Г.УЯНГА: ЭСҮТ есөн жилийн дараа байртай болох нь

2015 оны 09 сарын 25

Чингис хаан зарлиг буулгаж, дайнд эндсэн баатруудынхаа шарилыг “нээж”, шалтгааныг судлан амин газрыг нь хамгаалах арга сэддэг байсан гэх явган яриа бий. Бүр сүүлд лам нар өнгөрсөн хүний цогцсыг задалж, өвчин эмгэгийг нь үздэг байсан ч гэлцдэг.

1920-иод оны үед Монголд хэвлэгдэж байсан “Бюллетень Мон-Тел-аг” сонины 1923 оны гуравдугаар сарын 3-ны 71-72 дугаарт европ эмч Корнилов, Ротт, Селезнев, монгол эмч Лувсандорж, Гэлэг, Дамдиндорж нарын бүрэлдэхүүнтэй тусгай комисс Д.Сүхбаатар жанжны цогцост задлан шинжилгээ хийсэн тухай мэдээ нийтэлсэн байдаг.

Энэ бол нас барсан хүний цогцост задлан шинжилгээ хийсэн тухай анхны албан ёсны баримт аж. Үүнээс хойш Зөвлөлт, Монголын эмч, мэргэжилтнүүд эмнэлэгт нас барагсдын зарим цогцсыг задлан шинжилж, 1933 онд Эмгэг анатомийн тасаг, гистологийн лаборатори байгуулан, Монгол Улсад эмгэг судлалын алба үүсч хөгжих эхлэл тавьсан гэж үздэг.

1973 онд Улсын эмгэг анатомийн товчоо нэртэйгээр байгуулж байсан Эмгэг судлалын үндэсний төв (ЭСҮТ) 2013 оноос одоогийн энэ нэрээрээ үйл ажиллагаа явуулж байна. Харамсалтай нь тус төвийнхөн 2006 оноос хойш байргүй, “айлын” хажуу өрөө түрээсэлсээр өдий хүрсэн юм. Энэ талаар ЭСҮТ-ийн захирал Г.Уянгатай ярилцлаа.

-Гадаадынхны жишгийг харж байхад эмгэг судлалын байгууллагууд нь улсынхаа хамгийн онцгой объектод тооцогдож, аливаа өвчнийг оношлох эцсийн шатны бааз нь байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, өвчтөний хамгийн эцсийн оношийг тэнд тогтоодог гэсэн үг л дээ. Харин манай ЭСҮТ одоогоор ямар статустай ажиллаж байна вэ?

-Манайх улсын хэмжээнд эмгэг судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий лавлагаа төв юм. Хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, өвчний улмаас эмнэлэгт нас барагсдын цогцост задлан шинжилгээ хийж, тухайн бурхан болоочийг зөв оношилж, эмчилж үү гэдгийг судалж, тогтоодог.

Онош зөрсөн ховор тохиолдолд клиникийн эмч, эмгэг судлаачид хамтран зөвлөлдөж, эмчилгээ, үйлчилгээний доголдол, дутагдлаа хэлэлцдэг. Хоёрт, амьд хүний эд, эс, бүтэц судлал, онош зүйн лабораторийн шинжилгээнд тулгуурлан эмгэг судлалын онош тавихаас гадна эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмч нарын оношилгоо, эмчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор эрдэм шинжилгээ, судалгаа явуулах, эмгэг судлаач эмч, лаборант, цогцос задлагч нарыг сургаж мэргэшүүлдэг.

Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чиглэлээр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн салбар байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангадаг. Өөрөөр хэлбэл, өвчтөнд эцсийн онош тавьж, зөвлөгөө өгдөг дээд байгууллага нь манайх юм. Ингэхдээ бодит, нотолгоонд суурилдаг гэсэн үг. Иргэдийн зарим нь өвчнөө үнэн зөвөөр оношлуулахын тулд гадаад руу явж байна.

