Газрын тосны компаниуд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад анхаарна

2015 оны 10 сарын 18

Газрын тосны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч BP, “Shell”, “Saudi Aramco”, “Total” зэрэг 10 компанийн удирдлага цаг уурын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулахаар тохиролцсон талаар BBC уламжлав. Тэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хамтран ажиллах аж. “Total” компанийн гүйцэтгэх захирал Патрик Пуянне “Газрын тосны компаниуд байгальд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулдаг гэсэн хандлага байдаг. Гэхдээ бид шийдлийн нэгээхэн хэсэг нь байх болно” хэмээн өгүүлжээ. Тодруулбал, ирэх жилүүдэд тэд дээрх чиглэлд хөрөнгө оруулах гэнэ.  

Дээрх компаниуд ирэх сарын эцсээр 196 орны төлөөлөл оролцох, Парис хотноо зохион байгуулах Нэгдсэн үндэсний байгууллагын цаг уурын өөрчлөлтийн эсрэг 21 дэх уулзалтын (Cop21) үеэр уриалга гаргахаар төлөвлөжээ. Мөн өөрсдийн үйл ажиллагааг байгальд ээлтэй байхад анхаарахаа амласан байна. Харин дээрх 10 компанид АНУ-ын томоохон “Exxon”, “Chevron” багтаагүй гэнэ.