БНХАУ-ын инфляц 1.6 хувиар өсөв

2015 оны 10 сарын 18

Урд хөршийн инфляц өнгөрсөн есдүгээр сард өмнөх жилин мөн үеэс 1.6 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн товчооноос нь мэдээлжээ. Энэ  нь шинжээчдийн өмнө таамаглаж байсан 1.8 хувиас буурсан дүн болсон байна. Уг үзүүлэлт гарахаас өмнө түүхий эдүүдийн ханш унаж, эрэлт багассанаас үүдэн БНХАУ-ын импорт есдүгээр сард багассан (нийт 11 сар дараалан буурсан) статистик гарсан юм. Бас экспортын хэмжээ нь гурав дахь сардаа буурсан гэнэ. Үүнээс гадна захиалгын тоо буурснаас үүдэн үйлдвэрлэлийн салбар нь агшсан үзүүлэлттэй гарах таамаг бийг шинжээчид дурдсан байна. Тус улсын үйлдвэрлэгчид бизнест амжилт олохын тулд бүтээгдэхүүний шнээ хямдруулж буй аж. Японы “Nomura” группийн таамаглаж буйгаар БНХАУ бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэнэ.БНХАУ-ын гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлтийг өнөөдөр мэдээлэх товтой байгаа. 6-9 дүгээр сард урд хөршийн эдийн засаг зорилтот долоон хувиас нь доогуур байх хүлээлттэй буйгаа шинжээчдийн олонх нь дуулгажээ.