Г.Номин: Би эрхэмсэг бөгөөд хүндэтгэл хүлээсэн нэгэн байхыг хүсдэг

2015 оны 11 сарын 13

Гадаадад ажиллаж, тухайн салбартаа эх орноо сурталчилж яваа залуусын нэг бол Г.Номин. Тэрбээр арваад жилийн өмнө АНУ-ыг зорьж, загвар өмсөгчийн гараагаа эхэлжээ.

Нью-Иорк хотод зохион байгуулдаг томоохон арга хэлжээ, загварын шоунд голлох загвар өмсөгчөөр ажилладаг тэрбээр гурван жилийн өмнө “Swagunir” хэмээх компаниа байгуулсан байна.

Энэ компани нь Монголын шинэ, залуу загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, нүүр хувиргагч, үсчдийг АНУ-д ажиллаж, суралцахад гүүр болох зорилготой гэнэ. Түүнтэй цахим шуудангаар холбогдон, ярилцлаа.

-Хүний нутагт ажиллаж, амьдрах амаргүй. АНУ-ыг зориод хэр удаж байна вэ?

-АНУ-д ирээд арван жил болж байна. Зөв амьдарч, дуртай ажлаа хийн, өөрийнхөө чадварыг сайжруулах зорилгоор энд ирсэн. Эх орондоо болон гэр бүл, найз нөхдөдөө тустай амьдрах гэж хичээж явна. Тэгэхээр бэрхшээл бүрийг даваад гарна даа.

-Загварын ертөнцөд хэрхэн хөл тавьсан бэ?

-Багаасаа л ээжийнхээ хувцсыг өмсөөд толины өмнө эргэлддэг охин байсан. Уг нь жүжигчин болох хүсэлтэй байлаа. Үүнийхээ эхлэл болгон загвар өмсөж эхэлсэн.

Энд Ази загвар өмсөгчид ховор байдаг нь надад шинэ боломжуудыг нээж өгч байна. Би 2009 онд их сургуулиа төгсөөд Массачусетс хотын “Model club” агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн.

-Бусад мэргэжлийг бодвол загвар өмсөх нас богино байдаг шиг санагддаг. Таны хувьд хэр удаан загварын тайзан дээр алхах бол?

-Хүн өөрийн сонгосон мэргэжилдээ үнэнч, хүндэтгэлтэй хандаж, өөртөө итгэлтэй, шантрахгүй ажиллаж байгаа тохиолдолд үргэлж оргил үе дээрээ байх болов уу.

Наоми Кемпбел, Хайди Клум, Синди Кроуфорд зэрэг шилдэг загвар өмсөгч байдаг шүү дээ. Тэд одоо ч нэр хүндтэй, үлгэр жишээ үзүүлсээр байна.

-Анх тайзан дээр гараад юу мэдэрч байсан бэ?

-Би Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийг төгссөн юм. Зургадугаар ангид байхдаа сургуулийнхаа тайзан дээр анх загвар өмссөн.

Олон хүний өмнө тайзан дээр гарах эвгүй байсан ч олон сайхан хувцас өмсөж, түүнийгээ үзүүлэх нь таалагдсан. Бас сайн бэлдсэн болохоор өөртөө их итгэлтэй алхаж байсан минь сэтгэлд тод үлдсэн дээ.

-Загварын чиглэлээр Монголд болон АНУ-д ажиллахад ямар ялгаатай байна вэ?

-Мэдээж ялгаа бий. Манай загвар өмсөгчид хаа ч ялгарч, тодорч чаддаг. АНУ-д шинэ боломж нээлттэй, цалин өндөр. Ялангуяа Нью-Йорк хотод.

Би сүүлийн гурван жил Монголын шинэ, залуу загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, нүүр хувиргагч, үсчдийг АНУ-д ажиллаж, суралцахад гүүр болох зорилго тавин ажиллаж байна.

-Ур чадварын хувьд манай загвар өмсөгчид гаднынхнаас юугаар ялгагддаг вэ?

-Илүү өвөрмөц дүр төрхтэй. Алхаа гишгээ, техник сайтай. Манай загвар өмсөгчид тайзан дээр цаанаа л ихэмсэг, хатан төрхтэй харагддаг шүү дээ.

-Тэгвэл таны бусдаас ялгарах давуу тал юу вэ?

-Өөрөө бүх зүйлийг хийх гэж хичээдэг нь миний давуу тал юм болов уу. Аль болох хүний тусламж авалгүй, өөрөө хийх дуртай. Монголоороо бахархаж, үндэсний хувцас, гоёлоороо гоёдог минь энд миний давуу тал болдог.

-Та фото, тайзны загварын алинд илүү сонирхолтой вэ?

-Хоёуланд л дуртай. Гэхдээ фото моделийн ажил надад илүү тохирдог. Бас хөгжилтэй.

-Загвараас гадна юу сонирхдог вэ. Ямар чиглэлээр суралцаж байна?

-Жүжигчин болох том мөрөөдөлтэй. Гурван жилийн өмнө би “Swagunir“ продакшн, компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлсэн. Одоо энэ компанийнхаа гүйцэтгэх захирал, продюсерын ажлыг давхар хийж байна.

Банк санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр их сургууль төгссөн минь одоо л хэрэг болж байна даа.

-Найз залуутай юу. Хэзээ гэр бүлийн амьдрал зохиох гэж байна вэ?

-Сүйт залуутай. Түүнийг минь Жэред гэдэг. Бид “Swagunir” компанидаа хамт ажилладаг. Удахгүй бүх ажлаа цэгцэлчихээд гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд хурим хийх бодолтой байна даа.

-Загвар өмсөгчид кино, клипэнд тоглох нь ихэсчээ. Танд тийм санал ирж байна уу?

-Түрүүн хэлсэнчлэн загвар өмсөж эхэлсэн маань жүжигчин болох мөрөөдлийн минь эхлэл болно гэж итгэдэг. Загвар өмсөгч хүн хувцсыг амилуулах увидастай, авьяастай, сайхан дүр төрх, бие галбиртай байх ёстой.

Тийм ч болохоор сэтгэл хангалуун байгаа. Завтай үедээ энэ чиглэлийн сургалтанд хамрагддаг.

-Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Гоц, гойд зүйл хэрэглэхээ больсон. Гоо сайхан, арьс арчилгааны газраар явах зав ч гардаггүй. Гол нь аль болох стресс багатай байж, өдөрт дор хаяж долоон цаг унтаж, дасгал хийхийг хичээдэг.

-Тайзан дээр эвгүй байдалд орж байв уу?

-Хөлөнд эвгүй гутал өмсөөд тайзан дээр гарахад сэтгэлд их түгшүүртэй байдаг юм. Нэг удаа хоёр размераар том гутал өмсөж гараад эвгүй гишгэсэн.

-Хүмүүс загвар өмсөгчдийг боловсрол муутай гэж ойлгодог. Та үүнд хэр эмзэглэдэг вэ?

-Боловсролын түвшин бол тухайн хүний л асуудал. Нийтээр нь тийм гэж ойлгож болохгүй л дээ.

-Гадаадын загварын агентлагуудтай гэрээ байгуулж, хамтран ажиллахад хэр бэрхшээлтэй вэ. Ямар хүндрэл гардаг вэ?

-Энд маш олон агентлаг үйл ажиллагаа явуулдаг. Тэр хэрээрээ өрсөлдөөн ихтэй. Бүх л агентлаг загвар өмсөгчдөө гадаадад ажиллуулахыг хичээдэг болохоор гаднын загвар өмсөгч олон. Тэдэнд тулгардаг гол бэрхшээл нь хэлний мэдлэг.

Мөн ажлын шаардлага хангахгүй, дотоод журам мөрдөхгүй, цаг баримталдаггүй бол хамтран ажиллах гэрээгээ цуцлах нь энүүхэнд.

-Одоо аль агентлагт харьяалагддаг вэ?

-Одоогоор “Dynasty” агентлагт харъяалагддаг.

-Таны амьдралын зарчим юу вэ?

-Өөрөө өөртөө эзэн болж, бусдад тустай, зорилгодоо тууштай байж, хэзээ ч бууж өгөхгүй амьдрахыг л хичээдэг дээ.

-Та өөрийгөө ямар өнгөөр илэрхийлэх вэ?

-Нил ягаан өнгөтэй зүйрлэнэ. Би эрхэмсэг бөгөөд хүндэтгэл хүлээсэн нэгэн байхыг хүсдэг.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД