АКОШ МАДАРИ: МАЛЧИД ӨНӨӨ ХЭР УНГАРЧУУДЫГ ДУРСДАГИЙГ СОНСОХОД СЭТГЭЛД АЯТАЙ БАЙДАГ

2015 оны 10 сарын 05

Унгар улс Монгол Улс дахь Элчин сайдын яамаа хааж, Бээжингээс хавсран суух болсноос хойш есөн жилийн дараа дахин нээжээ. ЭСЯ-ны үүдээр ормогц хоёр метр шахам өндөр, монгол хэлээр гайхалтай ярих мажар хүн угтсан нь бидний зорьж очсон Элчин сайд байв.

Улаанбаатарт дипломат томилолт өвөрлөн ирээд таван сар болж буй Унгарын ЭСЯ-ны тэргүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Акош Мадаритай ярилцлаа.

-Ноён Акош Мадари, манай орны талаар төрсөн анхны сэтгэгдлийг тань хуваалцаж яриагаа эхлэх үү?

-Баярлалаа, тэгэлгүй яах вэ. Би Монголын түүхийн нэн сонирхолтой, бас амаргүй цаг үед буюу 1991 онд оюутан байхдаа анх ирж байсан юм шүү дээ.

-Ямар ажлаар?

-Гурван сарын хугацаатай дадлага хийхээр Унгарын ЭСЯ-нд түр ажилласан юм. Тэр үед хуучин монгол бичиг овоо сураад буцаж байлаа. Улс төр, эдийн засгийн өөрчлөлт дөнгөж эхлэл төдий, хүмүүсийн ахуй амьдрал нэлээд хямралтай байсан.

Түүнээс нэг жилийн дараа 1992-1997 онд Монгол Улсад томилогдон ажиллаж байлаа. Дипломат ажлын анхны гараагаа танай эх орноос эхэлсэндээ ихэд бэлгэшээж явдаг. Түүнээс хойш 18 жил өнгөрчээ. Энэ онд дахин томилолт авч, гурав дахь удаагаа ирэхэд Монголд маш их зүйл өөрчлөгдсөн нь мэдээж.

-Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан их болдог байсан үе шүү дээ. Та очиж байв уу?

-Монголын түүхийн хамгийн том жагсаал цуглаанд би оролцоогүй боловч үзэж харсан хүмүүсийн нэг. Тэгэхэд би 24 настай явлаа.

Одоогийн улс төрийн томоохон зүтгэлтнүүдийг, жишээ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тэгэхэд би тэнд харсан. Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй авчирсан тэр үеийн залуусыг их хүндэтгэдэг.

-24 жилийн өмнөх Улаанбаатар одоогийнхоос илүү цэмцгэр байсан болов уу?

-Дэд бүтэц, автомашины зогсоол, цэцэрлэгжилт, ногоон байгууламж бол хотын амин чухал зүйлс. Улаанбаатарт хот төлөвлөлт алдагдсан нь яах аргагүй нүднээ ил байна л даа. Хөдөөд эдийн засаг хөгжихгүй байгаагаас хүн ам нийслэлд төвлөрч, гэр хорооллын даац хэтэрсэн байна.

Усны асуудал хүнд байна. Гэхдээ эдгээр бэрхшээлийг засаж сайжруулах боломжтой. Манай Унгар гэхэд л технологиороо дэлхийд тэргүүлэх төвшинд хүрсэн. Унгарын технологи Герман, Францынхаас харьцангуй хямд учраас манай бизнесийнхэнтэй хамтарч ажиллавал илүү үр дүнтэй.

-Саяхан Монгол, Унгарын Засгийн газрын комиссын хуралдаан болсон. Улаанбаатарын дэд бүтцийн салбарт хамтарч ажиллах талаар ямар шийдэлд хүрсэн бол?

-Унгар бол БНМАУ-ын аж ахуйн олон салбарын хөгжилд гар бие оролцож, ялангуяа усны аж ахуйг хөгжүүлсэн туршлагатай. Тэдгээр он жилүүдэд унгар мэргэжилтнүүд Монголын нутаг дэвсгэрт 2000 гаруй худаг гаргасан. Тийм ч учраас хөдөөгийн малчид өнөө хэр худаг ярих бүрийд унгарчуудыг дурсдаг гэж албаны нэг хүн саяхан надад хэлэхэд сэтгэлд аятай байсан шүү.

Энэ чиглэлийн уламжлалт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн манай пүүс компаниуд Улаанбаатарын ус цэвэрлэх байгууламжийн төсөлд оролцох боломжтой гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн зам барих, хотын гэрэлтүүлгийг сайжруулах зэрэг төслийг Унгарын бизнесийнхэн сонирхож байна.

-Унгарын нийслэл Будапештийн төлөвлөлт юугаараа онцлог вэ?

-Будапештэд ямар нэг дур зоргоороо өөрчлөлт хийдэггүй. Хэрэв аль нэг байшингийн ханыг хотын захиргааны зөвшөөрөлгүйгээр заслаа гэхэд их хэмжээний торгуульд унана. Зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх журам чанга, иргэд хатуу мөрддөг учраас Будапешт хот төлөвлөлтийн дагуу, эмх цэгцтэй хөгжиж байгаа.

Будапешт маань сүүлийн таван жилд Европын хамгийн гоёмсог хэрнээ аялахад харьцангуй хямд нийслэл болж чадсан. Өдөрт хэдэн зуун мянган жуулчин ирж үздэг. Будапештийн аялал жуулчлалын орлого Унгарын ДНБ-ий 10 шахам хувийг бүрдүүлж байна шүү дээ.

-Цэнхэр Дунай гэж алдаршсан өргөн мөрөн бас бий...

-Цэнхэр гэдэг байсан, одоо бол цэнхэр, бас цэвэрхэн гэж магтдаг болсон шүү. Будапештийн маань үзэсгэлэн болсон мөрөн дөө.

-Унгарын Засгийн газраас манайд 25 сая ам.долларын зээл олгох тухай нэлээд эртнээс яригдсан. Энэ шийдэгдсэн үү?

-Биокомбинатад 25 сая долларын хөнгөлөлттэй зээлээр техник, технологийг нь шинэчлэх яриа 2010 онд эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл амжаагүй. Харин одоо бид ажил хэрэг болгох хэрэгтэй.

-Эдийн засгийн хүндрэлийн улмаас Унгар улс ЭСЯ-аа татаж байлаа. Одоо эргээд нээж байгаа нь танай оронд эдийн засаг сайжирсан гэсэн үг үү?

-Тийм ээ, тэр үед санхүүгийн учир шалтгаан байсан учраас хаасан хэрэг. Энэ жил бидний хувьд Монголыг чиглэсэн олон сайн алхам хийлээ. Улаанбаатарт ЭСЯ-аа нээлээ. Унгар улсын Ерөнхийлөгч айлчиллаа. Ирэх сард манай Ерөнхий сайд мөн айлчлан ирэх төлөвтэй байна.

Монгол Улстай улс төр, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг улам эрчимжүүлэх, шинэ шатанд ахиулах, Унгарын “Зүүн нээлт” гэдэг бодлогыг хэрэгжүүлэхээр миний бие Элчин сайдаар томилогдоод байна.

-Одоо Унгарт Монголын хэдэн оюутан суралцаж байгаа вэ?

-1950-2014 онд нийт 600-700 оюутан Унгарын их, дээд сургуулийг төгссөн. Манай Засгийн газар энэ жилээс Монголын их, дээд сургуульд төрөл бүрийн мэргэжлээр суралцаж буй 100 монгол оюутанд тэтгэлэг олгодог боллоо.

Бид нарийн мэргэжлийн инженерүүд, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд гээд Монголд нэн шаардлагатай байгаа боловсон хүчнийг бэлтгэхэд тогтмол анхаарч ажиллана. Сонирхуулахад, би саяхан зах дээр очоод маш сайн унгар хэлтэй хүнтэй санамсаргүй уулзсан.

Тэр хүн Унгарт дээд сургууль төгссөн гэнэ. Түүн шиг Унгарт боловсорсон хэдэн зуун хүн эх орныхоо хөгжилд гар бие оролцож яваа гэж бодоход сайхан санагдсан.

-Унгарт бизнес хийдэг монголчууд байдаг уу?

-Будапештийн нэг дэлгүүрээс шилж байж, сайн чанарын костюм худалдан автал монгол хүний хөрөнгө оруулсан “Титэм” гэдэг нэртэй үйлдвэрт оёсон эд байсан. Тэр үйлдвэрт дандаа монгол оёдолчид, нэрийн дэлгүүрт нь монгол худалдагчид ажилладаг юм билээ.

-Та Монголд ирээд удаагүй ч зуссан хүн байна даа, хөдөөгүүр аялж амжив уу?

-Миний хийх дуртай зүйл бол байгальд аялах, морь унах. Сүүлийн 30 жил морь унасан хүн шүү дээ, би. Монголд ирснийх хөдөө явъя гэж бодоод л байна. Санаа их байгаа ч үнэндээ зав гарсангүй. ЭСЯ-аа дөнгөж нээлээ, бас дэргэдээ Консулын хэлтэс нээх бэлтгэл ажил ид явж байна.

Арваннэгдүгээр сарын 1-нээс Монголын иргэд Унгар руу зорчих визийг манайхаас авна.

-Монголд хэр олон унгар хүн амьдардаг юм бэ?

-Мэргэжилтнүүд, бизнесмэнүүд, оюутнууд, монгол хүнтэй гэр бүл болсон Унгарын иргэд гээд нийт 30 гаруй л хүн бий.

-Манай хоёр улсын эдийн засгийн харилцаа хэдэн долларт хүрсэн бэ?

-Энэ тухайд сайн мэдээ хараахан дуулгаж чадахгүй нь. Монгол, Унгар хоёр улсын хооронд жилд 10-12 сая ам.долларын бараа эргэлдэж байна гэдэг бол бага хэмжээ. Унгарын компаниуд хөрөнгө оруулалтын салбарт хүчтэй биш байгаатай холбоотой болов уу.

Харин Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарт өндөр чанартай, орчин үеийн технологи худалдах хүчин чадал бол бүрэн бий. Тухайлбал, сүүний фермийн тоног төхөөрөмж, хүнсний үйлдвэрийн технологийг нэрлэх байна.

Унгараас хүнсний бүтээгдэхүүн, дарс авах сонирхол монголчуудад байдаг. Харамсалтай нь, одоо Европын холбоонд ОХУ хориг тавьсан учраас дамжин өнгөрөх тээврийн гарц хаалттай байна. Орос хоригоо цуцалбал боломж нээгдэнэ.

-Унгар манайхаас юу худалдан авахыг сонирхдог вэ?

-Монголоос авах бэлэн бараа, бүтээгдэхүүн тун цөөн. Монголын экспортын 70 орчим хувь нь түүхий эд, Унгарт ирэх зардал өндөр тусдаг. Харин бид Орос, Хятад руу мах экспортлоход нь Монгол Улсад туслах боломжтой.

-Гадаадынхан манай эрдэс баялгийн салбарт их анхаардаг. Унгарт уул уурхай хэр хөгжиж байгаа вэ?

-Сүүлийн 25 жил Унгар улс уул уурхайн салбараа бүрэн хаасан. Тиймээс энэ салбарт бизнес гэх зүйл бараг байхгүй. Харин уурхайн усан хангамж, нөхөн сэргээлтийн тухайд бол манайхан ажлын туршлагатай, Монголтой энэ чиглэлээр хамтрах сонирхол бүхий компаниуд бий.

Түүнчлэн Унгарын мэргэжилтнүүд Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамруулсан геологи, гидрогеологийн хайгуул хийж, нөөцийн зураг бүтээсэн.

-Та монгол хэлийг хаана ийм сайн сурав?

-Баярлалаа. Би Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. Тэгэхэд монгол хэл заалгасан. Төгссөн даруйдаа монгол хэлийг нэлээд сайн сурсан гэж хэлж чадахаар байлаа.

Сүүлийн 20-иод жил бараг хэрэглэсэнгүй. Харин Монголд томилогдож ирснээс хойш хэлээ дахин сэргээж байна. Дахиад хагас жил өнгөрөхөд илүү сайжирсан байх биз ээ.

Б.ЭНХЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.20 Mundag yum aa. Amjilt hus”e. Minii aav Buda-peshted surguul” tugssun hum baisan daa.