Ц.ТӨМӨР-ОЧИР: ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ЭМНЭЛГҮҮД УЛСЫН МЭДЛЭЭС ГАРАХ ЮМ ШИГ БАЙНА

2015 оны 11 сарын 23

Монголд зүрх, мэдрэлийн тусламж, үйлчилгээний лавлагаа төвийн үүргийг дангаараа гүйцэтгэдэг Улсын гуравдугаар төв эмнэлэг энэ онд эмчилгээ, үйлчилгээндээ олон шинэ арга нэвтрүүлээд буй. Тухайлбал, зүрхний архаг дутагдлыг эмчлэх орчин үеийн арга болох ресинхронизаци (cardiac resynchronization therapy CRT)-ийг өнгөрсөн есдүгээр сард Монголдоо анх нэвтрүүлсэн.

Мөн зүрхний хоёр, гурван хавхлагыг нэгэн зэрэг сольсон (өнгөрсөн зургадугаар сард), тархины судсан дотуурх хагалгаа (наймдугаар сард), нүдний торлог шилэнцрийн мэс засал, эмэнд тэсвэртэй-цусны даралт ихсэх өвчтэй хүний бөөрний артерийн мэдрэлийг судсан дотуурх мэсийн аргаар түлж, таслах эмчилгээг анх удаа хийсэн нь салбарын түүхэнд тод бичигдэх үйл явдлууд байв.

Хэвтэн эмчлүүлэх 430 ортой, 720 гаруй эмч, ажилтантай тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очиртой ярилцлаа. Эднийхээр жилд 18-19 мянган хүн амбулаторийн тусламж, үйлчилгээ авч, мөн тооны хүн хэвтэн эмчлүүлдэг аж.

-Улсын эмнэлгүүдэд төрийн болон хувийн байгууллагын хөрөнгөөр нэлээд төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Үр дүн нь ямархуу гарав?

-2010-2013 онд ММСС, ДЭМБ-ын дэмжлэгээр “Зүрхний шигдээс ба харвалт” төсөл хэрэгжсэн. Үүний дүнд тархины хурц харвалт болон зүрхний архаг шигдээсийг эмчлэх тус бүр 20 ортой тасаг байгууллаа. Мөн компьютер оношилгоо болон ангиографийн лабораторийг шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангасан. Эдгээр тасгийг нээснээс хойш ачаалал огцом нэмэгдсэн.

Хагас жилийн байдлаар 600 орчим хүн Харвалтын тасагт эмчлүүлсэн бол зүрхний шигдээсээр өвдөж буй хүн ч өдрөөс өдөрт олширч байна. Нийт 14 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Дан ганц тоног төхөөрөмж шинэчлээд зогсохгүй эмч, мэргэжилтнүүдийг урт, богино хугацаагаар гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургасан.

Манай эмнэлэг дэлхийн 20 гаруй орны их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажилладаг. Тухайлбал, АНУ, Франц, Тайвань, ОХУ, Япон, Сингапур, БНСУ-ыг нэрлэж болно. Хамгийн сүүлд Сингапурын Зүрхний төвийнхөнтэй гэрээ байгуулсан. Мөн тус улсын Мэдрэлийн төвөөс хамтарч ажиллах санал ирүүлээд байна. Түүнээс гадна Люксембург улсын “Зүрхний төв” төсөл манайд 13 дахь жилдээ хэрэгжиж байгаа.

Эрүүл мэндийн салбарт тууштай, чанартай хэрэгжсэнийг нь нэрлэ гэвэл “Зүрхний төв” төслийг хэлэх байна. Өмнө нь тархи, зүрхний мэс засал хийж байхад цахилгаан тасарч байсан үе бий. Харин тэд манай эмнэлэгт 700 кВт-ын хүчин чадалтай нөөц генератор суурилуулсан. Энэ нь 7-8 сумын цахилгааны хэрэгцээг бүрэн хангах хэмжээний хүчин чадалтай. Мөн уг төслийн хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн эмнэлгүүдийн зүрхний тасгууд цахимаар холбогдсон.

Төслийн багийнхан манай улсын зүрхний мэс заслын чадавхийг сайжруулахад нэлээд анхаарч байгаа. Энэ жил хоёр дахиа ирж, нэг удаад төрөлхийн болон олдмол гажигтай 10 хүнд хагалгаа хийсэн. Люксембургийн эл төсөл насанд хүрэгчдэд чиглэдэг.

Тэд манай эмч нарын чадварыг сайжруулахаар сургалт-мэс засал хийж байгаа. 30 гаруй хүнийг төслийн хүрээнд бүрэн эмчилсэн. Өндөр өртөгтэй эдгээр хагалгааг хүүхэд, насанд хүрэгчид бүгд үнэгүй хийлгэж буй.

-Он шувтарч байна. Энэ жил техник технологийн ямар шинэчлэл хийсэн бэ?

-Манайх 2015 онд иргэдийг эх орондоо чанартай, өндөр түвшинд эмчилгээ, оношилгоо хийлгэх тал дээр бодлого барьж ажилласан. Тухайлбал, Монголд эмчлэх боломжгүй судсан дотуурх мэс заслыг 8-9 хүнд, нярайн зүрхний хавсарсан гажгийг засах хагалгааг БНСУ-ын Сөүлийн их сургууль, “Рафаэл” олон улсын клиниктэй хамтарч хийлээ.

Ийнхүү зүрхний төрөлхийн хүнд, хавсарсан гажигтай есөн хүүхэд эх орондоо хагалгаа хийлгэсэн нь амжилттай болсон. Ийм өвчтэй нэг хүүхдийн зөвхөн хагалгааны зардал нь 30-40 мянган ам.доллар байдаг. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар өндөр өртөгтэй зүрх, тархины мэс засал, судсан дотуурх хагалгаа, оношилгооны дийлэнх зардлыг даатгалаас санхүүжүүлж байгаа.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт монгол хүн бүр эх орондоо чанартай эмчилгээ, оношилгоо хийлгэх гэсэн заалт бий. Гадаад улс руу эмчилгээ, оношилгоо хийлгэхээр явж буй өвчтөнүүдийн олонх нь зүрхний хэм алдагдсан гэсэн оноштой байна. Олон улсад зүрхийг агшааж буй хэм алдагдлын төвийг түлж, тэлэх мэс заслыг судсан дотуур хийж, эл өвчнийг анагаадаг. БНСУ-д л гэхэд 40-45 мянган ам.долларын өртөгтэй.

2014 онд гадаадад эмчлүүлэгсдийн 40 гаруй хувь нь ийм шалтгаанаар ЭМСЯ-наас дэмжлэг авсан бол энэ онд 58 хувьд хүрчээ. Тиймээс уг өвчнийг Монголд эмчлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг (нэг тэрбум 50 сая төгрөг) саяхан хүлээж авсан.

Одоо мэргэжилтнүүдээ шат дараатай сургах ажлууд зохион байгуулж байна. 2016 онд зүрхний хэм алдагдлыг эх орондоо эмчилнэ. Ийм шалтгаанаар гадаад явагсдыг хязгаарлах зорилт тавьсан.

Мөн энэ сарын 13-нд Дани улсын “Ново Нордиск AIC” компанийн 5000 ам.долларын хандиваар Диабетийн төвтэй боллоо. Хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд нүүрс, усны агууламж нэмэгдэж буйтай холбоотойгоор чихрийн шижин хүн амын дунд хурдтай ихсэж байна.

Энэ өвчин даамжрахаараа зүрх, мэдрэл, бусад эрхтэнд хүчтэй нөлөөлж, хараагүй болох, хөл, гараа тайруулах, харвах, цаашлаад зүрхний шигдээс болгодог учраас нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг сайжруулахаар ийм төв нээсэн юм.

-Өнгөрсөн сард БНСУ-ын Сэжон, Сөүлийн үндэсний их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн эмч нарын авчирсан, хагалгаа хийхэд нэн шаардлагатай эм тариа, хэрэгслүүдийг гаалийнхан хураагаад авчихсан шүү дээ. Эм, хэрэгслээ авсан уу?

-Одоо болтол авч чадаагүй л байна. Саяхан Сангийн яамны Хөрөнгө оруулалт, өрийн удирдлагын хэлтсийн даргатай уулзаж, гааль, болон НӨАТ-аас чөлөөлж өгөхийг хүссэн албан бичгээ өгсөн. Ойрын хугацаанд хариу өгнө гэсэн. Бид өнгөрсөн аравдугаар сарын 2-10-нд зүрхний төрөлхийн хавсарсан гажигтай 1-11 сартай есөн хүүхдэд хагалгаа хийсэн.

Анх тэд 10 хүүхдэд мэс засал хийнэ гэж ирсэн ч үзлэгийн явцад хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай хүүхэд нэмэгдсэн. Тэгтэл 10 хүүхдийн хагалгаанд шаардлагатай эм, тариа одоо болтол гаалийн агуулахад байна.

Нэг хүүхдэд 8.2 сая төгрөгийн эм, тариа зарцуулсан. Эдгээрийг гаалийн агуулахад удаан байлгавал хадгалалтын горим нь алдагдаж, цаашид ашиглах боломжгүй ч болж мэднэ.


-Зүрхний хагалгаа хийлгэхээр жилд 200-300 хүүхэд гадаад явж байна гэсэн судалгаа бий. ЭХЭМҮТ зүрхний мэс заслын тасаггүй хэрнээ 1400 гаруй хүүхэд хяналтандаа байлгадаг гэсэн шүүмжлэл байдаг. Танай хоёр эмнэлгийн уялдаа холбоо сайжирч байна уу?

-Манайх хүүхдийн зүрхний мэс заслын чиглэлээр АНУ, Япон, БНСУ-ын багтай хамтран ажилладаг. Хүн ам өсөхийн хэрээр зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд нэмэгдэх хандлагатай байна. ЭХЭМҮТ хагалгаа хийлгэх нэн шаардлагатай хүүхдүүдээ манайх руу явуулдаг.

Олон улсын стандартаар судсан дотуурх (ангиографи) эмчилгээний үед ямар нэгэн эрсдэл гарвал шууд мэс засал хийх шаардлагатай. Гэсэн ч бид бодлогын түвшинд төдийлөн хамтран ажиллаж чадахгүй л байгаа.

-Тархинд цус харвах, зүрхний шигдээс туссаны дараа маш олон хүн хөгжлийн бэрхшээлтэй хоцорч байна. Манайд нөхөн сэргээх эмчилгээ тийм хангалтгүй байдаг хэрэг үү?

-Эмчилгээний шинэ арга буюу бүлэн хайлуулах эмчилгээ хийж байна. Цагийг нь олж хийвэл цус харвасны дараа хөдөлмөрийн чадвараа алдах нь бага. Улсын хэмжээнд тархинд цус харвах, зүрхний шигдээсийн эмнэл зүйн удирдамжийг боловсруулсан. Энэ дагуу бүх шатлалын эмнэлгүүд идэвх санаачилгатай ажиллах ёстой. Өвчтөнийг цаг алдаж эмнэлэгт хүргэж байна.

Мөн цус харвах, шигдээсийн үед илрэх шинж тэмдгийг мэдэхгүйгээс яаралтай тусламж үзүүлж чадахгүй өвчнийг улам хүндрүүлж байгаа. Энэ нь өвчтөнийг хөдөлмөрийн чадвараа алдах хувийг нэмэгдүүлж буй хэрэг. Цус харвах, шигдээсийн дараах эрт үеийн сэргээн засах эмчилгээг манайд хийдэг. Хөдөлгөөн, хэл, хөдөлмөр засалч нарыг бүтэн жил сургасан.

Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний саажилт, хөдөлмөрийн чадварыг сайжруулах эмчилгээг шинжлэх ухааны үндэстэй хийж байгаа улсын ганц эмнэлэг нь манайх. Нөхөн сэргээх эмчилгээ хугацаа их ордог тул шатлал бүрт мэргэжлийн эмч нар байх ёстой.

-Танайх жилд хэчнээн төгрөг зарцуулдаг вэ. Төсвөөс болоод ажиллахгүй байгаа тоног төхөөрөмж бий юү?

-Улсаас 18-19 тэрбум төгрөг төсөвлөдөг. Үүний 2.9 тэрбумыг эм, хэрэгсэлд зарцуулдаг. Дээр дурдсан харвалт, шигдээсийн 40 ортой тасагт 2013 оны аравдугаар сараас хойш өнөөг хүртэл эм, урвалжийн мөнгө төсөвлөөгүй. Өнгөрсөн хугацаанд бид өөрсдийн нөөц бололцоогоороо ажиллуулж ирсэн.

Төслийн хүрээнд судсан дотуурх хагалгаа, оношилгоо, эмчилгээнд шаардлагатай нэг жилийн эм, хэрэгсэл өгсөн. Мөн эм, урвалжгүйгээс бүтэн жил ажиллаагүй нүдний торлогийн мэс заслын аппарат байна. 2015 оны босгон дээр шинэ технологи нэвтрүүлж, нүдний торлог шилэнцрийн хагалгааг улсын эмнэлгийн хэмжээнд анх удаа хийсэн юм.

Тэгтэл одоо болтол энэ аппаратаа ажиллуулаагүй л байгаа. Мэргэжилтнээ Энэтхэгт сургасан. Эмчийнхээ гарыг зэврээхгүй гэсэндээ “Болор мэлмий” эмнэлэгт хоёр жил шахам ажиллууллаа. Он гарангуут нүдний торлог шилэнцрийн хагалгааг тасалдуулахгүй хийхээр төлөвлөөд байна.

Тэгэхээр иргэд гадаад, эсвэл хувийн эмнэлэгт өндөр зардал төлөхгүйгээр улсынхаа эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой болно.

-Нэг хэсэг улсын эмнэлгүүдийг хувьчлах асуудлыг дээр, доргүй ярьсан. Танайхан ч энэ талаар дотооддоо хуралдаж байсан шүү дээ. Улсын эмнэлгүүдийг менежментээр хувьчлахыг юу гэж боддог вэ?

-УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан зэрэг нэр бүхий найман гишүүн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төсөл боловсруулаад байгаа. Одоо хэлэлцүүлгийн шатандаа байгаа юм билээ. Хэд хоногийн өмнө С.Одонтуяа гишүүн эмнэлгүүдэд албан тоот явуулж, хуульд саналаа тусгахыг хүссэн байсан.

Бид хамт олноороо хэлэлцээд хариугаа өгсөн. Зарим эмнэлгийн удирдлагууд засаглал, болон санхүүжилтээ улсаас ангид байлгахыг илүүд үзэж буй бололтой. Бид ч энэ нь зөв гэж үзэж байна. Энэ хууль батлагдвал эмнэлгүүд улсын мэдлээс гарах юм шиг байна. Гэхдээ зөвхөн удирдлага, зохион байгуулалтын хувьд. Эмнэлэг бүр ТУЗ-тэй байна.

ТУЗ нь эмнэлгийн даргаа сонгодог болох юм гэсэн. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд өөрсдөө төсвөө захиран зарцуулах эрхтэй болно. Өмч нь бол 100 хувь улсын мэдэлд хэвээр байна. Менежмент нь л хувьд очно гэсэн үг. Улсын эмнэлгүүд хөгжихгүй байгаа нь төсвийн хязгаарлагдмал хөрөнгөд тохируулан үйл ажиллагаагаа явуулж байгаатай холбоотой.

Үйлчилгээний соёл, өвчтөнүүдийн ая тухыг хангах ойлголт үндсэндээ байхгүй болчихсон. Бодлогын хэмжээнд хийх ажил их байдаг ч жил бүр урсгал засвар хийсэн болоод таарч байна.

Хэрвээ засаглал нь төрөөс ангид болчихвол богино хугацаанд менежментээ сайжруулан, сүүлийн үеийн тоног төрөөрөмж, эмчилгээний шинэ арга технологийг эмнэлэгтээ нэвтрүүлж, эмчилгээ, оношилгооны чанар нь ч дагаад дээшлэх юм. Мөн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг ч шийдэх чадамжтай болно.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД