Г.Цэцэгжаргал: Медалиас анх удаа мултарлаа

2015 оны 11 сарын 06

Оюутны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2009 онд болоход монгол тамирчин шилдгээр шалгарч байлаа. Тус шагналыг ОУХМ Г.Цэцэгжаргал 21 насандаа хүртэж байсан юм. Энэ л үеэс тэрбээр ирээдүйд их юм дуулгах тамирчин хэмээн үнэлэгдэж, спорт сонирхогчдын хараанд өртөж эхэлсэн билээ. “Бөртэ чоно” шагналыг дөрвөн удаа хүртсэн нь түүний ямар хэмжээний тамирчин болохыг илтгэнэ. Амжилтын гараагаа “Эрчим”-ээс эхлүүлсэн Г.Цэцэгжаргал 2004 оноос хойш  Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож байна. Тэрбээр энэ жил анх удаагаа болсон “Холбооны цом”-д ухаалаг тоглолт, ур чадвараараа багаа удирдсаар IV байрт шалгарч, шилдэг хаагчаар шалгарсан юм. Монгол Улсын шигшээ баг, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин, 70 дугаар сургуулийн эмчилгээний биеийн тамирын багш Г.Цэцэгжаргалтай ярилцлаа.

-Саяхан болсон “Холбооны цом”-д медалийн оосроос атгаад алдсан ч шилдэг хаагчаар шалгарсанд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Танай багт хүрэл медаль авах боломж байсан нь мэдээж. Гутгаар байрын төлөө “Эрчим”-тэй хийсэн тоглолтоо хэрхэн дүгнэж байна вэ?

-Бэлтгэл муутай байсан нь манай багийнхны амжилтад нөлөөлсөн. Хамтдаа долоон хоног хүрэхгүй хугацаанд бэлтгэл хийгээд энэ тэмцээнд оролцлоо. Арай удаан хугацаанд бэлтгэл хийсэн бол гар нийлээд, бие биенээ илүү сайн ойлгож тоглох байсан нь мэдээж. Өмнө нь “Энагурэ”-д тоглодог байхдаа хамгийн багадаа таван сарын хугацаанд бэлтгэлээ базааж байгаад тэмцээнд өрсөлддөг байсан юм. Өдий хүртэл волейбол тоглохдоо анх удаа медалиас мултарч үзлээ.

-Эхний тойрогт “Эрчим”-ийг хожсон. Тиймээс дахин хожно гэх итгэл танд байсан нь тодорхой...

-Дахиад хожно гэх итгэл, боломж ч хангалттай байсан. Тоглолтын төгсгөлийг муу хийчихлээ. Хоёрдугаар тойрогт бүх багтай таван үе тоглож, “Алтайн барс”-аас бусдад нь хожигдсондоо харамсаж байна. Дээрх тоглолтуудад хожсон бол хэсгээсээ нэг юм уу хоёроор гарах бололцоо байлаа.

-Та “Энагурэ” багт тоглодог байсан. Энэ тэмцээнд яагаад Булган аймгийн багт тоглосон юм бэ?

-“Энагурэ” доороосоо залгамж халаа сайтай баг л даа. Тиймээс залуу үеийнхэндээ боломж олгохын тулд энэ жилийн “Хаврын тэргүүн”-ээс хойш “Энагурэ”, “Монти” гэж хоёр хуваагдан тэмцээнд оролцож байгаа. Энэ тэмцээний өмнө бидэнд Булган аймгаас санал тавьсны дагуу баг босгоод оролцлоо. Гурван тамирчин Булганаас, бусад нь “Энагурэ”-гийнхаас тоглосон.

-Өөрийнхөө сэтгэлд хүртэл тоглож чадав уу?

-Чадсаан. Өөрийнхөө тоглолтод сэтгэл хангалуун байна. Хаалт, довтолгоонууд маань байндаа тусч байсан нь намайг улам хурцалж байлаа. Бүх тоглолтод хүч чадал, нөөц бололцоогоо бүрэн шавхаж тоглосон.

-Таныг нэгдүгээр эгнээнд тоглож байхад танай багийн тоглолт амжилттай болж байсан. Харин эсрэгээрээ арын эгнээнд шилжихэд ихэвчлэн оноо алдлаа...

-Энэ нь манай багийн алдаа байлаа. Бөмбөгний шилжилт, дамжуулалт, хамгаалалт тааруу болсон нь манай багийг ялагдалд хүргэсэн байх.

-Өрсөлдөгчийнхөө довтолгоог мэдэрч амжилттай хаана гэдэг амаргүй нь тодорхой. Ямар техникээр хаавал хаалт амжилттай болох магадлал өндөр байдаг вэ?

-Хаашаа довтлох гэж байгааг мэдрэх нь их чухал. Гарын хөдөлгөөнийг нь сайн хардаг. Байрлалаа зөв эзэлж, бөмбөгөө мэдэрч чадвал амжилттай хаах магадлал өндөр байдаг.

-Волейболын спорттой амьдралаа холбосон дурсамжаасаа хуваалцана уу?

-Энэ спорттой нөхөрлөхөд хамгийн их нөлөөлсөн хүн бол манай аав. Аав маань залуудаа волейбол тоглодог байсан юм. Аавыгаа дагаж лигийн тэмцээн их үздэг байлаа. Миний хорхой их хүрнэ ээ. Тэр үед ийм мундаг тамирчин болох юмсан, ингэж довтолж сурах юмсан гэж мөрөөддөг байлаа. Энэ хүсэл минь Солонго багшийн шавь болж, “А” үсгээ заалгаснаар 2002 онд биелж эхэлсэн. Түүнээс хойш энэ спортод эргэлт буцалтгүйгээр дурласан даа.

-Та багадаа нуруулаг хүүхэд байсан уу?

-Би одоо 1.84 см өндөр. Багадаа үеийнхнээсээ тийм ч өндөр байгаагүй. Дээрээсээ 2-3-т л зогсдог байсан юм. Харин волейбол тоглож эхэлсэн нь өсөлтөд их нөлөөлсөн. Манай гэр бүлийнхэн нуруулаг хүмүүс байдаг. Удам дагасан байх.

-Арван жилд сурч байхдаа “Эрчим” клубт тоглосон нь таны амжилтад чамгүй их нөлөөлсөн байх?

-Тэгэлгүй яах вэ. “Эрчим”-д үе үеийн шилдэг тамирчид тоглодог. Эгч нараасаа их зүйл сурч авсан. Намайг сайн тамирчин болгохын төлөө өндөр шалгуур тавьдаг байсан. Тийм мундаг хүмүүстэй хамт тоглож байсан маань өнөөгийн амжилтад их нөлөөлж байна. Би багадаа их шартай хүүхэд байжээ. Заримдаа гомдохоороо жаахан хүүхдийн томоогүй зан гаргаж “Та нараас заавал илүү тоглодог болно доо” гэж хүртэл боддог байлаа.

-Хамгийн анх ямар амжилт гаргаж байв?

-Арван жилд сурч байхдаа “Эрчим”-д сэлгээгээр тоглон Үндэсний дээд лигт түрүүлсэн. Дотоодод зохиогддог хамгийн том тэмцээнд тэгж анх аваргалж байлаа. Түүнээс хойш олон тэмцээнд түрүүлж байна. Медаль аваагүй дотоодын тэмцээн үлдээгүй ээ. Үндэсний дээд лигт 11, “Хаврын тэргүүн”-ээс мөнгө, хүрэл медаль хүртээд байна.

-Та “Эрчим”-д 2009 он хүртэл тоглосон. Яагаад “Энагурэ”-г сонгосон юм бэ?

-Би 2008 онд өвдгөндөө айхавтар бэртэл авсан юм. Тэгээд БНСУ-д хагалгаанд орох шаардлагатай боллоо. Тэр үед “Энагура”-гийн захирал багийнхантайгаа хамт тэмцээнд оролцонгоо, хагалгаанд орох санал надад тавьсан юм. Тэгж ирснийхээ дараа “Энагурэ”-гийн тамирчин болсон. Тус клубтэй байгуулсан таван жилийн гэрээ саяхан дууссан. Би “Эрчим”, “Энагурэ” клубт тоглож байснаараа үргэлж бахархаж явдаг.

анай тамирчид Зүүн Азийн АШТ-ээс 2008 онд хүрэл медаль авсан. Бэртэл гэмтлээ үл ажран, өвдөлтийг даван туулж тоглосоор медальд хүрсэн нь таны амжилтыг улам амттай болгосон байх...

-Багийнхаа гол ачааг нуруундаа үүрч байсан болохоор зайлшгүй тоглох шаардлагатай болсон юм. Өвчин намдаах тариа хийж, шүд зууж тоглосоор медаль авах мөчид “Би чадлаа” гэж өөртөө хэлсэн. Олон улсын тэмцээний анхны медаль байсан болохоор үнэхээр амттай байсан шүү. Мөн тус онд 20 настайдаа ОУХМ цол хүртэж, ихэд урамшиж байлаа. Өдий хүртэл гаргаад буй амжилтадаа сэтгэл хангалуун явдаг.  

-Дурдахгүй байхын аргагүй тэмцээн бол 2009 оны оюутны Азийн АШТ. Хүрэл медаль хүртсэн тус тэмцээний шилдэг тоглогчоор та шалгарсан шүү дээ...

-Тэр олон тамирчин дундаас шилдгээр шалгарч, шагналаа гардаж авах мөчид үнэхээр сайхан байсан. Миний амьдралд тохиосон хамгийн сайхан мөчүүдийн нэг.

-Танд “Энагурэ”-тэй гэрээгээ сунгах бодол бий юү?

-Өмнө нь гэрээгээ нэг жилээр сунгах бодолтой байсан юм. Харин “Тэнүүн Огоо” клубээс тоглуулах санал надад тавьсан. Ирэх хавраас тус клубт тоглох бодолтой байна.

-Та волейбол тоглохын сацуу 70 дугаар тусгай сургуульд эмчилгээний биеийн тамирын багшаар ажиллдаг юм байна. Өөр сургуульд багшлах боломж байсан нь мэдээж. Энэ сургуульд яагаад багшилсан юм бэ?

-Хүмүүс надаас энэ асуултыг их асуудаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд багшилж, тэдний гэр бүлд аз жаргал бэлэглэхийг хүсдэг учраас энэ сургуулийг сонгосон юм. Эрүүл хүүхдүүдтэй ажиллахаас хавьгүй их ачаалалтай байдаг ч, энэ ажилдаа дуртай. Цаг заваараа сургуулийнхаа багш нарт волейбол заадаг. Манай сургуулийн удирдлагууд их дэмждэг нь өмнөө тулгарсан бэрхшээлийг давахад томоохон нэмэр болж байна. Энд ажиллахаас өмнө өөр олон сургуулиас надад санал ирсэн. Энэ сургуулийг сонгож, ийм буянтай ажил хийж байгаадаа өөртөө баярладаг.

-Сурагчид тань заасан зүйлийг чинь хэр хугацаанд сурдаг вэ?

-Хүүхэд бүр харилцан адилгүй. Хэр хурдан сурах нь тухайн хүүхдийн өвчнөөс шалтгаална. Нэг зүйлийг бүтэн улирлын турш л заадаг. Гэхдээ үүнд нь хэзээ ч ундууцаж, шантарч байгаагүй. Хүүхдүүдээ инээж хөхөрч, хэдий удаан хугацааны дараа байсан ч хамаагүй заасан зүйлийг сурах мөчид үнэхээр их баярладаг. Хамгийн сайхан зүйлсийг энд л мэдэрч байна.

-Одоо хэчнээн хүүхэдтэй ажиллаж байна вэ?

-Эмчилгээнд хэрэгтэй бүхий л төрлийн хөдөлгөөнийг 27 хүүхдэд зааж байна. Манай сургуульд наймдугаар анги төгстөлөө сурдаг. Энэ жилийн тусгай олимпод манай сургуулиас гурван хүүхэд оролцож, хоёр медаль авсан.

-Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн тэмцээн бий юү?

-Саяны “Холбооны цом”-д оролцсон багаараа ОХУ-д арванхоёрдугаар сард болох тэмцээнд оролцоно.

Б.Буяндалай

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД