Д.ЖАДАМБА: Бэлчээрийг малчдад түрээсээр ашиглуулах хэрэгтэй

2015 оны 12 сарын 18

Бэлчээрийн мал аж ахуйн орон гэгддэг Монгол Улс Бэлчээрийн тухай хуультай болох гэж арав гаруй жил “дуншиж” байна.

Энэ Парламентын эрх барьж буй хугацаанд мөн л бэлчээрийн тухай асуудлыг бие даасан хууль тогтоомжоор зохицуулдаг болох талаар ярьж, төслийн хэлэлцүүлгийг нь ч хэдэн удаа хийсэн.

Гэхдээ Бэлчээрийн тухай хуулийн төсөлд эргэж харах шаардлагатай зүйл цөөнгүй байгааг судлаачид, мэргэжлийн хүмүүс нь хэлдэг. Тэдний нэг болох гавьяат зоотехникч Д.Жадамбатай ярилцлаа.

Хуучин Хөдөө аж ахуйн яамны хэлтсийн даргаас эхлээд сайдынх нь албыг хүртэл хашиж явсан тэрбээр өдгөө НҮБ-ын “Эко системд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өртөх өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн үндэсний зөвлөхөөр ажилладаг.

-Олон жил энэ салбарт ажилласан туршлагатай хүний хувьд Бэлчээрийн тухай хуулийн төсөлд саналаа хэлмээр байна гэсэн шүү дээ.

Энэ хуулийг хэр тооцоо судалгаатай баталж чадсан бэ гэдгээс Монголын уламжлалт мал аж ахуй, малчин ардын амьдрал, цаашлаад байгалийн бэлчээр, экологи гээд олон зүйл шалтгаална.

Тиймээс таныг яагаад шүүмжлэлтэй хандаад байгааг сонсъё?

-Өнөөдөр манайхан бэлчээрийн даац хэтэрлээ гэж их ярьдаг болсон. Үнэндээ тийм биш юм. Өдгөө бид говийн бэлчээрийн дөнгөж 40 гаруйхан хувийг л ашиглаж байна.

Уг нь манай орны нийт бэлчээр хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог, асар их үндэсний баялаг. Өөрөөр хэлбэл, экологийн цэвэр, хамгийн үнэ цэнэтэй байгалийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг биологийн аж үйлдвэр бол манай бэлчээр.

Бидний хэдэн эрдэмтний хийсэн судалгаагаар манай орны бэлчээр 46 сая тонн өвс тэжээлийн нөөцтэй. Үүнээс 40 сая орчмыг жилд ашиглах боломжтой гэж үзвэл хонь нэгжээр тооцсон 80 сая малыг тэжээлээр хангах боломжтой юм.

Энэ нь одоогийн 56 сая малд бэлчээр тэжээлийн нөөц хүрэлцээтэй гэсэн үг. Харин байгаль, цаг уурын бүс тус бүрээр тооцвол зарим нутагт бэлчээр дэх тэжээлийн дундаж нөөц хүрэлцэхгүй байгаа тал бий.

Одоо Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай, Дархан-Уул, Орхон болон Төв аймгийн хойд хэсэгт Монголын ихэнх мал шавчихаад байна. Монголын ихэнх гол, мөрөн, нуур байдаг ойт хээр, хээрийн бүсэд баруун аймгуудаас, бас говиос өнөөг хүртэл малчид нүүж ирээд л байдаг.

Нийт малын тэн хагасаас илүү нь зөвхөн хангайд төвлөрчихөөд байхад энд мэдээж бэлчээрийн даац хэтрэлгүй яах вэ. Гэтэл одоо эзгүйрэхэд хүрээд байгаа говийн бүсийн бэлчээр манай нийт нутгийн 45 хувийг эзэлдэг.

Аз болоход, Хэнтий, Дорнод, Сүхбаатарынхан одоохондоо тэр хавьдаа өөрсдийгөө болгочихдог. Бэлчээрийн нөөц, даац ч сайтай л даа. Тийшээ баруун аймгийнхан барагтай бол очдоггүй.

Тэгэхээр энэ мэт тооцоо судалгаанд үндэслэж байж бэлчээрийн асуудлаарх төр, засгийн бодлого шийдвэр оновчтой зөв гарна шүү дээ. Гэтэл манай бодлого тодорхойлогчдын шийдвэр байгалийн хуульд нийцэхгүй, харин ч эсрэгээрээ яваад байх юм.

Энэ хэвээрээ байгалийн хуулийг зөрчөөд байвал хангай дэлхий өөрөө хариугаа авна. Тэгэхдээ маш хатуу авдаг.

-Тухайлбал, та Бэлчээрийн тухай хуулийн төслийн ямар заалтыг буруу гэж үзэж байгаа юм бэ?

-Бэлчээрийг хувь хүн, хуулийн этгээдэд урт хугацаагаар эзэмшүүлэх тухай сүүлийн үед их ярьж байна. Энэ бол маш буруу. Бэлчээр эзэмшүүлбэл газрын наймаанаас эхлээд янз бүрийн гэмт хэрэг гарахыг ч үгүйсгэхгүй.

Бэлчээрээ аваръя, хамгаалъя, төлбөртэй ашиглуулдаг болъё гэсэн санаа нь зөв. Гэхдээ экологийн зүй тогтол, байгалийн бэлчээрийн үйлдвэрлэлд үүссэн гажуудлыг заавал ийм байдлаар шийдэж болохгүй.

Экологийн зүй тогтол бол ерөөсөө л гурван зүйлээр тодорхойлогддог. Нэгдүгээрт, бэлчээрийн бүтээгдэхүүн болох өвс ургамал нь байнга нөхөн сэргээгдэж байх.

Хоёрдугаарт, эко системийн амьтай, амьгүй бүрэлдэхүүн болох хөрс шороо, ус чийг, мал амьтдын бие биенээсээ хамааралтай, мөнхийн шүтэлцээ бүхий амьд гинжин харилцааг тогтвортой хангах.

Гуравдугаарт, экологийн өөрийнх нь нөхөн сэргэх процесс, түүний хэрэглээ хоёрын тэнцвэрийг тогтвортой хадгалах гэсэн энэ гурван зүй тогтол алдагдвал байгаль орчин доройтож, улмаар даамжирсаар сүүлдээ сүйрэлд хүрэх аюул нүүрлэнэ.

Тиймээс ийм байдалд орохгүйн тулд төр, засгийн оновчтой бодлого, зөв зохицуулалт чухал. Гэхдээ тэр нь бэлчээрийг эзэмшүүлэх бус, түрээсээр ашиглуулах арга зам байж болно гэсэн санааг би хэлэх гээд байна.

Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн бэлчээрийг бүс нутгаас нь хамаараад өөр өөр төлбөр тогтоон, малчдад түрээсээр ашиглуулах хэрэгтэй гэсэн үг.

-Таныхаар тэгээд ямар журмаар хэрхэн түрээслүүлэх боломжтой вэ?

-Юуны түрүүнд одоо бэлчээрийн даац нь хэтрэх аюулд ороод буй ойт хээр, хээрийн бүсэд бэлчээрийг зун, намрын цагт түрээсээр ашиглуулах нь зүйтэй гэж бодож байгаа.

Аймаг, сум бүрийн бэлчээрийн онцлогоос шалтгаалаад төлбөрийн хэмжээ нь өөр өөр байна. Ялангуяа гол мөрний сав газрын орчимд бол түрээс нь арай өндөр байх ёстой.

Харин говь болон баруун аймгуудын уулархаг нутагт бэлчээрийг төлбөргүй ашиглуулбал байгаль, цаг уурын ялгаатай нөхцөл байдлыг зохицуулах нэг арга байж болох талтай.

Мөн зөвхөн цөлийн бүсийн малчид өрхүүдэд тав таван га бэлчээрийн газрыг өмчлүүлэх асуудлыг ч ярьж болох юм. Говьд байгаль, цаг уурын байдал хүнд шүү дээ.

Тиймээс энэ бол говийнхон нутагтаа мал аж ахуйгаа тогтвор суурьшилтай эрхэлж, амьжиргаагаа залгуулахад нь дэмжлэг болох зорилготой. Ингэвэл говь эзэнтэй болно.

Бас нэг чухал зүйл бий. 1990 оноос хойш манай уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоо алдагдаж, мал сүргийн байршил, тархалт их өөрчлөгдсөн. Манай хойд болон зүүн талын бүсэд одоо хонь, ямаа маш олон болсон.

Уг нь ойт хээрийн бүс бол үхэр сүрэгт хамгийн тохиромжтой газар. Тиймээс тэнд ямаа, хонь, адуу, тэмээг өсгөхийг хязгаартай болгох, үхэр үржүүлэх боломжийг нээж өгөх хөшүүрэг хэрэгтэй байна.

Энэ асуудлыг татвараар зохицуулсан ч болно. Ойт хээрийн бүсэд хонь, ямаа, адуу төд байх ёстой гэж хуулиар тогтоогоод, тэр хязгаараас давбал малчдаас татвар авдаг байхад гэмгүй.

Үхэр өндөр ургасан, өтгөн шигүү өвс иддэг учраас бусад малаа бодоход тэжээлийн дутагдалд нэрвэгдэх нь илүү байдаг. Энэ нь үнээний сүүний гарц буурах хандлагаар илэрдэг.

Сүүлийн 2-3 жилд үнээний сүүний дундаж гарц 2008 оныхоосоо нэлээд хэмжээгээр буурсан гэсэн дүн бий.

Ийм учраас энэ бүс нутгийг төрөөс хамгаалах эрх зүйн арга хэмжээ авч, бусад бүс нутаг ялангуяа говирхог болон баруун бүс нутгаас малчид малтайгаа шилжиж суурьшихыг хязгаарлах асуудлыг бодлогоор зохицуулах хэрэгтэй.

-Ингээд хэлэхээр нөгөө малчид, тэдэнд хайртай улстөрчид эсэргүүцээд бөөн юм болно доо.

Адаглаад тухайн орон нутагт хэдэн үеэрээ амьдарсан малчид түрээс төлөхгүй гэнэ. Тэгэхээр шилжин суурьшсан хүмүүс нь “Биднийг алаг үзлээ” гэж мэднэ.

-Алийн болгон малчдыг хөөрхийлж суух вэ. Хэрэв бид экологийн тэнцвэрт байдлаа алдагдуулсаар байгаль орчноо сүйтгэвэл хэчнээн сая мал байгаад яах юм бэ. Экологи хөөрхий болбол хүн нь өөрсдөө амьдрах аргагүй болно шүү дээ.

Тиймээс хууль эрх зүйн орчноо илүү нарийн тодорхой болгож өгөх хэрэгтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд хүн амьдрах газраа өөрөө сонгоно гэсэн заалт бий. Гэтэл түүнийг малчид малдаа хүртэл хамаатуулж ойлгосоор өдий хүрсэн.

Үүнийг тусад нь ялгаж салгах хэрэгтэй юм. Бас манай газрын тухай хуульд нэг айхтар заалт байдаг. Зун, намрын бэлчээрийг нийтээр ашиглана гэсэн заалт бол миний яриад байгаа зүйлд хамгийн том саад болдог зүйл.

Бэлчээрийг жинхэнэ түрээсээр ашиглуулах ёстой үе чинь зун, намрын цаг шүү дээ.

Хөгжлийн урт хугацааны тогтвортой бодлогоо гэж том юм яриад байгаа хүмүүс тэр зүйлийнх нь үндсэн суурь бол бэлчээрийн нөөцийг ашиглахад үүсээд байгаа гажуудлуудын мөн чанарыг зөв тодорхойлж, шийдвэрлэхээс эхлэх ёстойг ойлгоосой.

Саяхан Парист НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд 195 орны төр, засгийн тэргүүн нар “Уур амьсггалын өөрчлөлт”-ийн асуудлаар хуралдаж, дэлхийн дулаарлыг 1.5 градусаас хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээлээ.

Манай орны тухайд жилийн дундаж температур хоёр градусаар нэмэгдэж байна. Гэтэл бид бэлчээр хадлангийнхаа эко системийн тогтолцоог алдагдуулахгүй, хэвээр нь хадгалж, хамгаалж үлдэж чадвал хүлэмжийн хийн ялгарлыг сааруулах бүрэн боломжтой.

Бэлчээр маань нэлэнхүйдээ халцгайрчихвал дэлхийн дулаарлыг бууруулахад бидний оруулах хувь нэмэр тун бага л болно доо.

-Ер нь түрээсийн хэмжээг яаж тогтоовол зүгээр вэ. Хэдэн зуу, мянган малтай малчинд түрээсийн мөнгө асуудал биш байж болох ч тав аравхан “юмтай” хүнд бол хүнд тусах байх даа?

-Нэг өрхөд ногдох түрээсийн хэмжээ нь малын тоо, ашиглаж буй газрын их, бага, бэлчээрийн нөөцтэй харьцуулан тогтоож таарна. Гэхдээ бэлчээрийн газрыг хэмжээ хязгааргүй түрээсээр өгч болохгүй л дээ.

Малын тоонд тодорхой хязгаар байх ёстой. Хязгаараас давбал татвар төлнө гэсэн үг. Мэдээж уугуул нутгийн иргэдэд хамгийн түрүүнд бэлчээрийг нь түрээслүүлэх зарчим үйлчилнэ.

Хятадад нэгээс дээш хүүхэдтэй айл татвар төлдөг шиг ийм л систем шүү дээ.

-Бэлчээрийн менежментийг сайжруулах тухай их ярьдаг. Та энэ талаар ямар санал бодолтой явдгаа хуваалцахгүй юү?

-Нүүдэлчин монголчууд эртнээс нааш дөрвөн улирлаар сэлгэн бэлчээрээ ашигладаг уламжлалт менежменттэй байсан. Түүнийг загвар болгон хэрэгжүүлье гэдэг. Зусландаа байхад намаржаа, өвөлжөө, хаваржаа нь “амарч”, ургамлын ургах хугацаа бүрэн гүйцдэг байсан цаг одоо өөрчлөгдсөн.

Тиймээс тухайн газар нутгийн бэлчээрийн багтаамж, даац ямар түвшинд байгааг улсын хэмжээнд болон аймаг, сум бүрт жил бүр тооцох ажлаас эхлэх хэрэгтэй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, бэлчээрийн менежментээ сайжруулахын тулд юуны өмнө бэлчээр дэх тэжээлийн нөөц болон тухайн газрын малын тоо толгойд хэрэгцээтэй өвс тэжээлийн хоорондын балансыг харьцуулан гаргах хэрэгтэй.

Ингэсний үндсэн дээр тэр суманд бэлчээрийн ямар менежмент хийх хэрэгтэй вэ гэдгийг орон нутаг өөрөө шийдэх ёстой. Харамсалтай нь бэлчээрийн багтаамжийг нарийн тооцож гаргасан мэргэжлийн байгууллага өнөөдөр хот, хөдөөд хаана ч алга байх шиг байна.

Миний бие 1978 онд Хөдөө аж ахуйн яамны хэлтсийн дарга байхдаа “Бэлчээрээ тооцож зөв ашиглая” гэсэн томоохон өгүүлэл “Үнэн” сонинд нийтлүүлж байв.

Тухайн үед хээрийн бүс буюу Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 100 га бэлчээрт 50 мал ногдож байсан бол 2012 онд 119 болж хоёр дахин өссөн байна. Мөн ойт хээрийн бүсийн сум болох Хужиртад тухайн үед 100 га-д 87.6 мал ногдож байсан бол 2012 онд энэ тоо 210 болж даац нь ихээхэн хэтэрсэн байх жишээтэй.

Энэ мэдээллээс бэлчээрийн газар нутгийн тэжээлийн нөөцийг дутуу ашигласнаас тухайн аймаг, сум, улсын эдийн засагт ямар хохирол авчирч болохыг харж болно.

Нөгөө талаас даацыг хэтрүүлбэл байгаль орчинд ямар хохирол учруулахыг урьдчилан тооцох боломжтой.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
76.107.96.25 Avilgachid iim huuli gargaj zurhlehgui.
202.179.27.106 sain, zov yarisan bn. yum meddeg hun bn.