Ц.Цэвэгсүрэн: Мэргэжлийн түвшний зохиолыг сонсох хүн цөөрч байгаа нь харамсалтай

2015 оны 10 сарын 26

СУИС-ийн ХУС-ийн тэргүүлэх профессор, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд “Өнөөдөр” сонины уншигч-сурвалжлагч болов. Тэрбээр зорилго, зүтгэл нэгтэй хамтрагчтайгаа Монголын хөгжмийн урлаг, үндэсний хөгжимд зориулсан бүтээлүүд болон энэ салбарын ирээдүй хойчийн тухай ярилцсан юм.

Түүнд ярилцлага өгсөн эрхмийг Ц.Цэвэгсүрэн гэдэг. СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн  Хөгжимдөх урлагийн тэнхмийн эрхлэгч, лимбэчин тэрбээр саяхан хөгжмийн зохиолч С.Соронзонболдтой гар нийлэн ажиллаж сургалтынхаа урын санг баяжуулах 25 зохиолыг өлгийдөн аваад байгаа юм.

Жилдээ ганц удаа болдог “Алтан намар” наадмын дараа Улсын санд шилдэг 10 бүтээлийг 50 сая төгрөгөөр үнэлэн худалдаж авдаг. Хөгжмийн зохиолчид болон том хэлбэрийн дан хөгжмийн зохиол бичдэг хүмүүсийг урамшуулж, мэргэжлийн төвшний зохиол бүтээлийг хадгалан үлдэж байгаа чухал дэмжлэг энэ. Харамсалтай нь сүүлийн хоёр жил эдийн засгийн хямрал, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан оюун санааны боловсрол олгох баялаг өв сангаасаа хэмнэлт хийчихээд байгаа юм.

Тэгвэл СУИС  үндэсний хөгжмийн сургалтын урын санг шинэчлэн баяжуулах  зорилгоор шинэ бүтээлийн төсөл хэрэгжүүлж 40-өөд сая төгрөгөөр хөгжмийн зохиолчдын бүтээлийг худалдан авч сургалтын урын сандаа оруулаад  байна. Сургалтын урын сангаа баяжуулах эхний зорилготой хэдий ч алс хэтдээ Монголын үндэсний хөгжмийн урлагт том хөрөнгө оруулалт болох нь дамжиггүй.


-Сонгодог хөгжмөөр тоглох зохиол элбэг хэдий ч үндэсний хөгжмийн зэмсэгт зориулсан том хэлбэрийн бүтээл ховор. СУИС байгуулагдсаныхаа дараа хөгжмийн зохиолчдоос цөөн хэдэн зохиол худалдан авч байсныг санаж байна. Мэргэжлийн багш нарын санаачлагаар энэ ажил өрнөж байсан. Түүх сөхөж үзвэл 1-3 төгрөгөөр авсан зохиол ч байх юм. Ардчилалаас хойш үнэ нь арай өсөж 8000, 15000 болсон байх жишээтэй.

Хамгийн өндөр үнээр худалдаж авсан нь Х.Билэгжаргалын  Төгөлдөр хуурын концерт юм билээ. Гар бичмэлийг нь 1996 онд 250 мянган төгрөгөөр авчээ. Түүнээс хойш их мөнгө төлөвлөж зохиол авсан тохиолдол ховор. Харин өнгөрсөн долоо хоногт хэрэгжүүлсэн төсөл Монголын хөгжмийн зохиолчдын оюуны бүтээлийг сургалт, судалгааны эргэлтэд оруулахад ач холбогдолтой боллоо. Энэ санаачлага хэрхэн гарсан бэ?

-Монгол Улсад дээд боловсролтой ардын хөгжмийн мэргэжилтнүүдийг 1990 оноос эхлэн бэлтгэж эхэлсэн. Өмнө нь гадаадад, ялангуяа ЗХУ-д л сургадаг байсан.

Тухайн үед мэргэжлийн сургалт явуулах шаардлага хангах бүтээл ховор байсан болов уу. Сургалтад шаардлагатай бүтээлүүдийг анх Н.Жанцанноров, Б.Шарав, С.Соронзонболд, Д.Цогтсайхан  зэрэг хөгжмийн зохиолчдоос авч байсан байдаг. Ихэвчлэн гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээлийг өөрийн зэмсэгтээ хөрвүүлж тоглох эсвэл багш нар нь ямар ч үнэ ханшгүйгээр сэтгэлээрээ зохиол бүтээлээ захиалан бичүүлээд л сургалтаа явуулсаар ирсэн байдаг.

Өнгөрсөн жил манай тэнхмээс санаачлан урын сандаа шинэчлэл, баяжилт хийх төсөл боловсруулж удирдлагадаа танилцуулсан. Сургуулийн захиргаа маш таатай хүлээн авч, дэмжсэн. Ингээд 4-5 сарын хугацаанд шинэ бүтээлүүд төрж, бид хүлээн аваад байна.  

Гадаадад урлагийн сургуулиуд нь ихэвчлэн төрийнхөө ивээлд байж, санхүүжилт авч ажилладаг юм билээ. Харин манайх оюутнуудынхаа төлбөрөөр л явж байна.

-Төслийн хүрээнд  болзлын дагуу шаардлага хангасан, хүртээмжтэй бүтээл ирж чадав уу. Хөгжмийн зохиолчид өргөн бүрэлдэхүүнээр оролцов уу?

 

-Ихэвчлэн залуу хөгжмийн зохиолчид  оролцлоо. Үндэсний хөгжмийн зэмсэг дундаас ятга, морин хуурт зориулсан бүтээл боломжийн хэмжээнд байгаа гэж үзсэн учраас бусад хөгжмийн урын санд зориулж бүтээлийн уралдаан зарласан юм.

Их хуур, шанз хөгжимд зориулсан бүтээл ирсэнгүй. Хөгжмийн зохиолчдыг өргөн хамруулахын тулд бүгдэд нь удирдамжаа танилцуулсан. Энэ удаа 12 хөгжмийн зохиолчийн 25 бүтээл ирсэн. Сайн чанартай бүтээл ч байлаа, удирдамжид заагдсан шаардлагыг хангаагүй бүтээл ч бас байсан.

-Үндэсний хөгжимд зориулсан бүтээлээрээ ард олноо баясгаж яваа алдартай хөгжмийн зохиолчид, бидний үлгэр дуурайл болсон Төрийн шагналтай хөгжмийн зохиолчид болох Н.Жанцанноров, Б.Шарав багш маань яагаад оролцсонгүй вэ.  Мөнгийг нь голчихов уу?

-Шагналын сангийн тухайд бид судалгаа хийж алтан дунджийг нь баримтлан мөнгөө төсөвлөсөн.  “Алтан намар” наадмын хүрээнд Улсын санд бүтээл худалдан авдаг жишиг байдаг.  Ямартай ч удирдамжаа бид хүргүүлсэн. Хугацаа нь бас нэг их шахуу байгаагүй болов уу. Бид дөрөвдүгээр сард энэ төслийн уралдааныг зарласан.

Ер нь энэ хоёр зохиолчийн бүтээлүүд ардын хөгжмийн урын санд хангалттай байдаг.

-Би  ч бас энэ уралдаанд бүтээлээ сойсон. Бас бүх хөгжмийг  сонслоо. Даяарчлал хэмээх зүйл хөгжмийн бүтээлд ч нөлөө үзүүлж байгаа бололтой.  Социализмын үеийг санагдуулам аялгуу сонсоод хэнийх юм бол гэтэл ардын хөгжимд авьяас билгээ зориулсан ахмадуудын маань зохиол байсан.

Мэргэжлийн хөгжмийн зохиолч биш хүмүүс ч оролцоно лээ. Нэг талаараа энэ уралдаан хүмүүсийн далд авьяасыг илрүүлсэн юм болов уу. Төрөл бүрийн агуулга, хэлбэртэй зохиол тоглолоо. Та бүхэнд ямар санагдав?

-Гоцлол бүтээлүүддээ том хэлбэрийн, ур чадвар хөгжимчнөөс ур чадвар шаардсан зохиол, найрал хөгжим болон цөөхүүлд зориулсан бүтээлийг концертод ашиглахаар удирдамжид оруулсан.  Мэргэжлийн хөгжмийн зохиолч биш ч авьяас билгээрээ бүтээж, туурвиж яваа залуу  хөгжимчид оролцсон. Эдгээр залуучуудын авьяас билгийг ч энэ төсөл сорьсон байх. 

Ер нь манай ардын хөгжимчдөөс гавьяат жүжигчин, ёочинч Ж.Мэнд-Амар, лимбэч М.Бадам нарын авьяастнууд тухайн хөгжимдөө зориулсан зохиол, бүтээл туурвиж байсан түүх бий. Тэдний олон сайхан бүтээлүүд байдаг. Мэдээж залуу оролцогчдын бүтээл мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс ялгаатай байсан. 

Ер нь шүүгчдээс “Хэт аялгуу хөөцөлдсөн байна”, “Тэр хэсэгт тэр хөгжмийн зохиолчийн аялгуу сонсогдож байна” гэх мэт шүүмжлэл гарч байсан.  Сургалтын урын сангаа баяжуулж, оюутнуудыг хөгжүүлэх зорилготой учраас бид олон талыг нь харж дүгнэсэн.  

Бас уралдааныг дүгнэх явцад мэргэжлийн хөгжмийн зохиолчид ч гэсэн яаж бичвэл зүгээр вэ гэх мэтээр санаа, оноо авсан болов уу.

-Лимбэ, эвэр бүрээ хөгжимд зориулсан сайхан зохиолууд ирсэн байна. Хөгжмийн зохиолчид яагаад их хуур, шанз хөгжимд зориулсан бүтээл туурвиагүй талаар ямар нэг таамаг байна уу?

-Олон шалтгаантай л байх. Мэргэжлийн багш нарын хамтын ажиллагаа тааруу байсан байж мэднэ.  Нөгөөтэйгүүр тухайн хөгжмийн зэмсэгийг сайн мэдэрч бичихэд хэцүү байх талтай.  Гуравдугаарт, хөгжмийн зохиолчид цөөн байна.

Нэг зохиолч өөр өөр хөгжмийн зэмсэгт  2-3 бүтээл хийнэ гэдэг бол хүнд хөдөлмөр байх. Мэргэжлийн хөгжмийн зохиолчид нэг нэг бүтээл л барьж авсан байна лээ. Магадгүй та бүхний онцлог юм болов уу?

-Бас нэг сонирхолтой зүйл ажиглагдсан л даа. Оюутнуудаа хөгжүүлж, тэдний сургалтад ашиглах зохиолыг тодруулах гэж байгаа хэрнээ мэргэжлийн багш нь тоглоод байсан.

-Том хэлбэрийн гоцлол бүтээлүүд нь магистрын сургалтанд зориулсан тул тухайн зохиолын чанар чансааг бууруулахгүйн тулд багш нар хөгжимдсөн. Хоёрдугаарт, тухайн бүтээл тоглоочоос ямар ур чадвар шаардаж байгаа, ямар хэмжээнд хөгжүүлэх боломжтойг судлах үүднээс өөрсдөө тоглосон.


-Энэ уралдааныг СУИС ахисан түвшний сургалтад зориулсан урын сан бүрдүүлэх маш сайн жишээ төдийгүй мэргэжлийн сургууль оюутнууддаа хөрөнгө оруулалт хийж байгаа бодит үйлдэл гэж харж байгаа.

-СУИС оюутныхаа өмнө хүлээсэн үүргээ маш сайн биелүүлж байгаагийн нэг жишээ юм. Энэ зууны хүүхдүүдийн сэтгэхүй өөр болсон учраас тэдэнд зориулсан бүтээл өөр  байх ёстой. Эдгээр зохиолыг СУИС ганцаараа хэрэглээд хав дарах гээгүй.

Гэрээний хугацаа дууссанаас хойш Монголын ард түмний хүртээл болох боломжтой. Тэгэхээр ач холбогдол, цар хүрээ нь өргөн. Цаашдаа ч ийм төслүүдийг манай сургууль олон төрөл дээр хэрэгжүүлэх бодлоготой байгаа.

- Монгол орны амьдрал тийм ч сайнгүй байгаа. Залуус мэдээж сайн сайхан ирээдүйг хүсэн мөрөөдөж байна. Түүнийг хүлээн зөвшөөрөх хэдий ч өнөөгийн зовлон бэрхшээл, нөхцөл байдлыг огоороод баяр баясгалантай хөгжим бичээд байна. Хөгжмийг нь сонсоод Монгол гэдэг чинь ямар сайхан орон бэ л гэж бодмоор.

Угтаа өрнө дахинд нийгмийнхээ буруу, гажуудлыг залруулахын тулд уран бүтээлчид хөгжмийн урлагаар хаад ноёддоо хандаж, “захидал” илгээж, тэднийг ухааруулдаг байсан.

- Хүн болгоны дотоод илэрхийлэл, харж байгаа өнцөг өөр болохоор зураглал нь тэгж буусан болов уу. Магадгүй сургалтын урын сан учраас суралцагч залуучуудыг сайн сайханд хөтлөх үүднээс.  Нөгөөтэйгүүр ардын хөгжмийн зэмсгийн дуурьслын илэрхийлж чадах нэн тэргүүний агуулгыг харсан байж болох. Мөн тухайн хүний хөгжмийн боловсролтой нь холбоотой байх.

Гаргах гэж хүссэн, бодсон болгоноо гаргаагүй байж мэднэ. Эргэн харах ёстой, бодох л зүйлийн нэг яах аргагүй мөн.  Тухайн нийгэмдээ захидал илшээх асуудал бол мэдээж хөгжмийн зохиолчдын нийгэмд гүйцэтгэх үүргийн нэг хэсэг байх гэж бодож байна.

-Амьдралыг хар бараанаар харахгүй, гэгээлэг төсөөлөлтэй байж болох юм гэдэг зөвтгөл таалагдаж байна. Цэн. Эрдэнэбатын хөгжим хүнд, ээдрээтэй, бэрхшээлтэй талаас нь харуулсан байгаа юм. Нөгөө хэсэг нь сайн сайхныг дүрсэлж. . Хөгжмийн зохиолчийн хувийн араншинтай холбоотой байх.

Хөгжимчид ч гэсэн жаахан хүнд, бэрхшээлтэй юм тоглохоор залхаад, сайхан зохиол тоглохыг хүсдэг байж болох. Энэ яриаг түр орхиё.

“Алтан намар” наадамд энэ зохиолуудыг тоглохгүй. Тэгэхээр хэзээ эхний бүтээл нь сонсогчдын хүртээл болох бол?

-Бид хөгжмийн зохиолчдынхоо эрхийг зөрчихгүй, хүндэтгэлтэй хандана. Бид таны бүтээлийг тэдий хэрийн үнэ өртгөөр үнэлж авах саналтай байна гэдгээ хэлж зөвшилцсөн байгаа. Арваннэгдүгээр сарын 13-нд сургуулийнхаа 25 жилийн ойгоор бид эхний бүтээлээ сонсогчдод хүргэнэ. Ер нь ирэх хавар тэнхмийнхээ тайлан тоглолтоор эдгээр бүтээлүүдээс нилээдийг тоглож олны хүртээл болгоно.

-Том хэлбэрийн хөгжмийн бүтээл, тэр дундаа үндэсний хөгжимд зориулсан бүтээл байх учиртай. Эмзэглэмээр, эмтэрмээр зүйл нь өнөөдөр яг хөгжмийн зохиолчоо хийгээд, мэргэжлийн түвшинд ажиллаад тэр чинээндээ хүрч амьдарч байгаа нь хэд билээ, цөөхөн дөө. Давхар ажил хийж, хаа нэгтээ багшилж байж завсар зайгаар нь бүтээлээ хийж байна.

-Энэ бол үнэхээр хэцүү асуудал болжээ. Хөгжмийн зохиолчид мэргэжлийн түвшний зохиол бичихээр түүнийг нь сонсох хүн ховор болжээ.  Амьдрахын эрхэнд хүний сонсож байгааг хийнэ. Гэхдээ бид зогсож болохгүй. Тоглооч, зохиогчид хамтран зүтгэх л хэрэгтэй. Цаг өөр болох байх.

Ер нь “Алтан намар” наадмыг ажиглаад байхад ихэвчлэн морин хуур, ятга хөгжимд зориулсан зохиол сонсогдох юм. Бусад нь гээгдээд л байна. Уг нь “Энэ жилийн наадмын бодлого нь ийм шүү. Тэр хөгжмийн зэмсэгт зориулсан зохиолыг түлхүү оруулмаар байна” гэх мэтээр чиглэлтэй болж, зохицуулалт хийх хэрэгтэй юм болов уу.  

Хоцрогдолтой, дутагдалтай зүйл олон л байна.  Гадаадад урлагийн сургуулиуд нь ихэвчлэн төрийнхөө ивээлд байж, санхүүжилт авч ажилладаг юм билээ. Харин манайх оюутнуудынхаа төлбөрөөр л явж байна.  

Урлаг, спортын тэмцээн уралдаанд амжилт гаргаж, олон улсад нэрээ дуурсгасан хүмүүсийг урамшуулдаг болсон нь сайшаалтай. Харин үндэсний хэмжээний уралдаануудаа улам чанаржуулж, өргөжүүлэн олон улсын хэмжээнд хүргэх тал дээр анхаармаар санагддаг. Монголыг тодотгох, гайхуулах зүйлийн нэг үндэсний урлаг гэдгийг мартаж боломгүй.

-Тийм ээ. Л.Мөрдорж, Г.Жамъян багшийн нэрэмжит уралдаан  болдог ч тэр бүр тоохгүй. Зарим жил үндэсний хөгжмийн ангийн зарим хөгжимд элсэгчгүй байх жишээтэй.  Үндэсний өв соёл, биднийг илэрхийлэл чухал зүйлсээ гээгээд байгаа нь харамсалтай. Дөрвөн утастай хуураа хүртэл бид мартлаа шүү дээ.

-Эдгээр уралдаанууд нь дөрвөн жил тутамд зохиогддог маш өрсөлдөөнтэй үндэсний хэмжээний том уралдаан юм. Энэ уралдаануудаас л монголын  шилдэгүүд төрж байдаг. Энэ шилдэгүүдийг дэлхийд гаргах, урамшуулах асуудлыг анхаармаар санагддаг.  Ардын хөгжмийн чиглэлээр олон уралдаан болдог хэдий ч дэмжлэг туслалцаа маш бага байдаг.

 Хөгжмийн чиглэлээр элсэгчдийн тал дээр бол хөгжимчдийн цалин хангамж, нийгмийн асуудалтай холбоотой байгаа юм. Энэ мэргэжлийг эзэмшихэд маш олон жил хүч, хөлс, мөнгө их зардаг. Гэтэл төгсөөд ажлын байранд очиход цалин мөнгө нь хэр байдаг билээ. Ер нь бол сэтгэлтэй, соёлынхоо өвийг дээдэлсэн хэдэн хүмүүсийн хичээл зүтгэлээр л байгаад байх шиг.

-Даяаршсан нийгэмд биднийг ялгаруулах цэвэр монгол юм нь хөгжим юм. Тийм болохоор та бүхний хийсэн ажилд талархаад барашгүй.  

-Бидний зорилгыг ойлгож хамтран ажилласан зохиолчдодоо бид баярлаж байгаа. Цаашдаа цөөн хэдэн хөгжмийн зохиолчийнхоо хүчийг тарамдахгүйн тулд тодорхой 1-2 зэмсэгт зориулсан зохиолыг захиалах байдлаар ажиллах нь зүйтэй мэт санагдсан.

-Бид яриад л явдаг ч өөрчлөгддөггүй, яаралтай засаж залруулахгүй бол болохгүй байгаа салбарын нэг нь манайх шүү дээ. Хөгжмийн урлаг, хөгжмийн бүтээлийг үнэгүйдүүлж, эргээд хойч үе, залуус нь ойлгож сонсохгүй болгох нь. Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдоод ч тэр үү морин хуур хөгжмийг хүмүүс сонсож, ойлгож байна. Бусад хөгжмийн зэмсгээ ч тийм хэмжээнд хүргэхсэн. Морин хуурчдынхаа туршлагаас судалмаар ч юм уу?

- Манай урлагийнхны дуу хоолой сул байдаг юм болов уу. Тиймдээ ч хүмүүс урлагийг зугаацуулах хэмжээнд хүлээж авахаас хэтрэхгүй байна.  Миний бодлоор, урлагийнхны цалин хангамж, нийгмийн асуудлаас шалтгаалан хойч үе сонголтыг өөрөөр хийж байх шиг санагдах юм.

Өнөөдөр урлагийн хэрэглээ өргөн болсон нь нааштай байгаа ч гэсэн, оюуны эмчилгээ болсон,  урлагийн бүтээлийн чухал суурийн нэг хөгжмийн бүтээлийг залууст ойлгуулан хүргэх ажилд мэргэжлийн холбоод, уран бүтээлчид  дуу хоолой нэгтэйгээр ажиллах хэрэгтэй. 

Бодлого явуулж байгаа байгууллага сонсох, дэмжих хэрэгтэй байна.  Ер нь урлагийн хөгжил, үнэлэмжид зориулсан тодорхой бодлого байх ёстой юм шиг. 

Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар морин хуурыг өөр түвшинд аль ч талаар нь хүргэж байна. Үндэсний найрал хөгжим олон төрлийн хөгжмийн зэмсгээс бүрдэж баялаг дуурьсалтай байдаг. Бусад хөгжимөө ч адилхан анхаар гэж төрийн найралын зарлиг гарсан байх. 

-Үндэсний урлагаа шоу маяг руу оруулж, тэгж хөгжимдөхөөр дотоод гадаад гэлтгүй бүгд сонирхон сонсохыг нь яана.

Европын баячууд нь сонгодог урлаг, ардын дуу бүжигтээ хөрөнгө мөнгөө хандивлаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх юм. Монголд тийм хүн байна уу?

-Тийм хүн ховор байх аа. Байгууллагынхаа сурталчилгаа маягаар ашигладаг нь бол байгаа байх.

Их сэтгэгчид, агуу математикчид хөгжмийн аялгуунд хөглөгдөн ажиллаж, алжаал ядаргаагаа түүгээр тайлж, шинэ санаагаа олдог байсан. Харин бид хөгжмийн бүтээлийг ямар хэмжээнд үнэлдэг билээ. Шүлгэнд аялгуу бичиж, дуу хийсэн болгоныг хөгжмийн зохиолч, тэр дуу бүрийг мэргэжлийн хөгжмийн бүтээл гэж хэлэх боломжгүй.

А.Моцарт, Л.Бетховений зохиосон дуу гэж байдаггүй биз дээ хэмээн ярих манай уншигч-сурвалжлагч маань 2015 онд Хубилай сэцэн хааны мэндэлсэний 800 жилийн ойн 261 хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй “Монгол төрийн их дуулал” хүндэтгэлийн концертод  “Хубилай хааны ордны их бүрээний дуудлага” шинэ бүтээлээ эгшиглүүлж, Монгол хаадын ордны ятгыг сэргээн бүтээж, СУИС-ийн ХУС-ийн Үндэсний хөгжмийн сургалтад оруулж, уран бүтээл хийгээд байгаа билээ.

Тэмдэглэсэн Ж.Солонго

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
1.66.104.183 Morin huurchidaasa suraltsaa tedniig chigluulj bdg olon eh survalj bii ta nar haraldaa morin khuurin naadam biluu hiideg hichneen olon gadaadud hamragdaj bn ted chadaad bn shte.Bainga busdad shaltag toochin gonginoj suudaga boli tolgoigoo ajilluulalda