45 кг цагаан будаа хурааж авлаа

2015 оны 11 сарын 15

Монголчууд бага ч болов цагаан будаа тарьж, ургуулдаг болоод байгаа. Нийслэлийн Багануур дүүрэг, Дорноговь аймагт цагаан будаа тарих туршилт амжилттай болсон. Тэгвэл Монгол орны хөрсөнд цагаан будаа тарьж, ургах юм байна гэдгийг баталсан өвөрхангайчууд энэ жил 45 кг 950 грамм будаа хураан авчээ. Өвөрхангай аймгийн Арвайхээр, Нарийнтээл, Төгрөг, Хархорин, Баруунбаян-Улаан суманд 296 ам метр талбайд тарьсан тутарганаас ийм хэмжээний ургац авсан байна. Түүнийгээ Монгол орны цаг уурт тэсвэртэй болгох арга сүвэгчлэхээр Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд илгээжээ.

Ноднин дээрх таван сумын 12 тариаланч 294.4 ам метр талбайд цагаан будаа тарьж, 31.4 кг ургац хураасан бол 2012 онд 19 иргэн 35.6 ам метр талбайд 474 үрсэлгээ суулгаж, 3.85 кг ургац авсан юм. Үүнээс үзвэл манай тариаланчид цагаан будаа тарьж, ургуулах туршлага хуримтлуулсаар, жилээс жилд авах ургацын хэмжээ нэмэгдсээр байгаа аж. Тэдэнд Японы Хоккайдо мужийн Такикава хотын хөдөө аж ахуйн зөвлөхүүд заавар зөвлөгөө өгч, жил бүр Өвөрхангайд ирж ургацын болц, чанартай танилцан туршлагаа хуваалцсаар байна.