Б.ОТГОНТӨГС: Хоёр том “цохилт” аваад эдийн засгийн өсөлт саарчихлаа

2015 оны 09 сарын 04

МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал, эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгстэй ярилцлаа.

-Эдийн засгийн бодит нөхцөл байдал ямаршуухан дүр зурагтай байна вэ? Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэхгүй нь. Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ унаж, манай улсын орлого хумигдлаа. Сайн мэдээ сонсогдохгүй л байна.

-Дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмжиж эдийн засгийн бодит түвшинг тодорхойлдог. ДНБ-ий өсөлт, бууралтыг Үндэсний статистикийн хороо улирал бүр гаргаж байна. Сүүлийн улиралд эдийн засгийн өсөлт гурван хувьтай гарлаа. Эдийн засаг 2011 онд 17.3, өнгөрсөн жил найман хувиар өссөнийг бид мэднэ.

Гурван хувийн өсөлт харангын дохио мөн үү гэвэл мөн. Учир нь эрчтэй, хүчтэй хөгжиж байсан эдийн засаг ингэж буурч байна. Одоо эдийн засгийн өсөлтөө гурван хувиас доош оруулахгүй байх, яаж 5-6-д хүргэх вэ гэдэг хамгийн чухал.

-Экспортын түүхий эдийн орлого буурсныг дагаад төсөв бүрдэхгүй нь, зах зээл дэх бэлэн мөнгө багаслаа. Ийм байхад эдийн засгийн өсөлтийг гурван хувиас доош оруулахгүй байх боломж бий юү? Ангал руу унах нь гэж болгоомжилж буй ч хүн таарч байна.

-Ангал руу унах нь гэж олон нийтэд мэдээлэл өгч буй хүмүүс сэрэмжлүүлэх байдлаар тэгж хэлсэн байх. Сэрэмжлүүлэх нь эдийн засагчдын нэг үүрэг юм. Бид эдийн засгийн өсөлтөө гурван хувиас доош оруулахгүй байж чадна. Ингэхийн тулд нэгдүгээрт, эдийн засгийн зоримог бодлого хэрэгтэй. Хоёрдугаарт, бүх субьект хоорондох ойлголцох хэрэгтэй. Гуравдугаарт, төр бизнест бага оролцох шаардлагатай байна. Том зах зээлийг эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиар явуулмаар байгаа юм.

Жишээ нь, уул уурхайн том төслүүдийг хөдөлгөмөөр байна. Хэрвээ том төслүүдээ хөдөлгөвөл энэ оны сүүлийн саруудад 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой. Энэ онд 500 орчим сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна шүү дээ. 4-5 тэрбум ам.долларын хөрөнгө ордог байсан нь ингээд буурчихсан.

Төслүүд урагшилбал хөрөнгө оруулалт нь бэлнээр орж ирнэ. Том төслүүдийг дагасан тээвэр ложистик, үйлчилгээний салбар, хөдөлмөрийн зах зээл идэвхжинэ. Хүн амын, аж ахуйн нэгжийн орлогоос авах татварын орлого нэмэгдэнэ. Эдийн засгийн үржүүлэгчийн нөлөөгөөрөө 300 сая ам.доллараас илүү үр ашиг өгөх боломжтой.

УИХ-ын намрын чуулганаар Засгийн газарт эрхийг нь өгөөд “Тавантолгой” төслөө хөдөлгөчихвөл 2015 оны эхний хагаст эдийн засаг гурваас дээш хувиар өснө. Дахиад хэлэхэд, эдийн засгийн зоримог бодлого үгүйлэгдэж байна. Засгийн газар, банкууд, том компаниудын хооронд бүрэн ойлголцол хэрэгтэй.

Бизнесүүд шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлыг л төр зохицуулж өгдөг, бусад үед оролцдоггүй баймаар байна.

-“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт ирэх жилээс эхэлнэ гэж мэдэгдсэн. “Тавантолгой” төслийн хөрөнгө оруулалт эхэлчихвэл эдийн засагт мөн ч тустай байна. Гэтэл шалгарсан консерциум нь “Тавантолгой”- д хөрөнгө оруулах гэрээ байгуулж чадах нь уу. Итгэл алдарчихаад л байна шүү.

-Эдийн засгийг ажиглаад тоо баримтыг нь үзээд суудгийн хувьд тантай санал нэг байна. Эдийн засгийн субьект буюу төслийг санхүүжүүлэх гэж буй олон улсын банкууд, хэрэгжүүлэх гэж буй гурван улсын корпорацын нэгдэл талаас ямар нэг асуудал байхгүй. Харин улс төрийн шийдэл гаргаж чадахгүй гацаах юм.

Түрүүний хэлснээр төр бизнесээс хол баймаар байна. Төрөөс эдийн засагт оролцох хувь хэмжээ, далайцыг улстөржилтөөс ангид байлгамаар байна. Төрийн зохицуулалтыг эдийн засгийн мэдлэгтэй багууд хийгээд, түүнийг нь улс төрийн хүчнүүд УИХ-ын түвшиндээ шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Ямар гэрээ хийх вэ, хөрөнгө оруулалтын хувь хэмжээг хэрхэн тогтох вэ гэсэн нарийн ширийнийг нь мэргэжлийн хүмүүс хийдэг байвал дээр гэж боддог.

2015 он гарахад сэтгүүлчид инфляцын түвшин, эдийн засгийн өсөлт ямар байх бол гэж надаас асууж байсан. Инфляцын түвшин нэг оронтой тоонд орно. Ингэх бодлого баримталж байгаа гэж хариулж байлаа. Одоо инфляц долоон хувьтай байна. Эдийн засгийн өсөлтийн тухайд бусад эдийн засагчдийн адил хоёр том төслийг хурдан урагшлуулж чадах, эсэхээс хамаарна гэж хариулж байсан.

Нэгдүгээрт, хоёр том төсөл урагшлахгүй, хоёрдугаарт, манай гол экспортын барааны дэлхийн үнэ эрс буурсан тул эдийн засаг гурван хувиар л өсөж байна.

-Энэ оны төсөв 10 орчим хувийн алдагдалтай гарах төлөвтэй байна. Эдийн засгийн хэтийг бодитоор харж чадахгүй л төлөвлөж. Тийм үү?

-Эдийн засгийн онолд төлбөрийн тэнцэл болон төсөв алдагдалтай гарахыг “ихэр алдагдал” гэж нэрлэдэг. “Ихэр алдагдал” гарахаар макро эдийн засаг тогтворгүй болж эхэлдэг юм. Энэ л эдийн засагчдын “толгойны өвчин” болдог. Гэтэл манайд улс төрийн оролцооноос болоод төсвийг хүндрүүлэх байдал хүчтэй байдаг. 2015 оны төсвийг батлахад нэг тонн зэсийн үнийг 6300 ам.доллар байна гэж тооцсон.

Гэтэл одоо бодит байдал дээр 5000 ам.доллар болчихсон. Тэгэхээр зэсээс олох орлого 30 хувиар буурч таарна. Зэсийн ханш буурч буй учраас энэ жилийн төсвийг тодотгохдоо, ирэх жилийн төсвийг боловсруулахдаа өөр бодлого баримтлах нь зүйтэй.

-Төлбөрийн тэнцэл сүүлийн жилүүдэд үргэлж алдагдалтай гарч байлаа. Одоогийн байдлаар 83 сая ам.долларын ашигтай гарчихаад байна. Болгоомжлол төрүүлдэг байсан үзүүлэлт эерэг гарав. Гэсэн хэдий ч эдийн засаг муудсаар л байна.

-Эдийн засгийн идэвх саармагжихаар компани, айл өрхүүд хэрэглээгээ хумиж эхэлдэг. Тиймээс импортын хэмжээ арван сар дараалан буураад байна. Үүний улмаас сүүлийн хэдэн жил байгаагүй үзэгдэл гарч, төлбөрийн тэнцэл нэмэх боллоо. Энэ бол маш сайн үзэгдэл.

Томоохон бондын төлбөрөө төлөх хугацаа дөхөж байгаа энэ үед манай төлбөрийн тэнцэл ашигтай гарсан нь дэлхийн зах зээл итгэл найдвар төрүүлнэ. Төлбөрийн тэнцэл алдагдалгүй, импортын 4-5 сарын хэрэгцээгээ нөхөх валютын нөөцтэй байдаг гэдэг сайн үзүүлэлт. Нөгөө талаар импортын хэмжээ буурч байгаа нь эдийн засаг агшиж буйг харуулдаг.

Манай үйлдвэрлэлийн салбар импортоор тоног төхөөрөмж, бараа материалаа авч байгаа. Тэд худалдан авалтаа багасгасан учраас импорт буурсан хэрэг. Төлбөрийн тэнцлийг цаг үе мэдэрсэн зөв шийдвэр гаргасан компани, айл өрхүүд ашигтай гаргасан. Тэгвэл төсвийн алдагдал ихэссэн нь уул уурхайн түүхий эдийн үнэ унасантай холбоотой. Шинжээчид түүхий эдийн үнэ мөд өсөхгүй гэж таамаглаж байна.

Тэгэхээр бид одоо 2016 онд хэдэн төгрөг олох боломжтой вэ, олсон мөнгөөрөө ямар төсөл санхүүжүүлэх вэ гэдгийг бодож байх хэрэгтэй. Мөн 2017 онд бондоо хэрхэн төлөх вэ гэдгээ бодох хэрэгтэй. 2016 оны төсвийг алдагдал багатай батлаасай гэж хүсэж байна. Төлбөрийн тэнцэл нь ашигтай гарсан, мөн төсөв нь алдагдал багатай байвал манай улсын зээлжих зэрэглэл сайжирна.

Зээлжих зэрэглэл Засгийн газраас гадна банкууд, томоохон группүүд хөрөнгө болгоход индикатор болдог. Төсвийн орлогоо бодитой тооцоолох, түүндээ зардлаа дүйлгэх хэрэгтэй. Бэлэн биш байхад нүүрс, зэсийн үнэ уналаа. Энэ бол биднээс хамаарахгүй. Гэтэл манай улстөрчдөөс хамаараад хоёр том төсөл урагшилсангүй.

Ингээд хоёр том “цохилт” аваад эдийн засгийн өсөлт саарчихлаа шүү дээ.

-Эцсийн бүлэгт эдийн засгийн өсөлт саарсан нь улстөрчдийн буруугаас шалтгаалсан гэсэн дүгнэлт гаргаад байна уу?

-Төрөөс эдийн засагт хэтэрхий их оролцож байна.

-Ирэх онд төсөв хумигдах юм байна, ам.долларын хомсдолоос шалтгаалаад Монголбанк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлж магадгүй гэсэн төсөөлөл харагдаж байгаа. Тэгэхээр ирэх жил эдийн засгийг тэлэх боломжгүй болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Бодлогын хүү одооноос дангаараа мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болж эхэлнэ. Өмнөх гурван жилд Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэн, их хэмжээний мөнгө зах зээлд гаргаж бодлого хэрэгжүүлж байсан. Энэ хөтөлбөр хумигдсан. Үлдэж буй том арга хэрэгсэл нь бодлогын хүү.

Инфляцын түвшин долоон хувьтай байхад Монголбанк бодлогын хүүг чангаруулахгүй болов уу гэж бодож байна. Монголбанкнаас 2015 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого хоёр том зорилттой. Нэг нь инфляцыг нэг оронтой тоонд барих, нөгөөх нь дотоодын үйлдвэрлэл, ажил эрхлэлтийг дэмжих бодлого байсан.

Тэгэхээр төлбөрийн тэнцэл нь ашигтай гараад, 2016 оны төсвийг зохистой байдлаар баталчихвал бодлогын хүү өндөр байх албагүй. Сулруулах боломж гарч ирнэ. Төсвийн алдагдал хэр байхаас бодлогын хүүг сулруулах, эсэх нь хамаарна.

-Төсвийг алдагдалтай батлаад, бодлогын хүүг сулруулчихвал эдийн засгийн нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарах вэ?

-Эдийн засагт орж ирэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Манай улсын эдийн засаг дөрөвдүгээр улиралд идэвхтэй байдаг. 10-12 сард маш том худалдан авалт хийдэг юм. Энэ саруудад бизнесмэнүүд шийдвэр гаргахдаа зээлийн хүүг ямар байгааг маш их анхаарна.

Бодлогын хүүг зөөлрүүлчихвэл эдийн засаг идэвхжихэд нөлөөлнө. Гэхдээ бизнесмэнүүд үнэхээр хоёр том төслийг л харж байгаа. “Тавантолгой” төслийг хөдөлгөмөөр байна.

-Манай улсын эдийн засаг Хятадаас их хамаардаг. Гэтэл өмнөд хөршийн эдийн засгийн өсөлтийг үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт саарууллаа. Хятадын эдийн засаг сэргэж байж л уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх үү? Та Хятадын зах зээлийг ажиглаж байна уу?

-Статистик мэдээний хэмжээнд л ажигладаг л даа. Хятадын эдийн засаг саарсан нь Засгийн газрын бодлоготой нь холбоотой болов уу гэж харж байгаа. Удирдагчид нь орон сууцны зах зээлийн хөөсийг хагалах бодлого барьсан байж болно шүү дээ. Түүнээс гадна хойд америк, баруун Европын зах зээлийн худалдан авалт буурсан нь Хятадад нөлөөлсөн.

Том зах зээлүүд байшин барихаа болиод Хятадад үйлдвэрлэсэн материалыг худалдаж авахаа больчихоор түүхий эдийн үнэ буурч таарна. Хятадын эдийн засгийн өсөлт саараад байвал манай экспортын хэмжээ багасаад 2016- 2017 оныг бүрхэг байдалтай өнгөрүүлнэ гэсэн таамгийг эдийн засагчид хийсэн.

Би эдийн засагчийн хувьд нэг зүйлийг бодоод л байна. Хямрал боллоо гээд бүх мөнгө газрын гаваар орчихгүй. Аль нэг банк, эсвэл санд хадгалагдаж байгаа. Ингэхээр олон улсын зах зээлд мөнгө эргэлдсээр байх болно. Түүхий эдийн үнэ буурахаар үйлдвэрлэлийн зардал багасна. Ингээд үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр нэмж хүн ажиллуулна.

Ингээд улс орнуудын эдийн засаг сэргэнэ. Хятадынх дагаад л босоод ирнэ. Манайх жижиг эдийн засагтай учраас хурдан сэргэх боломжтой. Гэхдээ болгоомжилж байгаа нэг зүйл бий. 2016 оны өвөл зуд болчихгүй байгаасай гэж бодож байна. Ихэнх нутгаар гандуу, ногоо муу ургалаа. Өвөл их хэмжээний цас орчихвол хэцүүднэ.

Өөрөөр хэлбэл, манай улсын 50 сая малын тоо толгой байгалийн гамшгийн улмаас цөөрчих вий гэж болгоомжилж байгаа хэрэг. Хөдөө аж ахуйн салбарын өсөлт буурах аюул бас байна. Хөдөө аж ахуйн салбар манай эдийн засгийн том салбар, амьжиргааны түвшинг тодорхойлдог гол салбар шүү дээ.

-2017 онд бондын төлбөрөө төлнө. Энэ нь эдийн засагт хэр дарамт болох бол? Зарим улстөрч дааж давахгүй өрөнд орлоо гэж тайлбарлаж байгаа.

-Асуултад хариулахаас өмнө “Чингис” бондын мөнгө хаашаа орсон бэ гэдэгт тодруулга хийе. Энэ мөнгөний дийлэнхийг хэрэглээнд биш, хөрөнгө оруулалтад зарцуулсан. Өөрөөр хэлбэл, дэд бүтцээ сайжруулсан, шинэ үйлдвэр барьсан, хуучнаа өргөтгөсөн, тоног төхөөрөмжийг нь шинэчилсэн. Ингэхдээ “май” гээд зүгээр өгөөгүй.

Тэдэнд бондын хөрөнгийг эргүүлэн төлөх шаардлага тавьж, барьцаа авч байж зээлсэн. Эргэн төлөгдөх учиртай мөнгө. Эргэн төлөхөөр нь бондын өрийг дарна. Зээлээ төлөхгүй бол үйлдвэрийг нь авна. Ер нь учиртай шүү. Засгийн газарт, хувийн хэвшилд гаднаас валютын эх үүсвэр олох боломж бий. Дотоодын эдийн засгийн байдал өрөө төлж чадахааргүй бол олон улсын жишиг стандартыг л дагана.

Түүхий эдийн үнэ өсөхгүй, хоёр том төсөл маань хөдлөхгүй бол гадаадаас зээл авч л төлнө. Хоёр том төслөө хөдөлгөвөл өрөө төлөхөд дөхөмтэй болно. Том төслүүд хөдөлгөөд хөрөнгө оруулалт татаад, татвараа авъя. Түүгээр нь өрөө бага багаар төлөөд, сургууль, цэцэрлэгийнхээ дээврийг засаад сууж баймаар байна.

-Зээл авч өрөө төлөхийг дахин санхүүжилт хийнэ гэж нэрлэдэг бил үү?

-Тийм. Дахин санхүүжилт хийхэд макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайжруулах хэрэгтэй. Гадаад төлбөрийн тэнцэл нь ашигтай, төсөв алдагдалгүй, банкны зээлийн эргэн төлөлт муудаагүй, ядуурлын түвшин өсөөгүй бол гадаадаас зээлэх манай мөнгөний хүү бага түвшинд тогтох боломжтой. Дахин санхүүжүүлэх өртгөө бага байлгахыг хичээх хэрэгтэй.

Т.ЭНХБАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД