АНУ БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨӨРЧИЛЖ МАГАДГҮЙ НЬ

2015 оны 12 сарын 14

Дэлхийн хамгийн хүчирхэг гэх тодотголтой АНУ-ын Холбооны нөөцийн сангийн удирдлагууд энэ долоо хоногийн 15, 16-нд уулзалт хийх товтой байгаа. 2006 оноос хойш тэгтэй ойр түвшинд хадгалж ирсэн бодлогын хүүгээ энэ үеэр нэмж магадгүй гэх хүлээлт зах зээлд үүсээд буй юм.

Хэрэв хүүг нэмбэл хөгжиж буй орнуудад сөрөг нөлөөтэйг Дэлхийн эдийн засгийн форумын цахим хуудсанд тэмдэглэжээ.

АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ нэмж магадгүй гэж эдийн засагчид, гадаадын хэвлэлүүд сүүлийн саруудад мэдээлж байсан ч инфляц, ажилгүйдлийн түвшин, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт зэрэг хэд хэдэн зүйлийг харгалзан үзэж, хойшлуулаад байсан бол он дуусахаас өмнө дээрх шийдвэрийг гаргаж магадгүй гэж судалгаанд хамрагдсан шинжээчдийн 80 орчим хувь нь үзжээ.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай тус улс бодлогын хүүгээ нэмбэл Монголд хэрхэн нөлөөлөх бол?

Энэ талаар “Мандал женерал даатгал” компанийн эрсдэлийн ахлах шинжээч Ч.Анхбаяр “АНУ одоогийнхоо эдийн засгийн өсөлтийг тогтоон барихын тулд бодлогын хүүгээ шууд нөлөөлөхүйц хэмжээгээр нэмэхгүй байх гэсэн хүлээлт бий” гэлээ.

Мөн тэрбээр “Одоо ам.долларын ханш нэгэнт чангарчихсан байгаа. Хэрэв бодлогын хүүгээ өсгөвөл ам.доллар хомсдоно. Энэ нь түүхий эдүүдийн ханшид тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Тиймээс бодлогын хүүг хэтэрхий нэмчихвэл эргээд эдийн засгийнхаа өсөлтийг алдчихна” хэмээн өгүүлэв.

Өөрөөр хэлбэл, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмсэн ч бага хувиар өсгөх магадлалтай гэнэ. Унци алт/ам.доллар, тонн зэс/ам.доллар, тонн нүүрс/ам.доллар гэхчлэн түүхий эдүүдийн ханшийг “ногоон”-оор үнэлдэг. Тэгэхээр ам.долларын ханш чангарахын хэрээр тавааруудын ханш хямдарч буй.

АНУ бодлогын хүүгээ нэмбэл мөнгөн тэмдэгтийнх нь ханш үргэлжлэн чангарах учраас тавааруудын үнэ доошилно гэсэн үг. Ч.Анхбаяр “Монголд харьцангуй бага нөлөөлөх болов уу. Ер нь Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ ямар хэмжээгээр нэмэх вэ гэдгээс хамаарна.

Одоогийн 0.25 хувийн хүүг 0.5 болговол түүхий эдийн ханшид богино хугацаанд нөлөөлнө. Тавааруудын ханш 3-4 долоо хоног хямдраад буцаад “хэвэндээ орох” байх. Тэгэхээр манай экспортын нэг сарын л орлогод нөлөөлнө.

Харин бодлогын хүүгээ нэг болон түүнээс дээш хувьд хүргэчихвэл том нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэ нь АНУ-ын хувьд хөрөнгө оруулалтыг үргээсэн бодлого болчих учраас бодлогын хүүгээ өсгөхөд болгоомжтой хандах болов уу” гэсэн юм.

АНУ-ын бодлогын хүүгээ тэгтэй ойр түвшинд хадгалж байгаагийнхаа хүчээр эдийн засаг нь “хэвийн” өсөж, ажлын байр нэмэгдэж буйг эдийн засагчид тэмдэглэж буй.

