Миний од

2015 оны 11 сарын 01

Дутаж байна. Үгүйлж байна. Маш их санаж байна. Жил бүрийн өдийд бүр ч их гансарч, ганцаардалд хүлэгдчих юм. Үйлийн үр гэхээс өөр өөдтэй тайлбар олддоггүй энэ ертөнцөд тэмүүлэвч үл хүрэх тэртээ тэнгэрээс намайг харж хандаж, хамгаалж өмгөөлж буйг тань мэднэ ээ, аав аа.

Эцсийн амьсгалаа татаж байх тэр агшинд ч та минь хайрласаар л байсан. Хир халдаалгүй хайрлан өсгөсөн он жилүүдийн өдөр бүрийн тоогоор дэргэд тань байж үнсүүлмээр. Өвөр дээр нь суугаад өөр хэн нэгний тухай алтан хошуу өргөмөөр ч юм шиг. Зэмлүүлсэн мөч бүрийнхээ тоогоор энгэрт тань тэврүүлж нялхармаар, аргадуулмаар байна, аав аа.

Олон хүүхэдтэй айлын том хүү, миний аав. Өнчин хэдэн дүүдээ ах нь, аав нь, өтөл буурай ижийнхээ ганц өмөг түшиг нь байлаа. Ах, эгч, дүү бид тавын сайн сайхны төлөө хатуу хорвоог сөрж амьдарсан юм. Сунаж татсан уул шиг уужуу тайван зан, хиргүй тунгалаг сэтгэл, сүү шиг цагаахан инээд, хэзээ ч худлыг өчдөггүй, тэвчдэггүй тэр хүмүүжил, сургаал дунд өсөж торнисон болохоор аавын минь орон зай дэндүү өгүүлэгдэх юм.

Хэзээ нэгэн өдөр зовлон тохиолдвол таныгаа одоогийнхоосоо ч илүү санаж бэтгэрэхээс эмээнэ. Санаж байна уу, аав аа. Намайг оюутан болдог жил шүү дээ. Гэртээ ялимгүй оройтож ирэхэд Та сур бэлдчихсэн хүлээж сууснаа. Шилбэн дундуур нэг сайн гөвчихөөд буруу харчихсан. Бодвол надад гар хүрсэндээ гэмшсэн байх.

Тэгэхэд би “Би 18 настай. Том хүн болчихсон. Надад битгий заа” гэж бүлт бүлт үсэрч байгаад сурдуулсан. Магадгүй хүүхэд бүр хурдхан л том болохыг хүсдэг биз. Харин аав минь тэр үед “Амьдралд битгий яар, охин минь. Туулах зам чинь хол, бас ээдрээтэй байх болно. Миний хүүхдүүд эмээ, өвөө болсон ч эцэг эхдээ үргэлж нялх үр нь” гэж хэлж билээ.

Энэ үг миний тархи, зүрхийг хатгах шиг л болсон. Одоо бодох нь ээ, таны хөлс, гаансны сайхан үнэрийг цаг хугацаа аажмаар мартуулах ч ухаарал хайрласан үг, үйлдэл бүрийг тань улам ихээр сануулах шиг. Үнэн бүхнээр өндрөөс өндөр индэр хийгээд дээр нь гараад зогсъё.

Хязгаар үгүй зүйлсийг хазаарлан байж хэлье, тандаа хайртай. Тээр дээрх түг түмэн одыг харж байна уу. Хамгийн онцгой, бас хамгийн тод гэрэлтдэг нь минийх. Хүслээр болдог бол өдөр бүр сарыг авч зугтаагаад таныгаа харж суухсан...

Дутаж байна. Үгүйлж байна. Маш их санаж байна. Таны од тодоос тод гялалзаж, гэрэлтүүлж байна, охиныгоо. Сүүдрээсээ өөр найзгүй, бас дайсан ч үгүй ганцаардахад та минь үргэлж надтай хамт, тийм үү.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.41.185 тийм шүү яаг үнэн баярлаа дүүдээ хайртай шүү
202.9.41.185 Мундаг
  • 2015 оны 11 сарын 16