С.САРАН: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРСДЭЛД ӨРТСӨН ОРНУУДЫН 13-Т МАНАЙХ ОРСОН

2015 оны 09 сарын 09

“Ногоон хонх” төрийн бус байгууллагын гишүүн С.Сарантай ярилцлаа. Тэрбээр Турк улсад ажиллаж, амьдардаг ч монгол залуучуудад уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл түгээх олон арга хэмжээ зохион байгуулдаг.

С.Саран өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирэхдээ “Парист юу болох гэж байна. Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо” сургалт зохион байгуулсан юм.

-Уг сургалтын зорилго юу байв?

-Дэлхийн хүн амын тал орчим хувийг 25-аас доош насныхан эзэлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад тэдний оролцоо маш чухал. Ирэх арванхоёрдугаар сард Франц улсын Парис хотод уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын 21 дүгээр бага хурал болно. Өндөр хөгжилтэй орнуудын залуучууд энэ хуралд бэлтгэж, олон арга хэмжээ зохион байгуулдаг.

Харин манайхан энэ тал дээр идэвхгүй байх шиг санагддаг. Тиймээс чадах чинээгээрээ мэдээлэл түгээж, “Ногоон хонх” төрийн бус байгууллага, Францын Элчин сайдын яамтай хамтран энэ сургалтыг зохион байгуулсан.

-Манай залуучууд хэр идэвхтэй оролцсон бэ?

-Сургалтаа үр дүнтэй байлгахын тулд цөөн хүнийг оролцуулахаар төлөвлөсөн. Оролцогчид миний төсөөлснөөс идэвхтэй байлаа. Нэг үеэ бодвол залуус байгаль орчны тулгамдсан асуудалд анхаарал хандуулдаг болжээ. Сургалтад багш, сэтгүүлч зэрэг олон нийттэй харилцдаг хүмүүс оролцсон нь сайшаалтай. Тэд илүү олон хүнд мэдээлэл түгээж чадна.

-Сургалтад оролцогчид уур амьсгалын өөрчлөлтийн талаар их мэдээлэлтэй байсан ч үүнтэй тэмцэхийн тулд юу хийхээ мэдэхгүй байх шиг санагдсан?

-Тийм зүйл ажиглагдсан. Байгаль орчны чиглэлээр ажиллаж буй хүмүүс ч үүнтэй хэрхэн тэмцэхээ мэдэхгүй байна гэж надад хэлсэн. Мэргэжлийн хүмүүс нь юу хийхээ мэдэхгүй байхад энгийн иргэн яах учраа олохгүй байх нь зөв. Тиймээс бид эхний ээлжинд бүлэг үүсгэн эгнээгээ өргөжүүлэхээр болсон. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын тулд амьдралын хэв маягаасаа эхлэх ёстой.

Дугуй унах, нийтийн тээврээр зорчих нь дэлхийн дулааралтай тэмцэж буй нэг хэлбэр юм. Мөн шинэ зүйл худалдаж авахаасаа өмнө өөртөө үнэхээр хэрэгтэй эсэхийг тооцоолох хэрэгтэй. Сургалтад оролцогчдыг хэрэглээгээ хянаж сурахыг зөвлөсөн.

-Та өмнө нь бас ийм төрлийн сургалт зохион байгуулсан гэсэн үү?

-Би 2009 онд “Копенгагенд юу болж байна? Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо” нэртэй сургалт зохион байгуулсан. Агаар мандал дахь хүлэмжийн хий, байгалийн гамшгийн хохирлын хэмжээ жил бүр нэмэгдэж байна. Зарим хүн Нью Йорк, Парист болох хурал цуглаан шийдвэр бидэнд ямар хамаатай юм гэж бодож магадгүй.

Гэхдээ тэдгээр шийдвэр дэлхийн хүн бүрт, ялангуяа ирээдүйн хөгжлийн эзэд болох залууст хамаатай болохоор бид энэ сургалтуудыг зохион байгуулдаг юм.

-Манай орны залуучуудын байгаль орчны мэдлэг, мэдээлэл гадаадынхантай харьцуулахад ямар хэмжээнд байна вэ?

-Хэлгүй бол хөлгүй гэж үнэн үг шүү. Англи хэл сурах нь хүн бүрийн үүрэг болсон юм шиг санагддаг. Гэтэл дээд сургууль төгсөж буй залуусын хэлний мэдлэг үнэхээр тааруу байна. Парист болох НҮБ-ын суурь конвенцын 21 дүгээр бага хуралд манай орны залуучууд оролцох бүрэн боломжтой юм билээ.

