Л.НЯМ: ГАДААДЫН БӨХЧҮҮД 9-11, МАНАЙ ТАМИРЧИД 24-26 ТӨРЛИЙН МЭХ ХИЙЖ БАЙНА

2015 оны 10 сарын 12

Энэ оны хуучрахгүй сэдвүүдийн нэг нь “Лас Вегас-2015” чөлөөт бөхийн ДАШТ. Сэтгэлд хүрсэн, итгэл даасан сайхан барилдаануудыг манай тамирчид хийсэн нь гол үнэлэмж болж байгаа юм.

АНУ-д болсон ДАШТ-д манай бөхчүүд өндөр амжилт гаргах магадлал их байсныг, судалгаанаас ажигласан давуу талаа “Рио-2016” олимп хүртэл хэрхэн хадгалах талаар эрдэмтэн судлаачид дор бүрнээ дүгнэлт хийж буй нь лавтай.

Бөхчүүд маань Лас Вегаст очихын өмнө Лос-Анжелест дасан зохицох бэлтгэлээ хийсэн, үүнээс өмнө эх орондоо Орхон аймгийн “Олимп” бааз, “Говь ресорт”-д хүч сэлбэсэн нь судалгаа шинжилгээтэй холбоотой байв уу? Тамирчдын барилдаанаас ажиглахад манай бөхчүүдийн дийлэнх нь өрсөлдөгч бөхөөсөө 30-40 секундийн дотор эхний оноо авсан үзүүлэлт ч гарчээ.

Энэ нь өрсөлдөгчөө ялах сэтгэл зүйн эхний “дайралт” болсон гэж дүгнэж байна. “Лас Вегас-2015” ДАШТ-ээс ямар дүгнэлт хийж, хойшид юун дээр анхаарах хэрэгтэй байгаа талаар БТС-ын Хөгжлийн төвийн Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, сургалтын хэлтсийн дарга Л.Нямтай ярилцлаа.

-Тэмцээн болох газар, цаг агаар, байгаль орчинтой дасан зохицох нь тамирчин хүний амжилтад нөлөөлдөг гэж судлаачид үздэг. Тиймээс бэлтгэл хийх газраа зөв сонгох нь амжилтад хүрэх үндэс болдог байх. Лас Вегаст болсон ДАШТ-ийг эргэн дурсахад багш дасгалжуулагчид, эрдэмтэн судлаачид зөвлөлдөн, бэлтгэл хийх газраа сонгосон уу? Эсвэл тохиолдлоор эрэгтэйчүүд “Олимп” бааз, бүсгүйчүүд “Говь ресорт”-д хүч сэлбэсэн үү?

-Ямар ч спортын төрөл шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан хөгждөг. Тиймээс 2015 оны чөлөөт бөхийн ДАШТ-ий өмнө эрэгтэйчүүд Эрдэнэт үйлдвэрийн далайн төвшнөөс дээш 850-950 м-ийн өндөрт орших “Олимп” бааз, эмэгтэйчүүд далайн төвшнөөс дээш 1200-1300 м-ийн өндөрт орших “Говь ресорт” амралтын баазад бэлтгэлээ базаасан юм.

Манай эрдэмтэн судлаачид дасгалжуулагчидтай ярилцаж байгаад тухайн орны байгаль цаг уур, гадаад орчинтой зохицуулах зорилгоор дээрх газруудыг сонгосон. Лас-Вегас хотын хувьд далайн төвшнөөс дээш 320 м-т буюу нам дор газар байрладаг. Гэхдээ бид өндөр газар авсан ачааллаар бусад орны тамирчидтай өрсөлдөх нь давуу тал гэж тооцоолсон.

Ерөнхийдөө тэмцээн эхлэхээс өмнө 7-10 хоногт авсан ачааллаа зохицуулах, торгон ирийг нь тохируулах, жингээ зөв барих, сэтгэл зүйгээ төвлөрүүлэхэд онцлон анхаарч, багш дасгалжуулагчид тамирчин тус бүртэй тулж ажилласан.

Үүнээс үзэхэд 2016 оны олимпод оролцохдоо тухайн жингийн барилдаан эхлэхээс 7-10 хоногийн өмнө Бразилд юм уу, АНУ-ын Лос-Анжелес хотноо торгон ирийг тохируулах, халуунд дасан зохицох бэлтгэлийг хийх нь зүйтэй гэж судлаач хүний хувьд дүгнэж байна.

-Тэгвэл Лос-Анжелест хийсэн дасан зохицох бэлтгэл өгөөжөө өгсөн байх нь?

-Тийм ээ. ДАШТ-д чөлөөт бөхийн ҮШБ-ийн тамирчид жилийн 1200-1500 цагийн бэлтгэл хийхээр төлөвлөсөн бол зөвхөн ДАШТ-ий үндсэн бэлтгэлээ өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс эхэлж, нэгдсэн цугларалтад гарсан юм.

Улмаар эмэгтэйчүүд наймдугаар сарын 28, эрэгтэйчүүд есдүгээр сарын 2-нд Лос-Анжелес явж дасан зохицох бэлтгэлд хамрагдсан нь сайн нөлөө үзүүлсэн гэж хэлэх бүрэн боломжтой.

Тамирчид маань Лас Вегаст очиход халуун өдрүүд нь өнгөрч таарсан. 35-42 хэмийн халуунд бэлтгэлээ базаасан болохоор хэр баргийн халууныг тэсвэрлэх нь тодорхой.

-Та бөхчүүдийнхээ барилдааны техник, тактикт судалгаа хийсэн гэсэн. Энэ талаар сонирхолтой мэдээллийг уншигчдад маань өгнө үү?

-Барилдааны техник тактикийн тоо чанарт судалгаа хийж үзлээ. Нэгдүгээрт барилдааны цаг хугацааны хуваарилалтыг харуулахыг зорьсон юм. Нөгөө талаар ямар мэхээр хэрхэн оноо авч байгааг судаллаа. Тухайлбал манай эмэгтэй бөхчүүд нийт 18 барилдаан хийснээс долоо ялагдаж, 11 ялсан үзүүлэлт гарсан.

Тэр дундаас дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн барилдааныг онцолбол таван удаа барилдахдаа тэр хамгийн удаан нь 2,1 секундэд өрсөлдөгчөө буулгаж авсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, хамгийн богино хугацаанд өрсөлдөгчдөө ялж чадсан гэсэн үг. Мөн өрсөлдөгчөө ялсан мэх, мэхийн хувилбаруудыг үзэхэд барьцтай барилдаан голлож байна. Эдгээр мэх, мэхийн хувибарууд нь үндэсний бөхөд дийлэнхдээ байдаг.

Энэ нь З.Дүвчин дасгалжуулагчийн барилдааны арга барилтай холбоотой сургалтын өвөрмөц туршлага ч гэж болох. Барилдааны эхний оноог хамгийн богино хугацаанд авах нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг бөхчүүд маань мэддэг болжээ. Барилдаан эхэлснээс хойш 30-40 секундийн дотор эхний оноог авч чадаж байсан.

Эхний оноо сэтгэл зүйн хувьд өөртөө итгэх итгэл авчирдаг чухал зүйл. Мөн бөхчүүдийн 70-80 хувь нь хамгийн өндөр буюу дөрвөн оноо авсан нь амжилтад нөлөөлсөн. Нэмж хэлэхэд манайхан үндэсний бөхийн мэхүүдийг чадварлаг хийж байна. Гадаадын бөхчүүд 9-11 төрлийн мэх хийж байхад монголчууд 24-26 төрлийнхийг хийх жишээтэй.

-Энэ хэмнэлээр Бразилийн олимпод бэлтгэвэл тамирчид Лас Вегаст үзүүлсэн амжилтаа хадгалах боломжтой гэж үзэж болох уу?

-Бид 2012 оны Лондоны олимпоос хойш 3 жилийн хугацаанд зөвхөн чөлөөт бөхийн ДАШТ, Азийн АШТ, Mongolia Open, УАШТ-үүдэд хийсэн судалгааны үр дүнг цаашдын ажилдаа тусгасан нь өнөөгийн амжилтын үнэн бодит үзүүлэлт болж чадлаа.

Манай тамирчид ДАШТ-ий өмнө ачааллаа сайн авсан. Өөрөөр хэлбэл, бөхчүүд өндөр ачаалал авч, богино хугацаанд хэвийн байдалдаа орж чадаж байна. Ачаалал авснаас 10-аад хоногийн дараа тэмцээнд оролцохдоо энэ хэмнэлээ алдаагүй. Үүнийг Бразилд алдахгүй байвал ирэх оны олимпод өндөр амжилт гаргах боломжтой.

-Судлаач хүний зүгээс дүгнэхэд манай тамирчид цаашид яг юун дээр анхаарах шаардлагатай байна вэ?

-Тамирчид, дасгалжуулагчид эрдэм шинжилгээ, судалгааны бодит үр дүнг мэдэрдэг болсон. Тиймээс бид нягт хамтран ажиллаж, нэг зорилгын дор гар нийлэн ажиллаж байна. Бэлтгэл хийх төлөвлөлтийг боловсруулах, засаж залруулах, хэрхэн биелүүлэх гээд бүх л шатанд анхаарч ажиллаж байна.

Бие бялдрын төдийгүй, сэтгэл зүйн хувьд олон талт судалгаа хийж, монгол уламжлалт аргаа ч ашиглаж байна. Энэ бүхэн өнөөдрийн амжилтын үр дүнд ихээхэн нөлөөлсөн. Гэхдээ өндөг шиг өөгүй зүйл гэж юу байх вэ. Алдаа дутагдал ч байлаа.

Тамирчид сэтгэл санаагаар өндөрт гарсан ч, бие бялдар сэтгэлгээ, оюун санааны хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй нь ажиглагдсан. Манай дасгалжуулагчид дэлхийн хэмжээний ачаалал өгч чадна. Тэрхүү ачааллыг унагахгүй байх л хэрэгтэй. Бүтэн жилийн бэлтгэлийг алдах их амархан. Тиймээс хатуу чанд сахилга бат, хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД