“Volkswagen” 8.5 сая машинаа засварлах болов

2015 оны 10 сарын 18

ХБНГУ-ын томоохон авто машин үйлдвэрлэгч “Volkswagen” компани дизель хөдөлгүүрт 8.5 сая машинаа Европын орнуудаас эргүүлэн татаж, засвар хийх болсон тухай CNN мэдээлэв. Үүний 2.4 сая машиныг ХБНГУ-аас эргүүлэн татах аж. Тэдгээр машины ялгаруулж буй хорт бодисыг хэмжээг бууруулан тооцсон гэдгээ тус компанийнхан хүлээн зөвшөөрөөд мэдэгдэлдээ ирэх оны нэгдүгээр сард засварлаж эхлэхээ дурдсан байна. Ингэхдээ худалдан авагчдаас ямар нэгэн зардал гарахгүйг тэмдэглэжээ. Дээрх авто машинуудыг хэзээгээр засаж дуусгах талаар одоогоор хэлэх боломжгүй агаад зарим сэлбэгийг 2016 оны есдүгээр сард бэлэн болгож чадах гэнэ.

Үүнээс өмнө “Volkswagen” АНУ-ын зах зээлээс 500.000 орчим авто машин эргүүлэн татахаа мэдэгдээд байсан юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Маттиас Мюллер “Дэлхий даяар нийт 11 сая дизель хөдөлгүүрт машиныг эргүүлэн татах шаардлагатай болж магадгүй” гэж ярьжээ.