МЭДРЭМЖИЙН ШОК

2015 оны 11 сарын 30

Ууланд осгох, одой байх, аянганд ниргүүлэх, хүйсээ солиулах, саран дээр очих, сансарт нисэх, мөсөн туйлд хүрэх, үхээд сэхэх... Ийм онцгой тохиолдолд хүн ер нь яадаг бол?

Мэдээж сайхан зүйлтэй учирсан нэгний сэтгэл хөдлөл туйлдаа хүрч, баярлана. Харин бусдаас гаж байгаадаа гутарсан нэг нь магадгүй хааяахан үхэлтэй “ярьдгийг” үгүйсгэхгүй. Үхэлтэй тулж үзсэн нэг нь бол амьдрал руу тэчъяадан тэмүүлж, шунан дурласан байгаа. Энэ мэтээр ургуулан бодвол янз бүрийн л дүрслэл гарах биз.

Гэхдээ өөрийн биеэр туулж мэдээгүй л бол яаж ч таамаглаад тухайн зүйлийг мэдэрсэн хүнийх шиг сэтгэгдэл, мэдрэмж төрөхгүй нь гарцаагүй. Тэгвэл тийм ховор зүйлтэй учирч, эерэг, эсвэл эсрэг шокийн туйлд хүрч үзсэн хүмүүсээс тэр үед ямар байсан, юу мэдэрснийг нь асуувал илүү бодитой, сонирхолтой байх нь мэдээж.

Хачирхалтай, сонин, бахархам, бас аймаар гээд янз бүрийн үйл явдлыг биеэрээ туулж, мэдэрсэн хүмүүсийн сэтгэл хөдлөлийн ертөнцийг тольдуулах зорилготой “Мэдрэмжийн шок” энэ удаа ээдрээтэй, эмгэнэлтэй, өөрсдийнх нь тодорхойлсноор басхүү жаргалтай нэгэн гэр бүлийн амьдралын түүхийг сонирхлоо.

Тэд бол төрсөн ах дүүс, бас хууль ёсны эхнэр, нөхөр юм. Мэдээж, нэрийг нь нууцалж Ах, Дүү гэж нэрлэлээ. Өдгөө 60 нас шүргэж яваа тэд 20 хүрээгүй байхдаа л дурлалдаа сохорч, мах цусаар холбогдсон ахан дүүсийн ёсыг умартан, аав, ээжийнхээ голыг урж, сонголтынхоо төлөө зүтгэсэн хачин тавилантай, цадиггүй нөхөд.

“Мэдрэмжийн шок” өөр нэгэн хүний сэтгэл рүү өнгийсөн товч ярилцлага хүргэнэ. Тэр бол ялын дээд хэмжээ авсан хүмүүсийн толгойг цавчдаг байсан франц эр юм. Төрийн даалгавраар, бас хувь заяаны эрхээр алуурчны ажлыг өвлөн авсан түүний тавилан бас л ээдрээтэй, аймаар.

Энэ насандаа үргэлж ямар нэгэн айдас, харуусал тээж, сэтгэл нь хөндүүрлэж явсан ийм хүмүүстэй уулзуулъя.

“Би нэг залуутай овоо дотносож байтал Ах хардаад, сүүлдээ тэр хүнийг зодохдоо тулсан”

Өсвөр нас хүртлээ хоёр өөр айлд өссөн ч, нэг эцэг, эхийн эд, эсээс бүрдсэн төрсөн ахан дүүс гэдгээ мэдэж байсан учраас нэгнийгээ эр, эмийн ёсоор хайрлаж болохгүйг хүнээр хэлүүлэлтгүй ухамсарлах ёстой. Гэтэл та хоёр яагаад ёс бус зүйл рүү зүтгэсэн юм бэ.

Эцэг эхийн сэтгэлийн шаналлаас хүчтэй дурлал байсан хэрэг үү. Ийм асуултад Дүү мөрөө хавчихаас өөрийг хэлсэнгүй. Ах ч гэсэн ингэх л байсан болов уу. Аливааг зөвхөн өөрийн бодлоор хийдэг тэрбээр ёстой л буруу ишилсэн сүх шиг зөрүүд хүн болохоор ийм ярилцлага өгөхийг хэзээ ч зөвшөөрөхгүй байсан.

Гэсэн ч хэдэн жилийн өмнөөс л Дүүгийн амнаас ганц, хоёр үг унагасаар Ах, Дүү хоёрын сэтгэлийг, тэдний ахан, дүүс, хамаатан садан, тэр дундаа аав, ээж нь голомтынхоо нэрийг сэвтүүлсэн хоёр үрдээ хэрхэн хандаж байсан талаар мэдэж авсан юм. Дүүгийн ярьсныг товчлон, сэтгэлдээ ямар бодол тээдгийг нь хүргэе.

-Та хоёр 16, 18 настайдаа хайр дурлалаар холбогдсон гэсэн. Төрсөн ахыгаа шохоорхож, харж байхдаа юу мэдэрч байсан бэ. Ингэж болохгүй гэж өөрийгөө хориглоогүй гэж үү?

-Намайг бага байхад төрсөн аав, ээж маань айлд өргүүлээд, эргүүлж авсан юм. Төрсөн аавындаа ирээд гурав, дөрвөн жил болохдоо би өөрийгөө тэр айлын хүн гэж бодож чаддаггүй байсан. Тийм болоод тэр үү, Ахыг хайрлахаас айгаагүй байх. Ахад ч гэсэн намайг гэсэн сэтгэл байсан.

Аав, ээж нэгтэйгээ мэдсээр байж бид бусадтай адил сэтгэлээ хамаагүй гаргаж чадахгүй байсан нь мэдээж. Байнга хүний нүд хариулж амьдрах хэцүү. Тийм байдал нь биднийг илүү дурлуулсан байх. Тэгж яваад нэг л өдөр баригдсан.

Ер нь л бидний харилцааг гэрийнхэн маань мэдрээд байсан юм билээ. Тэгээд бөөн юм болсон. Дунд сургуулиа төгссөний дараа бид хоёр ярилцаад харилцаандаа цэг тавихаар шийдсэн. Нэгнийгээ мартахын тулд өөр хүнтэй уулзаж, учрах боллоо. Би нэг залуутай овоо дотносож байтал Ах хардаад, бүр сүүлдээ тэр хүнийг зодохдоо тулсан.

Тэгээд л ерөөсөө салж чадахгүй болохоор зүгээр л Ахыгаа дагаад, итгээд хамтдаа байя гэсэн. Би ч бас сэтгэлдээ мартаж чадахгүй байсан. Ингээд л өдий хүртэл хамт явж байна даа.

-Ээж тань хоёр хүүхэдтэйгээ ярихгүй олон жил болсон гэж дуулсан. Тэр үед гэр бүлийн уур амьсгал ямар байсан бол?

-Ээж “Ийм юм харснаас үхсэн нь дээр” гэж хэлдэг байсан. Тэгээд нэг хэсэг бид харилцахаа больсон. Заримдаа ээж надтай харц тулгарчихна. Тэгэх бүртээ шууд л өөр тийшээ харна. Хөөрхий дөө, одоо бодох нь ээ, ээж тэр үед нэг их сандардаг байж дээ, өөрөө гэмтэй юм шиг.

Сэтгэлд нь сүүдэр буулгаснаа мэдрээгүй л байхгүй юу, бид. Одоо заримдаа “Миний хүүхдүүд тийм зам сонговол би яах бол” гэж боддог л юм. Тэглээ гээд яах билээ. Нэгэнт болоод, өрнөөд, дуусаж байгаа амьдрал.

Сүүлдээ ээж минь хувь заяатайгаа эвлэрсэн үү, яасан “Та хоёр хүүхэд үрчилж ав” гэдэг болсон. Аав биднийг тусад нь гаргахаар их яарсан. Бодвол тэнэг хоёр үрээ харах аргагүй болоод л тэгсэн биз.

-Та хоёрын дундаас хүүхэд төрөөгүй юү?

-Олон удаа жирэмсэн болсон ч, хоёр сар болохгүй л зулбачихдаг юм. Хэдийгээр бид буруу замаар будаа тээсэн ч, энэ амьдралдаа сэтгэл гонсойж, гутарч байгаагүй. Мэдээж, гуниг тээж, амьтан хүний хэл амнаас зовдог үе байсан. Гэхдээ мөнхийн юм гэж үгүй шүү дээ. Тэгсгээд л мартагддаг юм.

Биднийг, эсвэл манай өвөг, элэнц өвгөдийн үед нэг нүгэлтэн байснаас ийм үйлийн үртэй учирсан гэж ярих нь бий. Үнэхээр тийм, үгүйг бид мэдэхгүй. Ямар ч байсан, аав, ээжийнхээ сэтгэлийг амар тайван байлгаагүй мунхаг үрс гэдгээ л мэдэж байна.

“Тэр агшныг харьцуулан, зүйрлэх аймаар юм

энэ амьдралд ерөөс байхгүй”

Шүүхийн шийдвэрийн дагуу ялтныг цаазлах ажлыг гүйцэтгэдэг хүмүүсийг “алуурчин” хэмээх нэр дагалддаг. Нэг талаас тэд алуурчин, нөгөө талаас төрийн нэрийн өмнөөс тушаал гүйцэтгэгч буюу ял гүйцэлдүүлэгчид. Ийм хувь тавилантай хүмүүс байсаар ирсэн. Орчин цагт цаазаар авах арга цус асгаруулахгүй арай “боловсон” болсон гэж болно.

ХХ зууны дунд үе ба түүнээс өмнө ялын дээд хэмжээг ихэвчлэн толгойг нь цавчих зэрэг аргаар гүйцэтгэдэг байж. Тэр цагт ялтныг цаазаар авдаг хүмүүс ёстой л цусанд хутгалддаг байсны улмаас харгислалд дуртай, хүн алах донтой болсон нэгний гашуун түүх ч бий.

Энэ талаар уншихад гартаа том гэгч сүхтэй, нүднээс бусад хэсгээ далдалсан хар малгайтай хүмүүс төсөөлөгддөг. Энд нэг зүйлийг дурдахад, тийм хүмүүс голчлон аав, өвөөгийнхөө ажлыг өвлөн авсан байдаг нь эмгэнэлтэй.

Бүжигчин болох мөрөөдөлтэй хөвгүүн Фернан Мейсонье ч тэдний нэг. Түүхийн хуудаснаа “ХХ зууны зартай цаазлагчдын нэг” хэмээн тэмдэглэгдсэн тэрбээр бараг 80 насалж, 2008 онд Францад нас баржээ. Тэрбээр өнгөрүүлсэн амьдралынхаа талаар огт нуудаггүй байсан бөгөөд 70 настайдаа өгсөн нэгэн ярилцлагадаа хүний толгой цавчихдаа чухам юу мэдэрч, сэтгэл нь яадаг байсан талаар ам нээжээ.

16 настайдаа анх хүний толгойг мөрөн дээрээс нь унагасан Фернан Мейсонье 1953-1957 онд Алжирт ажиллаж байхдаа 200 босогчийн “бөндгөрийг” цавчсан бөгөөд 1961 он хүртэл үүрэгт ажлаа хийсэн байдаг. Тэрбээр Францын түүхэнд Алжирын хамгийн сүүлчийн цаазлагч болсон аж.

-Хүний толгой анх цавчихдаа та айж, сандарсан уу?

-Толгой нь унахад цус бараг гурван метр газарт цацагдсан. Ердөө гуравхан секундэд бүх зүйл дууссан. Тэр агшныг харьцуулан, зүйрлэх юм энэ амьдралд ерөөс байхгүй.

-Та олон удаа ялын дээд хэмжээ гүйцэтгэсэн хүн. Ер нь хүн алж байхдаа юу мэдэрдэг байсан бэ?

-Би гильотин (толгой цавчдаг төхөөрөмж)-ээ үнэтэй, хурдан машинтай зүйрлэдэг. Яг л “Феррари” шиг. Би ажлаа хурдан дуусгахыг л хүсдэг байлаа. Ер нь гэм буруутай этгээдийн амьсгалыг аль болох хурдан таслах хэрэгтэй. Америкчууд шиг цаазлахын өмнө ёслол үйлдэж, цаг барах шаардлагагүй гэж би боддог.

Хүмүүс надаас “Хүний толгой цавчихад хэр зориг шаарддаг вэ” гэж асуудаг юм. Үгүй дээ, тэр ажилд зориг биш, өөрийгөө удирдаж, барих чадвар хэрэгтэй. Тэгээд өөртөө 100 хувь итгэх ёстой.

Цаазаар авахуулахаар өрөөнд орж ирсэн ялтнууд хамгийн түрүүнд толгой цавчигч төхөөрөмж рүү хардаг. Зарим нь өөрийн үйлийн үрийг мэдэрч, амиа таслуулахтайгаа эвлэрч, их зоригтой ханддаг бол айснаасаа өмдөө норгочихоод юу ч мэдэхгүй болчихдог нь ч байсан.

Би үйлчлүүлэгчдийнхээ толгойг төхөөрөмжийн дор байрлуулахдаа нүүрийг нь өөр рүүгээ харуулдаг. Эхэндээ “Хүний толгой чавчих чинь ийм хурдан гэж үү” гэж боддог байсан. Сүүлдээ дасаад ирэхээр юу ч бодохоо больдог юм. Харин цаазлуулсан цогцсыг харах их сонин.

Миний ажигласнаар үйлчлүүлэгч минь хэр их айснаас шалтгаалж, цус нь төдий чинээ хол үсэрдэг. Сонин юм шүү, их биеэсээ тасарсан толгойноос цус гардаггүй юм билээ. Харин нүд нь хэдэн секунд үл ялиг эргэлдээд байдаг юм. Би нэг удаа толгойгүй болсон цээжин дор гараа хийж үзсэн.

Зүрх нь яг л асаж байгаа машины хүрд шиг чичигнэхийг мэдэрсэн. Бас нэг удаа ялтан гэнэт л биднийг эсэргүүцэж, ноцолдож эхэлсэн. Хүн амиа алдахгүйн төлөө тийм их хүч гаргадаг юм байна. Хөөрхий тэр хүнээс болж бүх зүйл цусанд будагдаж, тэнд байсан гурван харгалзагч ухаан алдсан даа.

Э.ХАНА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД