Г.Цэрэнханд: Угсаатны зүй бүх шинжлэх ухааны суурь болдог учраас гайхамшигтай

2015 оны 12 сарын 28

Уншигч-сурвалжлагч С.ЧУЛУУН


ШУА-ийн Түүх-археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор С.Чулуун шинэ залуу үеийн түүхчдийн төлөөлөл. Бас “Балдорж сан”-гийн шүүгчдийн зөвлөлийн гишүүн эрхмийг энэ удаа манай сонины сурвалжлагчаар ажиллахыг урилаа.

Хэдийгээр бие нь чилээрхсэн байсан ч бидний даалгаврыг уриалгахан зөвшөөрсөн юм. Харин түүнтэй ярилцагч нь шинжлэх ухаанд амьдралынхаа 52 жилийг зориулж яваа доктор, профессор Гэлэгжамцын Цэрэнханд хэмээх эгэл даруу, эрдэмтэн эмэгтэй.

Шинжлэх ухаанд, тэр дундаа Монголд шинэ тутам хөгжиж байсан угсаатан судлалыг өнөөгийн тодорхой түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулсан эрхэм.

 

Угсаатан судлалын талаар хоёр эрдэмтний хөөрөлдсөнийг уншигчдадаа хүргэмү.

 

 -Таны төгссөн сургууль, угсаатан судлалын мэргэжил эзэмшсэн түүхээс ярилцлагаа эхлэе гэж бодож байна.

-Миний өвөг дээдэс одоогийн Хэнтий аймгийн Дадал суманд аж төрдөг байв. Би ч тэнд төрж өсөн, Биндэр суманд долдугаар анги төгсөөд, нийслэлийн нэгдүгээр арван жилийн сургуульд шилжин ирсэн.

1957 онд тус сургуулийг төгсөөд Москвагийн улсын их сургуульд сурахаар боллоо. Тухайн үед хүүхдүүдийн дүнг харж их, дээд сургуульд хуваарилдаг байсан юм.

Шинжлэх ухааны академийн нэр дээр Москва руу явуулахаар хуваарилсан хүүхдийн нэг нь би.

-Тухайн үед Шинжлэх ухааны академи боловсон хүчнээ бэлдэх зорилгоор ингэж шилж, сонгон явуулдаг байв уу?

-Бараг л тийм. Намайг тоо, физикийн ангид хуваарилах гэхээр дөнгөж арван жилийн сургуулиа төгссөн хүүхдийг явуулахгүй гэв. Тэгээд угсаатан судлалын анги сонгоод ШУА-д хуваариа авахаар ирсэн.

Тэгэхэд “Бадамхатан гэж хүнтэй уулз” гээд явууллаа. Түүн рүү очоод “Би тооны хичээлд сонирхолтой. Математикийн ангид ормоор байна” гэв. Гэтэл надад “Чи ийм сургуульд сурах их азтай хүүхэд юм” гэж байна.

С.Бадамхатан гуай Москвагийн Ломоносовын их сургуулийг Монголоос анх удаа угсаатан судлаач мэргэжил эзэмшин дөнгөж төгсөж ирсэн байв.

Угсаатан зүй гэдэг мэргэжилтэй хүн тухайн үед байгаагүй учраас сурах шаардлагатай байсан байх. Тэр үед Москвагийн их сургуульд 60 орчим монгол оюутан сурч байсан.

Эхний хоёр жил нь ерөнхий эрдмийн хичээл үздэг. 3-5 дугаар ангидаа мэргэжлийнхээ хичээлийг үзнэ. Гуравдугаар ангиасаа эхэлж хөдөө явж, дадлага хийдэг байлаа.

-Тухайн үеийн Москва хот монголчуудын хувьд том ертөнц байсан. Оюутнуудын амьдрал ямар байсан талаар хуучлаач?

-Оюутны амьдрал хамгийн сайхан үе шүү дээ. Тэр үед бид 60 рублийн цалинтай байлаа. Сургууль хол учраас өглөө 07.00 цагт гэрээсээ гарч, оройн 20.00 цагийн үед харина. Өдөр 14.00 цаг хүртэл лекцээ сонсчихоод цайндаа ордог. Дараа нь шууд номын санд суудаг байлаа.

              Г.Цэрэнханд

Тэр үеийн оюутнууд их мэрийлттэй, сурахын төлөө л байв. Намайг арван жилийн сургуулийн тавдугаар ангид байхад манай Дадал сумын анхны дарга Чойдорж гуай Москва явж ирээд “Москвагийн их сургууль гэдэг чинь 30 гаруй давхар өндөр байшинд байдаг юм байна. Тэндээс хэд хоног гарахгүй, дотроо хичээлээ хийж болдог юм билээ” гэж ярьсан.

Түүнийг нь сонсчихоод ямар хүн тэнд сурдаг байна аа гэж бодож байж билээ. Гэтэл дараа нь өөрөө тэнд сурахаар болсон. Дотуур байр нь их тохитой. Байр нь доод давхартаа мөсөн гулгуурын талбайтай байсан.

Орой 18.00-19.00 цагт бид тэнд гулгадаг. Мөн усан санд сэлж чөлөөт цагаа өнгөрөөнө. Тэр үеийн багш нар ч их мундаг байлаа. Дайны хүнд үеийг туулсан агуу гавьяатай хүмүүсийг хараад л сүрддэг байж билээ.

-Төгсөж ирээд ШУА-д ажилласан уу?

-Тийм ээ. Хүрээлэнгийнхээ нэр дээр явсан юм чинь ажиллахаас өөр аргагүй. Төгсөөд иртэл “Социализмын үеийг судал” гэсэн даалгавар хүрээлэнд ирж, түүний дагуу судалгаа хийж байсан юм.

Тухайн үед шинэ үеийн судалгаанд цөөхөн эрдэмтэн ажиллаж байсан. Би 10 жил ажилласныхаа дараа буюу 1973 онд аспирантурт дахин Москвагийн их сургуульдаа явсан даа.

-Нэг ёсондоо шинэ үеийн нийгмийн өөрчлөлт, үйл явцыг зэрэгцүүлэн судалсан гэсэн үг дээ?

-Тийм ээ. Нийгмийн үйл явц, түүнийг дагаад хүний аж төрөх байдал хэрхэн хувьсаж, социализмын ахуй, заншил яаж бүрэлдэж байна гэдгийг судлана. Биднийг жил алгасахгүй орон нутагт экспедицэд явуулдаг байв.

Шинэ үеийг судална гэдэг нь гадаадад төгссөн, Монголынхоо амьдралыг мэдэхгүй шахуу хүмүүст хэцүү байлаа.

1960 оны дунд үеэс эрдэм шинжилгээний төлөвлөгөөт ажилд шинэ үеийн түүх соёлыг судлах зорилго чухал болж, түүний дотор угсаатны зүйн чиглэлд орчин үе буюу социализмын үеийн ахуй соёл, ёс заншил, зан үйлийг судлах шаардлага тавигдсан юм.

Энэ бол миний хувьд хамгийн бэрхшээлтэй зүйлийн нэг байв. Яагаад гэвэл хуучин уламжлалаа мэдэхгүйгээр шинэ амьдралыг хэрхэн дүгнэж, олж харах вэ гэдэг санаанд оромгүй санагдаж байсан.

Учир нь тухайн сэдэв урьд өмнө огт судлагдаагүй бөгөөд асуудалд хандах арга зүй боловсроогүй гээд миний хувьд шалтаг зөндөө байсанд оршиж байлаа. Үүний зэрэгцээ хуучны аж төрөх ёсонд хандахдаа хоцрогдсон, бурангуй хэмээх ойлголт, үзэл суртал зонхилж байв.

Бас нэгэн түвэгтэй зүйл бол цоо шинэ социалист соёлыг олж судлах явдал бидний ажлын онцлог болж байсан юм. Тухайн үед сургуулиа төгсөөд ирсэн залуу судлаачдыг ахмад эрдэмтдэд даалгаж өгдөг юм.

Би одоогийн хөдөлмөрийн баатар, академич Ш.Бира гуайн дагалдангаар ажиллаж байлаа.

-Социализмын үеийн угсаатны зүйг судалж байхад монголчуудын ахуй амьдрал ямар байв?

-Тухайн үеийн ертөнц тэр чигээрээ л шинэ нийгэмд алхаж байсан үе. Хүмүүс нэгдлийн гишүүн болж, малаа төрөлжүүлж хоньчин, адуучин гэх мэт хуваарьтай ажиллах болсон. Түүнийг эс тооцвол уламжлалт малчин ахуй байж л байсан.

Шинэ зүйлс манайд яаж нэвтэрч байна гэдгийг л бид шинжлэх ухаанаар харуулах ёстой. Түүх болоогүй түүхийг, амьдралынх нь явцыг шинжлэх ухааны үүднээс дүгнэж бичнэ гэдэг их хэцүү.

Тухайн үеийн нийгмийн бүх зүйлсийг зураглан үзүүлэхийг зорьж байлаа. ЗХУ-ын эрдэмтэд ч угсаатны судалгаанд ийм төлөвлөгөөт ажлыг эхлүүлсэн байсан юм. Мэдээж тэр үед онол арга зүйн хувьд бид тэр зүгт л дагана шүү дээ.

-1950-иад оны сүүлч 60-аад оны эхэн гэдэг монголчуудын уламжлалт амьдралаас шинэ нийгэм рүү орж буй шилжилтийн үе. Таныг буцаж хүрээлэнд ирэхэд нэлээд нэрд гарсан түүхчид ажиллаж байсан байх аа?

-Манай нэртэй эрдэмтэд бүгд л тухайн үед ажиллаж байсан. Ш.Нацагдорж гуай захирал, Н.Ишжамц гуай эрдэмтэн нарийн бичгийн дарга нь байв. Сүүлд Д.Гонгор гуай эрдэмтэн нарийн бичгийн дарга болсон.

Ц.Насанбалжир, Х.Пэрлээ, М.Санждорж, Р.Дүгэрсүрэн, Б.Түдэв гуай зэрэг мундаг эрдэмтэн байлаа.

Археологичид ч хамт ажилладаг. Бид 45 хоног судалгаанд явж ирээд юу хийсэн, ямар даалгавартай ажилласан гэдгээ эрдмийн зөвлөлдөө тайлагнадаг хатуу даалгавартай байлаа шүү дээ. Байнга л хөдөө явна.

-Эмэгтэй хүн хөдөө олон хоног ажиллана гэдэг хэцүү биз?

-Бэрхшээлтэй. Тухайн үед сурч мэдэх, судлах, хүнтэй ажиллах ёстой гэдгийг бидэнд сургачихсан учраас бид явах ёстой л гэсэн ухагдахуунтай байж.

Ард түмний дунд орж тухайн шинжлэх ухааныг судлах нь миний ажил учраас явахаас өөр аргагүй. Мөн мэргэжилдээ бас дуртай.

                                                                                                                  С.Чулуун

-Та ШУА-д ажиллаж эхэлснээс хойш хагас зуун жил өнгөрчээ. Энэ хугацаанд асар их туршлага хуримтлуулсан нь гарцаагүй. Нэг насныхаа амьдралыг шинжлэх ухаанд зориулсан байна. Таны суралцсан шинжлэх ухааны онцлог, ач холбогдол юу вэ?

-Миний сурсан, мэргэшсэн шинжлэх ухааны салбар хамгийн гайхамшигтай нь гэж боддог. Би энэ мэргэжлийг эзэмшсэндээ их бахархдаг юм. Жинхэнэ хүний амьдрал, хүнтэй холбоотой шинжлэх ухаан болохоор хүн их мэдлэг хуримтлуулдаг юм билээ.

Тэр ч үүднээсээ маш их сонирхолтой. Би өнгөрсөн 50 жилийн хугацаанд уулзсан хүн, нүүдэлчин амьдралаар амьдарсан өвөг дээдсийнхээ ухаанаар бахархдаг.

Угсаатны зүй бүх шинжлэх ухааны суурь болдог учраас гайхамшигтай. Бид дэлхийн ард түмний түүх, соёл, зан заншил гээд цөмийг мэднэ гэдэг ховор тохиолдол.

Хүний сэтгэлийн угаас бүхнийг гаргаж авахын тулд өөрөө тэр амьдралыг туулах шаардлагатай болдог.

Тийм болохоор энэ шинжлэх ухаан агуу мөн чанар, хүний мэдлэг, сэтгэлгээний онцлогийг харуулж, ирээдүйг нь гаргаж тавьдаг учраас нийгэмд чухал үүрэгтэй. Одоо ч нэн чухал.

-Угсаатан судлалын шинжлэх ухаан бол хүнийг унших, ойлгохын ухаан гэж болох уу?

-Болно оо. Угсаатан судлалын шинжлэх ухааны гол объект нь хүн. Би энэ олон жил судалгаа хийхдээ үргэлж хүнтэй харилцаж байсан. Монголын олон газар өчнөөн олон хүнтэй уулзаж, хүний дотоод ертөнцийг уудлах, мөн чанарыг харахыг хичээж судалсан.

-Уулзаж байсан сонирхолтой хүмүүсийнхээ тухай ярихгүй юу?

-Сонирхолтой хүн олон. Залуу байхад мэргэжлийнхээ дагуу материал цуглуулах хэцүү байж. Ахмад хүнтэй ярихаар “Юун хэрэггүй юм асуудаг юм бэ?” гээд л буруу хараад суучихна.

Тэр үед ахмад эрдэмтэд маань бидэнд үнэтэй зөвлөгөө, сургамжаа хайрладаг байв. Хүнийг мэдэхийн тулд олон шат дамжлага хэрэгтэйг заадаг. Хүнтэй харилцах анхны хаалга нь зөв мэндэлж, зөв суухаас л эхэлдэг юм.

Чой.Лувсанжав багш маань “Нэг хүний бүх бодол, санааг гаргаж авснаар тэр нь чамд мэдлэг болно” гэж зөвлөдөг байсан юм шүү.

-Та ихэвчлэн Архангай аймагт ажиллаж, судалгаа шинжилгээ хийдэг байсан гэдэг.

-Анхны ажилласан экспедиц Архангай явсан. Хүрээлэнгийнхэн маань надад эхлээд төв халхаа судал. Дараа нь бусад угсаа, бүлэг дотор судалгаа хийх боломжтой болно гээд төвийн аймгуудаар их явуулна.

Архангай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгаар явж, хүнтэй уулзаж, ярилцан, бодит амьдралыг нүдээрээ харж, мэдэхээр явуулын болон суурин судалгаа хийнэ. Бидний үед унаа машин гэдэг хэцүү байжээ.

Тиймээс голдуу нэг аймаг, суманд, хот айлд явуулын судалгаа хийдэг байв. Нэг хүнтэй нэлээд олон удаа уулзаж байж л мэдэх гэсэн зүйлээ мэддэг юм. Нэг сум, багт суурин судалгаа хийхийн тулд олон талаас нь харах боломжтой.

-Тухайн үед хуучны, түүх соёл, өв уламжлалаа мэддэг хүн олон байсан биз?

-Одоог бодоход олон байжээ. Тэднээс тодорхой хэмжээний хэрэглэгдэхүүн авсан. Гэхдээ чухам гол сүнсийг нь барьж авсан уу гэдэг л байна. Одоо тэр үеийн судалгааг улам гүнзгийрүүлэхэд үе нь өнгөрчихлөө.

Гэхдээ хүний оюун хязгааргүй уламжлагдаж байдаг учраас боломж бий. Угсаатан судлалын шинжлэх ухааны гол чанар нь нэг асуудлыг, нэг хүнийг хүнээс асууж, тэмдэглэх бус олон талаас нь олон хүнээс лавлаж, харьцуулан үнэлэлт дүгнэлт, онолын гаргалгаа хийж, үнэн мөнийг нь гаргахад оршдог юм.

Би гадаад, дотоодын судалгааны олон багт явж ажиллажээ. Монгол, Оросын хамтарсан өв соёлын экспедиц гэж байлаа. Бидэнд тэр үед өөрсдөдөө материал цуглуулахад цаг их хомс.

Учир нь Оросоос ирсэн эрдэмтэд монгол хэл мэдэхгүй. Тиймээс тэдний асуусан асуултыг орчуулж, хэлмэрчлээд явах үе ч бас нэлээд байсан. Оросын эрдэмтдээс одоо ч нэр хүндтэй судалгаа хийж байгаа Н.Л.Жуковскаятай олон удаа хамт явж байлаа.

-Н.Л.Жуковская бол миний багш. Монголд 30 жил ажиллахдаа гайхалтай материал цуглуулсан байдаг. Та өөрийнхөө багш нарынхаа тухай дурсаач?

-Сурч байх үед С.А.Токарев гуайн лекцийг сонсдог байв. Дэлхийд шашин судлалын чиглэлээр алдаршсан эрдэмтэн. Тэр хүний ярьдаг бүх л зүйлийг тэмдэглэж авна. Түүний мэдлэг үнэхээр агуу.

Нэг зүйл ярихдаа л шинэ мэдлэг, мэдээлэл бидэнд өгдөг байж. С.А.Токарев багшийн хичээл эхлэхэд зөвхөн мэргэжлийн ангийнхан биш бусад ангийн оюутнууд ч суудаг байсан. Мөн дэлхийн нүүдэлчдийг судалдаг Г.Е.Марков багшийн шавь нь би.

“Азийн нүүдэлчин” номоор нь хүмүүс мэдэх байх. С.Бадамхатан гуай ч энэ хүмүүсийн шавь байсан шүү дээ.

-1985 онд угсаатан судлалын салбар бие даасан байдаг. 1990 оноос хойш угсаатан судлалын салбарын нурууг нь та авч яваа.

МУИС-д угсаатан судлалын танхимын эрхлэгч байсан. Шавь нар тань нэлээд олон чиглэлээр ажиллаж байгаа биз. Ямар судалгаа хийж байна вэ?

-Манай сургуулийг төгссөн оюутнууд жинхэнэ сонгодог угсаатан зүйн чиглэлээр ажлаа хийж явна. Олон шавь нар маань мэргэжлээрээ судалгааны болон багшийн ажил хийж байна. Шинэ салбарыг нээсэн.

Шинэ мэргэжлтнүүд байсан. Судалгааны талбар, зах зээл нь бага байсан. Сурах бичгээс эхлээд тулгамдсан зүйл олон байсан даа. Гэхдээ 10 гаруй доктор төржээ. Сүүлийн үед ч бас хүрээлэнгийнхээ энэ салбарт шинэ залуучуудад мэдэх чадах зүйлсээсээ хэлээд л зааж зөвлөөд сууж байна.

Залуучууд эрчимтэй судлаж эхэлж байна. Жишээлбэл, миний шавь Г.Бямбарагчаа арга зүйн хувьд нэлээд шинэлэг талаас нь судалгаа хийж байна.

Энэ хүн уул уурхай малчдын амьдралд яаж нөлөөлж байна вэ гэдэг чиглэлээр докторын зэрэг Японд хамгаалах гэж буй. Зарим нь гадаад руу явж, мэргэжлээ нарийвчлан сурч байгаа.

-Манай угсаатан судлал 60 шахам жилийн хөгжлийн түүхтэй. Дэлхийд энэ судлал хэчнээн жилийн түүхтэй юм бэ. Ямар чиг хандлага баримталдаг вэ?

-Оросод 1930-аад оноос хойш угсаатан зүй гэж байсан. Харин сүүлийн үед АНУ-д соёлын хүн судлал гэж нэрлэгдэг. Бид Оросод мэргэжил эзэмшсэн учраас түүнээсээ улбаалан угсаатан зүй гэж нэрлэдэг.

Шинжлэх ухаан гэдэг дандаа хөгжиж байдаг юм. Ер нь угсаатан зүйн судалгаа гэдэг чинь XVII зуунаас хойш хаа сайгүй хөгжиж байгаа шүү дээ. XVII-XVIII зууны үед колончлогдсон орнуудаа судалдаг үе байж.

Энэ бол угсаатан зүйн хөгжлийн нэг хэсэг. Тэгэхээр шинжлэх ухаан эрт үеэс хөгжиж, арга зүйн хувьд төгөлдөршиж байгаа. Бид дуу хөгжим гээд яриад байна. Дуу хөгжим бол хүний эртний үеэс эхлээд ямар байсан, тэр нь яаж өөрчлөгдөх вэ гэдгийг судлах жишээтэй.

Энэ бүдүүвчээр ярих юм бол хүн судлал, угсаатан судлал гээд байгаа юм. Үүнийг одоо үеэс нь урагшлуулах юм бол арга зүйн хувьд өөр өөр болоод байгаа юм л даа.

Гэхдээ хүний амьдрал, хөгжил гэдэг нийгмийнхээ хөгжлийн дагуу өөрчлөгддөг болохоор нийгэмгүйгээр хөгжинө гэж байхгүй.

-1990-ээд оноос монголчууд суурин амьдрах болсон шүү дээ. Үүнийг дагаад хүний хөгжил өөрчлөгдөж байгаа юу. Тэр бас нэг судлагдахуун болж байгаа биз?

-Тэгэлгүй яах вэ. Гадаадаас ирсэн эрдэмтэд, манай зарим судлаач бас л энэ хотжилтыг судалж байна. Бид 1950-60-аад оны үед хэчнээн улстай харилцаа, холбоотой байлаа.

Одоо олон улстай харилцаатай болоод ирэхээр бидний амьдралд өөрчлөлт гарч байна. Өмнө нь нэг малчин айлын ахуйд төчнөөн улсын эд зүйл байна гэж хэлж болдог байсан шүү дээ.

Гэтэл одоо үед тэр амьдрал бүрмөсөн өөрчлөгдөөд, нөгөө эсгий гэрт амьдарч байсан хүмүүс чинь одоо хотод, байшинд сууж байна. Бүх зүйл европжих болов. Тэгэхээр энэ шинжлэх ухааны судлагдахуун үеэс үед өөр өөр болоод байна л даа.

Ер нь хүний соёл ахуй гэдэг чинь нийгмийн хөгжлийн дагуу хувьсана. Тэр хувьсал гурван үндсэн зарчмаар явагддаг. Нэг нь хуучнаа хадгалаад байх.

Нэг хэсэг нь бүр цоо шинээр бүрдэж төлөвшдөг. Нөгөө нь хуучин зүйл нь зүй тогтлоороо шинэчлэгдэх юм.

-Угсаатан судлаач болохоор зорьж байгаа хүүхэд, залуус хэр олон байдаг юм бэ?

-Байлгүй яах вэ. Би МУИС-д давхар ажиллаж байхад манай чиглэлийн элсэлт бол сайн байдаг шүү. Ер нь шинжлэх ухаанд нэгэнт сэтгэл зориг шулуудсан бол ухрах замгүй байх ёстой. Шинжлэх ухааны зам ч тийм амар хялбар зүйл биш. Гэхдээ нэгэн насны бахархал шүү.

-Шинжлэх ухааны чиглэлээр ажиллах гэж буй залууст хандаж туршлагаасаа хуваалцаач?

-Шинжлэх ухааны ажилтан болох хүнд тухайн салбарынхаа хүрээн дэх дэлхийн хэмжээний мэдлэг хамгийн чухал. Би сурч байхдаа дэлхийн ард түмний угсаатан зүйг мэдэхгүйгээр нэг улсын угсаатны зүйг гаргах боломжгүйг ойлгосон.

Мөн тухайн салбарынхаа арга зүйг сайтар судалж, эрдэмтдийн үзэл баримтлалыг ойлгох нь чухал. Энэ бол эхний багаж.

-Одоо монгол угсаатны судалгаа ямар байдалтай байгаа вэ?

-Монголын угсаатны судалгаа 50 гаруй жилийн дотор тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн гэж бодож байна. Бие даасан салбар болоод 30 жил болж. Хамгийн гол нь бидэнд их хэрэглэгдэхүүн чухал.

Одоо дахин хөгжлийн нэг шинэ үе эхэлж байна гэж ойлгож байгаа. Эрчимтэй олон л ажил хийгдэж байна. Монгол угсаатны судалгаа бүс нутгийн хэмжээнд хүртэл өргөжиж байна.

-Одоо угсаатан судлалд нийгэм, соёлын шинэ судлал гэсэн хандлага бий болжээ?

-Гүн мэдлэгийг үүсгэж, шинжлэх ухааныхаа хүрээнд оруулахад арга зүй чухал. Анхнаасаа арга зүйгээ сайн боловсруулах хэрэгтэй.

Ингэхийн тулд мэдлэг хуримтлуулах нь зүйтэй. Сүүлийн үеийн өрнийн хандлага, онолын чиглэл манайд бас нэлээд нэвтэрч л байна.

-Та ураг төрлийн тогтолцооны тухай судалгааны ном саяхан гаргасан байна. Энэ талаараа яриач?

