Б.Санчир: “ТОЁОТА МОТОРС”-Т ОРООД ГУРАВ ДАХЬ ТӨСӨЛДӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА

2015 оны 10 сарын 30

“Toyota motors east Japan” компанид инженерээр ажилладаг Б.Санчиртай ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юү. “Тоёота моторс”-т хэрхэн ажилд орсон бэ?

-Дорнод аймгийн Хэрлэн сумын XII сургууль төгсөж, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуульд интерьер дизайны ангид суралцсан. Багаасаа л машин, усан онгоцны загвар сонирхож, дунд ангидаа техник технологийн улсын олимпиадад тогтмол оролцдог байсан минь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн.

Улаанбаатарт байдаг, машины эд ангийн зураг төсөл боловсруулдаг Японы хөрөнгө оруулалттай “Vuteq” корпорацад график дизайнераар жил гаруй ажиллаж, Япон дахь төвд хоёр жил болсон.

Монголдоо гурван жил хувиараа хөдөлмөр эрхэлж байтал “Тоёота моторс”-ын өөр салбарт ажилладаг О.Энхжин найз энд орох санал тавьсан юм. 2014 оны долдугаар сараас Шизүока дахь “Toyota motors east Japan” салбарт инженерээр ажиллаж байна.

-Та ямар ажил гүйцэтгэдэг вэ?

-Машины их биеийг хуванцар эд ангиар бүрхдэг шүү дээ. Би хуванцар гадаргууг тогтоох зориулалттай жижиг эд ангиудын зураг төсөл боловсруулдаг. Тухайлбал, бидэнд ирүүлсэн машины гуперийн зураг төслийг эд анги болтол хөгжүүлэх бүх судалгаа, тооцоотой зураг гаргадаг дамжлагад ажилладаг гэх үү дээ.

-Тус компанид орсноосоо хойш машины хэдэн загварт ажилласан бэ?

-Гурав дахь загварын төсөлдөө оролцож байна. Одоо ажиллаж буй суудлын машины төсөл үйлдвэрлэлд нэвтрээгүй байгаа болохоор энэ тухай ярьж болохгүй. Анхных нь “Лексус Ар Экс” хэмээх загварын эд анги.

Тухайн машины хамар дотор гаднаас орж ирсэн агаарыг радиатор руу чиглүүлэн хуваарилах үүрэгтэй “duct” гэх эд ангийн загвар гаргасан юм. Хоёр дахь нь үйлдвэрлэлийн шат руу дөхөж байгаа.

-Шинэ эд ангийг ямар шаардлагаар, хэр олон дамжлагаар үйлдвэрлэлд нэвтрүүлдэг вэ?

-Эхлээд үзэмж талаасаа ямар байхыг шийднэ. Дараа нь будгийн үйлдвэрийн шаардлага хангасан, бат бөх эсэхийг үзнэ. Хурдтай давхихад эд ангиас шалтгаалж, гаж нөлөө үүсэх үү, жолооч оролдвол гэмтэх үү гэх зэрэг олон зүйлийг шалгадаг.


-Бүтээсэнд нь зохиогчийн гэрчилгээ олгодог уу?

-Үгүй. “Тоёота моторс”-ын эд анги гэсэн нэрээр үйлдвэрлэдэг.

-Амортизатор, нум, тоормосны наклад зэрэг амархан эвдэрдэг эд ангийг илүү урт наслуулахын тулд танай компани юу хийж байгаа бол?

-Инженерүүд техник төхөөрөмжөө илүү сайжруулахааар туршиж, электроник эд ангийн шинэ технологи байнга нэвтрүүлж буй. Нэг загвар шинээр гаргахад олон хүн оролцдог. Миний ажилладаг салбар компанид дэвшилт бүтээл гаргахаас илүү сайжруулах талаас нь судалдаг.

Бид зөвхөн гаднах хуванцар эд ангийн зураг төсөлд оролцдог. Гэхдээ яагаад Монгол дахь машинууд амархан эвдрээд буй талаар бодлоо хэлье. “Тоёота” тухайн загварыг аль улсад гаргахаас хамаарч онцлогтой угсардаг.

Орост нийлүүлж буй машин Монголын нөхцөлд илүү тохирно. Монголд авчирдаг хуучин машинууд Японы уур амьсгал, нөхцөлд таарсан байдаг.

-“Машины эд ангийг хэтэрхий сайн хийдэггүй. Учир нь сайжруулсан технологи өртөг өндөртэй учир хэрэглэгчдийн худалдан авах чадвар муудна” гэж зарим хүн ярьдаг. Энэ үнэн үү?

-“Тоёота”-гийн хувьд худлаа. Манай компани хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн машин бүтээхээр эд ангийн хөгжүүлэлт бүрт их хэмжээний мөнгө зарцуулдаг. Зарцуулсан мөнгөө худалдаанаас олох учир хэрэглэгчдийн сэтгэлд нийцүүлэх их чухал.

-Түлш бага зарцуулдаг эко унаа учир монголчууд “Приус” унах нь олширсон. Гэхдээ хэрэглэгдэхээ болихын цагт түүний зай байгальд хор нөлөө ихтэй юм билээ. Та энэ загварын тухай бодлоо хэлэхгүй юү?

-Хэрэглэхээ больсон зайг Японд үйлдвэрт задалж, дахин ашиглах юм уу, устгадаг байх. Уг нь энгийн нөхцөлд задлах боломжгүйгээр хийж байгаа ч манайхан онгойлгодог байж магадгүй. Хэрэглээ талаасаа “Приус”-ыг Монголд оруулж ирэх нь зөв ч дахин ашиглах, устгах үйлдвэрлэл байх ёстой.


-Монголд машин бүтээх мөрөөдөл, зорилготой инженерүүд бий. “Тэртэй, тэргүй дэлхийд тэргүүлдэг машин үйлдвэрлэлийн компаниуд байхад дэмий юм хөөцөлдөлгүй, Монголд хэрэгцээтэй салбарт хүчин зүтгэсэн нь дээр” гэж зарим нь ярьдаг. Та ямар бодолтой байна вэ?

-Энэ салбарт ажиллаж буй инженерийн хувьд надад ч гэсэн тийм мөрөөдөл бий. Бүгд талхчин болчихвол гутал хэн засах вэ. Бүгд алт ухвал талх хэн барих вэ. Үйлдвэрлэлийн салбар жигд сайжирч байж улс хөгждөг гэж ойлгодог.

-Таны зорилго юу вэ?

-Энэ компанидаа тодорхой хугацаанд ажиллаж, туршлага судлаад эх орондоо очно. Гэхдээ Монголд очоод юу хийхээ одоохондоо төлөвлөөгүй байна.

-Япончуудыг ажилсаг, хариуцлагатай гэдэг. Монгол хүний онцлог давуу тал байна уу?

-Энд надаас гадна Вьетнам, Солонгос, Хятадын инженер ажилладаг. Бусад гадаадынхныг бодоход монголчууд хэл сурахдаа хурдан гэж бодож байна. Туркт үйлдвэрлэх загварын төсөлд манай компанийнхан ажилласан юм. Тэгэхэд англи хэл гадарладаг минь япончуудад хэрэг болсон.

-Гадаад инженер гэж бусад ажилтнаас гадуурхах хандлага илэрдэг үү?

-Үгүй. Инженер хүнд суралцах зүйл их. Тэр бүгдийг ажиллах явцдаа мэддэг. Надад ажлын дадлага туршлага дутах, мэдэхгүй юм их гарна. Япончуудаар заалгаж, зөвлөгөөнийх нь дагуу гүйцэтгэдэг. Мэдэхгүй зүйлээ тэднээр заалгачихаад дахин асуухад дургүй.


-Тэгвэл япончуудын зан чанараас юу сурч байна вэ?

-Тэд ажлын төлөвлөгөө боловсруулах, цаг барихдаа гаргууд. Нэгэнт амласан бол заавал биелүүлдэг. Багаар ажилладаг учир хоорондоо мэдээллээ сайн солилцдог. Ажилдаа ямар нэгэн алдаа, гэмтэл гаргавал удирдлагадаа шударгаар мэдээллэдэг юм билээ.

-Танай ажлын нөхцөл ямар вэ?

-Том танхимд бүх шатны дарга, цэрэг хамт суудаг. Долоон хоногийн таван өдөр ажиллана. Ажлын найман цагтай. Гэхдээ хийх юм ихтэй тул өдөрт 3-4 цаг илүү хөдөлмөрлөдөг. Ажлын байран дээр зураг авах, машины эд ангийн зураг төсөл гадагш авч гарах хориотой.

Японд нас, ажлын туршлага, гэр бүлтэй эсэхээс шалтгаалж цалин тогтоодог. Би цалиндаа сэтгэл хангалуун байдаг.

-Цаашдаа “Тоёота моторс”-ын одоо ажиллаж буй салбартаа үлдэх үү, эсвэл өөр үйлдвэрлэл явуулдаг хэлтэст ажиллах хүсэлтэй юү?

-Инженерийн ажил хийж байгаа ч боломжтой бол дизайны хэлтэст ормоор байна. Одоо хийж байгаагаас хэцүү ч илүү сонирхолтой байх.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.193.181 lag uma
202.70.46.214 sn umbe
37.220.133.161 Tsaashdiin ajil amidrald ny ih amjilt husie.