АНУ-Д ШИНЭ АЖЛЫН БАЙР НЭМЭГДСЭЭР БАЙНА

Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Йеллен саяхан Конгресст мэдэгдэл хийх үеэрээ “Хэрэв гэнэтийн ямар нэгэн хүчин зүйл тохиолдохгүй бол бодлогын хүүгээ нэмэх нөхцөл бүрдсэн” хэмээн өгүүлсэн юм. Тус улсад арваннэгдүгээр сард 211.000 ажлын байр бий болсон тухай Хөдөлмөрийн яамнаас нь мэдээлсэн.

Энэ нь дээрх тоог өмнө нь 190.000 байна хэмээн таамаглаж байснаас илүү үзүүлэлт болсон бөгөөд ажилгүйдлийн түвшин нь тогтвортой (таван хувь) байгаа аж. Инфляц нь зорилтот хоёр хувьд хүрэх боломжтой хэмээн америкчууд тооцоолж буй.

(Тус улсын инфляц одоогоор 0.2 хувь байгаа ч аажмаар өсөж байгаа гэнэ) Бас аравдугаар сард үйлдвэрлэлийн захиалга нь 1.5 хувиар нэмэгдсэн байна. Жанет Йеллен “Дэлхийн орнуудын эдийн засгийн өсөлт саарч, ам.долларын ханш дээшилж буй нь АНУ-д нөлөөлж байгаа.

Гэхдээ иргэдийн хэрэглээ өсөж, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж буй зэрэг эерэг үзүүлэлт бий. АНУ-ын ДНБ тогтвортой өснө гэж бид таамаглаж байна” хэмээжээ.

Түүнчлэн тэрбээр “Сард 100.000 ажлын байр шинээр нэмэгдэхэд хөдөлмөрийн зах зээлд “хангалттай” гэсэн байна. Жижиглэн худалдаа нь ч өмнөх сард 0.2 хувиар өссөнийг өнгөрсөн долоо хоногийн эцсээр marketwatch.com цахим хуудсанд дурдсан байв.

ЭДИЙН ЗАСГИЙНХАА ӨСӨЛТӨД ИТГЭЛТЭЙ БАЙГАА ГЭВ

Бодлогын хүүг нэмж болзошгүйгээс үүдэн голлох валютуудтай харьцах ам.долларын ханш чангарсаар байгаа. “АНУ бодлогын хүүгээ нэмэх нь эдийн засгийнхаа өсөлтөд итгэлтэй байгааг нь харуулна.

Гэхдээ корпорацуудын зардлыг нэмэгдүүлнэ” хэмээн “Bank for International Settlements”-ийнхэн тэмдэглэжээ. CME группийн тооцоолсноор, АНУ-ын Төвбанк ирэх оны арванхоёрдугаар сарын дунд хүртэл бодлогын хүүгээ 0.5-1 хувьд хүргэж өсгөх магадлалтай гэснийг “The Financial Times” уламжилсан байна.

Тэгвэл “Societe Generale”-ийн эдийн засагч Анета Марковска “Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бүр зургаан сарын өмнө нь л өсгөх ёстой байсан” гэжээ.

Өнгөрсөн есдүгээр сард АНУ бодлогын хүүгээ нэмэлгүй хэвээр үлдээхэд урд хөршийн эдийн засгийн өсөлт удааширсан нь нөлөөлж байв. “The Guardian”-д “Жанет Йеллен том шийдвэр гаргахад бэлдэж байна” хэмээн тэмдэглэжээ.

Ямартай ч Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Йеллен “Бодлогын хүүгээ өсгөх нь санхүүгийн хямралаас хойш АНУ-ын эдийн засаг “хэр хол хүрснийг харуулна” хэмээгээд буй. Ирэх 16-нд ямар шийдвэр гарахыг харах л үлдлээ.   

Ц.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД