2005-2015 онд нийт 375 сэтгүүлчийн эрхийг ноцтой зөрчжээ

2015 оны 11 сарын 02

Нэг хөл нь шороонд, нөгөө нь шоронд байдаг гэх, хамгийн эрсдэлтэй мэргэжлүүдийн нэгд сэтгүүлч ордог. Үргэлж сайн, муугаар хэлүүлдэг ч бид гал түймэр, үер, зуд, гэмт хэрэг, халдварт өвчнөөс эхлээд улс төр, эдийн засаг, уул уурхай, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хаана өрнөж байна, тэнд үзэг, дэвтэртэйгээ очиж, төр, ард түмний гүүр байх чин үүргээ хэзээ ч орхигдуулж байгаагүй. Гэтэл сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийг үг, үйлдлээр гутаан доромжлох, айлган сүрдүүлэх, гэр бүлийн хүнийг нь заналхийлэх, мэдээлэл авах, цацахад нь санаатайгаар саад хийх, цаашлаад эрүүл мэнд, аминд нь халдах явдал гарах болсныг өнөөдөр тохиосон Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрөөр мэргэжлийн байгууллагуудынхан ярив. МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Манайхан мэргэжлийн байгууллагад хандаж, эрхээ хамгаалуулах, хуулийн туслалцаа авахдаа дутагдалтай. Зарим нь чимээгүйхэн явж байгаад торгуулаад өнгөрөх нь ч бий. Буруутай ч, үгүй ч бай бид гишүүдээ өмгөөлж хамгаалах үүрэгтэй. Энэ жилээс МСНЭ, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран, хуульчдыг хэвлэл мэдээллийн чиглэлээр мэргэшүүлнэ” гэж хэлэв.

МСНЭ, Нээлттэй нийгэм форум, “Глоб интернэшнл” төв хамтран, Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулан хоёр дахь жилдээ хэлэлцүүлэг өрнүүлж буй нь энэ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 2013 оны арванхоёрдугаар сарын 18-нд дээрх өдрийг жил бүр тэмдэглэж байхаар 68/163 дугаар тогтоол баталсан байдаг. Өнгөрсөн зургаан жил дэлхий дахинаа 540 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны амийг хөнөөсөн хэрэг гарсан ч ердөө 10 хүрэхгүй хувийг нь хуулийн байгууллагаар шийдүүлсэн нь сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг ямар ч ял шийтгэлгүй өнгөрч буйг гэрчлэх тоо юм.

Тэгвэл “Глоб интернэшнл” төвийнхөн 2005 оны аравдугаар сараас эхлэн Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчилд мониторинг хийж буй аж. 2005-аас 2015 оны нэгдүгээр сар хүртэл нийт 375 сэтгүүлчийн эрх зөрчигджээ. Тус төвийн хуульч Д.Мөнхбүрэн “Зөвхөн манайд хандаж буй сэтгүүлчдийн эрх үүрэгт бид хяналт, үнэлгээ хийдэг. Судалгааны дүнгээс харахад бие эрхтэн, эрүүл мэндэд нь халдсан 22, сүрдүүлж, дарамталсан, доромжилсон 97, мэдээлэл олж авах, түгээхэд нь саад хийсэн 66, шүүх, хүчний байгууллагаар дарамтлуулсан 45, эрүүгийн хэрэг үүсгэн, түр саатуулж, хорьсон 48, нууц эх сурвалжийг нь хэлүүлэхийг албадсан 43 гээд нийт 375 сэтгүүлчийн эрхийг зөрчсөн явдал гарлаа. 2012 онд эрх нь зөрчигдсөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн 54.5 хувийг өдөр тутмын сонин, 23 хувийг телевиз, 13 хувийг сайтууд эзэлж байсан бол 2013-2014 онд гарсан нийт зөрчлийн 33.3 хувь нь вэб сайтуудтай холбоотой, 31.6 хувийг сонин, сэтгүүл, 28.1 хувийг телевиз эзэлж байх жишээтэй. Эдгээр зөрчлийн дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн” гэсэн юм.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД