МИНИЙ НУТГИЙН АВАРГА

2015 оны 09 сарын 18

Фотог Р.ЧУЛУУН

Би аваргын нутгийнх. Хүн бүхэнд ингэж ам бардам хэлж “сайрхсаар” чамгүй хугацаа өнгөрчээ. УБИС-ийн спортын сэтгүүлчийн ангид элсэн орсныхоо дараа хамгийн түрүүнд нутгийн их аварга Д.Цэрэнтогтохтой ярилцлага хийнэ дээ хэмээн мөрөөдөж билээ. Мөрөөдөл минь амархан биелээгүй л дээ. “Таван цагариг” сонинд сэтгүүлчээр ажилласнаас хойш жилийн дараа түүнтэй уулзах боломж олдсон юм. Үүнээс өмнө уулзаж болох байсан ч өөрийгөө чамласаар яваад жил болсон хэрэг. Нутгийнхан маань түүнийг “Хар” аварга хэмээн авгайлдаг. Харин миний хувьд “Өндөр” аварга гэж дуудмаар санагддаг байж билээ. Үндэсний бөхийн орон зайд ноёрхлоо тогтоосон хүчтэнүүдийн дунд, дэлхий, тивд далбаагаа мандуулсан алдартнуудын дотор түүнээс өндөр нуруутай хүн олон байгаа. Харин миний сэтгэлд Цэрэнтогтох аварга бие бялдар, холч ухаан, сийрэг оюун, даруу зангаараа хамгийн “өндөр”-т оршсоор ирсэн.

Намайг сурагч ахуйд Нарийнтээл сумынхан аваргадаа хүндэтгэл үзүүлэн, наадам хийсэн нь сэтгэлээс гардаггүй юм. Тухайн үед одооных шиг нэрэмжит наадам хавтгайруулан тэмдэглэдэг байсан биш. Тэрхүү наадмын бөхийн барилдааныг үзэж сонирхохоос илүү аваргаа дэргэдээс нь харах л хамгийн сайхан санагдаж билээ. Хожим сэтгүүлч болсноор аваргатайгаа сурвалжлагчийн хувиар олонтаа уулзах боломж бүрдсэн юм.

Цэрэнтогтох аварга үг дуу цөөтэй, сэтгүүлчдэд тэр бүр “тайлан” тавиад байдаггүй нэгэн. Ярилцлага хийх хүсэлт тавьж, утсаар анх ярихад минь нааштай хариу хэлсэнгүй. “Би танай нутгийнх шүү дээ, аварга аа. Та манай аав, ээжийг мэдэх байх. Нутгийн охин нь спортын төв хэвлэлд ажиллаж байна. Редакциас өгсөн даалгаврыг биелүүлэхгүй бол болохгүй. Би Ч.Даваадорж, Ч.Түвшинжаргал ах нартайгаа ярилцлага хийсэн. Итгэхгүй байвал тан руу тэднийг яриулах уу”... Нэг бодлын тунирхсан ч юм уу, нөгөө утгаараа эрхэлсэн ч юм уу, цаашилбал томорсон ч юм шиг ингэж ярихад маань аварга ихэд гайхсан бололтой хэсэг тээнгэлзсэний эцэст гэрийн хаягаа өгч билээ. Ингэж л би түүнтэй уулзаж ярилцах эрх авсан юм. Жилийн турш түүнийг судалсныхаа хэргийг гаргаж, үндэсний бөх, их спорттой холбогдсон он жилүүд, аж амьдралынх нь талаар ярилцаж, сонирхсон асуултууддаа хариулт авлаа. “Чамайг голоод байсан чинь шаггүй, эмх цэгцтэй асуулт тавьж байна шүү” гэж тэрбээр ярилцлагын эцэст өгүүлсэн нь надад юу юунаас илүү шагнал болсон. Одоо хүртэл спортын сэтгүүлчээр ажиллаж байгаагийн минь шалтгаан аваргын хэлсэн энэ үгтэй холбоотой ч юм бил үү.

“Ижилдээ яарах адуу шиг нутагтаа тэмүүлдэгсэн” нэртэй ярилцлага бүхий сониноо аваад нутгийн аваргындаа дахиад очиход Цэрэнтогтох аварга “ Манай Шар ирлээ” хэмээн өөриймсөг угтаж билээ. Утсаар ярихаараа тэр “За шар аа” гээд л ярина. Нэг удаа Өвөрхангай аймгийн Бөхийн галаар сурвалжлага хийх болдог юм. Аварга маань ч унаа зохицуулж өгөв. Гэтэл товлосон хугацаанаас нэлээн хоцорч очиход тэр үгээрээ бус харцаараа сайн загнаж билээ. Аваргатай холбоотой өөр олон сайхан дурдатгал надад бий. Тэр бүхэн дурсамж болон үлдэх юм гэж, бурхны оронд мордох хугацаа нь ийм ойрхон байсан гэж бодсонгүй.

