Н.ЛҮНДЭНДОРЖ: Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг аль нэг байгууллага, хэн нэгэн гар хурууныхаа үзүүрээр шийддэг асуудал биш

2015 оны 10 сарын 19

Шүүгчдийн цалинг хасах талаар ирэх оны төсвийн тухай хуульд тусгаад байгаа. Хэн нэгнээс хараат бус ажиллуулах, хээл хахуулиас ангид байлгах үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн цалинг нэмэгдүүлэн тогтоогоод багагүй хугацаа өнгөрөв. Тус зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндоржтой шүүхийн төсвийн талаар ярилцлаа.

-2016 оны улсын төсвийн тухай хуулийн төсөлд Шүүхийн төсөв, шүүгчдийн цалинг Засгийн газар маш их хасаж, УИХ-д өргөн мэдүүллээ. Шүүхийн төсөв, шүүгчдийн цалинг хамгаалсан хуулийн зарим заалтыг хүчингүй болгохоор төсөл өргөн мэдүүлчихээд байна.

Энэ асуудлыг хариуцсан байгууллагын хувьд одоо ямар арга хэмжээ авах гэж байгаа бол. Шүүх бие даасан, хараат бус байна гэх зэргээр шүүхийн шинэтгэлийн хүрээнд яригдаад байсан биз дээ?

-Байдал хүнд байна. Гэвч бид итгэл найдвараа алдаагүй. Монгол Улс олон улсын нийтээр дагах хэм хэмжээ, зарчим, Үндсэн хуулийг дээдэлж, дагаж мөрдөх үүрэгтэй. Бид саран дээр очоод суучихаагүй. Дэлхийд амьдарч байна. Тийм учраас дэлхийн дэг журам үйлчлэх ёстой.

Жишээ нь, шүүгчийн цалингийн хэмжээ ямар байх, хуулиар хэрхэн хамгаалах, зохицуулах асуудлыг “Шүүхийн хараат бус байдлын НҮБ-ын үндсэн зарчим”-д тусгасан байдал. Тухайлбал, “Шүүгчийн цалин хүрэлцэхүйц хэмжээнд байна. Түүнийг хуулиар хамгаалсан байна” гэж.

Энэ дагуу Төрийн албаны тухай хуулийн 28.5, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1-ээр тус тус шүүгчийн цалинг хуулиар тогтооно, цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байна гэж тов тодорхой хуульчилсан.

Мөн шүүхийн бие даасан эрх мэдэл, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангах талаар Үндсэн хуульд тодорхой заасан. Эдгээрийг хэн ч байсан биелүүлэх үүрэгтэй.


-Засгийн газар эдгээрийг мэдэхгүй байна уу, эсвэл мэдсэн мөртлөө эдийн засгийн хүнд байдлаас болоод ийм шийдвэр гаргаж байгаа юм болов уу?

-Мэдэх ёстой л доо. Яагаад шүүхийн төсвийг олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор ийнхүү тусгайлан хамгаалдаг вэ гэвэл эдийн засгийн болон бусад хүнд үед ингэж болзошгүй гэж хамгаалсан хэрэг л дээ. Тийм учраас төр засаг хуулиа биелүүлэх, дээдлэх үүрэгтэй тул хуулийн талд парламент зогсоно гэж найдаж байгаа.

-Төсвийн төслөөр шүүгчийн цалинг яг хэдэн төгрөг болгохоор төлөвлөсөн бэ?

-Хүний цалин, тэр тусмаа шүүгчийн цалингийн хэмжээ нууц байх ёстой. Энэ төслөөр бол шүүгчдийн 80 гаруй хувийнх нь цалин 63 хувиар буурна. Одоо шүүгчдийн 98 хувь нь 1-3 төрлийн зээлтэй. Зээлийн дүн маш том тоо байгаа. Хэлж болох эсэхийг би мэдэхгүй байна.

Хэлэхгүй байсан нь дээр байх. Хугацаа нь 20 хүртэлх жил. Хэрэв шүүгчийн цалин буурвал хараат бус шүүгчийн тухай бус, өр зээлэнд баригдсан хүний тухай ярихад хүрнэ. Үр дагаврыг урьдчилан хэлэхийн аргагүй.

Тийм учраас шүүхийн төсөв, шүүгчийн цалинг аль нэг байгууллага, хэн нэгэн хуруу гарын үзүүрээр шийддэг жижиг асуудал биш. Энэ бол ноцтой үр дагавартай, маш том асуудал.

-Монгол Улс мөнгөгүй болоод арга буюу ийм байдалд хүрчихээд байгаа юм биш үү. Жирийн иргэд бол шүүгчдийн цалинг бууруулах нь зөв гэж үзээд байгаа. Үүнээс өөр арга зам гэж ойлгож байна?

-Үгүй дээ. Мөнгөний эх үүсвэр асуудал биш. УИХ дээр ил тод нэг зүйл ярьж байгаа. Хүний цалин руу хуруу дүрэхдээ Монгол Улс тулаагүйг 100 гаруй шинэ объект барихаар төлөвлөсөн нь үүнийг гэрчилнэ гэж. Энэ үнэн юм.

-Тэгвэл энэ чинь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг зориуд дордуулах гэсэн бодлого гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ч бодоод яахав. Ардчилалд суралцаж, алдаж онож яваа биз. Гэхдээ шүүгчийн цалинг үзэн яддаг цөөн хүн байсан шүү. Тэд л их баярлаж суугаа байх. Уг нь шударга ёс үнэтэй, түүнийг цатгалан хүнээр мануулах ёстой энэ тэр гээд түмэн үг байдаг шүү дээ.

-Дэлхийн улс орнуудад шүүхийн төсөв, шүүгчийн цалинг ингэж бууруулж байсан жишээ баримт байдаг уу?

-Ардчилсан, Үндсэн хууль дээдэлдэг оронд их ховор байсан үзэгдэл. Гэхдээ тохиолдож байсан. Харамсалтай нь тухайн улсын шүүгчийн цалин бууруулж байсан шийдвэрийг хуулийн шүүхүүд нь Үндсэн хуульд нийцээгүй гэж тогтоосон түүх бий.

-Тэгвэл манай Үндсэн хуулийн цэц бас тэгж тогтооно гэж үзэж болох уу?

-Шүүхийн шийдвэрийг хэн ч урьдчилан хэлж мэдэхгүй, тэгэх ёсгүй. Гэхдээ олон улсын жишиг, үндсэн хуульт ёсны үүднээс тийм шийдвэр гарах магадлал тун өндөр.

-Хуульчдын холбоо мэдэгдэл гаргасан байна. Шүүгчдийн холбоо энэ талаар ямар байр суурьтай байгаа юм бол. Шүүгчид төвийг сахих үүднээс өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс дуугарч, тэмцэж болдог юм уу?

-Хуульчдын холбоо соргог ажиллаж байна. Шүүгчдийн холбоо ч бас мэдэгдэл гаргах байх. Дуу хоолойгоо одоо гаргахгүй юм бол хэзээ гаргах билээ. Шүүгчид дуугарах тухайд бололгүй яахав. Тийм эрхтэйг НҮБ-ын суурь зарчимд заасан. Софигийн тунхагт бүр тодорхой заасан.

Тухайлбал, шүүгчид улс төрийн маргаантай асуудлаар чимээгүй байх ёстой гэсэн уламжлалт хандлага шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд аюул занал учирсан нөхцөлд үйлчлэх ёсгүй гэж заасан шүү.

-Жил бүр л шүүхийн төсөв, шүүгчийн цалин гэсэн асуудал төсөв хэлэлцэх үед яригдах юм. Үүнийг нэг мөр шийдэж болдоггүй юм уу?

-Ёстой чухал асуудал хөндлөө. Үндсэн хууль, хууль муухан дээдэлдэг, биелүүлдэг манайх шиг бүү хэл, хууль дээдэлдэг, хөгжсөн орнууд шүүхийн төсвийг маш тодорхой зохицуулдаг. Ийм зохицуулалт Монголд алга. Шүүхийн төсвийн хараат бус байдал хуулиар хамгаалагдаагүй байгаа.

Хамгаалсан ганц нэг зохицуулалтыг одоо хүчингүй болгох гэж байна. Энэ бол хүчирхийлэл. Цаашид энэ талаар хийх зүйл их бий. Бодлого, арга зам нь тодорхой. Хууль болгон батлах нь асуудал байна. Сайн цаг ирнэ биз ээ. Ром хотыг нэг өдөр бариагүй гэдэг байх аа.

-Таны яриад байгаа орнууд яаж зохицуулсан байдаг юм бэ?

-Бүгдийг яаж ярих вэ. Санаанд буусан зарим нэгийг хэлье. Бидний ярих дуртай АНУ-д Шүүхийн захиргаа нь боловсруулж, улсын Ерөнхийлөгчийн өргөн барьснаар Конгресс баталдаг. Замд нь засдаг, хянадаг ёс үгүй гэдэг. Орост Засгийн газар, шүүхийн захиргаа нь хамтарч боловсруулдаг.

Зөрүүтэй санал гарвал Төрийн дум тасалдаг. Ер нь манайх шиг Засгийн газар нь шүүхийн төсвийг дангаар мэддэг, шүүхийн захиргааны байгууллагын саналыг авч хэлэлцдэггүй улс дэлхийд ховор. Цаашид энэ асуудлыг шийдэхгүйгээр шүүх ямагт бусад эрх мэдлээс хараат байх болно.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.22.70 Tsaling Hassan n mash zov
27.123.214.117 Эхлээд ес зуйтэй шуугчдыг бэлтгэх хэрэгтэй. Шуухээр хэрэг шийдэх гэж хунийг залхатал хэдэн жил явуулж бна. Шударга, унэн, хурдан байх естой бишуу.
202.179.28.64 Zuv zuil heljee