Д.Энхболд: Нүүрсээ ашиглан цахилгаан үйлдвэрлэж, экспорт хийх боломж байна

2015 оны 10 сарын 29

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа.

-Хөх хотод саяхан Монгол, Хятадын экспо болж өнгөрлөө. Энэ үеэр хоёр орны уул уурхайн салбарынхан хамтран ажиллах, хөрөнгө оруулах талаар яриа өрнүүлэв үү?

-Энэ үеэр уул уурхайн бус салбарынхан хамтран ажиллах яриа хэлэлцээ хийсэн. Хятадын тал манайхаас түүхий эд худалдан авахад бэлэн гэдэг. Гэхдээ зах зээлийн эрэлтээс хамааран манай нийлүүлсэн бүхнийг бидний хүссэн үнээр худалдаж авах аргагүй болчихлоо.

Түүхий эдүүдийн үнэ хямдарч байна. Тиймээс дотоодын экспортлогчид өртгөө бууруулж чадахгүй бол цаашид ажиллахад хүндрэлтэй. Тухайлбал, манай нүүрсний компаниуд бараг бүгд үйл ажиллагаагаа зогсоосон.

-“Эрдэнэс Тавантолгой”-гоос эхлээд ганц хоёр компани экспорт хийж байгаа юм биш үү?

-“Эрдэнэс Тавантолгой” компани олборлолт хийгээгүй. Өмнө нь олборлосноо экспортолж байгаа гэсэн. “Энержи ресурс” саяхан үйл ажиллагаагаа зогсоосон байна. Нүүрсний үнэ сард дунджаар 3.4 хувиар хямдраад байна.

Мөн хагас жилд 14.9 хувиар буурсан гэсэн үзүүлэлт бий. Ийм нөхцөлд компаниуд экспорт хийгээд ашиг олох нь бүү хэл өртгөө ч нөхөж чадахгүй байна.

-Коксжих нүүрсний эрэлт буурахаар үүнийг дагаад төмрийн хүдрийн үнэ унаж байна.

-Манай улс төмрийн хүдэр болон коксжих нүүрсээ зөвхөн урд хөрш рүү экспортолдог. Хятад улс гангийн хоёр жилийн нөөц хуримтлуулсан. Тиймээс төмрийн хүдэр, коксжих нүүрсний эрэлт буурч байна. Үүнийг дагаад үнэ хямдарч буй.

Гэхдээ нүүрсний хувьд үнэ уруудсан гэхээсээ илүү хэсэг хугацаанд огцом өссөний дараа эргээд хөрсөн дээрээ бууж байна гэж үзэж болно.

...Хятад гангийн нэлээд хэмжээний нөөцтэй болсон гэж би өмнө нь хэлсэн шүү дээ. Хоёр, гурван жилийн дараагаас үйлдвэрлэл нь жигдрэхээр коксжих нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ нь өсөж магадгүй л юм. Гэхдээ 2008, 2011 оных шиг хоёр, гурав дахин өсөхгүй...

-Үнэ өсөх таамаг бий юү?

-Хятад гангийн нэлээд хэмжээний нөөцтэй болсон гэж би өмнө нь хэлсэн шүү дээ. Хоёр, гурван жилийн дараагаас үйлдвэрлэл нь жигдрэхээр коксжих нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ нь өсөж магадгүй л юм. Гэхдээ 2008, 2011 оных шиг хоёр, гурав дахин өсөхгүй. Ер нь одоо нүүрсний зах зээлд өрсөлдөхөд улам хүнд болж байна.

Сүүлийн жилүүдэд манай өрсөлдөгчид хэдэн алхам урагшилсан байхад бид байрнаасаа хөдөлсөнгүй. Гэхдээ эрчим хүчний нүүрсээ ашиглан цахилгаан үйлдвэрлэж, экспортод гарган мөнгө олох боломж бий. Тиймээс одоо үүнийг л ашиглах хэрэгтэй.

Одоогийн байдлаар манай улсад Тавантолгойн болон ДЦС V гэх мэт хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж байна. Энэ төслийн ажлаа л эрчимжүүлэх шаардлагатай юм.

-“Шарын гол” компани “Монгол саммок ложистик”-тай хамтран БНСУ руу туршилтын экспорт хийхээр төлөвлөж байгаад чимээгүй болчихлоо. Үнэ өсөхгүй төлөв бий учраас туршилтын экспорт хийх боломжгүй болчихов уу?

-Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд гаргая гэвэл төмөр замаа баримаар байна. Төмөр замын асуудлаа дотооддоо шийдсэний дараа Хятадтай транзит тээврийн гэрээ байгуулах шаардлагатай.

Туршилтын экспорт хийхдээ дамжин өнгөрч буй оронтойгоо богино хугацааны хэлэлцээ хийгээд ажиллаж болдог. Харин байнгын тээвэр хийе гэвэл транзит тээврийн гэрээ хийх хэрэгтэй.

-Төрөөс БНХАУ-ын талтай транзит тээврийн гэрээ хийх, импортын нүүрсэнд ногдуулдаг татвараас чөлөөлүүлэх гэх мэтчлэн өртөг бууруулахад чиглэсэн ажил хийвэл экспортлогчдод дэм болох байх. Гэхдээ энэ ажил урагшгүй л байх шиг байна?

-Тийм. Энэ чиглэлээр огт ажил хийхгүй байна. Ашигт малтмалуудын үнэ хямдарч, зах зээл тааруу байгаа үед төрөөс уул уурхайн салбарынхныг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй юм. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар экспортод гарч буй бүтээгдэхүүний тн тутмаас хилийн бүрдүүлэлтийн хураамж гэж 1500 төгрөг авдаг.

Үүнийг тэглэвэл нүүрс экспортлогч компаниудад маш их дэмжлэг болно. Энэ хураамжийн хэмжээг хилийн бүрдүүлэлт хийхэд гарах зардлаас хамаарч тогтооно гэж заасан байгаа. Гэтэл Гаалийн ерөнхий газрын нийт зардлаас давсан хэмжээний мөнгө экспортлогчдоос хурааж байгаа юм.

Энэ хураамжийг авах болсон нь хууль бус гэж Уул уурхайн үндэсний ассоциаци үзэж шүүхэд хандсан. Одоогийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй байна.

-Дотоодод гангийн үйлдвэр барих төсөл хэрэгжинэ гэж байгаа. Энэ нь нүүрс, төмрийн хүдэр олборлож буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх боломжтой юу?

-Зах зээлээ судалж байж үйлдвэр барих хэрэгтэй. Манай өмнөд хөрш хоёр жилдээ хангалттай нөөцтэй. ОХУ манайхаас ган худалдаж авахгүй. Тиймээс гуравдагч зах зээлд гаргахын тулд транзит тээврийн гэрээ байгуулах шаардлагатай.

-Уул уурхайн компаниуд хайгуул, олборлолт хийхэд тухайн орон нутгаас зөвшөөрөл авах болдог. Тусгай зөвшөөрлөө авчихаад олон жил хайгуул хийж, нөөц илрүүлээд олборлолтоо эхлэх гэхээр дахиад нэг хаалт гарч ирдэг нь их хүндрэлтэй байдаг бололтой?

-Манайх холбооны улс биш шүү дээ. Ашигт малтмалын ордыг ашиглахад орон нутгийнхны саналыг тус гахаас биш зөвшөөрөл авах нь сайн хувилбар биш. Мөн уул уурхайн компани бус Ашигт малтмалын газар лицензийн талбайг зарлахаасаа өмнө орон нутгийнхныхаа саналыг авч байх ёстой юм. Ийм зохицуулалт байхгүйгээс болоод зарим компанийн ажил урагшлахгүй байна.

-Уул уурхайн салбараа хөгжүүлж, эдийн засгаа тэтгэж байгаа орнуудад манайд гардаг шиг энэ мэт асуудлыг хэрхэн зохицуулсан байдаг юм бол?

-Тухайн орны засаглалаас шалтгаална. Тухайлбал, Австрали улсад ашигт малтмалын орд ашиглах гэж буй бол тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөл болон уул уурхайн компани 30 хоногийн дотор асуудлаа шийдвэрлэж, хэлцэлд хүрэх ёстой байдаг.

Тохиролцож чадахгүй бол Засгийн газар нь олборлолт хийх зөвшөөрөл олгоод компанийн үйл ажиллагааг саадгүй үргэлжлүүлдэг.

-Тэгэхээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан л бол компанийн үйл ажиллагаа саадгүй үргэлжлэх юм байна, тийм үү?

-Тийм учраас Засгийн газар тухайн ордыг ашиглахтай холбоотой бүх асуудлаа шийдвэрлэсний дараа лиценз олгодог юм.

-Одоогийн байдлаар олгосон ашиглалтын лицензийн нийт талбай манай улсын газар нутгийн хэдэн хувийг эзэлж байгаа бол?

-Нийт газар нутгийн 0.4 орчим хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Ер нь ашигт малтмалын орд ашиглах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдгийг хүн бүхэн мэднэ. Хамгийн гол нь байгаль орчны нөлөөллийг нь үнэлж байгаа.

Уул уурхайн компаниуд хуулийн дагуу олборлолт хийсний дараа байгаль орчноо нөхөн сэргээх үүрэгтэй. Үүнийг манай улсын хууль, журмаар зохицуулаад өгчихсөн байгаа. Олборлох салбар тойрсон маргаан хаа сайгүй гардаг. Гэхдээ уг маргааныг шийдвэрлэдэг болохоос биш манайх шиг гацаагаад орхидоггүй.

-Нөгөө талаас нөхөн сэргээлт хийдэггүй, хариуцлагагүй компани цөөнгүй байгаа шүү дээ.

-Тийм. Манай улсад нөхөн сэргээлт хийгээгүй 4000 га газар бий. Гэтэл бэлчээрийн нөхөн сэргээлт хийгээгүй хэдэн сая га газар байгаа. Гэхдээ мал аж ахуйн салбарыг хэн ч оролддоггүй. Ер нь газар тариалан, мал аж ахуй, барилга, уул уурхай гээд аль ч салбар нөхөн сэргээлт хийх ёстой юм.

Газар ашигладаг бүх салбар үүнийг хийх үүрэгтэй. Манай улс олон сая ямаатай. Ямаа олширч буй нь цөлжилтийг нэмэгдүүлж байгаа. Гэтэл зөвхөн уул уурхайн салбар байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг мэтээр ярьдаг.

-Ирээдүйд үнэ цэнэ нь өсөх ашигт малтмал юу байна вэ?

-Ашигт малтмал тухайн үеийнхээ эрэлтээс шалтгаалан үнэ цэнэ нь өсөж байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед бууны сум хийхэд хэрэглэдэг вольфрамын эрэлт их байсан. Одоо бол үүнийг хэн ч тоохгүй. Хүн төрөлхтөн цахилгаан хэрэглэж байгаа үед зэсийн үнэ цэнэ буурахгүй.

Нүүрсний хэрэглээ өсөж, буурч л байгаа. Одоо ирээдүйд үнэ цэнэ нь өсөх ашигт малтмал бол газрын ховор элемент л юм. Манай улсад газрын ховор элементийн 6-7 илэрц байдаг гэдэг. Нөөцийг нь одоогийн байдлаар нарийн тодорхойлоогүй байна.

Гэхдээ нүүрсээ шатааж цахилгаан үйлдвэрлэдэг шиг ашигт малтмал бүрийг дараагийн бүтээгдэхүүн болгодог нь сайхан юм.

Н.САНЖААСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.37.102 Төмрийн хөдрийг өөртөө боловсруулья