Би нутгархах дургүй. Гурван саяулхнаа монголчууд жалга довны үзэл гаргаад ч яах юм. Дэлхийд Монголоо дуурсгаж яваа цог золбоотой тамирчдаараа бахархдаг, төрийн наадамд баруун аймгийнхан түрүүлэхэд ундууцдаггүй, би. Хэн нь ямар уран барилдаан, холч ухаантайг гадарладаг болохоор тэр бүхэнд үндэслэлтэй хандахыг хичээдэг. Гэхдээ нутгийн маань аварга надад томоохон бахархал үлдээжээ. Тэр зөвхөн үндэсний бөхийнх биш, их спортын эгэлгүй хүчтэн байв. Азийн наадамд түрүүлж, аман хүзүүдэн эх орныхоо нэрийг дуурсгаж, дэлхийн шилдгүүд өрсөлддөг олимпийн наадамд хоёронтаа хүч сорьсныг спортын хорхойтнууд андахгүй мэднэ. Төрийн баяр наадамд зодоглох хугацаагаа чөлөөт бөхөд зориулсандаа огтхон ч харамсдаггүй гэж ярьдаг байлаа, тэр. “Монгол Улсын гавьяат тамирчин цолыг их спортоор гаргасан амжилтыг минь үнэлэн өгсөн гэж боддог” хэмээн ярилцлагадаа өгүүлснийг ч санаж байна. Тэр өөрийгөө Монгол Улсаар хязгаарлаагүй, дэлхийн энтэй сэтгэж, бөмбөрцгийн шилдгүүдтэй ана мана барилдаж явсан билээ. Энэ бол түүний бүтээсэн давтагдашгүй түүх, ховорхон амжилт.

Хоёр Мөнхийн хооронд завсар оруулсан хүчтэн гэдгийг нь монголчууд андахгүй болохоор энэ тухай нурших илүүц биз ээ. Спортын ахмад сэтгүүлч Р.Чулуун гуай “Цэрэнтогтох уран хурц барилдаантай, хүч бяр нь тэгширсэн сайхан тамирчин. Мөн чанарынхаа хувьд ч ховорхон хүн юм шүү. Би аваргуудын хэрхэн инээдгийг сайн мэднэ. Харин Цэрэнтогтох аварга гэрэл цацруулан инээдэг юм” хэмээн өгүүлснийг тэмдэглэхгүй байж боломгүй.

Хүний амьдралд юу эс тохиолдох вэ. Осолд орсон, гэмтэл бэртэл авсан, бор дарс зооглох дуртай болсон гээд л амьдралын эрээн бараантай тулгарч явсан ч аварга маань хүнээрээ, байгаагаараа үлдэж, Цэрэнтогтохынх хэмээх оршихуйгаа гээгээгүй нь туйлын үнэн. Арал бяр нь хосгүй мөртлөө ааглаж омгорхож яваагүй юм, тэр. Ямар ч үед даруухан гүндүүгүй байж, гэрэл цацруулан инээмсэглэж явдаг, холч ухаан, хүнлэг сэтгэлтэй нутгийн аваргадаа би хайртай. Өвөрхангайн буйдхан Нарийнтээл суманд маань аваргын нэрэмжит сургууль бий. Жил бүр тэнд аваргын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болдог. Ирээдүйд алдар цолоо улсдаа төдийгүй гүрэн дамжин дуудуулах олон олон Цэрэнтогтох хүүхэд багачуудын дундаас төрнө гэдэгт нутгийнхан маань итгэдэг. Тэрхүү итгэлийн замыг аварга минь та гаргаж өгсөн билээ.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.5.202.120 aварга хүн аваргаараа төрдөг гэдэгийн амьд гэрч байсан даа мөн ч мундаг агуй уужимхан хүн байсан шүү үгүйлэх л юм даа аваргаа
37.161.73.217 Жинхэнэ аварга хун дээ тээр жил 85 онд шиг санаж бна авто бусанд дайралдахад нилээд зовиуртай бууж бсан тэгээд би тохойг нь тушиж тусалж билээ
31.29.30.81 сайхан дурсамж байна
82.248.194.157 za dyy mini,bayar hyrgye!!!Amid hynd hair heregtei yhsen hynd aldar heregtei!gedeg yum manai ikhe abraga bol ynen hychtei yran salamgai mehtei agyy abraga baisan daa!!!!dyrsan yzeglesend tyiliin bayartai syyna!!!
27.123.214.124 Yostoi ooriinxooroo l baisan. Xen yu gex ni xamaagui bi bol bi gej ywsan xun de. Um ma ni badme xum