ЕСҮС, МАРАДОНА ХОЁР ижилхэн гайхамшгийг бүтээсэн

2015 оны 10 сарын 23

Аргентин улс хоёр бурхантай. “Есүс, Марадона хоёр ижилхэн гайхамшгийг бүтээсэн. Гэхдээ Диегогийн гайхамшиг бичлэгт үлдсэнээрээ давуу” гэж аргентинчууд ярьдаг.

1998 оны аравдугаар сарын 30-ны шөнийн 03 цаг. Алехандро Веронагийн гэрийн утас дуугарлаа.

-Сайн уу, Амес байна. Христийн мэндэлсний баяр хүргэе.

-Юу яриад байна аа, галзуураагүй биз? Шөнийн 03 цаг болж байна, тэгээд ч одоо аравдугаар сар шүү дээ.

-Би андуураагүй. Өнөөдөр бурхны мэндэлсэн өдөр. Тэр шөнийн 03 цагт төрсөн.

Тэд 38 нас хүрч байсан Диего Марадонагийн тухай ярьж байлаа. Тэр шөнө Амес Эктор Кампомар хэмээх өөр нэг найз руугаа залгасан ч тэр бас л эхлээд ойлгосонгүй. Хэд хоногийн дараа ресторанд уулзсан гурван найз Марадонад зориулсан ямар нэг юм хийх хэрэгтэй байгаа талаар ярилцлаа.

Фэн клуб байгуулах уу? Үгүй дээ, Марадонад хэт жижигдэнэ. Ингээд л тэд Росарио хотод Марадонад зориулсан сүм байгуулсан юм.

Марадона хэмээх шинэ шашин шүтлэг Аргентинд мэндэлсэн талаар эхлээд хүмүүс мэдэхгүй л байлаа. Гурван жилийн дараа 2001 оны аравдугаар сарын 30-нд Диегод зориулсан анхны ном уншихад сүмд 500 хүн ирсэн байдаг.

Хэдхэн хүн ирэх байх гэж бодож байсан найзууд ихэд баярлалаа. Тэр өдрөөс хойш Марадонаг бишрэн шүтэгчдийн хувьд шинэ он тоолол үүссэн юм. 2015 оныг тэд Диего төрснөөс хойших 55 дахь он гэж нэрлэдэг. Диего Марадонагийн сүм байр байхгүй, байнгын уулзах газар ч үгүй. Гэхдээ тэд жилд хоёр удаа ном уншин, баяр тэмдэглэдэг.

Эхнийх нь аравдугаар сарын 30 буюу агуу Марадонагийн төрсөн өдөр. Хоёр дахь нь, зургадугаар сарын 22 буюу Улаан өндөгний баяр. Гэхдээ христос шашинтны баяр болохоор нь тэмдэглэдэг хэрэг биш, 1986 оны энэ өдөр Аргентиний баг Английн шигшээг ялахад, Марадона хоёр гоол хийж байсан түүхэн өдөр. Нэг бөмбөгийг тэрбээр “Бурхны гар” гэж нэрлэгдсэн гараараа оруулж байлаа.

Марадонагийн шүтэн бишрэгчид Росарио хотын “Pizza Banana” хэмээх пиццаны газар цуглах нь олонтаа. 300 гаруй хүн ирж, дарс, шар айраг уун, Диегогийн цагтаа хүч сорьж байсан Неаполь хотын пицца идэн, дуу дуулна. Тайзан дээр лам багшийн оронд 10 дугаартай цамц өмссөн хүн гарч ирэн ном уншина. Энэ бол сүмийг үндэслэгч Эрнан Амес юм.

“Шашин шүтлэг гэдэг бол юуны өмнө хүний сэтгэл юм. Би Марадонагийн сүм нээгээд арав гаруй жил боллоо. Энэ бол зүгээр нэг зугаа цэнгэл, хөлбөмбөг биш, үнэхээр шашин шүтлэг. Бид католик сүм хийдийг хүндлэхгүй байгаа хэрэг биш. Гэхдээ Аргентин улсад хөлбөмбөг бол шашин. Аливаа шашинд бурхан байдгийн адил манай шашны бурхан бол Марадона юм” хэмээн Амес ярьж байна.


Баярын өдрүүдэд “Pizza Banana”-г Марадонагийн өмсгөл, Аргентиний туг далбаагаар чимж, дэлгэцээр Диегогийн шилдэг гоолуудыг үзүүлнэ. Удалгүй ном уншиж эхлэв. Цагаан хувцас өмссөн арван хүн бурхны шүтээнүүдийг хүндэтгэлтэйгээр залан авчирлаа. Марадонагийн пүүз, Дэлхийн цомын баримал, Диегогийн шигшээ багтаа хүчин зүтгэхдээ хийсэн гоолын тоогоор 34 бөмбөлөг байна.

Тайзны голд Марадонагийн дүрстэй жижигхэн модон сүм байрлуулна. Дэргэд нь энэ шашны Библи болох “Намайг Диего гэдэг” гэсэн Марадонагийн намтар номыг тавьжээ. Марадонагийн шүтэн бишрэгчид энд хүүхдээ загалмайлж, зарим нь хуримын ёслолоо хийдэг. 2007 онд Мексикийн хос хуримаа хийснээр энэ сүм дэлхий дахинд алдаршжээ.


Ном уншиж, ёслол дууссаны дараа тэмцээн уралдаан эхэлнэ. Эхлээд Марадонад зориулсан хамгийн шилдэг шивээстэй хүнийг шалгаруулна. Дараа нь “Диегог хэн сайн мэдэх вэ” уралдаан. Тэд Марадонагийн машины өнгөнөөс авахуулаад өмсдөг хувцсыг нь ч андахгүй.

Шөнийн 03 цаг дөхөн, Диегогийн төрсөн мөч ойртоход үйлчлэгч нар оргилуун дарс авчран, бүгд сэтгэл догдлон хүлээнэ. Зарим үед Диего Марадона утсаар холбогдоход чанга яригч дээр тавин, шүтээнийхээ дуу хоолойг сонсож, хийморио сэргээнэ.

“Та бүхэнд баярлалаа. Бурхан биднийг тэтгэж, Аргентин 1986 оных шиг дэлхийн аварга болох цаг ирнэ” гэж түүнийг амлахад хүдэр бадриун эрчүүд хүүхэд шиг л уйлж байв. Диегогийн сүм хэдхэн найзын уулзах газар байсан бол одоо 120 мянган гишүүнтэй. Түүний төрсөн өдрөөр Росарио хотод Румын, Австри, Швед, Дани, тэр байтугай Уэльсээс зочид хүрэлцэн ирдэг.

Глазго хотын 23 настай залуу Энтони Бэйл жил бүр сүмд ирдэг хүн. Түүний хэлсэн “Есүс, Марадона хоёр адилхан гайхамшгийг бүтээсэн. Гэхдээ түүний гайхамшиг бичлэгт үлдсэнээрээ давуу” үг сүмийн бэлгэ тэмдэг, уриа болжээ. Энэ сүмийн гишүүнээр Карлос Тевес, Лионель Месси, Маурисио Почеттино нараас гадна 1986 онд Аргентинд ялагдсан Английн багийн довтлогч Гари Линекер хүртэл элссэн байдаг.

Нэг удаа Амес руу алдарт Рональдиньогийн туслах утасдаж байсан удаатай. “Би хэн нэг нь даажигнаж байна гэж бодоод шууд утсаа тасалсан. Гэтэл таван минутын дараа таньдаг сэтгүүлч залгаад Марадонагийн нэрэмжит сүмийн өмсгөлтэй цамц олж өгөх юм бол Рональдиньо ярилцлага өгнө гэж надад амласан гэж хэлж билээ. Нэрт Рони ч Диегог хайрлаж, бишрэн шүтдэг” гэж ярьсан.

М.СУГАР-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.31.213 Солиорол