АНУ-ын бодлогын хүүгээ нэмэхээ азнаж магадгүй

2015 оны 10 сарын 18

АНУ-ын эдийн засаг өсөж буй гэж харагдаж байгаа ч жижиглэн худалдаа, хөдөлмөрийн зах зээл зэрэгт тийм ч эерэг дүн гарахгүй байгааг “The Guardian” уламжлав. Тодруулбал, авто машин, шатахуун, барилгын материалаас бусад бүтээгдэхүүний худалдаа 0.1 хувиар буурчээ. Улмаар тус улсын эдийн засгийн өсөлт “сайн ч хангалттай бус” гэсэн “дүн” авахад нөлөөлж байгаа аж.       Дэлхийн хамгийн том эдийн засагтай тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш чангарснаар экспортод нь сөргөөр нөлөөлсөн, сүүлийн хоёр сард гэхэд ажлын байрны өсөлт нь “зогсонги” байдалд орсон тухай “Reuters” мэдээлэлдээ дурджээ. Энэ бүхнээс үүдэн АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ ирэх оны эхэн хүртэл нэмэхгүй байх төлөвтэйг Торонто дахь “Capital Economics” компанийн ахлах эдийн засагч Пол Ашворт ярьжээ.

Харин зарим эдийн засагч үүний эсрэг буюу Холбооны нөөцийн сан энэ оны эцсээр бодлогын хүүгээ нэмж магадгүй хэмээн үзэж буйг cnbc.com-д бичсэн байна. АНУ-ын хэрэглэгчийн үнийн индекс өнгөрсөн сард 0.2 хувиар өссөнөөр дээрх сангийн зорилтод хоёр хувьд дөхсөн үзүүлэлттэй гарчээ. Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Йеллен өмнө нь ажил эрхлэлт, инфляцын түвшин зэргийг харгалзан бодлогын хүүгээ өөрчлөх эсэхээ шийднэ хэмээн мэдэгдэж байв. Дашрамд дурдахад, хэрэв АНУ бодлогын хүүгээ өсгөвөл санхүүгийн шинэ хямрал үүсэж болзошгүйг Олон улсын валютын сан саяхан анхааруулсан билээ.