Ж.Нарантунгалаг: Боломж олдвол М.Гафуровыг “цавчина”

2015 оны 11 сарын 20

Холимог тулааны “One Championship”-ийн дэлхийн аварга Ж.Нарантунгалаг аваргын бүсээ хамгаалах тулаанаа ОХУ-ын М.Гафуровтой БНХАУ-ын Бээжин хотод маргааш хийхээр болсон билээ. Тус тулаан өнгөрсөн есдүгээр сарын 27-нд Индонезын Жакартад болох тов гарсан ч манай тамирчин визний асуудлаас болж оролцож чадаагүй юм. “Чингисийн цавчилт” хочоороо алдартай дэлхийн аварга Ж.Нарантунгалагийг БНХАУ-ыг зорихоос өмнө ийн ярилцлаа.

-“Кобра” хочит М.Гафуров багаасаа жиү-жицүгээр хичээллэсэн, хэвтээ барилдаанд сайн тамирчин. Түүний эсрэг ямар бэлтгэлийг голчлон хийж байна вэ?

-Би өдөрт 4-6 цагийн бэлтгэл тогтмол хийдэг. Өглөө хөнгөн буюу техник давтаж, үдээс хойш тулааны бэлтгэлээ япон багшийнхаа удирдлага дор базааж байна. М.Гафуров жиү-жицү, бокс суурьтай тамирчин. Тиймээс надтай хэвтээгээс тулалдахаар төлөвлөж байгаа нь дамжиггүй. Миний жижү-жицү ч түүнээс дутахгүй. Гэхдээ эхний үед аль болох босоогоос тоглохыг хичээнэ. Хөлс гарч, “Кобра”-г цуцаж эхлэхээр нь хэвтээ байрлалаас тулалдах төлөвлөгөөтэй байна. 

-М.Гафуров таны оронд тулалдсан Австралийн М.Нгуеныг 30-хан секундад ялж, түр аваргын бүсний эзэн болсон... 

-Өнгөрсөн оны наймдугаар сард Японы К.Ойшийг ялж, “One FC”-ийн дэлхийн аварга болсноос хойш чамгүй хугацаа өнгөрчээ. Энэ тулаан аварга болсноос хойшхи миний анхны тоглолт гэдгээрээ онцлог. Үүгээрээ ч олон хүний анхаарлыг татаж байгаа болов уу. Би тов гарсан эхний тулаанд визний асуудлаас болж оролцож чадаагүй. Миний оронд тулалдсан М.Нгуен тийм ч сайн тамирчин биш. Тиймээс тэгж богино хугацаанд Гафуровт ялагдсан байх. “Кобра” бяртай, хурдтай тамирчин гэдэг нь тулаануудаас нь анзаарагдаж байна.

-“Кобра” мэргэжлийн дэвжээнд 12 тулаан хийж, бүгдэд нь ялсан. Энэ нь түүнд сэтгэлзүйн том давуу тал болж байгаа болов уу?

-Магадгүй л юм. Тэр бас ОХУ-ын “Mix Fight” хэмээх торон доторх тулааны дэлхийн аварга байсан тамирчин л даа. Тус холбоонд ганц ч ялагдалгүйгээр “One FC”-д тоглож эхэлсэн. Надад өмнөх тулаанууддаа хэрэглээгүй олон цохилт, өшиглөлт байгаа. Дээр нь би арванхоёрдугаар сард 40 нас хүрнэ. Тиймээс намайг дутуу үнэлж байгаа болов уу.

-Таныг түүнд “Чингисийн цавчилт”-аа хийгээсэй гэж олон хүн хүлээж байгаа нь дамжиггүй...

-Мэдээж боломж олдвол түүнийг “цавчина”-аа. Гэхдээ тулаан хэрхэн өрнөхийг урьдчилан таах аргагүй.

-М.Гафуровоос өмнө өөр тамирчнаас тулаан хийх санал ирсэн үү?

-Өнгөрсөн оны сүүлчээр Эрик Килитэй тулалдах тов гарсан ч гэрээ нь дууссан гэсэн шалтгаанаар тус тоглолт цуцлагдсан.  

-Та өмнө нь нэлээн олон холбооны аваргын бүс эзэмшиж байсан. “One Championship”-ийнх юугаараа ялгаатай байна вэ?

-Энэ холбоо хоёр жилийн хугацаанд БНХАУ-д 26 тэмцээн зохиох гэрээ байгуулсан гэнэ лээ. Гэтэл UFC  ганц ч тулаан хийж чадаагүй байгаа. Энэ нь  азиуд “One Championship”-ээс зохиож буй тэмцээнүүдийг үнэхээр их сонирхож байгаагийн илрэл болов уу. Өдгөө энэ холбоонд 400 гаруй тамирчин тулалдаж байна. Тулаан бүрийг тэрбум гаруй өрх үздэгээрээ дэлхийд тэргүүлж байгаа. Ийм томоохон холбоонд тоглож, бүр аваргын бүс эзэмшинэ гэдэг нэр хүндийг хэрэг л дээ.

-Таны хувьд “One Championship-ийн дэлхийн аварга болсноор хамгийн түрүүнд юу өөрчлөгдсөн бэ?

-Нэг их өөрчлөгдсөн юм алга. “Legend FC”-гийн аваргын бүсээ хамгаалах тулаанд хөлөө хугалан айхавтар бэртэл авч, ялагдсан маань надад төгсгөл бус дараагийн том амжилтын эхлэл байсныг ухаарлаа. Энэ холбооны аварга болсноор өөртөө итгэх итгэл маань нэмэгдсэн. Манай улсад тулааны спорт сонирхдог хүн цөөхөн байдаг. Сүүлийн жилүүдэд холимог тулаанаар хичээллэх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаад олзуурхууштай.

-Манай улсад энэ спортыг дэмждэг, ойлгодог хүн хэр олон байна вэ? Төр засгаас хэр дэмждэг вэ?

-Ямар нэгэн дэмжлэг үзүүлдэггүй ээ. Тайландад холимог тулаанаар тэмцээн зохиохыг хориглосон. Түүн шиг манайд хориглочихгүй байгаад нь л баярлаж явдаг. Би өөрийнхөө амьдралын төлөө, дуртай зүйлийнхээ төлөө явж байгаа болохоор төр засгаас ямар нэгэн дэмжлэг хардаггүй. Тийм бодол ер төрдөггүй. Ивээн тэтгэе, дэмжье гэж ярьдаг хүн олон бий. Гэхдээ тэднээс тусладаг нь маш цөөхөн. Би Орхон аймгийн уугуул. Намайг өнгөрсөн жил дэлхийн аварга болсны дараа Орхон аймгийн хүндэт иргэн болгосонд ихэд олзуурхсан.

-Та “One Championship”-тэй зургаан тулааны гэрээ байгуулсан. Цаашдаа энэ холбоондоо тулдалдах уу?

-Өөр байгууллагуудаас тоглох санал ирж байгаа. Гэхдээ гэрээнд заасан журам, дүрмээ мөрдөх хэрэгтэй. Уулын буга хараад унасан бухаа мартана гэдэг шиг зүйл тамирчинд байх учиргүй.

-Хэрвээ М.Гафуровыг ялвал дараагийнх нь өрсөлдөгч хэн байх бол?

-Х.Барнес гэдэг бразил тамирчинтай тулалдана. Жиү-жицүгийн хоёр удаагийн аварга, хэвтээ барилдаандаа сайн тамирчин байна лээ.

-Та хэзээ Бээжинг зорих вэ?

-Энэ сарын 18-нд багш, түүний гэргий, ивээн тэтгэдэг эгч, шавь Одсүрэн нарынхаа хамт явна.

Уншигч та бүхэн Ж.Нарантунгалагийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах линкээр орж "Чингисийн цавчилт" нэртэй хөргийг сонирхоно уу....>             http://mongolnews.mn/1oz1


Б.Буяндалай

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.185.108 Яагаад ганц ч ялагдаагүй гэж? Гажиев гээд хэд хэдэн тамирчинд Гафуров ялагдсан шүү дээ
49.0.185.108 Та андуурч байна. ”One FC”-д тулалдаж эхэлснээсээ хойш ганц ч ялагдаагүй. Өчигдөр Тунгааг ялж, 13:0 боллоо.
  • 2015 оны 11 сарын 22
49.0.185.108 Яагаад ганц ч ялагдаагүй гэж? Гажиев гээд хэд хэдэн тамирчинд Гафуров ялагдсан шүү дээ
202.179.12.6 цавчисугай
172.101.82.153 bolomj oldohgui ee, tiimees uuruu ter bolomjiig bii bolgood hurts selmeer bish mohoo selmeer tsavchaarai.
172.101.82.153 bolomj oldohgui ee, tiimees uuruu ter bolomjiig bii bolgood hurts selmeer bish mohoo selmeer tsavchaarai.
96.241.68.33 uuhai uuhai uuhai.....
202.131.234.243 Амжилт хүсье