Тиймээс манайх мундаг том лабораторитай болохоос илүүтэй оношилгооны чанараа дээшлүүлчихвэл харь орныг зорих иргэдээ цөөлөх, ард түмний нуруун дахь том ачааг багасгах юм. Манайх эдийн шинжилгээгээр амьд хүнээс мэс заслаар тайрч авсан эд эрхтэн (мах)-ийг нарийн түвшинд оношилж байна. Эмгэг судлаач эмчийн тавьсан оношийн дагуу өвчтөнүүд хагалгаа хийлгэх үү, эм уух уу гэдгээ шийддэг. Харин эсийн шинжилгээг голдуу эмэгтэйчүүд хийлгэдэг.

Ямар вирусээр үүсгэгдсэн, эсэнд нь өөрчлөлт орсон байна уу, энэ нь хавдар болж уу, үгүй юү гэдгийг тодорхойлдог. Ийм нарийн шинжилгээ хийдэг газрын үйл ажиллагаа сайн байвал эрүүл мэндийн салбарын оношилгоо, эмчилгээ батлагдаж байна гэсэн үг.

-ЭСҮТ өөрсдийн гэсэн байргүй олон жил боллоо. Үүнээс болоод тусламж, үйлчилгээ явуулахад багагүй хүндрэл гардаг байх.

-2006 оноос өмнө шүүх эмнэлэг, эмгэг судлалын үйл ажиллагаа нэг статустай байсан л даа. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд 2006 оны гуравдугаар сарын 14-нд 49/74 дүгээр тушаал гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг өөрийн харьяандаа авч, байрыг нь балансаас балансад шилжүүлснээр манайх гэдэг байгууллага байргүй хоцорсон.

Тодруулж хэлбэл, өнгөрсөн есөн жилийн хугацаанд бид тус хүрээлэнгийн есөн өрөөг түрээсэлснээр өргөжин хөгжих ямар ч боломжгүй болсон. Эрүүл мэндийн байгууллагын бүтэц үйл ажиллагааны MNS 6330:3:2012 стандартаар Эмгэг судлалын үндэсний төвийн барилгын талбай хамгийн багадаа 2337 ам метр байх ёстой. Гэтэл өдгөө ийм зай талбайд үйл ажиллагаа явуулах нь байтугай лабораторид ашиглаж буй тоног төхөөрөмж нь 30 жилийн өмнөхөөрөө, огт шинэчлэл хийгээгүй.

2006 оноос хойш Эрүүл мэндийн таван сайд солигдлоо. Асуудлыг маань шийдээгүй. Харин 2014 онд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг нарт асуудлаа уламжилсны дагуу тэд манай төвийн үйл ажиллагаатай танилцаад “Байрны судалгаа хийж ир” гэсэн юм. Ингээд саяхны Засгийн газрын хуралдаанаар “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг улсын ганцхан байгууллага түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж болохгүй” хэмээгээд нааштайгаар шийдэж өгсөнд баярлаад сууж байна.

Төвийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхийн тулд барилгын асуудлыг нэн даруй шийдэх нь зөв. Шинэ байр барьж өгөх эдийн засгийн нөөц боломж байхгүй учраас Сүхбаатар дүүргийн I дүгээр хорооны нутагт байрлалтай Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн хоёрдугаар давхрын 1000 гаруй ам метр талбай бүхий 25 өрөөг балансаас балансад шилжүүлж, манайд өгөхөөр тогтлоо.

-Өөрийн гэсэн байртай болчихоор үйл ажиллагаагаа тэлж, оношилгоогоо ч сайжруулах нь дамжиггүй. Хэзээ шинэ байрандаа нүүж орох вэ?

-ЦССҮТ-ийн шинэ барилга удахгүй ашиглалтад орно. Түүний дараа л бид нүүх байх даа. Эд, эс судлалын шинжилгээг ганцхан лабораториор төсөөлж болохгүй. Нарийвчилсан судалгаа хийхийн тулд молекул, генетикийн түвшинд, тусгай будгуудын аргачлалуудыг хэрэглэж гэмээнэ бид сая олон улсын түвшинд оношилж байна гэж ярина. Ингэхийн тулд олон лаборатори байгуулах шаардлагатай. Бид байрандаа орчихвол үндсэн үйл ажиллагаагаа стандартын дагуу явуулж, ажлын байрны аюулгүй орчин бүрдүүлэхээс гадна эмч, судлаачдынхаа ур чадварыг дээшлүүлэх юм.

Дархлаа судлалын, молекул генетикээс гадна туршилтын лабораториуд байгуулахаар ярьж байна. ДЭМБ-аас манайд төсөл хэрэгжүүлж байгаа. 2009 оноос хойш ЭСҮТ-д хөрөнгө оруулалт огт хийгээгүй. Харин энэ жил 600 сая төгрөгөөр 17 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон. Бүтцийн хувьд ч 60 хүний орон тоотойгоор есөн жил ажиллалаа. 20 эмч, 20 лаборант, бусад нь захиргааны болон туслах ажилтнууд.

Эмгэг судлаач эмч бэлтгэхэд маш их хугацаа ордог. Төгсөлтийн дараах сургалтад хоёр жил хамрагдаад дараа нь шууд онош тавьчихдаггүй. Дахин дахин шинжилгээ хийнэ. Байнгын давхар хяналттай байдаг. Учир нь тухайн эмчийн тавьсан оношоос хамаараад хүний эрхтэн тайрах тухай ярьдаг. Буруу онош тавибал эрүүл эрхтэнийг нь ч тайрах эрсдэлтэй.

Тиймээс өвчтөнийг хагалгаа хийлгэхээс өмнө эдийн шинжилгээ авч, хийлгэснийх нь дараа тайрсан эрхтнийг нь дахин шинжилдэг учраас эмч нарыг хөгжүүлэх, боловсруулахад хугацаа урт байдаг. Тиймдээ ч эмгэг судлаачаар ажиллах хүн маш цөөн. Гэхдээ манай эмч нарын чадвар маш өндөр.

-Нэг орон дээр задлан шинжилгээ хийдэг, тоног төхөөрөмж нь хүрэлцдэггүй гэж дуулсан. Жилд хэчнээн хүнд эмгэг судлалын тусламж үзүүлдэг вэ?

-2010 онд эсийн шинжилгээг 18000 орчим хүнд хийсэн бол 2014 онд энэ тоо 77000 болж нэмэгдсэн. Тэгвэл эдийн шинжилгээг 2010 онд 39000 хүнд хийсэн бол өнгөрсөн онд 51000 болж олширсон байх жишээтэй. Задлан шинжилгээний хувьд харьцангуй бага. Нэг үеэ бодвол төв эмнэлгүүд задлангаа өөрсдөө хийдэг болсон. Харин цогцос хадгалах байгууламжийн хувьд хүрэлцээ муутай байгаа нь үнэн.

Энэ асуудлыг хөндөхгүй бол цаашид улсын хэмжээнд олныг хамарсан гамшиг осол гарвал шарил агуулах байр хүрэлцэхгүй, түргэн авч мэдэх юм. Эмгэг судлал нь эцэг буюу суурь шинжлэх ухаан учраас бид амьд хүмүүстээ тусламж үзүүлэхийг илүүд үздэг гэх үү дээ. Үүгээр бүх төрлийн өвчнийг оношилдог. Хүнээс авсан эд, эс дахин давтагдашгүй.

Тэр эдийг алга болгож, эсвэл хаяж болохгүй. Цус шиг дахин шинжилж болдоггүй учраас тухайн хүний эд материалыг бид 10 жил хадгалдаг. Өвчин нь даамжирвал 10 жилийн өмнө нь түүнд энэ вирус байж уу, эсвэл шинээр өвдсөн байна уу гэдгийг дахин нягталдаг.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД