Х.Баавгай: Салалтын 60 гаруй хувь нь гэр бүлээс гадуурх харилцаанаас шалтгаалсан байдаг

2015 оны 11 сарын 23

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад багагүй хугацаа өнгөрсөн билээ. Гэтэл энэ хуулийн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй зарим нэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж олон нийтийг төөрөгдүүлж байгаа.  Энэ хуулийн талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгайтай ярилцлаа.

-Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах болсон шалтгаанаас яриагаа эхэлье.

-Гэр бүлийн тухай хуулийг өөрчилсөн хэд хэдэн шалтгаан бий. Үүнд нийгмийн шаардлага, практик хэрэгцээ, эрх зүйн шинэчлэл хийх ямар үндэслэл байна вэ гэдгийг судалсан. Үүнийг хуулийнхаа үзэл баримтлалд тусгасан байдаг.

Нийгэм хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагаад гэр бүлийн харилцаанд ч гэсэн өөрчлөлт орж байгаа. 20-иод жилийн өмнөх хууль одоо цагийн гэр бүлийн хэрэгцээ шаардлагыг даган өөрчлөгдөх нь зайлшгүй. Ялангуяа гэр бүлийн бүтэц өөрчлөгдөж байгаа үед. Өмнө нь хоёр монгол хүн л хоорондоо гэр бүл болдог байсан бол одоо олон соёлт гэр бүл бий болж байна. Мөн гэр бүлийн сөрөг өөрчлөлтүүд бий болсон. Түүнчлэн гэр бүл салалтад нөлөөлж буй хэд хэдэн шалтгаан байна. Үүнд төрийн зарим буруу бодлого ч нөлөөлсөн байдаг. Тухайлбал гадаадад залуу ажиллах хүчээ гаргасан. Шинэ гэр бүлд 500 мянган төгрөг олгосон нь зохиомол гэр бүлийн тоог ихэсгэсэн. Энэ нь 2009-2010 онд хийсэн судалгаанаас харагддаг. Тэр үед 9800 гэр бүл бүртгүүлсэн байхад 3600 буюу 32 хувь нь салсан байна. Гэхдээ салалтын коэффцэнт жил ирэх бүр буурч байгаа. Жишээлбэл, 2014 онд 15000 гэр бүл бүртгүүлсэн. Үүнээс  3400 орчим буюу 18 хувь нь цуцлуулсан байна. Ер нь гэр бүл цуцлуулахыг тоогоор нь авч үзвэл 3500-аас буухгүй байгаа. Энэ бүхнээс харахад манай Гэр бүлийн тухай хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм.

-Гэр бүл салалтад юу хамгийн ихээр нөлөөлж байна вэ?

-Мэдээж амьжиргааны баталгаажих түвшин, архидан согтуурах, хүчирхийлэл зэрэг олон шалтгаан бий. Тэр тусмаа гэр бүл салалтын 60 гаруй хувь нь араар тавилтаас үүдсэн байдаг. Бид судалгаа хийсний үндсэн дээр гэр бүл салалтын суурь шалтгааныг тогтоосон. Энэ бол гэр бүлийн боловсрол. Энэ хуульд тусгагдсан хамгийн том зүйл бол гэр бүлийн боловсролыг хүүхэд наснаас эхлэн олгох  албан болон албан бус тогтолцоо юм. Энэ бол манай улсын хувьд цоо шинэ зүйл. Яагаад гэр бүлийн боловсрол чухал болов гэхээр хүмүүс наад зах нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийг хүлээн зөвшөөрч, ойлгож сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүйсийн сэтгэл зүйн онцлог байдлыг багаасаа мэддэг болж өсөх нь гэр бүлд их нөлөөтэй. Хамгийн энгийн жишээ дурдвал, дэлгүүр ороход л эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн сэтгэл зүйн ялгаа харагддаг. Тэгэхээр хүүхдэд гэр бүлийн боловсролыг ерөнхий боловсролын сургуульд байхаас нь эхлэн олгож байх явдал юм.

-Энэ хуульд ямар өөрчлөлт хийгдэв?

-Нэлээд олон өөрчлөлт орсон. Хэд хэдэн нэр томъёоны өөрчлөлт ч бий.  Жишээлбэл, хамтран амьдрагч гэдэг нэр орж ирсэн. Үүнийг хүмүүс янз бүрээр л ойлгодог. Энэ хэв маяг бодит байдалд  бий. Үүнд гурван хэлбэр байна. Нэгдүгээрт  уламжлалт хамтын амьдрал.  Энэ бол залуучууд үерхэж байх үедээ нэг, хоёр жил хамт амьдардаг. Энэ нь нэг төрлийн бие биеэ судлах арга гэж ч болно. Ингэж хамтран амьдарч байгаад “За одоо албан ёсоор гэр бүл болж амьдаръя” гэхээрээ хурим найраа хийдэг тохиолдол бий. Энэ хэлбэр биднийг залуу байхад ч байсан. Хоёрдугаарх нь ахмадуудын хамтран амьдрах хэлбэр. Хань ижлээ алдсан хүмүүс насны эцэст бие биедээ түшиг болж амьдардаг. Үүнийг нь хүүхдүүд нь ч ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа. Цайны хань гэж ярьдаг даа. Энэ бол хамтран амьдрах гэдгийн бас нэг хэлбэр. Гуравдахь нь гэр бүлээс гадуурх амьдрал. Өөрөөр хэлбэл хууль ёсны баталгаат гэр бүлтэй хэр нь хоёрдогч, гуравдагч  хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгээд нуугдмал байдлаар амьдрахыг хэлж байгаа. Энэ бүхнийг хуульчилж нэг мөр болгосон. Үүнд “Хамтран амьдрагч гэж огт гэр бүл болж байгаагүй эсвэл гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьдарч байгаа хэлбэрийг хэлнэ”гэсэн. Тэгэхээр гэр бүл батлуулсан хүн ийм хэлбэрээр амьдарч болохгүй гэсэн логик гарч ирж байгаа юм. Гэтэл энэ асуудлыг хүмүүс “Гэр бүлийн хуулиар гэр бүлээс гадуурх асуудлыг хориглосон” гэж ойлгоод байна. “хориглосон” гэсэн үг энэ хуульд нэг ч байхгүй. Гэр бүлийн энэ мэт асуудлыг ёс зүйн хариуцлагаар шийдвэрлэж байх юм. Энэ хуульд “ингэсэн тохиолдолд тэгнэ” гэсэн ямар ч санкц байхгүй.  Гэхдээ хуулийн төслийн 13.11-д гэр бүлтэй хүн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх нь хүүхдийн эрхийн зөрчил болно гэсэн байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн хүүхдийн эрхийн асуудал биш. Энэ бол яах аргагүй гэр бүлийн харилцааны ёс зүйн зөрчил. Үүнийг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс дахин өөрчлөн найруулъя гэж ярилцаж байгаа. Гэр бүл, хайр бол ёс зүй дээр л тогтдог юм. Мөн энэ хуульд орсон бас нэг шинэлэг заалт нь гэр бүлийн асуудлыг шийддэг төрийн байгууллагууд байхаар болж буй. Гэр бүлийн асуудал хариуцсан Засгийн газрын агентлаг байх юм. Энэ нь хүүхдийн асуудал хариуцсан агентлагтай хамт байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн асуудлыг гэр бүлээс тусад нь ярьдаг байсан бол одоо хүүхдийн язгуур эрх ашиг гэр бүлтэй салшгүй холбоотой гэж үзэж байгаа. Төрийн байгууллагын бүх шатанд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан байгууллага, нэгжүүд байх юм. Мөн үрчлэлтийг шүүх шйидвэрлэж байхаар болсон. Өмнө нь үүнийг Засаг дарга шийддэг байсан. Гадаад үрчлэлтийг журмаар шийдвэрлэдэг байсан юм. Хууль батлагдвал бүх үрчлэлтийг шүүх шийднэ гэсэн үг. Ингэснээр гарч болзошгүй эрсдэлээс хамгаална.

-Тэгвэл ёс хариуцлагыг хэн, яаж тооцох вэ?

-Социалист нийгмийн үед гэр бүлээс гадуурх харилцаанд хариуцлага тооцох арга хэмжээ Эрүүгийн хуульд байсан юм. Үүнд гэр бүлийн талаар тогтворгүй хүнийг намд элсүүлдэггүй, албан тушаалд томилдоггүй, ийм алдаа гаргасан тохиолдолд ажлаас нь халдаг байсан. Уг нь ёс зүйн хариуцлага гэдэг бол хамгийн хүнд шийтгэл шүү дээ. Гэтэл үүнийг манайхан төдийлөн ойлгохгүй байна. Хариуцлага гэхээр л торгоно, хорино гэж ойлгодог. Маш том алдаа гаргаад эхнэр, нөхрөөсөө уучлалт гуйна гэдэг бол  уг нь боловсрол, ёс зүй, хариуцлага шүү дээ. Бид энэ хуулийн төсөлд гэр бүлийг хариуцлагатай болгох үүднээс гэрээг оруулсан. Энэ гэрээг сайн дурын үндсэн дээр хийгээд үүнийг нь нотариат баталсан тохиолдолд хүчин төгөлдөр, хуулийн нотолгоо болж өгөх юм. Магадгүй гэр бүлд маргаан үүсээд тэд хоёр тийшээ болсон тохиолдолд хэн хэн нь хохирохгүй байх сайн талтай. Нөгөө талаар хүмүүс гэрээнд ийм заалт байгаа шүү гэж бодоод ухамсартай, хариуцлагатай байх талтай. Гэхдээ гэрээ Иргэний болон Гэр бүлийн тухай хуулийн хүрээнд байх юм. Үүнийг хүмүүс бие биедээ итгэхгүй байгаа юм уу гэдэг талаас нь хараад байдаг. Тийм биш юм аа. Нэгдүгээрт хариуцлага, хоёрдугаарт болзошгүй эрсдэлээс хамгаалж байгаа юм. Хэрэв асуудал үүсвэл гэр бүлийн гишүүдийн хэн нь ч хохирохгүй байх сайн талтай. Жишээлбэл, нас баралт байна. Хэн нэгэн нь нас барахаар хадмууд нь эд хөрөнгийг нь авчихлаа гэсэн маргаан шүүхээр байнга орж байдаг. Гэрээ хийсэн тохиолдолд хаана хаанаа ийм асуудал үүсэхгүй шүү дээ.

-Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2014 онд өргөн барьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй байгаагийн шалтгаан юу юм бол оо?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэлэлцэн батлахгүй байна. Үүнд нэг их шалтгаан гээд байх зүйл байхгүй. Зүгээр л ач холбогдол өгөхгүй байна л гэж харж байна. Шийдвэр гаргагч нарт нөлөөлөх санкц энэ хуульд байхгүй болохоор л тэгж байгаа болов уу. Харин тэдэнд нөлөөлж болохуйц нэг санкц байсныг эхний хэлэлцүүлгээр хамгийн түрүүнд хасаад, хойшлуулчихсан юм.   Энэ нь “гэр бүлийн тогтворгүй харилцаатай, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүнийг тодорхой шатны сонгуульд нэр дэвшихэд нь хар дансанд оруулна” гэж заасан байсан юм. Үүнийг л хамгийн түрүүнд хассан. Эндээс юу харагдаж байгаа нь ойлгомжтой биз дээ (инээв). Гэхдээ иймэрхүү хариуцлагыг нийгэм хүсэж байгаа нь харагдаж байсан. Би хэд хоногийн өмнө нэг сайтад ярилцлага өгсөн юм. Гэтэл тэд миний ярьсаныг жоохон гуйвуулаад биччихсэн байна лээ. “Гэр бүлээс гадуурх харилцаанд хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэсэн.  Би ийм үг хэлээгүй. Хуулинд ч ийм үг байхгүй. Гэтэл түүнийг үзээд “ийм хариуцлага хэрэгтэй” гэсэн сэтгэгдэл олон хүн бичсэн байна лээ. Мөн одоогийн байдлаар 10 гаруй мянган хүн лайк дарсан байна. Тэгэхээр манай нийгэмд гэр бүлээс гадуурх харилцаа түгээмэл байгаа юм байна гэдэг нь харагдаж байгаа юм.  Түүнчлэн энэ олон хүний сэтгэгдлийг уншиж байхад зарим нэг харамсмаар зүйлс харагдаж байна. “Хас”-ын А.Ганхуяг энд сэтгэгдлээ бичсэн байсан. Тэрбээр “Гэр бүл болохдоо эмэгтэйчүүд охин биеэрээ очих ёстой. Тийм биш бол ээжид нь буцааж өгч болно гэж хуульчил” гэж бичсэн байна. Хуулийг ингэж мушгин гуйвуулж болохгүй шүү дээ. Энэ бол төрийн хуулиар тоглоом тохуу хийж байна гэж ойлгогдож байна. Гэтэл түүний дараа уул уурхайн сэдвээр бичдэг бас л олны танил хүн Л.Наранбаатар “Охин биеэрээ ирээгүй эмэгтэйг чулуугаар цохиж ална гэж хуульчил” гэж бичсэн байсан. Уг нь би энэ хоёр залууг их дэмждэг байсан юм. Монголын нийгэмд нөлөө үзүүлэхээр залуучууд ингэж бичсэнд үнэхээр харамсаж байна. Хуулийн төслийг уншаад ойлгочих хэмжээний чадваргүй гэдэг нь харагдаж байна гэж хэлмээр байна. Энэ хоёр залуу Гэр бүлийн тухай хуулийг эсэргүүцээд байгаа юм биш биз, өөрсдөө гэр бүлийн хувьд асуудалтай юм байна гэх ойлголт төрүүллээ. Үнэхээр хармсалтай.