Б.БАТЖАРГАЛ: ДНБ-ИЙГ ЗОХИОМЛООР ӨСГӨСӨН НЬ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ БОЛГОСОН

2015 оны 11 сарын 02

Эдийн засагч Б.Батжаргалтай ярилцлаа.

-Сүүлийн үед төсвөө хуульд нийцүүлэн батлах бус, хуулиа нөхцөл байдалд тааруулан өөрчилж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг байн байн өөрчилж буй нь зөв үү.

Та энэ хуулийг боловсруулахад оролцож байсан. Одоо хуулийн үндсэн зарчим нь хадгалагдаж үлдсэн болов уу?

-Энэ хуулийн үндсэн зарчмуудыг алдагдуулаад байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Засгийн газрын өрийн босго ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байдаг.

Гэтэл улстөрчид “Өрийн таазыг хэт доогуур тогтоож, улсын хөгжлийг хойш чангааж байна” хэмээн шүүмжилж, түүнээс хоёр дахин их хэмжээний зээл авч, бодлогогүй зарцууллаа. Одоо эрх баригчид нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа болов уу.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг боловсруулж байх үед цөөн тооны ашигт малтмалын экспортоос хамааралтай эдийн засгийн “эмзэг” байдлыг харгалзан үзэж, эрдэс баялгийн үнэ огцом өссөн шигээ буцаад хямдарна гэдгийг урьдчилан тооцож байлаа.

Улмаар уг хуулийн бүхий л зүйл, заалтыг тоон утгаар туршиж байж боловсруулсан.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь ямар ач холбогдолтой вэ?

-Засгийн газар уг хуулийн хамгийн чухал заалтыг хэд хэдэн удаа зөрчсөн нь өнөөгийн хямралын үндэс болсон гэж болно. Мөн хяналт тавих үүрэгтэй УИХ-ын гишүүд нь юу болж буйг ойлгохгүй байсаар хямралыг улам даамжруулсан.

“Чингис” бондын эх үүсвэрийг хэрхэн байршуулж улсын төсвийн алдагдлыг хааж байгаа, мөн хэрхэн үр ашиггүй удирдаж буйг ч анхааруулж байсан боловч үл ойшоосон. Ерөнхийлөгч ч бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж буйг шүүмжилж байсан.

Гэтэл санхүүгийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт хоёроо ч салгаж ойлгоогүй учраас тухайн үед бондын хөрөнгийг зарцуулж буй хүмүүс илт худал ярьж байхад ч загас мэт дуугүй өнгөрсөн нь харамсалтай.

Эдийн засгийн хүндрэл одоо гэнэт бий болж буй юм биш. Төсвийн нийт орлогын тал хувийг өрөө төлөхөд зарцуулна гэхээр л шуугиж эхэлж буй байх. Ирэх жилүүдэд иргэдийн амьдрал улам л хүндэрнэ.

Энэ нь шат шатандаа бодлогын уялдаа алдагдаж буй болон макро эдийн засгийн тэнцвэрийн ач холбогдлыг бүрэн ухаж ойлгоогүй эрх баригчдын хийсэн ажлын үр дүн юм.

-Өрийг дахин санхүүжүүлнэ гэж яриад байгаа. Өмнө гаргасан бондуудаас илүү хямд эх үүсвэртэй зээл авах боломж бий юү?

-Өрөө төлөх хугацаа ойртоод ирэхээр өөр хүнээс дахин зээл аваад өмнөхийгөө барагдуулж буйтай адил зүйл. Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд энэ үйл явцыг сөргөөр хүлээн авч, тухайн улсын зэрэглэлийг бууруулдаг.

Аль ч тохиолдолд энэ нь сайн хувилбар биш. Энэ сайн арга гэж яриад буй хүмүүсийн үгийг гурван жилийн дараа дахин сонсоход нэлээд зүйл ойлгуулна.

-Ирэх онд сонгууль болно. Мөн дараа жил нь бид гадаад бондын өрөө төлж эхэлнэ. Гадаад нөхцөл байдал сайжрах шинжгүй. Тиймээс энэ оны төсвийг батлахдаа онцгой анхаарч, ач холбогдол өгөх хэрэгтэй болж байх шиг байна.

-Ирэх оны төсвийн төсөлтэй танилцсан. Төсвийн доторх тоог ярихаас өмнө суурь үзүүлэлтүүдэд анхаармаар байна. Ялангуяа ДНБ-ий нэрлэсэн хэмжээ анхаарал татаж буй юм. Сүүлийн жилүүдэд ДНБ-ий хэмжээг нэрлэсэн үнээр огцом өсгөсөн нь харагдаж байна.

Үүнийг ноосны урамшуулал олгосноор малын тоо толгой зохиомлоор өсөж байсантай адилтгаж болох юм.

Төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг хуульд заасан хязгаарт багтаахыг улстөрчид шаарддаг. Гэтэл ДНБ-ий хэмжээг зохиомлоор өсгөх боллоо. Тухайлбал, ирэх оны төсвийн төсөлд маш өөдрөгөөр төсөөлсөн байгаа.

Ингэснээр төсөв томорч, ДНБ-д харьцуулсан алдагдал, өрийн хэмжээг хязгаартаа багтсан мэтээр харуулж байхад манай УИХ-ын гишүүд мэдэхгүй, харахгүй л сууж байна.

-Сүүлийн үед төсвийн реформ хийх хэрэгтэй гэж ярих боллоо. Реформ хийхийн тулд төрийн албан хаагчдыг тоог бууруулах нь зөв үү. Юунаас эхлэх ёстой вэ?

-Төсвийн бодлогыг ярихаас өмнө нэг зүйлийг мартаж болохгүй. Өнгөрсөн гурван жилд төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлж, зарлагаа хэт өсгөсөн. Гэтэл үүний зэрэгцээ мөнгөний бодлого (мөнгөний тэлэх бодлого) хэрэгжүүлэх явцад ихээхэн алдаа завхрал гарсан.

Одоо Төвбанкныхан эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангахын тулд төсвөө алдагдалгүй батлах хэрэгтэй гэж ярьж буй. Төсвийн танах бодлогоос өмнө мөнгөний хатуу бодлогын хүрээнд ямар арга хэмжээ авах талаар ярих нь зүйтэй болов уу.

Төсвийн реформ гэхээс илүү одоо байгаа хуулиа ягштал мөрдөхөд анхаарах хэрэгтэй. Хүүхэд хичээлээ тасалснаас болж сурлага муудвал сургуулийг нь өөрчлөөд сайжрахгүй биз дээ.

-Төсвөөс хасаж болох ямар зардал байна вэ?

-Танах боломжтой зардал нэлээд бий гэж бодож байна. Төсвийн задаргаа мэдээлэлтэй танилцсаны дараа аль зардлаас хэдий хэмжээгээр танаж болохыг хэлэх боломжтой. Өмнө жилүүдийн зарлагын өсөлтийг харьцуулан үзвэл бараа үйлчилгээний зардлаас танах боломж харагдаж байсан.

-Засгийн газрын оруулж ирсэн төсвийг УИХ-ын гишүүд дураараа өөрчилж байна. Гэтэл зарим оронд Парламент нь төсвийг нэг бол батална, эсвэл буцаана гэсэн хоёр л зам байдаг гэсэн. Бид ийм жишиг рүү шилжих боломжтой юу?

-Ийм шаардлага бий. Гэхдээ энэ тогтолцоог бүрдүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юм билээ. Энэ талаар өмнө нь тусгайлан судалгаа хийж байсан. Жишээлбэл, БНСУ яг ийм зохицуулалтыг Үндсэн хуульдаа тусгаж өгсөн байдаг.

Үүнээс өмнө улстөрчид нь манайх шиг төсвийн бодлого, зорилтыг дураараа өөрчилдөг байсныг цэгцэлсэн юм билээ. Дөрвөн жилийн өмнө би энэ өөрчлөлтийг хийх нь зөв гэж боддог байсан. Одоо бол эргэлзэж байгаа.

Ийм зохицуулалт хийлээ гэж бодоход одоогийнх шиг чадамжгүй Засгийн газартай байвал ямар ч ач холбогдолгүй. Яагаад гэвэл сүүлийн үед бодлогын ихэнх алдааг Парламент бус Засгийн газар гаргаж байна.

Тиймээс энэ асуудлыг зөвхөн төсвийн талаас бус тогтолцоогоор нь харж үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Үүний дараа төсвийн харилцааны асуудлыг хөндөж болох юм.

-Эдийн засаг хэзээнээс эргэн сэргэх боломжтой гэж харж байна вэ?

-Эдийн засаг хэзээнээс тогтворжих бол гэдгээс илүү манай засаглал хэзээ голдиролдоо орох бол гэж бодох юм. Одоо бол эдийн засгийн бус засаглалын хямрал нүүрлээд байна.

Тиймээс иргэд амлалт харж бус үнэт зүйлээ эрхэмлэж сонгуульд саналаа өгдөг болсон цагт энэ хямрал төгсөх эхлэл болох болов уу.

Н.САНЖААСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД