Н.ГАНБАЯР: Сэтгэл санааны хохирлыг шүүгч үзэмжээрээ л шийдвэрлэж байна

2015 оны 12 сарын 11

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын анхны төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч АНУ-ын тэргүүн хатагтай асан Элеанор Рузвельт “Хүний эрх бол маш жижиг зүйлээс эхэлдэг.

Энэ нь тухайн хүний амьдарч буй болон оршин суугаа газар, ажил, сургууль, байр, орон сууц гээд тэр бүхэнд бий.

Яг энд л хүн бүр тэгш эрхтэй, ялгаварлан гадуурхагдахгүй байхыг хүсдэг. Тиймээс хаа нэгтэйгээс хайгаад нэмэргүй” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хүний эрх төрсөн цагаас нь заяамлаар бий болдог зүйл аж.

Харин бид Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөрөнгө шударгаар олж авах, хувийн аж ахуй эрхлэх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, эрүүл мэндээ хамгаалуулах, төрийн байгууллагад сонгох, сонгогдох, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, нэгдсэнийхээ төлөө ялгаварлагдан гадуурхагдахгүй байх зэрэг заяамал эрх, эрх чөлөөгөө эдэлж чадаж байгаа бил үү.

Жил бүрийн өдийд дэлхийн өнцөг булан бүрт Хүний эрхийн олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, хүмүүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэж байна.

Гэхдээ яг энэ мөчид ч гэсэн хэн нэгний эрх ноцтойгоор зөрчигдсөөр байдаг. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн, гавьяат хуульч Н.Ганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүн орноор саяхан сонгогдсон.

Ингэснээр бид олон улсын өмнө өндөр хариуцлага хүлээнэ гэсэн үг. Өнөө жил дэлхий нийт Олон улсын хүний эрхийн өдрөөр юуг чухалчилж байна вэ?

-Монголчууд 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн батлахдаа хүний эрх, эрх чөлөөг олон улсын жишигт нийцүүлэн баталгаажуулсан. Он жил өнгөрөх тутам олон улсын хүний эрхийн суурь гэрээ, конвенцод нэгдэн орж, соёрхон баталлаа.

Олон улсын гэрээний эрх зүйн суурь зарчмын дагуу тухайн гэрээ, конвенцод нэгдэн орсон тохиолдолд дагаж мөрдөх үүрэгтэй. Мөн хуулийн засаглалыг бэхжүүлэхэд эрх зүйн тогтолцооны олон шинэчлэл, өөрчлөлт хийж байна.

Эдгээрийн бодит үр дүнг иргэд төдийлэн хүртэхгүй байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хүлээж, амлалт өгсний хувьд үр бүтээлтэй ажиллах шаардлага тулгарсан.

Гэвч Үндсэн хуульд Монгол Улс олон улсын гэрээ, конвенцыг дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөхийг заасан байдаг ч олон улсын гэрээ, конвенцын хэрэглээ түгээмэл биш, ялангуяа шүүхийн практикт нэг мөр ойлгож, хэрэглэх явдал хангагдахгүй байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” баталсан тэрхүү 1948 оны арванхоёрдугаар сарын 10-наас хойш эл өдрийг дэлхий даяар Олон улсын хүний эрхийн өдөр хэмээн зарлаж, тэмдэглэсээр ирсэн.

Нэг үгээр, жил бүрийн энэ үед хүний эрх, эрх чөлөөг хөндсөн нийгэм, улс төр, соёлын олон арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулдаг. Өнөө жил дэлхийн улсууд “Бидний эрх, бидний эрх чөлөө, цаг ямагт” уриан дор нэгдэж байна.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас олон улсын хүний эрхийг тодорхойлох гэрээний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд дээрх уриан дор нэг жилийн хугацаатай аян зарлaсан.

Манайх энэ өдрийг тохиолдуулан олон улсын гэрээ, конвенцыг сурталчлан таниулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна.

-Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээгээ дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил мөрдөхгүй байна гэлээ. Тэгвэл танайх үүнд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-ХЭҮК байгуулагдсан цагаас хойш Улсын дээд шүүхтэй хамтран олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцыг шүүн таслах ажиллагаанд хэрэглэх, шүүгчдэд үүний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлууд хийсний үр дүнд Улсын дээд шүүхээс Монгол Улс олон улсын гэрээ болон нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглүүлэх тухай есдүгээр тогтоол гаргуулсан боловч одоогоор хэрэглээ нь түгээмэл биш, шүүхийн практикт төдийлэн хэрэглэгдэхгүй байна.

Иймээс 2016 онд хүн төрөлхтний иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийг тодорхойлсон олон улсын пакт болон бусад суурь гэрээ, конвенцыг сурталчлан таниулах, мөн гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, “Олон улсын хүний эрхийн билл” эмхтгэл хэвлүүлэн сурталчилж байна.

-Иргэд голдуу ямар асуудлаар танайд гомдол мэдүүлэх юм. Түүний мөрөөр хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа дурдахгүй юу?

-Нийт гомдлын багагүй хувь нь цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс ирдэг. Тухайлбал, 2015 онд 600 гаруй гомдол ирсний 40 хувийг нь цагдан хоригдож буй иргэд мэдүүлжээ.

Тэд “Шударгаар шүүлгэх эрх нь зөрчигдөн, хилс хэрэгт шалгагдаж байна. Хэргийн зүйлчлэл буруу, эсвэл эрүү шүүлтээс ангид байх эрхийг зөрчин хуульд зааснаас илүү хугацаагаар цагдан хорьсон.

Эргэлт уулзалт авах эрхийг хязгаарлаж байна” гэх зэрэг асуудлаар гомдол гаргадаг.

Тиймээс иргэдийг хууль бусаар баривчилж, цагдан хорьж байгаа хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдолд анхаарч ажилласны үр дүнд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн, буруутай үйлдлээс болж тухайн иргэний эрх зөрчигдсөн тохиолдолд бие махбодь, сэтгэл санааны хохирлыг төр хариуцан барагдуулах, төрийн сангаас зохих мөнгөн төлбөрийг шүүхийн шийдвэрээр олгодог жишиг бий болгосон.

-Тэгвэл хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хилсээр хохирсон иргэдэд хэчнээн төгрөгийн нөхөн олговор олгуулсан бэ?

-Гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас нэр төр, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, хилс хэрэгт гүтгэгдсэн иргэдийн эрхийг сэргээх, бие махбодь, сэтгэл санааны хохирлыг арилгуулах ажлыг 2003 оноос эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, ийм хүмүүсийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж, төрийн сангаас 414 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулж, эрх нь зөрчигдсөн хүмүүсийн асуудлыг шийдвэрлүүлсэн.

-Сэтгэл санааны хохирол барагдуулсан тохиолдол байгаа юу?

-Байлгүй яах вэ. Гэхдээ ийм хохирлыг хуулийн дагуу мөнгөн дүнгээр тооцож олгох аргачлал манайд нэвтрээгүй.

Тиймээс одоогоор тухайн шүүгчийн үзэмжээр л шийдвэрлэж байна. Иймээс гэмт хэргийн хохирогчийн сэтгэл санааны хохирлын хэмжээг тогтоох тодорхой аргачлал, эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна.

-ХЭҮК хорих ангиудад хяналт шалгалт хийдэг шүү дээ. Хүний эрхийг ноцтой зөрчиж буй сэтгэл эмзэглэм дүр зурагтай газар дээр нь тааралдаж байв уу?

-2013 онд хорих ял эдлэхээр болсон эмэгтэйчүүдийн шийтгэх тогтоолд асран хамгаалагчгүй үлдэж буй хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа нөхцөл байдлыг судалсан.

Тэгтэл шүүхээс гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдэд хорих ял ногдуулахдаа хүүхэд нь асран хамгаалагчтай, эсэхийг тогтоолгүй орхигдуулсан байсан. Цөөхөн хүүхдийг л харах эзэнтэй орхиж, бусдын асрамжинд өгсөн байдаг.

Иймд яллагдагчдын хүүхдүүд асран хамгаалагчтай үлдэж буй, эсэхийг тоохгүй өнгөрч болохгүй юм.

Ялангуяа бага насны хүүхэдтэй, эхнэр нь нөхрөө хөнөөсөн гэмт хэрэгт шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн асран хамгаалагчгүй үлдсэн хүүхдүүд хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, цаашлаад алга болох, гэмт хэрэгт холбогдох, ялгаварлан гадуурхагдах, хэн нэгний зараал, тэвчишгүй хөдөлмөрийн золиос болохыг үгүйсгэхгүй.

Гэтэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч эрх бүхий албан тушаалтнууд үүнийг төдийлөн анхаарахгүй байна. Тиймээс шүүгчид шийтгэх тогтоол үйлдэхдээ хүүхдийн асран хамгаалагчийн асуудлыг заавал тусгаж, шийдвэрлэх шаардлагатай.

-Асран хамгаалагчтай байсан ч хүүхдийн эрх ноцтой зөрчигдөх болжээ.

Хамгийн сүүлд Дундговь аймгийн нэгэн хувийн цэцэрлэгийн тогооч ой хүрээгүй нялх хүүхдийг хэрцгийгээр зодож буй бичлэг цахим ертөнцөд тарж, олны уур ундууцлыг төрүүлээд байна.

Энэ мэтээр хүүхдийн эрх зөрчигдсөөр байхад хэн анхаарал тавьж, үүрэг хүлээх ёстой юм бэ?

-Хүүхэд эрхээ бие даан хамгаалах чадваргүй, онцгой халамж, хамгаалалт шаарддаг учраас төрөөс тэдний асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатай байдаг.

Манай улс хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн стандартууд, тэдгээрийг заавал дагаж мөрдөх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжоороо хуульчилсан байдаг.

Уг нь хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр олон ажил хийж хэрэгжүүдэг ч нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ажилгүйдэл, ядуурал багачуудын эрхийг “зөрчин” тэдэнд онцгой анхаарал шаардсаар байна.

Хүүхэд хэн нэгэнд зодуулж, гадуурхагдан, хүнд хөдөлмөр эрхэлж буйг тэр бүр хянах тогтолцоо нь манайд байхгүй. Үүнд шат шатны байгууллагуудын хамтын уялдаа холбоо, хяналт маш чухал.

Манайх нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын тусгай зургаан сургуулийг шалгахад барилга байгууламж нь хуучирсан, төрөөс иж бүрэн засах санхүүжилт олгодоггүй, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын онцлогт тохирсон амьдрах, суралцах хүртээмжтэй орчин бүрдүүлээгүй, мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй, ангиуд нь насны хэт зөрүүтэй хүүхэдтэй, сургалтын материал нь ч хүрэлцдэггүй юм билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн цөөхөн хувь нь л суралцаж, олон зуун хүүхэд нийгмээс ангид амьдарсаар байна. Дээрх сургуулиудыг БСШУЯ-ны харьяаллаас гаргаж, дүүрэгт шилжүүлснээр тэдэнд тавих улсын анхаарал суларч, бодлого нь алдагдсан.

Энэ бол энгийн л жишээ. Иймд улсын хэмжээнд нарийвчилсан судалгаа явуулж, гарсан үр дүнд үндэслэн төрийн тусгай бодлого гаргаж, хүүхдийн эрхийг хангаж нийгмийн амьдралд бэлтгэх нь зүйн хэрэг.

Мөн гомдол, мэдээлэл, хяналт шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар аж ахуйн нэгж, байгууллагад комиссын гишүүд шаардлага, зөвлөмж хүргүүлдэг.

Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн асран хамгаалагчийг тогтоолгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох болон унаач багачуудын эрхийг хангах, төрөөс олгож буй мөнгөн тэтгэмжийг хууль бусаар хязгаарласан болон банк үйлчилгээ үзүүлэх журамдаа 0-2 настнуудыг ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоох чиглэлээр энэ жил шаардлага хүргүүлсэн.

Өдгөө дэлхийн улс орнууд бяцхан иргэддээ боловсрол болгоход чухалчлан анхаарч, хүүхэд бүрийг хөгжүүлэх, ялангуяа нийгмийг өөрчлөх чадвартай, мэдлэгтэй болоход нь тусалж байна.

-Манайхны хүний эрхийн талаарх мэдлэг, хандлага олон улсынхтай харьцуулахад ямар түвшинд байгаа бол?

-Нэг үеэ бодвол эрхээ эдлэхийг шаардан, өөрийнхөө төлөө тэмцэж буй хувь хүн, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын хандлага, мэдлэг төлөвшиж байна.

Тиймдээ ч хүний эрх, эрх чөлөө эдүгээ олон нийтийн хамгийн их анхаарал татсан, маргаан мэтгэлцээний сэдэв болоод буй. Гэхдээ нөгөөтэйгүүр хүмүүс эрхээ сайн мэддэг хэрнээ үүргээ умартах нь бас бий.

-Тийм шүү. Зарим хүн эрхээ мэдэхээс үүрэг хариуцлагаа ярихгүй юм. Ийм тохиолдолд яах вэ?

-Хүний эрх гэх холбоо үгийг хязгааргүй их боломж хэмээн ойлгох нь бий. Мөн хуулиар олгогдсон эрх чөлөө гэж янз бүрээр л боддог. Гэвч хүний эрх нь үүрэг, хариуцлагын нэгдлээр илэрхийлэгдэж, нийгмийн харилцааны хууль зүйн агуулгыг бүрдүүлдэг. Хүн эрхээ эдлэх ёстой.

Ингэхдээ үүргээ давхар биелүүлнэ. Хэрвээ тэгж чадахгүй бол хариуцлагаа хүлээх нь зүй ёсных. Нөгөө талаар миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бусдын эрхийг хүндэтгэх үүрэгтэй гэсэн үг.

Өдгөө иргэд Үндсэн хуульд заасан үүргээ хэрхэн биелүүлж байна вэ гэдгээс хүний эрхийн тухай ярих ёстой. Ингэж гэмээнэ өөрсдийнхөө эрхийг хангуулж чадна шүү дээ.

-Тухайн хүн гэмт хэрэгт холбогдвол эрхийг нь хязгаарладаг шүү дээ. Өөр ямар тохиолдолд ийм арга хэмжээ авдаг вэ?

-Үүнээс гадна зэвсэгт мөргөлдөөн, үймээн самуун зэрэг онцгой байдал зарласан үед хүний эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарладаг.

Мөн нийгмийн дэг журам алдагдах, олон нийтийн эрүүл мэндэд хор уршиг учрах, эсвэл хүний эрх чөлөөнд халдах тохиолдолд ийм арга хэмжээ авдаг.

Эдгээр нь хуульд тусгасан шаардлагад нийцсэн байх ёстой. Гэхдээ хорьж баривчлах, байгалийн гамшиг, үер ус, дайн, үймээн самууны үеэр ч гэсэн хүний эрхийг хязгаарлаж болохгүй заалтууд байдаг.

Тодруулбал, амьд явах, эрүүдэн шүүх, хэнийг ч албадан хөдөлмөрлүүлж, боолчлох, худалдан наймаалж болохгүй. Мөн шашин шүтэх, үзэл бодол, итгэл үнэмшлийг нь хязгаарлах эрхгүй.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.11.10 Сэтгэл санааны хорирол гэдэгт - ажлын байрны дарамт гэдэг ангилал байдаг боловуу?
150.129.140.148 Монгол улсад олон хун 2008 он хуртэл хилсээр шийтгуулж шоронд орж бсан гол буруутангууд бол цагдаа нар дээр нь архаг гэмт хэрэгтнуудыг ашиглаж тэдний цагдан хорих байранд зодуулж нудуулж хэрэг хулээлгдэг хариу шагнал болгож олон жил шоронгоор явсан гэмт хэрэгтнуудын ялаас хасах шоронгоос суллахдаг тусалдаг дээр нь онц хунд хун амьний хэргийг гэм зэмгуй хумууст хучээр тохож цаазалж бсан явдал бдаг тэр цаг уед буур зохиомолоор онц хунд гэмт хэрэг яг зохиол бичиж бгаа юм шиг зохиож иргэдэд тохох гэж оролдож бсан явдал бдаг тэр хэлмэгдэж хилс хэргээр олон жил огч цаазалж бсан улсууд одоо ч ажил албаа ургэлжлуулэн хийж л яваа шуу дээ эбш хуулианд тор эргээд хариуцлаг тооцно гэж бдаг хэзээ хариуцлаг тооцох вэ баянхонгорт нэг мэдрэл муу хууг хун амьны хэргээр цаазлан хороосон дараа нь жинхэн алсан хун нь баригдаад ял авч бсан ийм тохиолдолд тор мб шуух прокурорт хариуцлаг тооцдог биз дээ гэтэл эдгээр улсууд ажил албаа хийсээр л явж ба шуу дээ
119.40.100.222 undakdaa ajliin amjilt husie shan yariltslaga boljeee
202.70.40.98 Хохихогчийн сэтгэл санааны хохирлын хэмжээг тогтоох ажлыг ”МОНГОЛЫН ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧДИЙН ХОЛБОО”-ны гишүүн 22 компани гүйцэтгэж байгаа. Хүн та ямар үнэтэй вэ? ФБ-д хандана уу. Бид туслахад бэлэн.