А.Дөлгөөн: Бусдын хаясныг цуглуулаад байя л гэж бодож байна

2015 оны 12 сарын 16

“Түүний тайзны дүрслэл, дүрүүдийн хувцасны загвар жүжгийн санааг нэвт шингээсэн байдаг. Хувцасных нь загварыг хараад л дүрийн мөн чанарыг гадарлаж болно.

Урласан хувцасны загвар нь зарим жүжигчинд дүрээ бүтээхэд нь санаа өгдөг” хэмээн “Нора”, “Найрын ширээний ууц”, “Үгүйлэгдсэн хайр” зэрэг олон жүжгийн тайзыг урласан зураач Б.Төмөрхуягийн талаар урлаг судлаач, жүжигчид хэлж байжээ.

Мэргэжлийг нь өвлөсөн хүү Аянга ч нэрийг нь унагалгүй сайн яваа. “Хунгийн дуу” жүжгээрээ “Гэгээн муза” хүртсэн тэрбээр бас рок попынхны тоглолтын тайзыг урладаг. Тэгвэл ач Дөлгөөн нь удам залган, уран бүтээлч болжээ.

Тэрбээр “Бид гурвын болзоо”, “Аз жаргалын шок”, “Том толгойтын романс” зэрэг кинонд зураачаар ажилласан юм билээ.

-УДЭТ-аас зохион байгуулдаг “Бид мартахгүй” арга хэмжээний хүрээнд өвөөгийн тань мэндэлсний 70 насны ойг тэмдэглэсэн.

Энэ үеэр таны аав түүнийг “Театрын урлагт өвөрмөц чиг хандлага нэвтрүүлсэн” гэж тодорхойлсон юм. Ямар хандлага гаргасан бэ?

-Сценографийг өвөө Монголд илүү гүнзгий нэвтрүүлж, тайз, чимэглэлийн урлагийг шинэ шатанд хүргэсэн гэж болно.

Сценограф гэдэг нүсэр том тайзнаас татгалзаж, ширээг байгаагаар нь байрлуулахаас илүүтэй жүжгийн утга санаатай холбож, өвөрмөц маягаар илэрхийлж урлахыг хэлдэг.

-Өвөөгөө бодохоор ямар дурсамж хамгийн түрүүнд санаанд буудаг вэ?

-Би өвөөтэйгөө өссөн. Намайг 11 настайд өөд болсон юм. Ер зүгээр суудаггүй, байнга л ямар нэгэн юм хийж, сараачиж байдаг. Өвөөгийн ажил дээр хааяа очно. Юмхнаар юм хийж, энгийн хүний бодож санахааргүйг бүтээчихсэн байдаг нь өвөрмөц санагддаг.

Намайг бага байхад сега, плэйстэйшнийг хүүхдүүд ид сонирхож эхэлсэн. Намайг тоглоход өвөө болиулахын оронд “Манай хүүтэй тоглох хүн байна уу” гэж эрхлүүлдэг сэн.

Сеганы гарны товчлуур дарсаар хуруу цэврүү үсэрчихвэл өвөө хагалаад хөвөн тавьж хонуулахад маргааш нь эдгэчихдэг байсан.

-Уран бүтээлчдийн дунд торнисон болохоор энэ мэргэжилдээ эрхгүй татагдсан байх. Харин ажлын талбар дээр гараад сэтгэл хэр хангалуун байна вэ?

-Багаасаа эрээн мяраан зүйлд татагдаж, бизнес зэрэг өөр чиглэл сонирхож байсангүй. Урлагийн хүн болсондоо харамсаж байгаагүй. Урлагийнхан үргэлж сайн сайхан руу тэмүүлдэг болохоор гэр бүлийнхэн миний хүмүүжилд их сайнаар нөлөөлсөн. Би архи, тамхи хэрэглэдэггүй.

Ер нь миний эргэн тойронд урлагтай холбоогүй хүн ховор доо. Ээж УДЭТ-т ажилладаг, аав нь Монголын кино үйлдвэрт насаараа жолоочоор ажилласан бол аавын эгч Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн.

Бүгд урлагтай холбоотой болохоор үүнийг тэгвэл, ингэвэл яах вэ гэж зөвлөлдөөд нэг баг шиг л байдаг.


-Аав, ээж нь УДЭТ-т танилцаж, амьдралаа холбосон уу?

-Ээж театрт үйлчлэгчээс эхлээд Үзвэр үйлчилгээний албаны дарга хүртэл ажиллаж байна. Өвөөд туслах гэж аав театрт ирдэг байхдаа ээжтэй танилцсан гэсэн.

-Б.Төмөрхуяг агсны аав бас уран гартай хүн байсан гэсэн үү?

-Энэ талаар аав ч сайн мэддэггүй. Сүмийн чимэглэл урладаг, сэргээн засдаг хүн байсан гэдэг юм билээ.

-Б.Төмөрхуяг гуайгаас Аянга зураачид, түүнээс танд өвлүүлсэн өвөрмөц арга барил гэж байдаг уу?

-Өвөө, аавын хийснийг ажиглах нь ээ төс байдаг. Тэд сценографийг түлхүү хэрэглэдэг. Тэдний төстэй сэтгэдэг нь гентэй холбоотой байдаг юм болов уу гэж боддог.

Ааш зангаараа ч ойролцоо, барагтай бол уурладаггүй, дуу цөөтэй, хийе гэснээ дуусгадаг хүмүүс. Түүнээс биш, ямар нэгэн изм гэдэг шиг өөр арга барил манай гэр бүлийнхэнд байхгүй.

-Тэгвэл таны хувьд аль нь илүү мундаг уран бүтээлч вэ?

-Өвөө илүү нарийн чимхлүүр ажил хийдэг. Будгаа хүртэл зүүгээр ховхолж, сүүдэр гаргасан байх жишээтэй.

-Та Улаанбаатар чуулгын дизайнер юм билээ. Тэнд ямар уран бүтээл туурвиж байв?

-СУИС-ийг театр, дэлгэцийн дизайнер, зураач мэргэжлээр төгсөж, Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-урлалын политехникийн коллежид хэвлэлийн дизайнераар сурсан.

“Анхны үнсэлт”, “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклийн ерөнхий зураач, дизайнераар, “Ариун хаврын тахилга” этно балетын туслах зураач, дизайнераар ажилласан.

-Тайзны зураачаас дизайнер юугаараа ялгаатай вэ?

-Улаанбаатар чуулгад болдог тоглолтуудын урилга, зурагт хуудсыг хийдэг.

-“Фантастик” продакшны кинонуудад ерөнхий зураачаар ажилласан гэсэн. Тэдний уран бүтээлчидтэй ямар сэжмээр холбогдов?

-Ээж театрт ажилладаг болохоор гавьяат жүжигчин Сарантуяа эгчтэй ойр, хүү Тамиртай нь би ах дүү шиг байдаг.

“Амингоо” богино хэмжээний кинонд анх Тамир ахтай хамтарснаас хойш “Аз жаргалын шок”, “Том толгойтын романс”-д ажилласан.

-Аав нь үзээд юу гэж дүгнэж байна вэ?

-Нэг их юм хэлдэггүйг бодоход болж байна гэж үздэг юм болов уу. Миний ажлыг хардаг уу үгүй юү, давгүй бүтээл байна гээд кинонд нь л сэтгэгдлээ хэлдэг.

-Түүнээс үг хүлээдэг үү?

-Магтуулах сонин биш. Шүүмж сонссон нь дээр.

-Бусад кино зураачаас юугаараа онцгойръё гэж боддог вэ?

-Түүхэн кино, уран зөгнөлт, сэтгэхүйн кино зураачийн ур чадварыг шалгадаг. Монголд техник технологийн дэвшлийг гайхуулсан кино бүтээх нөхцөл муу, түүхэн бүтээл хийх нь ховор.

Одоо цагт хүмүүсийн эдэлж, хэрэглэдэг нь нэгэн хэвийн болохоор орчин үеийн кинонд зураачийн ажил нэг их онцгойрдоггүй.

Гэхдээ хүний санаанд оромгүй зүйл, тод өнгө, гял цал байдлаар ялгарахыг хичээдэг.

-Киноны ерөнхий төрх байдлыг дүрслэх гэхээр амьдрал дээр тэр зүйл нь олдохгүйн зовлон их үү?

-Тийм шүү. Найруулагч, зургийн дарга нар “За, чи олдох юмаа л бодож зураарай” гэдэг. Кинонд бодит зүйл хэрэглэдэг учир хийх хэцүү. “Монгол кино” үйлдвэрт юм хайж очихоор тэр бүр байдаггүй, зарим нь устаж үрэгдсэн байдаг.

Тайз, дэлгэцийн урлагийг дэмждэг газар ч дутагдалтай. Тухайлбал, хуучин зүйлс болон тэднийг хийх материалын тусгай дэлгүүр байдаггүй. Кино уран бүтээлчид бор зүрхээрээ л зүтгэж байна шүү дээ.

Хуучин зүйлс хадгалдаг өрөөтэй болох төлөвлөгөө бий. Хүний хаясныг цуглуулаад байя л гэж бодож байна.

-Хуучны эд зүйлс гэснээс өвөөгийнхөө бүтээснээс хэр ихийг хадгалж байна вэ?

-Өвөөгөөс бидний гарт үлдсэн нь зурагнууд, хэрэглэж байсан аяга л байна. Тайзны хэрэглэлүүд Монголын театрын музей, УДЭТ-т бий. Зарим нь Хүүхэд залуучуудын театртай хамт үгүй болсон юм билээ.

-Уран зураг зурдаг уу?

-Олон зураач байхад би нэмэгдэж яах юм бэ.

-Уран бүтээлч сэтгэлгээгээ хувьдаа ашигладаг уу?

-Гэрийнхээ тавилгыг зохицолдуулах зэрэгт л ашигладаг байх.

-Шивээс хийдэг үү. Яагаад шивээсэнд дуртай вэ?

-Бизнес болголгүй, өөртөө, найз нөхдөдөө хийдэг. Өөртөө таалагдах гэж, бас аливааг бэлгэдэж, сахиус маягаар шивээс хийлгэдэг юм.

Надад шар шувуу, үнэгний сахиусан шивээс байдаг. Шар шувуу шөнийн амьтан. Тиймээс орой үдэш хээр хөдөө болон гадуур явахад хамгаална гэж бодсон. Ямар нэг ажлыг сэргэлэн, хурдан шуурхай хийхийг бэлгэдэж үнэг шивүүлсэн.

Сайн, муу чанарынхаа аль нэгийг нь давамгай биш, тэнцүү байлгахыг бэлгэдэж чөтгөрийн болон сахиусан тэнгэрийн далавч шивүүлсэн.

-Тайз, дэлгэцийн уран бүтээлтэй ойр ажиллахаар өөрөө дүрд тоглох хүсэл төрж байна уу?

-Багадаа дуу, хуур оролддог байлаа. “Дуулсаар байсан бол одоо “Алж” байгаа даа” гэж хааяа найзуудтайгаа хошигнодог юм. Аавтайгаа хамт клип, богино хэмжээний бүтээл найруулах хүсэл хааяа төрдөг. Дуучин Х.Отгоогийн клипэнд монтаж хийж байсан.

-Аавтайгаа ямар, ямар уран бүтээлд хамтарч байв?

-“Сайн муу, хэрцгий” болон “Хувилгааны эрэлд” олон ангит кино, Буриадын Хүрэл баавгай хүртсэн “Буддагийн инээмсэглэл” богино хэмжээний кинонд аав туслах зураачаар ажиллахад нь дэм болж байсан.

-Та аав, өвөөгийнхөө нэрийг хэр “ашигладаг” вэ. Эсвэл өөрийнхөө чадварыг харуулахын тулд аль болох бусдад мэдэгдэхгүй байхыг эрмэлздэг үү?

-Би “On’on off” продакшны Ононбат ахын охинтой нэг цэцэрлэгт явдаг, хаздаг, шоглодог байж л дээ. Нэг өдөр Онон ах охиноо шоглодог хүүтэй уулзана гээд цэцэрлэг дээр ирсэн.

Охиноороо хэргийн эзнийг заалгах гэхэд би хажуугаар нь явж таарч, “Сайн байна уу, Онон ах аа” гэж мэндэлсэн. Намайг “хэрэгтэн” гэдгийг мэдээд юу ч хэлж чадахгүй инээгээд “Найзыгаа битгий хазаж байгаарай” гэчихээд явсан.

Энэ онигоог рок попынхон мэддэг, Онон ах ч их ярьдаг юм. Өөрөө болгож бүтээнэ гэж үзвэл аавынхаа нэрийг барьдаггүй.

Бүр аргагүйдвэл Аянгын хүү байна гэдэг. Байнга аавыгаа яриад байвал түрүй барьж байх шиг санагдана шүү дээ.

Б.ТАЙВАН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД