А.АЛТАН-ОЧИР: ЗАЛУУ БАГУУД ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨХ БОЛОВ УУ

2015 оны 10 сарын 12

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн шинэ улирал энэ сарын 31-нд эхэлнэ. Өнгөрсөн улирлын аварга “Альянс Тех Харцага” багийн дасгалжуулагч А.Алтан-Очиртой уулзлаа. “Харцага” багийн залуус аваргаа хамгаалахаар аль хэдийнэ бэлтгэлдээ гарчээ.

-“Харцага”-ууд хэзээнээс шинэ улирлын бэлтгэлээ хийж эхэлсэн бэ?

-Бидний хувьд бусад багаас харьцангуй эрт буюу өнгөрсөн сарын 1-нээс улирлын бэлтгэлдээ хийж эхэлсэн. Одоогийн байдлаар долоо хоногт 4-5 бэлтгэлтэй байна. Өнгөрсөн зун манай тоглогчид хувьдаа хүчний бэлтгэл түлхүү базаалаа. Харин зарим залуус маань олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн.

-Багтаа шинэ тоглогчид авсан гэсэн. Энэ тухайгаа ярина уу?

-Манай багийн гол тоглогч Б.Одбаяр Австрали улсад байгаа учир энэ улирал тоглохгүй. Тиймээс Б.Одбаярыг нөхөх төвийн тоглогч авахыг бид хүссэн боловч Монголд түүнийг нөхөж чадах хэмжээний тоглогч одоохондоо алга. Нэгэнт Б.Одбаярыг нөхөх тоглогч байхгүй учир довтолгооны урд шугамаа сайжруулах үүднээс Г.Цэнгүүнбаяр, Ц.Азбаяр нарыг авсан. Харин төвийн тоглогчийн байрлалд тоглодог хоёр легионер авахаар төлөвлөж байгаа.

-Легионер тоглогчидтойгоо холбогдож амжив уу?

-Зарим тоглогчидтой холбоо барьсан. Аль тоглогчийг багтаа авахаа бүрэн шийдээгүй байна. Монголд энэ сарын 18-нд 20 орчим легионер ирж сонгон шалгаруулалтад орно. Тэдгээр залуусаас манай багт тохирох тоглогч байвал сонгоно. Хэрэв багийн хувилбарт таарах тоглогч ирэхгүй бол өмнөх улирлын легионеруудтайгаа эргэж холбогдоно.

-Аваргаа хамгаалах хэцүү гэж ярьдаг шүү дээ. “Харцага”-ын хувьд шинэ улирлын амжилтаа хэрхэн харж байна вэ?

-Сагсан бөмбөгт аваргаа хамгаалах улирал хамгийн хэцүү байдаг. Баг бүр биднийг хожихын төлөө тэмцэнэ. Лигийн багууд бидэнтэй харьцуулж шинэ тоглогчоо сонгоно. Миний хувьд туршлага багатай ч туслах дасгалжуулагч Б.Ганхөлөг ах сайн зөвлөгөө өгдөг. Багийн дотоод уур амьсгал энэ улирлын амжилтад нөлөөлөх хамгийн чухал зүйл байх болно.

-Б.Одбаярын орон зайг яаж нөхөх талаар хувилбар, тактикаа хэрхэн боловсруулж байна.

-Хүчний байрлалд тоглодог П.Болортулга, Б.Дорждамба нар илүү сайн хичээх хэрэгтэй. Манай хоёр энэ зун бусдаасаа илүү их бэлтгэл хийсэн. Б.Дорждамба маань АНУ-д болсон сагсан бөмбөгийн сургалтад суугаад ирлээ.

-Сэлгээнээс ямар тоглогчид гарч багийнхаа хамгаалалт, довтолгоог хариуцах бол?

-Би багийн залуучуудаа тэр гараанд гарна, тэр сэлгээнээс тоглоно гэж ялгахгүй. Бүгд тэнцүүхэн талбайд гарч тоглоно. Бүрэлдэхүүн ерөнхийдөө жигд учраас сэлгээгээ аль болох хурдан хийх төлөвлөгөөтэй байгаа. Багийнхаа бүх тоглогчдодоо энэ жил боломж олгоно.

 -“Харцага”-ын залуу тоглогчид хэрхэн бэлтгэгдэж байна вэ?

-Манай багийн хамгийн залуу тоглогч нь М.Мишээл. Түүний хувьд бэлтгэл сургуулилалт дээр ах нараасаа олон зүйл сурч байгаа. Жишээ нь Г.Баттөрөөс холбох ур чадвар, Ц.Азбаяраас шидэлтийн техник, Б.Нэмэхбаяраас туршлага, Г.Цэнгүүнбаяраас довтолгоонд хэрхэн хурдан шилжиж, багтаа туслах вэ гэдгийг, О.Золбаяраас хамгаалалт, Э.Дөлгөөнөөс дайчин тоглолтыг сурч байна.

-Ирэх улиралд “Харцага”- ын гол өрсөлдөгч нь аль баг вэ?

-Багуудыг дутуу үнэлж болохгүй. Супер лигт оролцож байгаа баг бүхэн хүчтэй өрсөлдөгч. Миний бодлоор залуу багууд илүү хүчирхэг байх болов уу.

-Таны хувьд энэ зун Оюутны Универсиад наадамд Монголын залуучуудын шигшээгийн дасгалжуулагчаар оролцсон. Манай залуус Мозамбик, Чили, Швейцарийн багийг өвдөг сөхрүүлж, 17 дугаар байрт орж давгүй амжилт үзүүлсэн шүү дээ.

-Универсиадаас олон зүйл сурсан. Дэлхийн сагсан бөмбөгийн хөгжил ямар түвшинд байгааг мэдэрч авлаа. Европийн сагсан бөмбөг бусдаас ямар илүү байна. АНУ-ын сагсан бөмбөг хэр сайн байна. Азийн сагсан бөмбөгийн хөгжил хаана явж байгааг тэднээс харсан. Монголын сагсан бөмбөгийн баг түүхэндээ анх удаа Европ тивийн багийг буулган авсан. Манай залуус Швейцарийн шигшээг хожсонд их баяртай байгаа. Хамгаалалт, довтолгоо дээр багаараа зүтгэх ёстойг сайн ойлгож авсан даа. Тоглолтын хором бүхний төлөө тэмцэх хэрэгтэйг манай багийнхан сайн ухаарсан болов уу. Монгол тоглогч нэгийн эсрэг нэг тулахад яалт ч үгүй дийлдэж байсан. Учир нь бидний эсрэг биеийн хүч сайтай, нуруугаар өндөр, багаасаа бэлтгэгдсэн тоглогчид зогсож байгаа. Тиймээс багийн тоглолтыг үзүүлэхгүй бол бид хэзээ ч хожихгүй байсан.

-Залуучуудын шигшээ багийн үзүүлсэн амжилтад дасгалжуулагчийн хувьд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Бид ОХУ, Канад, Швед гэсэн хүчирхэг багуудтай нэг хэсэгт орсон. Энэ нь бидний хувьд том шалгуур болж өгсөн. Учир нь том багуудын эсрэг тоглож хожигдсон ч тэндээс туршлага хуримтлуулж авсан даа. Эхний таван тоглолтод дараалан ялагдал хүлээсэн ч бид дараагийн тулаандаа шантралгүй зүтгэж, гурав хожсон. Америк, Европ тивийн залуус манай багаас биеийн хөгжил, хүчээр их ялгаатай байсан юм.

-МҮСБХ-ноос энэ зун хийсэн дасгалжуулагч нарын сургалтын талаар ярина уу?

-МҮСБХ болон “Хамтын дэвшил” сагсан бөмбөгийн академитай хамтран "MNBA COACH CLINIC" нэртэй дасгалжуулагчийн сургалт явуулсан. Сургалтыг манай найз Ижилболд хэмээх Герман улсад сагсан бөмбөгийн чиглэлээр 10-аад жил суралцаж ирсэн залуу зохион байгуулсан. Манай улсын ирээдүйн дасгалжуулагч нарт хэрэгтэй мэдээлэл олгосон сайхан сургалт болсон тул баяртай байгаа.

-Залуу дасгалжуулагчийн хувьд шинэ улиралд багийнхныгаа бэлдэхээс гаднаа өөрийгөө хэрхэн бэлтгэж байна вэ?

-Туршлагатай ахмад дасгалжуулагч нарынхаа заавар зөвлөгөөг их авч байгаа. Өдөр бүр өөрийнхөө мэдлэг чадварыг сайжруулахын тулд хичээж байна.

-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танай багт амжилт хүсье.

-Баярлалаа. “ТЦ” сониноор дамжуулан биднийг үргэлж дэмжиж байдаг хөгжөөн дэмжигч болон “Альянс Тех” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Б.ЦОГТ-ОЧИР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД