Ж.ХУЯГБААТАР: 114 ДҮГЭЭР ЭЛЕМЕНТИЙН ХИМИЙН ШИНЖ ЧАНАРЫГ СУДЛАХ ТУРШИЛТАА АМЖИЛТТАЙ ДУУСГАЛАА

2015 оны 12 сарын 02

Германы Гельмгольцын хүнд ионы судалгааны хүрээлэнгийн Хэт хүнд элементийн химийн судалгааны багийн физикч, доктор Жадамбаагийн Хуягбаатартай цахимаар холбогдлоо.

-Яагаад энэ мэргэжлийг сонгосон талаар ярилцлагаа эхэлье?

-Юмсын үүслийн талаар сонирхдог үе хүүхдүүдэд бий. Би багадаа “Яагаад” гэж ээж, ааваасаа их асуудаг байлаа. Үргэлж томчуудыг шалгаагаад байвал сүүлдээ залхаж, хариулахгүй тул өөрөө бүгдийг номноос мэдэж авах хэрэгтэйг ойлгосон.

Нэгдүгээр сургуульд байхдаа математик, физикийн хичээлд дурлаж, түүндээ тулгуурлаж боловсрол эзэмшихээр МУИС-д элссэн. Нэг жилийн дараа Санкт-Петербургийн их сургуульд сурах боломж олдсон.

Магистртаа сурч байхад манай багш нараар дамжуулж Гельмгольцын хүнд ионы судалгааны хүрээлэнгийнхэн байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцуулахаар урилга ирүүлсэн юм.

Бакалавр хамгаалахдаа онолын физик голчлон судалж байсан би тэнд очоод туршлагын физикт сонирхолтой болсон.

Ингээд ирж, очин энд 2007 оноос суурин ажиллаж байна.

-Тэгэхээр онцгой оюутан байсан учир урилга авсан байх нь?

-Манай нэг анги дотроо гүнзгийрүүлсэн, тусгай гээд төрөл бүрийн багтай. Би гүнзгийрүүлсэн багт нь суралцсан ганц гадаадын оюутан байсан. Тиймээс багш нарын нүдэнд жаахан ирээдүйтэй харагдсан юм байлгүй.

Мөн хичээлийнхээ хажуугаар Оросын Шинжлэх ухааны академийн Электро техникийн хүрээлэнд инженерээр ажилласан. Энэ хүрээлэнгийн захирал, академич Филипп Григорьевич Рутберг “Чи манайд инженерээр ажиллаж байна.

Онолыг нь давхар суралц” гээд танил профессортойгоо ярилцаж, намайг гарынх нь шавь болгосон. Энэ бас их сонин хувь тохиол. Миний авга ах, хэл бичгийн ухааны доктор Ёндон ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн гарын шавь нь.

Гэтэл намайг гарын шавиа болгосон хүн бол Дамдинсүрэн гуайн том хүү Лев Дандинсурунович Цендин хэмээх Санктпетербургийн политехникийн их сургуулийн доктор хүн байлаа. Хэзээ ч өөрийгөө юм мэддэг гэж битгий бод гэж захидаг байж билээ.

-Докторын цолоо хамгаалсан сэдэв тань юу байв?

-Нейтроны дутагдалтай богино наст Th, Cm, Cf, Fm элементийн изотопуудын бүтцийн судалгаа нэртэй. Хэт хүнд, маш бага хугацаанд амьдардаг элементүүдийн цөмийн физикийг судалсан.

Энэ хүрээлэндээ судалгаагаа хийж, цолоо Орост хамгаалсан. Удирдагч багш нь Оросын талаас Ю.Н.Новиков, Германаас С.Хофманн.

-Менделеевийн үелэх системд тэмдэглэгдсэн хэд хэдэн химийн элемент нээхэд гар бие оролцсон гэсэн үү?

-Химийн үелэх системд хэт хүнд элемент нээнэ гэдэг тухайн улсын шинжлэх ухааны түвшнийг илэрхийлдэг нэр хүндийн хэрэг. Тиймээс сүүлийн 50 гаруй жил АНУ, Япон, Орос, Герман зэрэг улс энэ чиглэлээр өрсөлдөж байна. Докторын ажлыг минь удирдсан Хофманн багш 107-112 дугаар элементийг нээсэн юм.

2005 онд энэ хүрээлэнд анх ирэхэд манай багийнхан 111, 112 дугаар элемент батлах туршилт хийж, би оролцсон. Эрдэмтэд томоохон нээлт хийсэн бол түүнийгээ шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлдэг.

Түүнийг нь өөр судлаачид баталж, зөв, эсэхийг тодруулж байж, шинжлэх ухаанд зөвшөөрдөг. Дубна дахь Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнгийнхэн 113-аас 118 хүртэлх элементийг нээсэн гэж сэтгүүлд хэвлүүлсэн.

Манай хүрээлэнгийнхэн 114-өөс 117 дугаар элементийн туршилт хийж, баталсан. Тэгэхээр би 112, 114, 115, 116, 117 дугаар элементийг нээхэд оролцсон гэсэн үг.

-Дээрх элементүүдийнхээ тухай тайлбарлана уу. Ямар ашигтай вэ?

-Одоохондоо үүнийг хэлж мэдэхгүй. Өнгөрсөн жил 117 дугаар элементийг баталлаа. Түүний зөвхөн нэг ширхэг цөмийг гаргаж авахын тулд маш том хурдасгуур, их хөрөнгө, 10 хоног шаардлагатай.

Дээрх элементүүдийг хэрхэн ашиглаж болох талаар химичид судалгаа явуулах хэрэгтэй. Манай хими, физикчдийн баг шинж чанар нь ямар вэ, Менделеевийн үелэх системийнхтэй адил, эсэхийг судалж байгаа.

Ирээдүйд тухайн элементийг микрограмм, милграммаар нь гаргаж авсан цагт ямар аргаар ашиглаж болохыг өргөн хүрээгээр судалж болно. 30 гаруй жилийн дараа л хэрэглээнийх нь талаар яригдаж эхлэх байх.

-Химийн элементүүдийг хэд хүртэл нээх боломжтой бол?

-Яг одоогийн байдлаар шинжлэх ухаанд 118 хүртэл нь нээсэн. 119, 120 дугаар элементийг нээхэд бидэнд технологийн дэвшил шаардлагатай. Тэр цөмүүд маш бага буюу секундийг сая хуваасны нэгийн дайтай хугацаанд амьдардаг болохоор өндөр хөгжсөн технологи хэрэгтэй байна.

Бид 2011 онд шинэ төхөөрөмж хийж, хоёр жилийн турш 119, 120 дугаар элементийг нээхээр туршлаа. Харамсалтай нь дахиад хоёр, гурван жилийн туршилт шаардах юм шиг байна.

-Шагнал авч байв уу?

-Оюутан байхдаа Швейцарьт Хүнд ионы судалгааны хуралд оролцож, залуу эрдэмтний шагнал авснаас өөр байхгүй.

-Таны ажлын хамгийн бэрхшээлтэй нь юу вэ?

-Бидний хэрэглэх тоног төхөөрөмжийг дэлгүүрт худалддаггүй болохоор өөрсдөө зохион бүтээдэг. Хэрхэн туршилт хийхийг ном, сониноос уншаад олохгүй. Гэхдээ энэ нь нэг талаараа гоё л доо.

-Тэгвэл өөр юу нь таашаалтай вэ?

-Нэг сайн санаа олчихлоо гэж бодож болно. Шинжлэх ухааны түвшний сэтгүүлд тэр талаараа хэвлүүлсэн тохиолдолд бүтээл гэгдэнэ. Би долоон жилийн өмнөөс бүтээлээ сэтгүүлд хэвлүүлж эхэлсэн.

Энэ хугацаанд дэлхийн томоохон физикийн сэтгүүлд 70 гаруй, нийтдээ 150 орчим бүтээл хэвлүүлжээ. Дараагийн долоо хоногт шинэ цөм нээсэн талаар Америкийн физикийн сэтгүүлд бүтээл нийтлүүлнэ.

Одоохондоо олон нийтэд цацаагүй болохоор тодорхой хэлж болохгүй. Ямартай ч бид зүгээр ч нэг нээгээгүй, ингэхдээ шинэ технологи ашигласан.

-Чухал ажил хийдэг хүний зорилго хүртэл ангид байх.

-Дөнгөж эрдэмтэн болж, ихийг сурахаар гадаадад ирсэн залуугийн зорилго арай өөр байлаа. Энэ мундаг эрдэмтэдтэй ижил түвшинд ярилцдаг болохсон, миний хэлсэн үгийг сонсдог болоосой гэх зэргээс зорилго эхэлсэн.

Одоо бол энэ салбарт сонирхолтой монгол залуучуудтай холбоотой байж, туслах зорилго тавьсан.

-Цаашдаа энэ хүрээлэндээ үлдэх үү, эсвэл Монголдоо ажиллах сонирхолтой юу?

-Хүний газар усыг нь уувал ёсыг нь дагах хэрэгтэй. Эх орондоо бусадтайгаа хамт хийж бүтээнэ гэдэг мэдээж гадаадад том байгууллагад ажилладаг монгол хүн бүрийн хүсэл байх. Гэхдээ Монголд яг миний ажилладаг судалгааны чиглэлээр ажиллах нөхцөл байхгүй.

Том судалгааны хүрээлэн, хурдасгуур шаардлагатай. Өнгөрсөн зун Монголдоо очиж, физикч залуучуудад лекц уншиж, хамтран ажиллах сонирхолтой хүн байвал надтай холбогдож болохыг хэлсэн.

Гэхдээ би их сургуульд биш хүрээлэнд ажилладаг тул доктор хамаалсан, хамгаалах гэж байгаа хүн хэрэгтэй болохоор шууд энд авчрахад хүндрэлтэй. Тодорхой хэмжээний боловсролтой, туршлагатай байх хэрэгтэй.

Сүүлийн дөрвөн сар тун завгүй байсан учир ирэх оноос энэ талаар хөөцөлдөх байх.

-Танай хүрээлэнд ажиллахад ямар шаардлага тавьдаг вэ?

-Англи хэл шалгуурт багтахаа больсон. Англи хэлтэй байх гэдэг мэдээжийн шаардлага. Бакалавр, магистр хамгаалсан байх ёстой. Зорилго нь цол хамгаалахаар хязгаарлагдсан биш, үнэхээр сурч мэдэх чин хүсэлтэй байхад хангалттай.

-Сүүлийн саруудад завгүй байсан гэлээ. Одоо хийж буй ажлынхаа талаар сонирхуулахгүй юу?

-114 дүгээр элементийн химийн шинж чанар судлах туршилт хийж, амжилттай дуусгалаа. Финландын их сургуульд төсөл удирддаг учир тийш яваад ирлээ. Австралийн их сургуульд бас нэг төсөлд оролцож туршилт хийх гэж байгаа.

-Танай ажлынхан Монголын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг бол?

-Монголын тухай мэдлэг багатай. Монгол ямар сайхан орон бэ гэдгийг хааяа ярьж, очиж үзэхийг зөвлөдөг. Манай улс цөөн хүн амтай хэрнээ уудам нутагтайг тэд гайхаж, атаархдаг гэх үү дээ.  

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.97.252.2 Shine ueiin zaluus orchin ueiin tehnik, arga zui ezemsheed olon ulsad zuvshuurugdsun paper gargaad bj bhad MGL-iin shinjleh uhaan denduu hotsorson bdg.
59.153.113.73 Aguu ymaaa
202.70.46.222 amjilt
202.131.225.147 yamar mundag yum be, Amjilt
103.57.95.68 Chi mundag shv. ervvl enhiig hvsye
150.129.141.102 mash mundag
117.20.40.60 Бас магтсаар бгаад нацагням шиг балайруулчих вий
117.20.40.60 Бас магтсаар бгаад нацагням шиг балайруулчих вий
122.201.31.202 мундаг
150.129.143.176 танд баярллаа амжилт хvсье !!!!!