн бүх судалгааг уншаагүй. Археологийн мэргэжилтэн биш шүү дээ. Харин археологич найз, шавь нар надад бий. Миний бодлоор харьцааг нь тайлбарлахгүй байгаа юм шиг ажиглагддаг.

Дүрсийг нь тусгайлан тайлбарладаг ч, тэдгээрийн хоорондын харьцаа гэдэг зүйлийг орхигдуулчихдаг. Харьцааг нь судлахаар, цогц утга гарч ирдэг юм. Ер нь бол судалгааны арга зүй нь муугүй гэж бодож байна.

-Он цагийн урсгалд элэгдэн уншигдах аргагүй болсон захиа олон бий байх даа.

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ элэгдэхээс элэгдүүлдэг нь олон болжээ. Эртний түүх соёл агуулсан хадны зураг дээр өөрсдийнхөө нэр усыг нь сарайтал биччихсэн байхтай таарлаа. Зарим нь хурц иртэй зүйлээр сүг зургийг гэмтээгээд баллаад хаячихдаг тохиолдол бий. Маани тарни ч биччихсэн байдаг. Маани бол буяны зүйл.

Гэхдээ хад чулуу мундсан биш балар эртний соёлыг тэгж үгүй хийн байж элдэв юм хийх хэрэггүй шүү дээ. Хоёр, гурван жилийн өмнө Баян-Өлгий аймагт явж байхдаа эмгэнэлтэй зүйлтэй учирсан.

Тэнд нэгэн хачирхалтай амьтны дүрс байдаг тухай дуулаад хэдэн хүн дагуулаад очтол тэр хэсгийн хадыг нь царилаар цохиод нураачихсан байсан. Одоо цагийнх шиг хөнөөлтэй хүмүүс түүхэнд байгаагүй гэж бодох болов.

Би орчин үеийнхнийг шүүмжилж байна. Янз бүрийн хачин сонирхолтой хүмүүс түүнийгээ гажаар илэрхийлэх болж. Тэр нь соёлын дурсгалд бөөн гай гамшиг тарьж байна. Энэ болгоноос урьтаж, дурсгалаа баримтжуулан авч үлдэх асуудалд бид анхаарах хэрэгтэй.

Ямар сайндаа л би Дүрслэх, дизайн урлагийн сургуулийнханд зохиомол хад бүтээж, Рашаан хадны сүг зургуудыг хуулбарлаад сан хөмрөгтөө аваач гэж хэлж байх вэ. Нэг нөхөр очоод бөмбөг тавиад дэлбэлчихвэл бүгд үгүй болчихно.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.115.105 Aguu
202.21.125.130 ДУЛАМ БАГШ ДҮРСЛЭХИЙН СУРГУУЛЬД НЬ БАЙГАА ЮМ УУ
202.21.125.130 Тэнгэр сүг зураг болон ертөнцийн харилцааны ухагдахууныг илэрхийлэх заагч гэрлийн эхлэл гэсэн утгатай үг юм ..
  • 2019 оны 03 сарын 08
202.21.125.130 Бүжгийн урлагийн сургуулийн тэргүүлэх профессор
  • 2016 оны 04 сарын 20
202.179.8.2 Yostoi saihan gargaj irj ee