Д.ГАНТӨМӨР: Монгол төр циркийн урлагаа мартаагүй

2015 оны 10 сарын 01

БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөртэй ярилцлаа.

-Олон улсын залуу циркчдийн анхдугаар наадмыг БСШУЯ-наас санаачлан зохион байгуулахаар болжээ. Цаашид циркийн урлагийн талаар ямар бодлого баримталж ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Монголын циркийн урлагийн түүхийг өдгөө 70 гаруй жилээр хэмжиж буй ч түүнээс өмнө сүм, хийд даган бий болсон байх магадлалтай. Авьяаслаг олон жүжигчин манай циркт бий. Монакогийн вант улсад болдог “Монте карло” наадам болон БНХАУ-ын Учао, Уханьд болдог тэмцээнүүдийн амжилт, “Нарны цирк” зэрэг алдартай байгууллагад ажиллаж байгаа мэргэжлийн жүжигчид үүний нотолгоо болно.

Өмнө нь олон улсын циркчдийн наадмыг монголчууд зохион байгуулж байсангүй. Тиймээс манай яамнаас санаачлан циркийн урлагийг дэмжсэн даацтай ажил хийхээр зорьсон нь энэ.

Соёл, урлаг нь тухайн улсын хөгжлийн нэг төрлийн хөтөч байх боломжтой гэж олон улсад үзэж байна. Тиймдээ ч соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай сүүлийн үед ярьж, судалж байна. Урлаг, уран бүтээл нь зөвхөн сэтгэл баясгадаг зүйл бус оюуны асар чухал хөрөнгө оруулалт гэдгийг мартаж болохгүй.

Циркийн урлаг төрийн хараанаас алдуураагүй, төр нь мартаагүй гэдгийн нотолгоо нь энэ. Залуу циркчдийнхээ чадварыг харуулж, дэлхийн хэмжээний чансааг нь бататгаж, цаашид хөгжлийн ямар бодлого баримтлах чиглэлээ эндээс тодорхойлох юм.

-Улсын циркийг хувьчилснаас хойш циркийн жүжигчид студи, продакшн болж хуваагдаж, өмнө нь байсан нэгдмэл хүч, авьяас нь суларсан юм шиг санагддаг.

-Улсын мэдэлд байснаараа илүү хөгжинө гэсэн ойлголт байхгүй л дээ. Хошин урлаг болон кино урлагийн салбар зах зээлийнхээ зарчмаар хөгжиж л байна.

-Орон зай, тоног төхөөрөмж шаарддаг, урлагийн сонгодог төрөл болохоор циркийн бүтээл бий болгохын тулд багагүй хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаарддаг.

-Циркийн урлаг хаягдсан, орхигдсон гэсэн ойлголтыг үгүй болгож, эхний ээлжинд боловсон хүчнээ ямар байгааг харуулъя. Энэ далимаар олон тийшээ харсан мэргэжлийн холбоодыг нэгтгэе. Зөвхөн дуурийн дуучид биш циркчид ч амжилт гаргадгийг сануулъя л гэсэн юм.

Цаашдаа бид ХБК-ийн хашаанд Циркийн сургуулийн барилгыг бариулна. Зураг төслийг нь хэдийнэ гаргасан байгаа. Заавал хийх ёстой ажлын нэг гэж бодож байна. Монгол үнэртэй дэлхийд үнэлэгдэх уран бүтээл бий болгох нь бидний зорилго юм.

...Боловсролын салбарын зах зээлийн судалгаа сайн байх ёстой юм байна. Орост төгссөндөө ч гол нь биш Монголын урлагийн салбарт, энэ зах зээлд хэдэн хөгжимчин, дуучин, бүжигчин хэрэгтэй байгааг урьдчилан харж, тэр бодлогоороо бэлтгэх ёстой...

-Энэ уралдаанд ямар ямар улсын жүжигчид оролцох вэ?

-БНХАУ, ОХУ, Япон, Казахстан, Швейцарь, Вьетнам, Буриад, Өвөрмонголын 26 жүжигчин, таван шүүгч ирнэ. Уралдаан энэ сарын 14-18-нд болно.

-Монте карлогийн тэмцээн цомоо алтан, мөнгөн алиалагч гэж нэрлэсэн байдаг. Учаогийнх нь алт, мөнгө, хүрэл арслан цом өгдөг. Монголд болох тэмцээний цом ямар нэртэй вэ?

-Ийм уралдааныг ганц удаа зохион байгуулаад өнгөрөх хангалтгүй. Тиймээс тогтмолжуулах ёстой. Зөвхөн улсын санхүүжилтээр биш хувийн хэвшлийнхний дэмжлэгийг авч болно. Магадгүй, Монголд Ази, Европын циркийн урлагийг холбосон том наадам байнга болох ч юм бил үү.

Богино хугацаанд, шуурхай ажиллаж, энэ уралдааныг хийх гэж байна. Олон төрлийн шалтаг тоочиж, хойшлуулалгүй хийх нь л чухал байлаа. Цаашдаа цомоо онцгой нэртэй болгох байх аа.

-Циркийн сургуулийн бэлтгэлийн байр буюу Хуучин цирк өнгөрсөн зун шатсан. Галын дүгнэлт өдий хүртэл тодорхой болоогүй, засвар ч эхлээгүй байна. Цаашдаа энэ байрыг ямар зориулалтаар ашиглах вэ?

-Галын дүгнэлт тодорхой болсон хэдий ч бичиг баримтын боловсруулалт нь цаг хугацаа шаардсан их ажил байдаг юм байна.

Монголд соёлын өв сэргээн засварлах бодлого хэрэгтэйг олон зүйлээс анзаарч мэдэрлээ. Дорно дахин буюу Азийн зарим улс орнууд соёлын өвөө сэргээн засварлахдаа хуучин хэлбэрээр нь шинэчлэн барих аргыг түлхүү хэрэглэдэг бол европчууд ганц багана үлдсэн ч түүнийгээ тордсоор хэвээр нь хадгалдаг.

Бидэнд сэргээн засварлагч бэлтгэх зайлшгүй шаардлага ч тулгарч байна.

Хуучин циркийн хувьд бид сэргээн засварлаад циркчдээ бэлтгэл хийлгэнэ гэсэн чиглэлтэй байгаа.

-Хүүхдийн тодотголтой мэргэжлийн урлагийн байгууллагууд бүгд л үгүй болжээ. Хүүхдийн кино театр, Залуучуудын театр, цирк гээд хүүхдүүдийн очих дуртай газар хумигдсаар байна. Үлдсэн ганц байгууллага нь Хүүхэлдэйн театр. Гэтэл 11 жүжигчний орон тоотой, ОХУ-д энэ мэргэжлээр сураад ирсэн 10 жүжигчнээ авч ажиллуулах боломжгүй, өөрийн гэсэн байргүй гээд үргэлж шоовдорлогдох юм. Соёлын бодлого зохицуулалтын газраас арга хэмжээ авах боломжгүй юү?

-Боловсролын салбарын зах зээлийн судалгаа сайн байх ёстой юм байна. Орост төгссөндөө ч гол нь биш Монголын урлагийн салбарт, энэ зах зээлд хэдэн хөгжимчин, дуучин, бүжигчин хэрэгтэй байгааг урьдчилан харж, тэр бодлогоороо бэлтгэх ёстой.

Соёлын бодлого зөвхөн яамнаас биш улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалдаг.

Хүүхэлдэйн театр Монголдоо л тоглоод байх уу, монгол туургатны хэмжээнд өргөжих үү, боловсролын салбартай холбогдон хөгжих гарц байна уу гэх мэтээр хөгжлийн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй юм.

-Гурван жилийн дараа ОХУ-ын Пермьд сурч байгаа 12 балетын жүжигчин төгсөнө. Тэднийг ирэхэд нь эдийн засаг хүнд байна гээд ажилд авахгүй юм биш байгаа даа.

-ДБЭТ-ын дарга тухайн мэргэжлээр хэдэн хүн хаашаа явуулснаа мэдэж байгаа бол яаж авахаа тооцсон байх учиртай.

-Монголын мэргэжлийн урлагийн байгууллагууд орлогоо давуулан биелүүлсэн ч бүгдийг нь Төрийн санд төвлөрүүлдэг. Эдгээр байгууллагыг төрөөс хэдэн зуун сая төгрөгийн татаас авдгийг нь ярьдаг хэрнээ давуулж олсон орлогыг нь дурддаггүй. Түүнийгээ ч захиран зарцуулах эрхгүй байдаг. Энэ салбарын хөгжлийн нэг тушаа нь хөрөнгө мөнгө биш үү?

-Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад том хэмжээний өөрчлөлт хийж байна. Сангийн болон БСШУ-ын сайдын журмаар үүнийг шийдвэрлэх боломжтой. Давуулж олсон орлогыг нь тухайн байгууллагад нь үлдээх гарц хайж байна.

50 сая төгрөг ол гэсэн үүрэг өгөөд 100 саяыг олчихвол дараа жилийнх нь төлөвлөгөөг 110 сая болгочихдог торгуулийн тогтолцоо байж таарахгүй.

Боловсролын салбарынхан буюу том их, дээд сургуулиуд удирдах зөвлөлтэй болж хяналттай ажиллаж байгаатай ижилхэн мэргэжлийн урлагийн байгууллагад олон талын төлөөлөлтэй зөвлөл байх хэрэгтэй. Яамнаас давуулж олсон орлогоо юунд зарцуулж болох чиглэлийг нь тодорхой гаргаж, харин тухайн байгууллагын удирдах зөвлөл яаж зарцуулахаа шийдэж, хяналттай ажиллах боломжтой.

Тийм учраас би харъяа байгууллагуудаа хөгжлийн бодлоготой болохыг шаардаж байгаа. Энэ нь одоо гаргадаг жилийн төлөвлөгөөнөөс огт өөр. Хэн нэгэн дарга солигдохоос үл хамааран хөгжлийн бодлого нь хэрэгжсээр байх юм.

-Хүн амын соёлын ялгаа зааг хэтэрхий холдчихсон юм шиг танд харагддаг уу. Нийгмийн нэг хэсэг нь өндөр соёл, боловсролтой байгаа бол нөгөө хэсэг нь энэ тухай бодох ч сөхөөгүй явна. Энэ зааг ялгааг багасгахын тулд юу хийх вэ?

-Урлаг, соёл бол оюуны үйлдвэрлэл юм. ҮДБЭЧ-ын “Их хатдын дууль” бүжгэн жүжгийг үзээд гарахдаа урлагийн таашаал авч, түүхийн мэдлэгтэй болж, магадгүй маргаашийнхаа тухайн зураглалыг сэтгэлдээ буулгаад гарч болно. Тийм болохоор хүртээмжтэй байх ёстой.

Мэргэжлийн урлагийн байгууллагууд нь технологи буюу эрдмээ хадгалж, мэргэжлийн өндөр төвшинд уран бүтээлээ туурвих үүрэгтэй бөгөөд үзэгчид ямар ч хязгаарлалт байх ёсгүй.

-Ярилцлагынхаа далимаар нэг зүйл асуухгүй өнгөрч болохгүй нь. Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нарыг Үндэсний их баяр наадмын өмнө Хөдөлмөрийн баатарт тодорхойлсон гэж байсан. Юу болсон бэ?

-Юу болсныг нь бүгд л мэдэж байгаа шүү дээ. Мөнгөн шагнал өгсөн.

-Тэр шагналыг Засгийн газрын тогтоолын дагуу олгодог байх аа.

-Тийм ээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлыг бид яаж мэдэх билээ. Саналаа явуулах нь л явуулсан.

Засгийн газраас олгож байгаа энэ мөнгөн шагнал бол тухайн уран бүтээлчийн оюуны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, түүнд хөрөнгө оруулалт хийж байгаа хэлбэр юм.

Харин жил бүр уран зураг, хөгжмийн бүтээлийг улсын санд худалдан авахад хөрөнгө зарцуулдаг ч тэдгээрийг эргэлтэд оруулахгүй тоосонд даруулсаар байна. Тиймээс энэ журмыг бид өөрчлөх ёстой гэж үзэж байна.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД