ДЭЛХИЙН АВАРГЫН АМЖИЛТАА ОЛИМПОД БАТАЛСАН Д.ОЮУНБОЛД

2015 оны 10 сарын 26

Д.Оюунболдын хөшөөг Сэлэнгэ нутагт нь сүндэрлүүлэх мэдээг сонсоод түүний тухай бичсэн хуучин бичлэгээ, бас хэвлэлд гаргалгүй, фотогоо “Таван цагариг” сониныхны даалгавраар зэхлээ. Москвагийн Олимпийн медальтнууд Буянт-Ухаа

Манай оронд бөхийн чөлөөт барилдаанаар улсын аваргын алтан медалиар энгэрээ мялаасан бөх хорьдугаар зуунд 117 тодорсон байгаа. Тэдгээр аваргаас шилдгийн шилдэг нь тив, дэлхий, олимпийн наадамд эх орноороо овоглон барилдсаар яваа.

Чөлөөтийнхнөөс улсын аваргын тэмцээнээс 12 алтан медаль авсан бөх ганцхан бий. Түүний тухай бичихээр зэхэж байхдаа ийм нэг тоо олсон юм. Дээр өгүүлсэн 117 аваргын дотроос 12 алтан медальтан нь хоёрдугаар байрт орж байна билээ.

Тэргүүлэгч нь улсын аваргын 14алтан медальт Х.Баянмөнх баатар. Улсын дэвжээнд дархан аваргын удаа орж яваа энэ бөх дэлхийн аваргын болон олимпийн их наадмын аль алинаас нь хүчтний медаль булааж чадсан цөөхөн бөхийн (тамирчин) нэг.

Бөхийн чөлөөт барилдааныхнаас домогт Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, З.Ойдов, Д.Сэрээтэр нар л түүн шиг олимп, дэлхийн давхар медальтай. Ийм утгаар дүгнэвэл Дугарсүрэнгийн Оюунболд манай чөлөөтийн гарын таван хуруунд тоологдох сайчуулын эгнээнд багтах гавьяатан мөн.

Сэлэнгэ аймгийн нутагт 1958 оны аравдугаар сарын таванд төрж, ардын армид Дамдиншарав гавьяатын гарын шавь нарын нэг болж багшийнхаа санасанд хүрч, сэтгэлийг амрааж яваа энэ бөхийн тухай олон зүйл өгүүлж болох ч цөөн содон баримтыг сонголоо.

МЕХИКОД ЦАХИУР ХАГАЛСАН 1978 ОН

Бөхиин чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах 18 дахь тэмцээн 1978 оны наймдугаар сарын 24-27-нд Мехико хотод болсон түүхтэй. Тэнд дэлхийн 28 орны 158 бөх 10 жингийн 30 медалийн телөө барилджээ. Харин медаль авсан 11 орны тоонд Монгол Улсын нэр багтсан удаатай.

Тэнд 1968 онд манай чөлөөтийнхөн одтой барилдаж олимпийн дөрвөн ч медаль авсан болохоор дэлхийн аваргын дэвжээнээс монголын бөх медаль авахад Мексикчүүд огтхон эргэлзэхгүй байсан нь лавтай Д.Оюунболд (57 кг) Мехикод эхлээд Туркийн аварга Гьокдоныг оноогоор, дараа нь Румыний Нягуг ялсан юм билээ.

Гурвын даваанд түүнтэй Монголчуудын хуучин танил, дэлхийн аваргын медальт бөх БНАГУ-ын Д.Брухерд таарчээ. Брухерд манай М.Хойлогдоржийг нэг удаа 3:37-гоор буюу бөхчүүлийн хошигнон хэлснээр сагсан бөмбөгийнхний хожлоор ялсан гэдэг юм.

Тийм лут «амьтныг» давж багийнхаа ахын «өшөөг» авсан нь сайхан. Дөрвийн даваанд учирсан АНУ-ын бөх М.Кэндийг цэвэр, тавын даваанд Болгарын И.Цочевийг оноогоор дийлээд зургаагийн даваанд ЗХУ-ын бөх Б.Ибрагимовт оноогоор ялагджээ.

Долоогийн даваад Японы Х.Томияматай таарч барилдааны төгсгөлд 5:5 оноотой байхдаа халз хутгуулж нэг оноо алдаад Японы бөхийг аварга болгочихсон тохиол бий. Хойтон жил нь ч Х.Томияма дахиад дэлхийн аварга болсон.

Д.Оюунболд Мехикогоос ирснийхээ дараа өөрийн барилдааны тухай ярихаас илүү Х.Баянмөнх аваргынхаа тухай харамсан:

-Манай аварга нэгийн даваанд БНАГУ-ын нэрт бөх Х.Бютнерийг ялчихаад дараа нь хүнд гэмтчихлээ. Өнөө анх даваанд унасан Х.Бютнер дахиад нэг ч ялагдахгүй түрүүлчих юм. Аварга маань бэртээгүй бол гэж бодохоос надад нэг л сонин байх юм гэж хуучилсан юм даг.

Д.Оюунболд дэлхийн шилдэг багуудын цомын төлөөх тэмцээнд 1981 онд маш сайн барилдаж мөнгөн медалиар энгэрээ мялаасан бөх. Энд мөнгөн медаль авсныг маш сайн гэж тодотгож байгаа юм биш. Олимпийн аварга (ЗХУ) М.Абушевийг хугацааны ихэнхэд хожиж явснаар нь тодотголоо.

Мехикод цахиур хагалж явсан түүний хүрэл медаль Москвагийн наадмын дараа хос болсон түүхтэй.

МОСКВАГИЙН «ХҮРЛИЙН» ТУХАЙ ӨГҮҮЛЭХ ТҮҮХ

Зуны олимпийн XXII их наадмын бөхийн чөлөөт барилдаанд 33 орны 151 бөх барилдсан. Тэндээс Д.Оюунболд хүрэл медальтай ирж билээ. Тэр медалийг авахын тулд манай бөх долоо барилдсан. Тэдгээр барилдааны үр дүн нь хүрэл медалийн тухай өгүүлэх түүх болох учиртай.

Монголын аварга Москвад дэвжээний хуучин танил Румын эр А.Нягуг оноогоор хожиж замаа засаж жиндээ орсон гэдэг. 12-13 кг хасдаг бөхийн хувьд аливаа тэмцээний эхний барилдаан хатуу.

Үүнийг жин хасдаг тамирчид л бүрэн мэднэ. Жин хасахад хэцүү гээд бичихэд ч уншихад ч тойм төдий ойлголт шүү дээ.

Хоёроос дөрвийн даваанд Перугийн Уртода, Кубын Родригес, Иракийн Махнул гурвыг дараалан цэвэр даржээ. Тавын даваанд Болгарын И.Цочев монголын Д.Оюунболд хоёрыг барилдаж байхад БНАСАУ-ын Хи Хо Пин бэлтгэлийн биш энгийн хувцастай танхимд сууж байсан гэлццэг.

Учрыг тодруулахад Зөвлөлт, Монгол, Болгарын бөхчүүд найз нар, тэд хувилдана гэсэн таамаг солонгос төдийгүй бусад орны зарим бөхөд байж л дээ. Хэрвээ Д.Оюунболд И.Цочевт ялагдчихвал Солонгосын бөх цааш барилдахгүйгээр дөрөвт орох, харин Монголын бөх ялчихвал Болгар эр медальгүй хоцорч, Солонгосын бөх мөнгөн медалийн төлөө барилдах ч боломж гарах эгзэгтэй нөхцөл бүрдсэн үе байлаа.

Тийм эгзэгтэй агшинд монголын бөх шударгаар барилдаж өрсөлдөгчөө ялахад Солонгос эр баярлахдаа суудлаас үсрэн босоод гоёлын хувцсаа тайлж, бэлтгэлийнхээ хувцсыг яаран өмсөөд бие халаалт хийж эхэлснийг манайхан ажигласан байдаг юм.Түүний дараа баярласан, баярлуулсан хоёр бөх өмнө нь юу ч болоогүй юм шиг дахин дэвжээнд өржээ.

Тэд тун өрсөлдөөнтэй барилдсаар хугацаа гүйцэхэд 7:7 оноотой болсон учраас анхны оноо авсан БНАСАУ-ын бөх ялагчаар тодрон ахин баярлажээ. Оюунболд тун тэнцүүхэн барилдааныхаа дараа хөлсөө ч гүйцэд сэврээж амжилгүй ЗХУ-ын бөх дэвжээний эзэн С.Белоглазовтой барилдаж дийлдээд олимпийн хүрэл медалийн эзнээр тодорсон түүхтэй.

Хоёр жилийн өмнө дэлхийн аваргаас авсан хүрэл медалиа олимпийн хүрэлтэй хосолж, өмнөх амжилтаа бататгасан түүх товчдоо ийм. Зөвхөн өгүүлэн буй хоёр том медалийн түүхээр жишин дүгнэхэд манай бөх Оюунболд дэлхийн шилдэг тамирчны нэг яах аргагүй мөн.

Сонирхолтой нь ийм лут бөх 1978 онд биш, 1980 онд ч бүр биш 1990 онд л Монгол Улсын гавьяат тамирчин цолтой болсондоо өнөө хэр өөрөө гайхаж явдгаа нуугаагүй ээ. Өөрөөс нь хойш буюу 1980 оноос олимпийн медальтай бөх чөлөөтийнхний армиас гарахгүй удсаар байгаад тэр багагүй санаа зовж явдаг бололтой юм билээ. Энэ тухайгаа

-Спортоо, тэр тусмаа олимпийн төрлүүдээ төр засаг ивээлдээ авсан шиг авахгүй бол тамирчдаас амжилт хүлээхэд хэцүү. Би сайхан үеийн тамирчин. Бэлтгэл дасгалаас өөр санаа зовох юмгүй явлаа. Цүнхээ бариад онгоцонд суух үүрэгтэй явжээ гээд санаа алдсан удаатай.

НЭГ Ч ТӨГРӨГНИЙ ЦАЛИНГҮЙ АТЛАА 600000-ЫН ЦАЛИНГААС ТАТГАЛЗСАН ДАСГАЛЖУУЛАГЧ

Бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 1998, 1999, 2000 онд «Хангай» клубийн хүүхдүүд багаараа түрүүлээд байна. Залуучуудын аваргын тэмцээнд энэ багийнхан сүүлийн хоёр жил дараалан мөнгөн медаль авсныг мэдэх хүн олширчээ.

Бас насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээнээс энэ багийн хүү Д.Батболд мөнгөн медаль авч чөлөөтийн багш, дасгалжуулагчдын дунд хөөрхөн шуугиан дэгдээд байгаа.

«Хангай» клубийн залуу бөхчүүл жилээр биш сараар хүч тэнхээ, авьяас, чадлаараа тодрох болсныг анзаараг муутайхан хүмүүс ч гадарлахтай болоод байна.

Тэр клубийг дээр өгүүлэн буй гавьяат тамирчин маань үүсгэн байгуулалцаад өөрөө дасгалжуулагчаар ажиллаад цөөхөн жил болжээ. Цөөн жилийн ажлын дүн нь чамлалтгүй явааг Д.Оюунболд,

-Манай «Хангай» клубт 163 хүүхэд хичээллэдэг. Тэдний дундаас 2004 оны олимпийн медальтан төрөх үндэстэй. Би цөөн биш хүүхдэд найдаж байгаа. Ер нь өөрийнхөө барилдаж явсан жингийн бөх л бэлтгэх санаатай.

Одоогоор Хойлогдорж гуайн нутгаас сонгож олсон Д.Батболд, Д.Эрдэнэбат хоёр ер нь овоо боллоо. Бүр Сэлэнгээс намайг дагаж ирсэн ДЛхагвадорж сайжирч л байна. Нэг урамтай юм гэвэл миний шавь нар хөдөлмөрч, эв нэгдэлтэй. Ийм хүүхдэд мэддэг чаддаг юмаа заахад сайхан даа. Би шавь нартаа итгэдэг. Намайг бас хүүхэд байхаас минь Дамдиншарав багш минь итгэл хүлээлгэн сургаж дасгалжуулсаар өдий хүргэсэн.

Миний дасгалжуулагчийн замыг ч бас багш минь чиглүүлж өгсөн. Би багшийн ачаар тамирчин, бөх болсон, багшдаа баярлаж, багшаараа бахархаж явдаг. Ачийг нь хариулахыг хичээдэг. Гарын хэдэн шавь нарын минь дундаас дэлхий, олимпийн медальтай бөх гарвал бүх монголчууд баярлана, багш минь бүр ч их баярлах нь мэдээж.

Туйлын зорилго минь багшаа дахин баярлуулах. Миний бодлоор 2004 он ойртсоор байна гэлээ. Гавьяат тамирчны надад ярьсан зүйл товчдоо энэ. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Магсар:

-Д.Оюунболд болон «Хангай» клубийн хэдэн дасгалжуулагч цалингүй зөвхөн сэтгэлээрээ зүтгэж бөх бэлтгэж яваа юм шүү дээ гэж нухацтай өгүүлсэн нь олон зүйл бодоход хүргэлээ.

Би «Хангай» клубийг байгуулалцсан хүний хувьд сэтгэлээрээ залуусын үгээр бол бор зүрхээрээ л зүтгэж явна, төр, засаг, биеийн тамирын байгууллагаас нэг ч төгрөгний цалин авдаггүй юм. Хүүхдүүдээс сургалтын төлбөр энэ тэр гээд мөнгө авах боломжгүй.

Манай клубийн хүүхдийн олонх нь гэр хороололд аж төрдөг, зарим нь бүр хөдөөнийх. Нарийндаа тэд бөх болох баян сэтгэлтэй ч төлбөрийн чадваргүй гэж ярьсныг нэхэн бодоход хүрэв.

Хятадын нэгэн хотын бөхийн клуб Д.Оюунболдыг дасгалжуулагчаар ажиллахыг уриад сард 6000 юань цалинд өгье, байр сууцаар хангая гээд нэлээд хөөцөлдсөн юм билээ. Одоогийн мөнгөний ханшаар бодоход наанадаж сард 600000 төгрөг өгье гэжээ дээ. Манай гавьяат үгүй гээд хөдлөөгүй юм байна.

Албан ёсны огт цалингүй хүн сарын сая шахам төгрөгний цалингаас татгалзсан нь бөхийн хүрээний төдийгүй спортынхны дунд багагүй шуугиан дэгдээгээд намжсан удаатай. Өөртөө итгэж, ирээдүйгээ харсан дасгалжуулагч «маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг» гээд гүйдэггүй ажээ.

Багшийнхаа энэ сайхан сэтгэл сонирхолтой шийдвэрийг хамгийн их хүндэтгэн дээдлэх хувь түүний шавь нарынх байх учиртай. Тэдэнд яаж итгэж явааг бяцхан шавиас нь эхлээд улсын аваргын медальт «Хангайн» бөхчүүл ухаарч бэлтгэл, дасгалаа улам эрчимжүүлэх нь лавтай.

Санаа зөв бол заяа түвшин гэдэг дээ.

2001 он

Р.ЧУЛУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
2.30.69.54 Mongol Ulsiinhaa neriig olon Ulsad saihan barildaanaar shuuguulj yavsan saihan Mongol Mongol zaluu ,,,,,
73.22.153.140 ih caihan zyrag bna aldar cport horoon darga tabhain hamt
73.22.153.140 minii hairtai cain boh bid aldar niigemlegt hamt olon jil tamirchin bcan