“ЖИЖИГ БАЯРМАА” буюу М.Анхцэцэг

2015 оны 12 сарын 11

Тамирчнаас асар их тэсвэр тэвчээр шаарддаг спорт бол яах аргагүй хүндийг өргөлт. Тур тусмаа эмэгтэй хүн энэ спортоор хичээллэх амаргүй. Тэгвэл “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг өдгөө 17 настай ч, Монголын хамгийн шилдэг эмэгтэй туйванч болоод амжив.

Тэрбээр энэ сарын 6-9-нд Катар улсад болсон Дэлхийн цомд оролцон огцом өргөлтөөр 112 кг өргөж, IV байрт шалгарсан юм. Жин тус бүрт энэ онд гаргасан амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог тус тэмцээнд М.Анхцэцэг анх удаа оролцсон нь энэ.

Олимп, дэлхийн аваргуудтай өрсөлдөн ийнхүү медалийн оосроос атгаад алдана гэдэг чамлахааргүй амжилт. Тэрбээр энэ тэмцээнээс хэдхэн хоногийн өмнө болсон ДАШТ-д 69 кг-д оролцон огцомоор 110, түлхэлттэй өргөлтөөр 133 кг шахаж, VIII байрт шалгарсан билээ.

Хэрвээ огцом өргөлтийн хоёр эсвэл, гурав дахь оролдлогоороо 116 кг өргөсөн бол мөнгөн медаль авах боломжтой байсан юм. Харамсалтай нь, тэрбээр өргөж чадаагүй. Гэхдээ тэрбээр түүхэн амжилтын эзэн болсон.

Өмнө нь манай тамирчдаас хэн ч ДАШТ-д арваас дотогш байрт шалгарч, медалийн төлөө өрсөлдөж байгаагүй билээ. Түүнд дэлхийн аваргын медальт, Монголын анхны тамирчин болох нөөц, бололцоо хангалттай бий.

Учир нь М.Анхцэцэг энэ жил УАШТ-д түрүүлэхдээ огцомоор 116 кг өргөсөн. Мөн тэмцээний өмнөх бэлтгэл дээр огцомоор 120, түлхэлттэй өргөлтөөр 148 кг өргөж байсан.

Түүнийгээ давтсан бол тасархай түрүүлж, УАШТ-ий амжилтаа давтсан бол мөнгөн медалиар энгэрээ мялаах байлаа. Гэхдээ тэрбээр наймдугаар сард болсон УАШТ-ий үеэр гартаа хүнд бэртэл авсныг дурдахгүй өнгөрч боломгүй.

Сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэн, аравдугаар сараас ДАШТ-ий бэлтгэлээ хийсэн нь түүний амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй. М.Анхцэцэг ДАШТ-д өнгөрсөн жил анх удаа оролцохдоо огцомоор 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг-ыг шахаж X байр эзэлсэн юм.

Тэр үед огцомд Монголын хүндийг өргөлтийн амьд домог, гавьяат тамирчин Н.Баярмаагийн амжилтыг эвдэн, улсын рекордыг шинэчилж байлаа. Мөн тус тэмцээний дараа гарсан чансаагаар дэлхийн чансааг залуучуудад тэргүүлж, өсвөрт аман хүзүүдэж, насанд хүрэгчдэд VI байрт бичигдсэн билээ.

Энэ спортоор долоо дахь жилдээ хичээллэж буй тэрбээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд Монгол Улсын рекордыг 63 удаа шинэчлээд байна. Мөн УАШТ-д өсвөр үе, залуучуудад дөрөв, насанд хүрэгчдэд таван удаа түрүүлсэн юм.

ДАШТ-ий дараа Дэлхийн цомд оролцохоор явахынх нь өмнөхөн түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Энэ жил УАШТ-д огцом өргөлтөөр 116 кг өргөлөө. Тиймээс ДАШТ-ээс медаль авах боломж байсан нь мэдээж.

-Өнгөрсөн жил ДАШТ-д өндөр амжилт гаргах, багтаа олимпийн эрхийн оноо нэмэрлэх зорилготой оролцсон бол энэ жилийнхэд медаль хүртэх, рекордоо ахиулах, олимпийн эрх авахын төлөө өрсөлдсөн юм.

Энэ нь эргээд сэтгэлзүйд бага зэрэг дарамт өгсөн байж магадгүй. Хараахан зорилгодоо хүрч чадаагүй ч их зүйл сурч, туршлага хуримтлууллаа. Хэрвээ огцом өргөлтийн сүүлийн хоёр оролдлогоороо 116 кг өргөсөн бол мөнгөн медаль авах боломжтой байсан.

Уг нь энэ жил УАШТ-д гаргасан амжилтаа давтсан бол баараггүй медальтай ирэх байлаа.

Энэ дашрамд, намайг үргэлж дэмжиж, тусалдаг МҮОХ, МХӨХ-ны удирдлагууд, “Алдар” спорт хороо, “Сувинер хаус”, “Үнэн анд”, “Есүүдийн Батууд”, “Монгол жонш”, “Солонго орд” компанийн хамт олонд баярлаж явдгаа илэрхийлье.

-Медаль хүртэх, олимпийн эрх авах хэмжээнд бэлтгэлээ базаасан уу?

-Бэлтгэл сайтай, формондоо орчихсон байсан.

-УАШТ-д оролцохдоо гараа гэмтээсэн. Тэр нь амжилтад тань хэр нөлөөлсөн бол?

-Мэдээж гэмтэлгүй, нэгэн хэвийн бэлтгэл хийсэн бол илүү амжилт гаргах байсныг үгүйсгэхгүй. Сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэн, аравдугаар сараас бэлтгэлдээ орсон.

Гэхдээ бүх зүйл өнгөрсөн хойно өөрийнхөө бурууг гэмтлээс боллоо гэх дэмий биз дээ. Би л тактикийн алдаа гаргачихлаа.

-Энэ жил ДАШТ-д Ц.Хосбаяр дасгалжуулагч хамт оролцсон. Тиймээс сэтгэлзүйн хувьд өмнөхөөсөө давуу байсан болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Өнгөрсөн жил ДАШТ-д багш маань хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадаагүй. Өөр хэчнээн сайн дасгалжуулагч байсан ч, Хосоо багш шиг намайг мэдэхгүй.

Бид хоёр бараг л харцаараа ойлголцдог болохоор сэтгэлзүйн хувьд их давуу, нөмөр нөөлөгтэй байлаа.

-Өөрийн алдаа, оноогоо хэрхэн дүгнэж байна вэ?

-Сэтгэлзүйгээ л сайн бэлтгэх хэрэгтэйг улам их ухаарч байна. Олимп, дэлхийн аварга цолтой, өөрөөсөө олон насаар эгч тамирчидтай өрсөлдсөн болохоор бага зэрэг сандарсан. Дэлхийн аваргаас медаль авч чадна гэх итгэл минь бүр их нэмэгдлээ.

-Манай эмэгтэйчүүдийн баг 17-19 насны тамирчдаас бүрдсэн. Туршлага дутав уу?

-Бидний нас бага байна, дэлхийгээс медаль авч амжаагүй явна гэж өөрсдийгөө голж болохгүй. Бэлтгэл хийж байгаа мэт тайван байж, сэтгэлзүйн бэлтгэл сайн байвал бидэнд амжилт ойрхон байна.

-Амжилт, чансаагаараа тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд уригдсан. Тус тэмцээнд ямар зорилготой оролцох вэ?

-Энэ тэмцээнд анх удаа уригдсандаа баяртай байна. ДАШТ, олон улсын тэмцээнд өрсөлддөг тамирчид оролцох тул сэтгэлзүйн хувьд бэлэн байгаа.

Медаль авахын төлөө хичээнэ ээ. Одоо миний хамгийн том зорилго 2016 оны Риогийн олимп. Юун түрүүнд эрх авах нь чухал. Чадна гэдэгтээ итгэлтэй байна.

М.Анхцэцэгийн хамаатны ах С.Доржханд, Д.Ихбаяр нар нь хүндийг өргөлтөөр хичээллэдэг байсан нь туйванч болоход нь чамгүй их нөлөөлсөн гэдэг. Мөн Н.Баярмаа гавьяатыг Бээжингийн олимпод оролцож байхыг зурагтаар үзээд, энэ спортод анх дурлажээ.

Тэрбээр Д.Ихбаяр ахынхаа бэлтгэл хийж буйг харж, өдөр өдрөөр татагдсаар арван настайдаа энэ спортын “А” үсгээ 114 дүгээр сургуулийн дасгалжуулагч Цэрэннямаар заалгасан аж. М.Анхцэцэг хамгийн анхны бэлтгэл дээрээ долоон кг-ын штангны гол өргөн их урамшиж байснаа дурсах дуртай.

Түүний аав Т.Мөнхжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүн. М.Анхцэцэгийг 12 настай байхад нь тэднийх ажил, амьдралын эрхээр Дорнод аймаг руу шилжсэн юм. Тэр үед аливаад тууштай, ухаалаг ханддаг тэрбээр спортдоо үнэнч үлдэж, өдийг хүртэл эмээтэйгээ хамт амьдарч байна.

Бяцхан охин гэр бүлээ дагаад явж болох байсан нь лавтай. М.Анхцэцэг 2009 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль авч амжилтын салхиа хагалжээ.

Түүгээр ч үл барам тус тэмцээнд спортын дэд мастер цолны болзол хангасан юм. Залуу туйванчийн ур чадвар, амжилт өдрөөс өдөрт ахисаар 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13-хан настайдаа ОУХМ цолны болзол хангаж, ирээдүйд их юм дуулгахаа баталж эхэлсэн түүхтэй.

Тэр жилдээ Тайландын эзэн хааны нэрэмжит тэмцээнд урилгаар оролцон түлхэлттэй өргөлтөөр 101 кг шахаж алт, огцомоор 76 кг өргөж мөнгөн медаль хүртсэн юм.

Түүнээс хойш Нанжины хүүхдийн олимпод оролцохдоо IV байрт шалгарч, Азийн АШТ-ээс хоёр мөнгө, нэг хүрэл, Бүх ард түмний спартикиадад нэг удаа аваргалаад байна. Тэрбээр 2012 оноос хойш залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор бэлтгэлээ базааж буй.

Түүний амжилтын нууцын талаар Ц.Хосбаяр дасгалжуулагч “Анхааг хоёрхон үгээр “Бурхны бүтээл” гэж хэлнэ. Үнэхээр зөв бодолтой хүүхэд. Бэлтгэлийг чин сэтгэлээсээ хийдэг. 10 хий гэвэл 11 удаа гүйцэтгэдэг.

Саяхан “Багш аа, надад олимпийн медаль авах итгэл бүр нэмэгдлээ. Би чадна аа” гэсэн. Тамирчинд ийм сэтгэхүй, өөртөө итгэх итгэл төлөвших нь их чухал. Амны билгээс ашдын билэг гэгчээр Анхаагаа чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Одоо манай туйванчдад “Рио 2016” олимпийн эрх олгох ганцхан тэмцээн үлдээд буй. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэйчүүд багаараа эхний VIII байрт шалгарвал олимпийн нэг эрх авна.

Манай бүсгүйчүүд саяны ДАШТ-д 33 дугаар байрт шалгарсан. Тиймээс ирэх оны Азийн АШТ-д эхний наймд шалгарч, олимпийн нэг эрх авах боломж байгаа нь дамжиггүй. М.Анхцэцэгтээ амжилт хүсье.

Б.БУЯНДАЛАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД