Зуднаас зугтсан цагаан зээр ӨРГӨСТ ТОРОНД ҮРЭГДЭЖ байна

2016 оны 01 сарын 26

Цагаан зээр хэмээх амьтан өвөлд цас багатай газар идээшин нутагладаг. Манай орны зээрийн гол нутаг Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийн зарим сум өнгөрсөн зун гантай байсан, одоо зуд нүүрлэсэн тул зээр идэш тэжээл хайн нүүдэллэж эхэлжээ.

Сүхбаатар аймгийн урд, Дорноговь аймгийн хойд талын сумдаар бэлчдэг зээрийн сүрэг идэх өвсгүй болсон тул Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумын нутаг руу хэдэн зуугаараа нүүдэллэж байхыг энэ сарын 23, 24-нд нүдээр үзэв. Говьсүмбэр аймгийн нутаг цас ихтэй байна.

Харин Чойр өнгөрөөд Дорноговь аймгийн нутагт орж ирвэл армаг тармаг цастай байлаа. Тиймээс зээрийн сүрэг тус аймгийн өмнөд хэсгийн сумд руу нүүдэллэж яваа аж. Өвстэй газар хайн бэлчиж яваа зээрийн сүрэгт нэг аюул бий.

Тэр нь төмөр замын өргөст торон хашлага. Зээрийн сүрэг төмөр замын хашлага давж гэдэс цатгах өвсөнд хүрэхийн  тулд  өргөст торон дээгүүр харайж, эсвэл завсраар нь шургалж гарна.

Зээрийн сүрэг ийнхүү төмөр замын торон дотор идээшилж байгаад галт тэрэгний дуунаар үргэн зугтахдаа өргөст торон дундуур ухаан жолоогүй зүтгэн олноороо үхдэг юм. Тарга тэвээрэг сайтай, хүч чадалтай зээрнүүд торон дээгүүр харайн гардаг ч энэ өвлийн хүйтнээр 10-20 см зузаан цасан дороос өвс олж идэх гэж туруугаа зулгалж, өлдөж тамир тэнхээгээ барсан зээрнүүд торон дундуур гарахаар оролдож байгаад өргөст торонд арьсаа уран эдгэшгүй шарх авч, зарим нь орооцолдон үхэж байна.


Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутгийг дайран өнгөрөх төмөр замыг даган явахдаа үхсэн зээрийн сэг зэмтэй олон таарав. Өргөст торонд орооцолдон үхсэн зээрийг төмөр замын морьтой эргүүл торноос салгаж, холдуулдан хаядаг аж. Сайншандад ойртох тусам үхсэн зээр олон болж байлаа.

Тас шувуу бөөн бөөнөөрөө эргэлдэн, үхсэн зээрээр хооллоно. Иймэрхүү дүр зураг Сайншандаас Замын-Үүд орох замд улам олон харагдах аж. Үүнээс гадна өлдөж үхсэн зээрийн сэг ч мэр сэр үзэгдэнэ.

Нүүдэллэж яваа зээрийн янзага замын ая даалгүй өлдөж, хоносон газраасаа босох ч тэнхэлгүй хэвтсээр үхсэн байхтай бас тааралдсан юм. Манай орны хаа сайгүй хүйтэн өвөл болж байгаа тул харьцангуй дулаан газар өвөлждөг зээр ийм хүйтнийг тэсвэрлэхгүйн дээр ходоодонд нь юу ч байхгүй тул өвлийн урт шөнийг даадаггүй юм байна.

Нутгийн иргэд “Жил бүр зээр төмөр замын торонд орооцолдон үхдэг. Гэхдээ энэ жил  харьцангуй их үхэж байна” хэмээн ярив.

Засмал зам дээр ч үхсэн зээрийн сэг харагдаж байв. Жолооч нар гэгээн цагаан өдөр арай ч зээр дайрдаггүй байлтай. Ихэвчлэн шөнө машины урдуур хурдлан орж ирсэн зээрийг яаж ч чадалгүй дайрчихдаг биз гэсэн гаргалгаа хийж, жолооч нарыг зөвтгөх хүн ч таарав.

Гэхдээ Дорноговь аймгийн Сайншанд, Айраг, Даланжаргалан сумаар явж байх үедээ хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой явбал зээр дайрахгүй шүү дээ.

Бид Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн С.Энхзоригтой уулзаж ярилцлаа.

-Дорноговь аймгийн хойд сумдаар зээр нүүдэллэж байна. Жил бүр зээрийн сүрэг үүгээр ингэж нүүдэллэдэг үү?

-Сайншандын хойд хэсэг, Өргөн, Эрдэнэ сумын нутгаар цагаан зээр орж ирж байна. 2009 онд Биологийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн зүүн хойд хэсгээр нутаглаж, нүүдэллэдэг 120 гаруй мянган цагаан зээр байна гэж тогтоосон байдаг.

Яг тогтмол нутагладаг зээрийн сүрэг бол байхгүй. Ер нь өвөлд зээрийн сүрэг манай аймгийн хойд сумын нутгаар орж ирж өвөлждөг байсан бол энэ жил цас ихтэй болохоор урд сумын нутаг руу орж ирж байна. Одоо нүүдэллэж байгаа зээрийн сүрэг төмөр замынхаа зүүн талаар явж байна.

Саяхан гаргасан судалгаагаар Сайншанд сумын цагаан хаалганы цаана 3000-4000 орчим зээр орж ирээд байна гэсэн. Өргөн сумын нутагт 100 мянга гаруй цагаан зээр байгаа юм.

Өргөн, Замын-Үүд сумын заагт зээрийн ихэнх сүрэг орж иржээ. Урагш хилийн шугам тулсан тохиолдолд  хилийн цэргийн ангиуд зээрийг буцааж үргээх ажил хийж байгаа.

-Нүүдэллэж яваа зээрийн сүрэг төмөр замын торонд орооцолдон үхэж байна. Үүнээс урьдчилан сэргийлж болдоггүй юм уу?

-Манай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар төмөр замын өртөөнүүдтэй хамтран ажилладаг. Төмөр замын морьт эргүүл байнга явж, өргөст торны ойролцоо байгаа зээрийн сүргийг үргээж байгаа.

Ер нь төмөр замын хашлагат торонд зээрээс гадна мал орж орооцолдох тохиолдол элбэг. Зээр тайван идээшилж байгаа нөхцөлд өргөст торонд орооцолддоггүй. Галт тэрэг, автомашины дуу чимээ, хээрийн амьтдаас үргэж цочихдоо өргөст торонд орооцолддог.

Энэ зун ган болсон тул манай нутгаар өвс ховор байна. Харин төмөр замын хашлага дотор өвстэй байгаа. Тэрийг идэх гэж ороод орооцолдон үхэж байгаа юм.

-Төмөр замын дагуу үхсэн зээр маш их харагдаж байсан. Өргөст торноос гадна тэднийг үхэлд хүргэж байгаа хүчин зүйл байна уу?

-Үхээд байгаа нь үнэн. Гэхдээ хүний буруутай үйл ажиллагаанаас болж үхэж байна уу гэвэл бас үгүй юм. Байгалийн жам. Янзага бол энэ өвлийн хүйтнийг даалгүй тамир тэнхээгүй болоод үхэж байгаа.

Мөн ооны ороо ордог үе дуусаж байна. Нэг ооно 60 зээр дагадаг. Тэгэхээр 60 зээр дагасан ооно ямар олигтой тамир тэнхээтэй байв гэж. Ихэвчлэн ооно, янзаганууд  үхэж  байгаа. Бид янгир, аргаль зэрэг уулын амьтандаа биотехникийн арга хэмжээ авдаг. Энэ жил 7.5 тонн өвс, нэг тонн хужир нөөцөлсөн байгаа.

Ууланд байгаа амьтанд өвс тавьж өгөх боломжтой. Харин зээр, малын бэлчээр нэг учраас өвс тавьж өгөх боломжгүй.

-Засмал зам дээр бас үхсэн зээрийн сэг харагдаж байсан шүү дээ.

-Бид жолооч нарт хурдаа тохируулж явахыг сануулж байгаа. Мөн авто зам дагуу таних тэмдэг наан, анхааруулж байна. Ихэвчлэн ачааны машинд зээр дайруулан үхэж байгаа.  

-Төмөр замын өргөст торон хашлаганы зарим хэсгийг авч болдоггүй юм уу?

-Биологийн хүрээлэнгээс төмөр замын хашлаганы зарим хэсгийг чөлөөлөх судалгаа хийж байсан. Өргөст торыг нь авсан газраар зээр гарна гэдэг хэцүү л дээ. Зэрлэг адгуус учраас тууж гаргах боломжгүй. Гэхдээ тэр туршилтын ажил зарим газраа үр дүнгээ өгсөн.

-2009 оноос хойш зээрийн тоо толгойг гаргасан уу?

-Бусад аймгийн хувьд мэдэхгүй юм. Манай аймагт 2009 оноос хойш элбэг амьтны судалгаа хийгдээгүй байгаа. Ховор амьтдын судалгаа хийсэн.

Орон нутгаас авсан мэдээгээр өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 30 мянга гаруй зээр нутагласан юм. Энэ жил зээр нүүдэллэж байгаа тул тоо нь хэд дахин нэмэгдсэн болов уу.

-Энэ өвөл танай аймагт малчид хэр отор хийж байна. Оторлож байгаа малчдын бэлчээр зээрийн нүүдэлтэй давхацвал бэлчээр талхлагдах аюултай шүү дээ.

-Отор хийж байгаа малчид бий. Манай аймгийн хойд таван сумын малчид урд сумын нутгууд руу отор хийж байна. Бэлчээр талхлагдах аюулаас бид аль болох сэргийлж, малчдадаа захиж хэлдэг. Зээрийн сүргийг үргээхгүй тайван өнгөрүүлэхийг зөвлөж байгаа.

   Төмөр замын торон хашлагыг хэрхэн шийдэх вэ

Цагаан зээр “агнаж” буй төмөр замын өргөст торон хашлагын асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Бусад улсын жишгээс харахад төмөр замын хашлагыг заавал өргөст тороор хийх шаардлагагүй байдаг аж.

Жишээ нь, БНХАУ төмөр замын хашлагаа амьтан, адгуусанд аюулгүй тороор хийдэг юм байна. Тэндхийн хашлага зээр харайж гарахааргүй өндөр юм.

Харин манай торон хашлага 60-70 см өндөртэй  байна. Зээр их бэлчдэг бүс  нутгийнхаа  төмөр замын өргөст торон хашлагыг сольж, тэдний амийг хамгаалах ажил хийх цаг нэгэнт болжээ.

Б.ЦОГТ-ОЧИР

Сүргээсээ хоцорсон янзага

Торонд орооцолдож үхсэн зээр тасын бэлэн хоол болдог

Зээрийн сүрэг төмөр замын хашлагыг давж гэдэс цадах өтгөн сайхан өвсөнд хүрэхийн тулд өргөст тор дээгүүр харайж эсвэл завсраар нь шургалж гарна

Өргөст торонд орооцолдон үхсэн зээрийг төмөр замын морьтой эргүүл торноос салгаж, холдуулдан хаядаг

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.40.168 Танай төслийг дэмждэг. ГЭХДЭЭ ТV-ээр цацдаг рекламний текст огт таалагддаггүй. Түүнд... монголынхоо онгон байгалийг АМЖИЖ фото зургаар үлдээх билүү нэг тийм өгүүлбэр хэлэгддэг. Амжиж гэдэг үг огт зохицохгүй байна. Монголын байгаль, ан амьтан сүйдэхийг мэдэж байна, тиймээс амжиж зургийг авч байгаа гэсэн утга шууд бууж байна. Энэ төсөл гадаадын санхүүжилтээр, гадаад хүний заасан үгээр рекламаа хийсэн юм биш биз. Эсвэл зурагчид нь бурхан болохоосоо өмнө амжиж зураг авч байгаа гэсэн үг юм уу. АМЖИЖ гэдэг үгийг хасъяа
202.131.234.243 Хөндөх ёстой сэдэв л дээ.Сайхан нийтлэл байна.
202.131.234.243 Хөндөх ёстой сэдэв байна.Сайхан нийтлэл .
202.131.234.243 Ярих ёстой асуудал шүү.
27.123.214.123 Өөр торон хашаа хийгээд өгье өргөст тор биш
180.149.80.42 төмөр замын тор ч яамай. замын үүд чигрүү зүгээр бэлчээр дээрээ хэдэн зуугаараа өлсөж хөлдөж үхэж байнашд
122.201.26.210 baigalinn jam sh dee yun zavtai teruugeer yvdag ym jil bur l tegj bdag shd
122.201.26.210 Baigal ooroo tortoi tomor zam bariagui baihaa. Torond orootsoldoj uhej baigaa amitan hoorhii. Sain niitlel bma
  • 2016 оны 01 сарын 27
122.201.26.210 Байгалийн жам ч биш байх аа. Өргөстэй торонд үхдэг нь.
  • 2016 оны 01 сарын 26