-Ураг төрлийн тухай судалгаа их өргөн хүрээтэй. Олон талаас нь судлах боломжтой. Нэр томъёоны үүднээс судлах нэг өөр. Би ураг төрлийг судлахдаа хүмүүсийн зан заншил, ахуйтай нь холбож судлая гэж бодсон юм.

Гэр бүл гэдэг нэг объект. Харин ураг төрөл гэдэг их өргөн хүрээтэй. Сүйн бэлэг бол худалдаа, хүний наймаа гэх үзэл манайд байсан. Би хүртэл үүнийг худалдааны шинжтэй гэж бичиж байсан удаа бий.

Гэтэл нарийн ухаж ойлгосны дараа үндсийг нь гаргах ёстой гэж ойлгосон. Сүй гэдгийг нөгөө талаас нь харах хэрэгтэй. Миний ном энэ төрлийн эхлэлийг нь тавьсан. Цааш гүнзгийрүүлэх юм бол илүү сонирхолтой байх болно.

-Та 50 жилийн хугацаанд хэчнээн ном гаргав?

-Нэг их олон ном байхгүй. Дөрөв, таван зохиол, хамтын 10 гаруй ном, эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл бий.

-Монголын шинжлэх ухаанд хагас зуун жил зүтгэхдээ та цуглуулсан баялаг номын сангаа хүрээлэндээ бэлэглэсэн, үүнийг олон ахмад эрдэмтэд жишээ болговол гэж боддог юм.

-Яахав энэ жил манай салбар бие даасны 30 жилийн ой болсон. Монголыг өнөөдөр дэлхийн хэмжээнд угсаатны талаас судалж буй гол эрдэмтэд бараг бүгд ирсэн. Мөн миний хоёр бүтээлийн нээлт болсон.

Тэр үед энэ шинжлэх ухаанд нэгэн насыг зарж яваагийн хувьд цаашид хичээн суралцаж байгаа залуу эрдэмтдээ гар мухар байлгахгүй гэсэн үүднээс хүрээлэндээ бэлэглэсэн юм. Тийм жишиг ер нь дэлхийн олон оронд байдаг.

Оросын том эрдэмтэд ч тэнхим, хүрээлэндээ гайхалтай номын сангуудаа үлдээсэн л байдаг шүү дээ. Эрдэмтэн хүнд ном хэмээх багаж л амин чухал нь шүү.

Тэмдэглэсэн Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.24.190 Ниигэм б
74.71.14.231 huhemseg gar shuu ene chuluun gej
74.71.14.231 Дина 7 насаар эгч байж сонин хүн шүү
  • 2017 оны 11 сарын 04
74.71.14.231 tiim baih aa, yana aa
  • 2017 оны 10 сарын 25
182.160.36.95 Шинжлэх ухааны төлөө ухамсарт бүхий л амьдралаа зориулж яваа Цэрэнханд багшдаа урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе. жинхэнэ Гавьяат багш хүн шүү. Даш ёндонгийн багш, Ж.Болдбаатарын багш, гээп тоочоод байвал энэ хүнээс эрдэм амлаагүй хүн өнөөдөр энэ салбаарт нэгээхэн ч байхгүй дээ. Чулуун захиралаа багшийнхаа төлөө үйлс бүтээгээрэй
173.73.117.226 mundag humuus yumaa ajliin amjilt erdemiin ajil ni orgildoo hurehiih husen eruue!
112.72.11.113 ene chuluun estoi shaadag gardaa orosod baihdaa dandaa l naimaa hiideg baisiin yun hicheel nom
103.57.95.140 Эрдэмтэй ч эгэл даруу, бахархан дуураймаар сайхан эмэгтэй шүү.
103.9.90.2 Энэ хүмүүн үнэхээр үлгэрлэвэл зохих нэгэн юм аа. Та урт насалж, удаан жаргаарай
183.81.171.135 Хүний үг үйлдэл хоёр нэг байх ийм сайхан. Зуу насалж, зургаадай таяг тулах болтугай.
150.129.143.192 Даруухан сайхан эмэгтэй. Москвад олон улсын эрдэмтдийн байранд хөрш байж, орж гарч явлаа. Бахархмаар сайхан эрдэмтэн. Цэрэнханд эгчдээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөё