Ц.БАЯРСАЙХАН: ЗАРИМДАА ӨӨРИЙГӨӨ ГОЛОХ Л ЮМ

2015 оны 12 сарын 07

ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Дугарсүрэнгийн Оюунболдын чамгүй олон шавь дасгалжуулагчаар ажиллаж, багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж байгаа билээ. Тэдний нэг нь Цэрэндалайн Баярсайхан юм.

“Хангай” клубт Д.Оюунболд багштайгаа хамт дасгалжуулагчаар ажиллаж байсан тэрбээр өдгөө оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ҮБТДС-ийн багшийн албанд зүтгэж байна.

Ц.Баярсайхан багшийнхаа үе үеийн шавь нартай хамтран Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээнийг 2015 онд зохиосон юм. Түүнтэй ярилцлаа.

-Багшийн тань нэрэмжит тэмцээн энэ жил боллоо. Энэ удаагийнх өмнөхөөсөө юугаараа онцлог болов?

-Бид өмнө нь 2002 онд багшийнхаа нэрэмжит тэмцээнийг өсвөр үе, залуучуудын ангиллаар Сэлэнгэ аймагт зохиосон. Мөн залуучуудын УАШТ хоёр удаа багшийн маань нэрэмжит болж байлаа. Дөрөв дэх удаагийн энэ жилийн тэмцээн онцлох сонин, дурсах дурсамж арвинтай.

Хөдөө, орон нутагт тэмцээн зохиох амаргүй. Олонд нэр хүндтэй явсан багшийнхаа буянаар, түмний дэмжлэгээр сайхан зохиолоо. Тэмцээнд манай улсаас гадна ОХУ, БНХАУ-ын шилдэг тамирчид эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн хоёр жинд оролцлоо.

Жин тус бүрт медальт байрт шалгарсан тамирчдыг 500 мянгаас нэг сая төгрөг, шигшээ барилдаанд шалгарсан бөхчүүдийн дасгалжуулагч нарыг мөнгөн шагналаар уламшуулсан. Цаашид энэ тэмцээнийг манайд бусад ангиллаас арай цөөхөн зохиогддог буюу залуучуудаар жил бүр уламжлал болгон зохиохоор төлөвлөж байна.

Манай улсад жилд 20-иод өсвөрийн тэмцээн болдог. Харин залуучуудын ангиллын тэмцээн цөөхөн зохиогдож байна. Энэ бол тогтолцооны алдаа. Үүнийг засаж, залруулах хэрэгтэй. Мөн өсвөрийн тэмцээний насны ангиллыг өөрчлөх шаардлагатай байна.

Өсвөрийн тамирчдад ганцхан насны зөрүү их гардаг. Тиймээс тэмцээнийг бусад FILA-гийн дүрмийн дагуу 12-14 сургууль, 14-16 өсвөр гэсэн ангиллаар зохиох нь зүйтэй.

-Тэмцээний үеэр Д.Оюунболд багшийн хөшөөг Сэлэнгэ аймгийн төвд сүндэрлүүлсэн. Хөшөөний загварыг хэрхэн гаргасан бэ?

-Бид багшийнхаа хөшөөг босгох юмсан хэмээн нэлээн олон жилийн өмнөөс ярилцаж эхэлсэн л дээ. Ямар загвартай хийх талаар хоорондоо ярилцаж, зөвлөлдөж байгаад өмсгөлөө өмсөн, медалиа зүүж, эх орныхоо далбааг барин зогсож буйгаар урлууллаа.

-Та Д.Оюунболд агсны унаган шавь нарын нэг. Түүнтэй анх учирч, багш шавийн барилдлага тогтоосон дурсамжаасаа хуваалцана уу?

-Багш маань манай аймгийн анхны гавьяат. Би багаасаа түүний амжилтын талаар судалж, хүмүүсийн шагшин магтахыг нь сонсож өссөн ч гэлээ яг ямархуу хүн байдгийг нь мэддэггүй байлаа.

Д.Оюунболд багш 1990 онд шигшээ багаас гарч, манай аймагт очихдоо нэгдүгээр арван жилд спортын гүнзгийрүүлсэн сургалттай анги нээсэн юм. Багшийгаа хамгийн анх харж байсан маань миний санаанаас ер гардаггүй. Тэр үед би 11 билүү 12 настай байсан л даа.

Биеийн тамирын зааланд яваад ортол зорчихсон юм шиг булчин, шөрмөстэй, нүдээрээ инээсэн хүн сагсан бөмбөг тоглож байлаа. Биеийн булчин, хурдан шалмаг хөдөлгөөн нь үнэхээр гайхалтай.

Хажууд зогсож байсан найз маань “Энэ нөгөө олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Оюунболд гэдэг тамирчин шүү дээ” гэж билээ. Тэгж анх үлгэр мэт яригддаг байсан багшийгаа анх харж байлаа. Гэтэл бүүр азаар манай ангийн багш болсон юм.

Тэр үед спортын гүнзгийрүүлсэн сургалттай ангийг бокс, чөлөөт бөх, хөнгөн атлетикаар нээж байлаа. Багш маань наймдугаар анги төгстөл манай ангийг удирдсан л даа.

-Оюунболд багш танд энэ спортын “А” үсгийг юунаас эхэлж заасан бэ?

-Манай багш олон талт барилдаантай, мэдрэмж сайтай, тэсрэлттэй бөх байсан л даа. Нэг зүйлийг бүх тамирчдад бус, тус бүрийх нь барилдааны онцлогт таарсан мэх, техникийг заадаг байсан. Надад анх давхар хамах, хонгодох, холбоос мэхүүдийг зааж байлаа.

-Таныг сайн дасгалжуулагч гэдгийг манай уншигчид андахгүй. Харин тамирчин байсан үеийн тань тухай тийм ч сайн мэдэхгүй болов уу?

-Өсвөр, залуучуудын УАШТ, олон улсын тэмцээнүүдэд чамгүй өндөр амжилт гаргадаг байлаа. Тавдугаар ангид сурч байхдаа ОХУ-д болсон өсвөрийн тэмцээний 33 кг-д түрүүлсэн. Хамгийн анхны амжилт маань тэр. Аравдугаар ангид сурч ахуйдаа би айхтар хатгаа авсан юм.

Нэлээн удаан эмчлүүлж байгаад жил гаруйн дараа бэлтгэлээ хийж эхэллээ. Гэтэл хамгийн удаандаа 3-4 минут л барилддаг, уушиг өндөр ачаалал авч чадахаа больчихсон л доо.

Гурван минутын дотор 10:0-двол өрсөлдөгчөө ялна. Тэгж чадахгүй бол хожигддог байлаа. Сүүлдээ ч үеийнхэн андахаа байж, цаг явуулж байгаад хожчихдог болсон л доо.

-Та аравдугаар анги төгссөнийхөө дараа Д.Оюунболд багштай хамт Улаанбаатар хотод ирсэн. Тэр үед дасгалжуулагч болохоор шийдсэн байсан уу?

-Удаан барилдаж чадахгүй, ухаан алдаж унаад байх хэцүү юм билээ. Тэр үед дасгалжуулагч болохоор зорьсон. 1997 онд Батзориг, Лхагвадорж, Энхбат, Батбаяр нарын хамт багшаа дагаад нийслэл хотод ирж байлаа. Би МУБИС-ийн дасгалжуулагчийн ангид элссэн.

Тэр үед багш маань С.Магсар, Ардын багш Ч.Дамдиншарав тэргүүтэй хүмүүс хамтарч чөлөөт бөхийн “Хангай” клубийг байгуулсан юм. Би клубтээ хичээлийнхээ хажуугаар туслах дасгалжуулагч хийдэг байлаа.

-Дасгалжуулагчийн жаргал, зовлонг анх мэдэрч эхлэхэд ямар байсан бэ? Мэдээж Д.Оюунболд багшийн нөөлөг их байсан болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Багшийнхаа зааж, зөвлөснөөр л бүхнийг хийдэг байлаа. Эхэндээ мэдэхгүй, чадахгүй зүйл их гардаг байсан. Одоо ч гэсэн өөрийгөө голох үе гарах л юм.

-Багштайгаа хамт оролцсон тэмцээнүүдээс аль нь хамгийн их дурсамжтай санагддаг вэ?

-Манай клуб УАШТ-ий өсвөрт долоо, залуучуудад дөрвөн удаа түрүүлсэн. Тухайн үед нийгэм, цаг үе хүнд байлаа. Бэлтгэл хийх, тэмцээнд оролцох зардал гээд л хүндрэл их.

Тийм байсан ч гэлээ одоо бодоход их сайхан цаг үеийг багштайгаа хамт туулжээ. Хамтдаа оролцсон тэмцээн бүр өөр өөрийн гэсэн дурсамжийг хадгалж байна.

-Д.Оюунболд агсан 2001 онд нас барсан. Тухайн үед танд үнэхээр хэцүү байсан нь дамжиггүй.

-Тэр үед тэнгэр нурчих шиг л болсон. Бүх ачаа миний нуруун дээр ирсэн л дээ. Бурхны оронд одохоосоо өмнө “Надад гадаадаас нэлээн санал ирж байгаа. Катараас хүртэл 6.000 долларын цалин амлалаа” гэдэг байсан.

Багшид дасгалжуулагчаар ажиллах санал бусад орноос чамгүй их ирдэг байсан л даа. Өглөө, оройны гурван ээлжийн 160 гаруй хүүхэд бэлдэхэд эхэндээ нэлээн тэвдсэн шүү.

Манай клубээс өсвөрийн Азийн АШТ-ий анхны аварга Оюунболд, Чанцалнямаа, эмэгтэйчүүдээс анхны Азийн аварга Отгонжаргал, ОУХМ Д.Гомбодорж, Б.Батзориг тэргүүтэй чамгүй олон сайн тамирчин төрөн гараад байна. 2005 оны үед шигшээ багийн 50-60 хувийг манай клуб бүрдүүлж байлаа.

-Одоо шигшээ багт хэн, хэн байгаа билээ?

-Ихэнх нь дараагийн үедээ халаагаа өглөө. Одоо Д.Гомбодорж, Б.Батзориг, Б.Номин нар л үлдсэн.

-Хүрэх боломжтой байсан амжилтаа хараахан гаргаж чадаагүйдээ гэж харамсаж явдаг шавь бий юү?

-Би Д.Гомбодоржийг 2005, 2013 оны Универсиадад бэлдсэн. Харамсалтай нь хоёуланд нь медалийн оосроос атгаад алдаж, шагналт байрт орж байлаа. Ялангуяа сүүлчийнхээс нь медаль авах боломж түүнд их байсан ч бэлтгэл дутуугаас болж санасан амжилтдаа хүрч чадаагүй.

Мөн Батзориг маань амжилтаа хараахан гаргаж чадахгүй байна. Үүнд бэлтгэлээс гадна, сэтгэл зүй гээд чамгүй их зүйл нөлөөлж байгаа болов уу. Д.Оюунболд багш түүнийг 2008 он гэхэд олимпоос медаль авах хэмжээнд хүрнэ гэдэг байсан шүү.

Хэрвээ багш маань амьд байсан бол өдийд олон шавь нь олимпоос медаль авах байсан.

-Тэр энэ жилийн УАШТ, “Mongolia Open”-д түрүүлж форм сайтай байсан ч ДАШТ-д оролцож чадаагүй...

-Би энэ жилийн ДАШТ-д судалгааны ажлаар очсон. Хэрвээ оролцсон бол түүнд медаль авах бололцоо бүрэн байсан. Шууд дүгнэж хэлэх хэцүү шүү дээ. Оюунболд багшийн шавь Ц.Баярсайхан ах энэ жилийн дэлхийн аваргаас хоёр дахь мөнгөн медальтнаа “өлгийдлөө”.

Өнөрөө медаль хүртэж, монгол түмнээ баярлуулахад үнэхээр их баярласан. Баяраа ах бид хоёр өсвөр, залуучуудын шигшээ багт чамгүй олон жил хамт ажиллаж байсан л даа.

Өнөрөө их хөдөлмөрч, бэлтгэлийг чин сэтгэлээсээ хийдэг тамирчин. Д.Оюунболд багшийнхаа үйл хэргийг залгамжилж, өндөрт өргөж яваа “Зидан” ахаараа бахархаж байна.

-Энэ жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль авсан Б.Номингийн анхны багш нь та. Түүнийг аман хүзүүдэхэд юу бодогдож байв?

-Тэр “Хангай” клубт С.Эрдэнэбаяр ах бид хоёрын удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэж эхэлсэн. Уг нь тэр үед Б.Номингийн аав түүнийг О.Пүрэвбаатарын шавь болгох гэж байсан юм.

Гэвч Ооска ах ид барилдаж байсан болохоор Номинг дасгалжуулах боломжгүй байсан юм билээ. Нэлээн хэдэн жил миний удирдлагад бэлтгэл хийж байгаад “Олимп” дээд сургууль нээгдсэний дараа Ооска ахын шавь болсон.

-Номин багадаа ямархуу хүүхэд байсан бэ? Түүнийг ирээдүйд тив, дэлхийн аваргаас медаль авна гэх багцаа танд байсан уу?

-Заасан зүйлийг хурдан сурдаг, эв сайтай хүүхэд байсан. Ирээдүйд юм дуулгах хүүхэд гэх багцаа надад байсан шүү.

-“Хангай” клуб цаашдаа ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна вэ?

-Саяны багшийн нэрэмжит тэмцээн дээр үе үеийн шавь нар нь цуглаж, зөвлөлдөж байгаад клубийнхээ үйл ажиллагааг сэргээхээр боллоо. Өсвөр үе, залуучуудын насны тамирчид бэлдэнэ.

Энэ жилийн УАШТ-д клубийнхээ нэр дээр оролцохоор төлөвлөж байгаа. Манай клуб багшийнхаа залгамж халааг бэлдэх зорилготой.

-Та 2004 оноос хойш оюутны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. 11 жилийн ажлаа хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай оюутны шигшээ багийн тамичдын амжилт жилээс жилд ахиж байна. 2004 оноос хойш ДАШТ-д тогтмол оролцож байгаа нь эерэгээр нөлөөлж байгаа.

Оюутны шигшээ багийн дасгалжуулагч болсноосоо хойш ДАШТ-ээс 11 алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтан төрүүлээд байна.

Үүнээс манай улсад зохиогдсон 2006 оны ДАШТ-д 10 алтан медаль авч, багийн дүнгээр тэргүүлж байсан маань хамгийн сайхан санагддаг.

-Одоогоор оюутны шигшээ багт хэчнээн тамирчин бэлтгэл хийж байна вэ?

-Эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин бэлтгэл хийж байна. Харьяалагдаж, цалинждаггүй ч гэлээ бэлтгэл хийдэг 60 гаруй тамирчин бий.

-Ирэх жилийн оюутны ДАШТ-д ямар зорилготой оролцох вэ?

-2014 оны ДАШТ-д Т.Түвшинтулга түрүүлж, Б.Батмагнай, Б.Хаш-Эрдэнэ нар хүрэл медаль авсан. Ирэх жилийн ДАШТ-д бүтэн багаараа оролцож, өмнөх амжилтаа бататгах, ахиулахаар зорьж байна.

Б.БУЯНДАЛАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
80.217.50.197 Bayaraa amjilt husie