Бүдүүлэг жолоочдыг хашрааж эхэлжээ

2015 оны 09 сарын 02

 

Орцноосоо гарах гэтэл хаалганаас томхон нэг алхмын зайд хоёр машин эгнэн зогсож байв. Ашгүй нэгнийх нь жолоочтой таарч унаагаа холдуулахыг шаардахад “Пацаан минь, машинтайгаа гэр рүүгээ орсон ч чамд падлийгүй” гэж өөдөөс дунд хуруугаа гозолзуулах нь тэр. Ийм нөхцөлд цагдаа дуудаж, чирэгдэл учруулаад яах вэ, дахиж үг хэлээд ч нэмэргүй нөхөр байна гэж дүгнээд толгой сэгсрэн холдсон.  Бусдад саад болж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочтой түүнээс хойш олон таарсан ч шаардлага тавибал өөрөө л элдвээр хэлүүлхээ ойлгосон болохоор дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх болсон. Тэгтэл замын хөдөлгөөний шинэ дүрэм хэрэгжиж эхэлсэнтэй зэрэгцэн “Замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдийг хашраах бүлгэм” байгуулагджээ.  Тэд “Дүрэм мэддэггүй илжиг”, “Эмнэлэг, хороололд сигналдаж амар тайван байдал алдагдуулагч”,  “Явган хүний гарц таглан зогсогч”, “Явган хүний замаар давхигч”, “Анхаар дүрэм зөрчигч” зэрэг тайлбар бүхий наалтыг бүдүүлэг жолоочдын машин дээр наадаг бололтой. 4000 орчим лайктай тэдний фэйсбүүк хуудаст  “Танай бүлгэмийг дэмжиж байна. Хариуцлага тооцсон машин бүрийнхээ зургийг нийтэлж байгаарай. Дүрэм зөрчигчид хараад бусдын алдаанаас суралцаж хашраг, Сайхан санаа байна” зэрэг сэтгэгдэл цахим хэрэглэгчид үлдээжээ. Тус бүлгийн нэрээ нууцалсан гишүүнтэй цахимаар холбогдож цөөн зүйл тодрууллаа.

-Бүлгэмээ хэзээ, ямар зорилгоор байгуулсан бэ. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?

-Замын хөдөлгөөний дүрэм зөрчигчид бусдад саад бололгүй, хүмүүсийг болон өөрийгөө хүндэлж байгаасай, бүдүүлэг үйлдлүүд нь бага боловч буураасай гэсэн санаагаар бүлгэмээ байгуулахаар энэ оны эхээр ярилцсан ч саяхан үйл ажиллагаагаа эхэллээ. Таван хүний бүрэлдэхүүнтэй.

-Одоогоор хэдэн машиныг наалтаараа “чимэглэсэн бэ”. Энэ сар гарсаар дүрэм зөрчигчид танайхны нүдэнд хэр өртсөн бэ?

-Нийт хэдэн машинд наасан нь тийм ч чухал биш байх. Дүрэм зөрчигчид энэ сард эрс буурсан байна лээ. Гэхдээ машинаа бусдад саад болохоор байрлуулсан хэд хэдэн хүнтэй таарсан. Буруу зогссон, бусдын унааг хааж тавьсан хэн бүхний машинд наалт нааж сануулга өгнө. Олон хүний алтан цагийг үрдэг, бусдад саад болчихоод гэмшдэггүй нөхдийг хашраах болно. За баярлалаа. Нийгэмд биднийг зөв талаас нь харуулж, үнэн бодит мэдээллийг хүргээрэй гэв.

 Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД