Эд хөрөнгийг нь шатахаас хамгаалсан гал сөнөөгчид гэр бэлэглэв

2015 оны 11 сарын 24

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 35 дугаар ангийн дэд ахлагч Г.Амарбатад өчигдөр “Жонон Мөнх” ХХК-иас давхар бүрээстэй, шалтай, таван ханатай монгол гэр бэлэглэлээ. “Жонон Мөнх” компани тус дүүргийн 23 дугаар хороонд байгуулагдаад 11 жил болж байгаа аж. Жилийн турш тасралтгүй ажилладаг, байнгын есөн ажилчинтай, эсгий үйлдвэрлэдэг энэ компанийн цахилгааны утаснаас өнгөрөгч наймдугаар сарын 22-ны 17.00 цагийн үед гал гарчээ. Тэр үеэр тус компанийн байр эзгүй байсан гэнэ. Г.Амарбат нарын гал сөнөөгчид цаг алдалгүй очин, унтрааж, эд хөрөнгийг нь шатахаас хамгаалж чадсан байна. Үүнд “Жонон Мөнх”-ийн захирал С.Мөнхбат талархан, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бэлэглэж буй нь энэ юм. Түүний сэтгэлийн бэлгийг хүлээн авсан Г.Амарбатынх одоо Дарь-Эх дэх нийтийн байрнаас нүүж, өөрийн гэртээ тухлахаар боллоо. Тэрээр аав болоод удаагүй байгаа аж. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД