Б.Төрболд: Их сургуулиа төгсөөд мэргэжлийн сүмод барилдана

2016 оны 01 сарын 07

Саяхан болсон сонирхогчийн сүмогийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд Баасансүрэнгийн Төрболд түрүүлж, ёкозүна цол хүртсэн билээ. Тэрбээр ийнхүү 64 жилийн түүхтэй тус тэмцээнд түрүүлсэн анхны гадаад сүмоч болсон юм. Өдгөө “Нихон” их сургуулийн гуравдугаар дамжаанд суралцаж буй Б.Төрболд энэ оны өмнөхөн эх орондоо ирж, гэр бүлийнхэнтэйгээ хамт шинэ он гарган, аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэчихээд өчигдөр Япон руу буцсан юм. Түүнтэй ярилцлаа.


Нэрийн хуудас

Баасансүрэнгийн Төрболд 1994 оны дөрөвдүгээр сарын 25-нд Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн. Биеийн өндөр 187 см, жин 175 кг. Сонирхогчийн сүмогийн ДАШТ-ээс өсвөрийн ангилалд мөнгө (2012), насанд хүрэгчдийнхэд алт (2014), хүрэл (2015), Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнээс алт (2015), хүрэл (2013), Бүх Японы сонирхогчийн сүмогийн жингийн аваргын үнэмлэхүй жинд алтан медаль тус тус хүртжээ. 

-Сонирхогчийн сүмогийн бүх Японы аваргад түрүүлж, ёкозүна цол хүртсэн гадаадын анхны бөх болсон танд баяр хүргэе.

-Баярлалаа. Энэ тэмцээнд мэргэжлийн сүмод барилддаг бөхчүүдээс бусад Японы бүх хүчтэн өрсөлддөг. Чанар, чансаагаараа ДАШТ-ээс дутахааргүй өрсөлдөөнтэй болдог энэ тэмцээнд түрүүлсэн анхны гадаад бөх болсондоо баяртай байна.

-Та энэ тэмцээнээс 2013 онд хүрэл медаль авч байсан. Тиймээс энэ жил амжилтаа ахиулах, түрүүлэх зорилготой оролцсон нь мэдээж.

-Тэгэлгүй яах вэ. Бэлтгэл сайтай байсан болохоор түрүүлнэ, амжилтаа ахиулна гэдэгтээ итгэлтэй байлаа. Энэ тэмцээнд нэгдүгээр курст сурч байхдаа анх оролцон, хүрэл медаль авснаасаа хойш түрүүлэхийг хүсч байсан ч 2014 онд бэртлийн улмаас оролцож чадаагүй. Харин энэ удаа зорилгодоо хүрч чадлаа.

-Аваргын төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Күрокаваг ялсан. Түүний эсрэг ямар тактик боловсруулсан бэ?

-Би золгооны барьцнаас олон төрлийн мэх хийдэг барилдааны онцлогтой. Күрокаватай санасан мэхээ хийж, урагш давшиж барилдахыг хичээлээ. Энэ тэмцээнд нийт найман барилдаан хийсэн. Эдгээрээс хагас шигшээд шалгарахын төлөө хийсэн барилдаан хамгийн хүнд байлаа.

-64 жилийн түүхтэй тус тэмцээнд танаас өмнө гадаадын бөх түрүүлээгүй байсан. Энэ нь Бүх Японы АШТ их өрсөлдөөнтэй болдгийн илрэл. Сонирхогчийн сүмогийн ёкозүна цол хүртэж байхад юу бодогдож байв?

-Би мэргэжлийн сүмод барилдаж, эх орныхоо нэрийг дуурсгах зорилготой Японд очсон. Хэдийгээр сонирхогчийн сүмо ч гэлээ, энэ том тэмцээнд түрүүлж, ёкозүна цол хүртэхэд хамгийн түрүүнд төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн аав, ээж маань бодогдож байлаа.

-Энэ тэмцээнд түрүүлснээр мэргэжлийн сүмод макүшитагийн 15-аас барилдах эрхтэй болсон. Энэ сарын  башёгоос мэргэжилд барилдах бодол байна уу?

-Байхгүй ээ. Тийм боломж байгаа ч, юуны түрүүнд их сургуулиа төгсөх зорилготой. Одоо хэдхэн жил дутуу байхад  сургуулиа орхиод дэмий л дээ.

-Таныг сүмогийн дэвжээнүүд хэр их сонирхож байна вэ? “Манай бөх болооч” гээд санал тавьсан дэвжээ бий юү?

-Мэргэжлийн сүмогийн дэвжээнүүд нэг гадаад бөхтэй байх боломж бий. Ихэнх дэвжээнүүд гадаад бөхтэй. Одоогоор надад аль нэг дэвжээнээс санал ирүүлээгүй байна.

-Хоёр жилийн өмнө нуруугаа бэртээсэн. Одоо бүрэн эдгэрсэн үү?

-Эдгээгүй ээ. Нэгэн тэмцээнд оролцож байхдаа бэртээчихсэн юм. Бэртсэнийхээ дараа зургаан сарын хугацаанд бэлтгэлээ базааж чадаагүй. Одоо бариа засал, зүү тавих, шарах зэрэг уламжлалт эмчилгээ түлхүү хийлгэж байна. Нурууны бэртэл миний барилдаанд их нөлөөлдөг. Заримдаа үүнээс болж санасан барилдаанаа гаргаж чаддаггүй.

-Сүмоч болохыг мөрөөдөж, Японыг анх зорьсон дурсамжаасаа хуваалцана уу?

-Би их спортын гараагаа жүдо, үндэсний бөхөөр эхлүүлж Ц.Шийрэв багшаар “А” үсгээ заалгаж байлаа. Манай аав аймгийн заан цолтой хүн бий. Багадаа хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил дээл, гутлаа ханзартал барилдаж өссөн. Аав шигээ сайхан бөх больё гэж боддог байлаа. Хэрвээ үндэсний бөхөөр барилдсан бол сумын заан цолонд хүрчих байсан болов уу. Нэг өдөр жүдогийн бэлтгэлээ хийчихээд гэртээ харьтал зурагтаар сүмогийн сургуульд гурван жил үнэгүй сургахаар Японы багш нар Монголд ирсэн талаарх мэдээ гарч байна. Тэгэхээр нь яваад очлоо. Бүртгүүлэх гээд 5000 төгрөг, цээж зурагтай өгтөл “Хүүхэд нь хаана байна” гэж билээ. Би ер нь багийн өсгөлүүн  хүүхэд байсан. Тэр үед 180 см өндөртэй, 80 гаруй кг жинтэй байлаа. Тэгээд өнөөх шалгаруулалтад тэнцэж, 15 настайдаа Японыг зорьж билээ. Гэр бүлийнхэн маань ч их дэмжсэн. Тэнд очсоныхоо дараа сүмог Р.Гантөгс багшаар заалгаж, энэ спортод анх хөл тавьсан юм. Миний өдий зэрэгтэй яваад Ц.Шийрэв, Р.Гантөгс багш нарын маань ач гавьяа их бий.

-Монголоос явахдаа сүмо бөхийг ямраар төсөөлдөг байв? Японы амьдрал ахуй, ёс заншилд хэр хурдан дассан бэ?

-Мэдээж нэлээн хэцүү байсан. Хоол, агаар, ёс заншилд нь дасах гэж  чамгүй их будилсан шүү. Анх сүмогийн бэлтгэл хийж эхлэхэд хамгийн хэцүү байсан. Эхний хоёр жилийн хугацаанд давах хүн байгаагүй. Зарим найз маань шантраад нутаг буцах үед сэтгэлээр их унана. Надад ч бас шантармаар, больё гэмээр үе гардаг байлаа. Тийм үед “Сайн сүмоч болоорой” гээд үнсээд хоцорсон ижий аав, гэр бүлийнхнийгээ их санана. Итгэлийг нь алдахгүй юмсан гэж хичээсээр өдий хүрлээ. Энэ бол миний амжилтын дөнгөж эхлэл. Цаашдаа бэлтгэлээ улам чамбайруулж, их аваргууд шигээ мундаг бөх болохын төлөө хичээнэ ээ.

-Та Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножёо А.Ичинноров хоёртой хамт Японд очсон. Тэдэн шиг их сургуульд суралгүйгээр, шууд мэргэжилд барилдах боломж байсан нь мэдээж...

-Байлгүй яах вэ. Гэхдээ боловсролдоо анхаарч, бүхнийг шинээр эхэлье, туршлага хуримтлуулъя гээд их сургуулийг сонгосон. Хэрвээ шууд мэргэжлийн сүмод барилдсан бол тэднээс дутахааргүй бяртай, нуруулаг тул чамлахааргүй амжилт гаргачих байсан. Гэхдээ үүнд огт харамсаж, шууд мэргэжилд барилддаг байж гэх бодол төрдөггүй. Миний амжилт одоо л эхэлж байна. Цаашдаа сайхан ирээдүй хүлээж байгаа нь мэдээж. Одоо бүх зүйл надаас л шалтгаална. Би л бэлтгэлээ сайн базааж, хичээвэл хүссэн амжилтдаа хүрэх боломжтой нь дамжиггүй.

-Яагаад ”Нихон” их сургуулийг сонгосон юм бэ?

-Японд очсоноос хойш энэ сургуулийн талаар хүмүүс хамгийн их ярьж, магтдаг байлаа. Мөн сүмогийн сургалтаараа Японд тэргүүлдэг. Энэ бүхэн нь намайг тус сургуулийг сонгоход  нөлөөлсөн. Одоо би дасгалжуулагч мэргэжлээр суралцаж байна. Манай дөрөвдүгээр дамжааныхан бүгдээрээ мэргэжлийн сүмогоор барилдахгүй, өөр мэргэжлээр ажиллана гэнэ лээ.

-Их сургуулиа төгссөний дараа шууд мэргэжилд барилдах уу?

-Тэгнэ. Одоогоор тэр дэвжээний бөх, энэ хүний шавь болъё гэж төлөвлөсөн зүйл алга. Их сургуульд сурснаар олон хүнтэй бэлтгэл хийж, төрөл бүрийн тэмцээнд оролцож байна. Ингэснээр илүү их туршлага хуримтлуулж, миний ур чадвар өдрөөс өдөрт ахисаар байгаа. Би багадаа их дүрсгүй хүүхэд байж билээ. Энэ спорт миний хүмүүжилд асар их нөлөөлсөн. Сүмо хүнд, хэцүү ч гэлээ их сайхан спорт. Зовсны эцэст жаргана гэдэг шиг хүн хичээж л чадвал үр шимийг нь заавал үздэг. Сүмо бол өвөрмөц ертөнц. Хүн бүр энэ ертөнцийг бүрэн ойлгох боломжгүй. Энэ ертөнцөд хөл тавьснаар би тэвчээртэй, хүлээцтэй, уужуу ухаантай болж төлөвшсөн.

-Мэргэжлийн сүмод барилддаг монгол бөхчүүдтэй хамт бэлтгэл хийдэг үү?

-Манай сургууль мэргэжлийн сүмочидтой хамтарсан бэлтгэл хийлгэдэггүй. Мэдээж надад мэргэжилд барилддаг бөхчүүдтэй бэлтгэл хийх боломж байгаа. Гэхдээ тэдэнтэй мэргэжилд барилдаж эхэлснийхээ дараа бэлтгэл хийх бодолтой.

-Монгол бөхчүүдээс хэн, хэнтэй дотно нөхөрлөдөг вэ?

-Эндээс хамт очсон болоод ч тэр үү, Г.Ган-Эрдэнэ, А.Ичинноров хоёртойгоо ойр дотно. Бусад бөхчүүдтэйгээ ч бас боломж олдвол уулзахыг хичээдэг. Өнгөрсөн жил хоёр найз маань өндөр амжилт гаргасан. Өнгөтэй сайхан барилдаж, озэки цол хүртээд байгаа Г.Ган-Эрдэнээрээ бахархаж байна.

--Үлгэр жишээ авдаг сүмоч бий юү?

-Дагваа ахыг их хүндэлж, түүн шиг сүмоч болохыг мөрөөддөг. Өөрийн барилдаанаа бүрэн гаргаж, дайчин барилддаг байсан агуу сүмоч.

-Сонирхогчийн сүмогоор ямар амжилт гаргаад байгаа билээ?

-Би ДАШТ-д 2012 оноос хойш оролцож байна. Тухайн жилээ өсвөрийн ангилалд мөнгөн медаль авсан. Уг нь түрүүлэх бүрэн боломжтой байсан юм. Туршлага багатай байсан болоод ч тэр үү, аваргын төлөөх барилдаанд тактикийн алдаа гарган дийлдэж билээ. ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд сүүлчийн хоёр жил дараалан алт, хүрэл медаль аваад байна. Бүх Японы сүмогийн аварга шалгаруулах тэмцээний үнэмлэхүй жинд түрүүлсэн.

Энэ жилийн сонирхогчийн сүмогийн ДАШТ-д оролцох уу?

-Одоогоор хараахан тодорхой болоогүй байна. Хэрвээ оролцвол бэлтгэлээ Японд хийнэ.

-Та 2015 оны сүүлчээр эх орондоо ирсэн. Шинэ оноо хэрхэн угтав?

-Японд очсоноосоо хойш тав дахь удаагаа эх орондоо ирлээ. Тэр бүр энд ирэх боломж олддоггүй. Энэ удаа гэр бүлийнхэнтэйгээ хамт шинэ оноо угтах, аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэх төлөвлөгөөтэй ирсэн. Гэр бүлийнхэнтэйгээ хамт аз жаргалтай мөчүүдийг өнгөрөөсөндөө баяртай байна.

-Цаашид ямар зорилго өмнөө тавиад байна вэ?

-Их сургуулиа төгссөний дараа мэргэжлийн сүмод хүч үзнэ. Юуны түрүүнд ачаалалтай бэлтгэл авах хэмжээнд хүрэхийн тулд бэртлээ бүрэн эдгээх хэрэгтэй байна. Сүмоч бүхэн их аварга болохыг мөрөөддөг. Би ч бас тийм зорилготой. 

-Хэзээ Япон руу буцах вэ?

-Энэ сарын 6-нд нутаг буцна.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа. 

Б.БУЯНДАЛАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.126.91.100 мэргэжлийн сумогийн аварга болохыг ерөөе
202.131.244.53 Нутгийн дүүдээ спортын улам их амжилт хүсье.
103.229.123.139 Мундаг залуу шү амжилт хүсье
103.57.92.131 Энэ сэтгүүлчид ингээд худлаа мэддэг юм шиг шааж асуудаг юм. Ичдэггүй юм байх даа
103.57.92.131 Атаархаж үхлээ юү
  • 2016 оны 01 сарын 08
182.250.248.39 Zuv l bodoj yvdiin bna sumo nar geheer l buduun bolovsrolgui hoilog bdag gedeg oilgoltiig oorchloh heregtei bh
59.153.114.172 Санаагаа чилээ. Нас чинь тоо гэдэг шуудээ. Сургуулиа дуургээд Сумогоороо барилдаарай амжилт хусэе хуу минь.
202.72.246.134 surguulia togsoh geseer baital nas ni yavchihiin bna.daa.94 oniih yum bol !!!!