НҮБ-аас тус хуралд оролцохыг хүсэж буй залуучуудын дунд олон уралдаан зохион байгуулж байгаа. Гэтэл манайхан үүнийг огт ойшоодоггүй. Мөн цахим хэлбэрээр ч сургалтад хамрагдаж болно. Уур амьсгалын өөрчлөлт нийгэм, эдийн засгийн бүхий л салбартай холбогддог болсон гэдгийг ойлгох цаг ирсэн.

-Гадаадын залуучууд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын тулд чухам юу хийж байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах буюу хүлэмжийн хийг бууруулахад цөөн орон үүрэг хүлээдэг байсан. Тэд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг өөрийн болон хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ одоо манайх шиг хөгжиж буй орнууд ч хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах хариуцлага хүлээх хэрэгтэй.

Миний бодлоор үүнийг нэмэлт ачаа бус, боломж гэж харах нь зөв байх.

-Манай орны агаарын температур хоёр хэмээс нэмэгдсэн тухай ярьж байсан. Уг нь энэ температурыг хоёр хэмд тогтоож байх ёстой биз дээ?

-Тийм ээ. Манай орны газар зүйн байршил, эмзэг экосистем, нийгэм эдийн засгийн тогтолцоо буюу амьдралын хэвшил зэргээс хамаарч уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хурдан нөлөөлж байгаа. Уур амьсгалын эрсдэлд өртсөн орнуудын 13-т манайх орсон. Гэтэл манайхан юу ч мэдэхгүй байгаа нь харамсалтай.

Сургалтад оролцогчид Монголын болон олон улсын бодлогын чиглэл, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг багасгах, дасан зохицох арга хэмжээ, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зэрэг олон ойлголттой болсон гэж найдаж байна.

-Эрх баригчид дэлхийн дулаарлыг тулгамдсан асуудал гэж харахгүй байх шиг санагддаг. Та юу гэж бодож байна вэ?

-Тулгамдсан асуудал гэдгийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч бодлогын баримт бичгүүдэд тусган, хэрэгжүүлж байгаа. Манай улс эрчим хүчнийхээ 95 хувийг нүүрснээс авч байна. УИХ-ын гишүүн С.Оюун 2030 он гэхэд үүнийг 20 хувиар бууруулах зорилт тавьсан гэж ярьж байсан. Гэхдээ энэ бол ганцхан БОНХАЖЯ-ны хариуцсан ажил биш. Байгууллага бүр байгаль орчны алба, мэргэжилтэнтэй байвал зүгээр юм шиг санагддаг.

“Парист юу болох гэж байна. Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо” сургалтад оролцсон залуусын төлөөлөлтэй уулзаж, байр суурийг нь сонирхлоо.

Д.Өлзийдулам (“Go help” төрийн бус байгууллагын гишүүн): -Энэ сургалтад ирэхдээ сэтгэл их хөдөлж байлаа. Харин илтгэл сонссоны дараа айх, гуниглах мэдрэмж төрлөө. Манайх хүүхдийн боловсролд тулгуурласан олон арга хэмжээ зохион байгуулдаг. Налайх дүүрэгт үнэгүй номын сан ажиллуулж, хүүхдүүдийг номонд дуртай болгох гэж хичээдэг юм.

Хүүхдүүдийг багаас нь байгаль орчноо хайрлах сэтгэлгээтэй болгох нь зөв гэж ойлгосон. Би байгаль орчны олон төрлийн сургалтад хамрагддаг. Гэхдээ одоо болтол хогоо ялгаж хаяж ч мэдэхгүй байна. Тийм сэтгэхүй суугаагүй болохоор хэцүү юм.

Б.Онон (Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн бодлогын шинжээч): -Бүх нийтийг биш юмаа гэхэд байгаль орчны чиглэлээр сурдаг оюутнуудын сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй байна. Эцэг эх, найзуудынхаа ятгалгаар байгаль орчны мэргэжил эзэмшсэн хүүхэд их байдаг. Тэд мэргэжлээрээ бараг ажилладаггүй.

Байгаль орчин гэхээр л хөдөөний хүмүүсийн тухай ярьж байна гэж ойлгодог оюутнууд ч байдаг юм билээ.

Н.Балжинням (“Зориг” сангийн Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн гишүүн): -Энэ сургалтын талаар найзууддаа хэлэхэд нэг ч хүн тоогоогүй. Гэтэл фэйсбүүк хуудаст шинэ солонгос кино эхэлж байна гэсэн зар гарахад хэдэн мянган хүн лайк дарж, “Ашгүй дээ, үзэх юм олдохгүй байсан юм” гэж сэтгэгдэл бичиж байсан.

Би “Зориг” сангийн Байгаль орчны манлайлагч хөтөлбөрөөс олон зүйл сурсан. Үеийнхээ залуусыг солонгос кино үзэж, өдрийг өнгөрүүлдэг гэж бодохоор харамсалтай санагдаж байна” гэв.

Э.НЯМДУЛАМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД