Монгол уламжлалт ёс: Өлгий

2016 оны 02 сарын 03

Монголчууд их эрт үед "төрөөгүй хүүхдэд төмөр өлгий" гэж хүүхэд төрөхөөс өмнө өлгий бэлддэггүй ёстой байсан. Энэ үг нь зүгээр ч нэг хэлсэн биш, маш гүн гүнзгий утга агуулгатай шууд энгийн утгаар тайлбарлаж боломгүй зүйл юм. 

"Төмөр өлгий" гэдэг нь онцгой амьдралд байдаггүй, өөрөөр хэлбэл орчлонд ирээгүй гэсэн утгыг илэрхийлнэ. Ингэж хүүхэд төрөөгүй байхад хөл хөөр болж их зүйл бэлдэх нь олны анхаарлыг татаж сайн, муу хүчийг татна гэж үздэг. Зөвхөн хэвлийдээ байхдаа ч бус төрсний дараа нь ямар нэг муу зүйлтэй учирч магадгүй гэж цээрлэдэг байжээ. 

Эртний монголчууд өлгий, манцуй гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн хонины нэхийгээр оёж дээд талын хуниасыг нь олон хүүхэд төрүүлсэн настай хүнээр хуниулдаг байжээ. Хуниасан дээр хонх, зоос, хөө хуяг, тээг, үнэгний хамар элдэв хүрэл эдлэл, явуу, чонын шагай, мөнгө зэсээр хийсэн жижиг нум сум, улаан харгана зэрэг зүйлсийг зүүж хаддаг байжээ. Энэ нь нялх хүүхдэд элдэв муу зүйл халдахгүй байхыг бэлгэддэг гэнэ.  

Өлгийнд гурван бүс хэрэглэдэг нь жаргал зовлон жаргал гэсэн бэлгэдлийг агуулдаг ба баруун талд нь уядаг ёстой. 

Хүүхдийг өлгийдөхдөө хүүхдээ дээш харуулан хэвтүүлж хоёр гарыг нь бие дагуу тавин цээжин хэсгийг ороож дээд талын бүсээр уяна. Хоёр хөлийг нь мөн чацуулан хучлагаар чанга боож доод бүсээр уяна. Ингэж өлгийдөж боодог нь хүний бие чийрэг хатуу, цэвэр тэгш, хүчтэй болно гэж үздэгтэй холбоотой байжээ. 

Хүүхдийн өлгийг тайлж тавихдаа сүх, алх, шанага зэрэг төмөр эдлэл хийдэг нь нүдэнд үзэгдэхгүй чөтгөр орж унтахаас сэргийлнэ гэж итгэдэг байжээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД