П.ОЮУНЦЭЦЭГ: Ахлах ангийн сурагчид болон оюутнуудын дунд заг хүйтэн, тэмбүү их байгаа

2015 оны 09 сарын 02

Тэмбүү даамжирвал эцэстээ эзнийхээ хамрыг “залгидаг”, айхтар өвчин. 1930-аад оноос хойш зах зээлийн нийгэмд шилжих хүртэл Монголд тэмбүүтэй хүний хамар “унасан” тохиолдол гараагүйг эмч нар хэлдэг. Харин 1990-2014 онд ийм байдлаар хамар нь “тасарсан” хүн нэг хоёроороо бүртгэгдэх болжээ.

Тэгвэл энэ онд тэмбүүгийн уршгаар таван хүн хамраа “тавиад туучихжээ”, халаглахад ч багадмаар. “Өнөөдөр” сонин “Улаан тарианы үе эргэн ирлээ” цувралаараа тэмбүү өвчний тархалт, халдварлах зам, хор уршгийн талаар нийтэлж, гарах арга зам эрэлхийлэхдээ нийгмийн аль давхаргад ийм өвчтэй хүн олон байна, хэн нь санаатай, хэн нь санамсаргүй халдвар тарааж буйг сурвалжилсан.

Мөн улсын хэмжээнд сүүлийн 10 жил бэлгийн замын халдварт өвчний тархалтаараа тэргүүлж буй Дорнод аймгаас сурвалжлага бэлтгэн, учир шалтгааныг нь тодруулах гэж оролдов. Энэ тухай бичиж эхэлснээс хойш бараг жил өнгөрчээ.

Тэмбүүтэй хүмүүсийн тоо цөөрсөнгүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундаас өвчтэй хүүхдүүд оношлогдож байна гэх статистик хаа сайгүй л хөвөрч байх. Ингэхэд бодлого боловсруулагчид юу бодож суугаа бол. Эрүүл мэнд, спортын яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга П.Оюунцэцэгтэй энэ талаар ярилцлаа.

-Бэлгийн замын халдварт өвчин ингэтлээ газар авах болсон шалтгаан нь юу юм бол?

-Дэлхийн улс орнуудад нийтлэг гардаг халдварт өвчнүүдийн тархалт буурч байгаа. Гэхдээ шинэ болон сэргэн тархаж буй хэд хэдэн халдварт өвчин бий. Ялангуяа бэлгийн замын халдварт өвчин сэргэн тархаж байна. Тэр дундаа тэмбүү. Ганцхан манай оронд ч биш.

Оношлогдож буй нийт халдварт өвчний 40 гаруй хувийг бэлгийн замынх эзэлж байгаа нь үүнийг нотолно. Дэлхийд бэлгийн замаар халддаг 30 гаруй төрлийн өвчин байдаг. Манайх ийм төрлийн өвчний тархалтыг хянах зорилгоор зонхилон тохиолддог ДОХ, заг хүйтэн, трихомониаз, тэмбүүг албан ёсоор бүртгэдэг.

Түүнээс гадна бэлгийн зөөлөн яр, үү, мөөгөнцөр, хламид зэрэг халдвар бий л дээ. Ийм өвчтэй хүмүүсээ бүртгэдэг ч сар бүр гаргадаг тоон үзүүлэлтдээ оруулдаггүй. Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүсийн дотор 15-24 насныхан зонхилох хувийг эзэлж байгаа.

Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон оюутнуудын дунд гонрой, тэмбүү их байгаа гэсэн үг.

-Тухайн хүний зүрх, бөөр нь өвдөхөөр даатгалаараа эмчлүүлдэг хэрнээ бэлгийн замын халдварт өвчин тусвал энэ нь үйлчилдэггүй гэх юм. Манайхны хууль хүний эд эрхтнийг энэ мэт ялгаварладгаас болоод эрсдэлтэй бүлгийн иргэд эмчилгээ хийлгэж чадалгүй халдвараа цааш нь “түгээдэг” гэж эмч нар хэлсэн. Эмнэлгүүдэд бэлгийн замын халдварт өвчнийг эмчлэх төсөв суутгадаггүй юм уу?

-Бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүсийн эмчилгээг 100 хувь улсаас даадаг. Манай эрүүл мэндийн салбарынхан харин ч “Энэ төрлийн өвчний эмчилгээг төлбөртэй болгож өгөөч” гэдэг. Бэлгийн замын халдварт өвчин тусах нь хувь хүний үүрэг хариуцлагатай холбоотой учраас эмчилгээ нь үнэгүйдэх хандлага ажиглагдаад байгаа.

Хоёрдугаарт, 15-24 насныхныг эмчилгээ, үйлчилгээнд хамруулахад бэрхшээлтэй. Хүмүүс эмнэлэгт тэр бүр ханддаггүй. Ичиж зовохоос өгсүүлээд өөрийгөө халдвар авснаа ч мэдэхгүй явах нь олонтаа. Тухайн хүний эрхийн асуудлыг энд ярьдаг учраас их түвэгтэй. Тиймээс бид ийм төрлийн өвчин туссан хүмүүсийг заавал эмнэлгийн кабинетээр биш, сайн дурын зөвлөгөө, шинжилгээний төв гэсэн нэрийн дор үнэгүй үзлэгт хамруулахаар журам гарган ажиллаж байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын дэргэд ийм төвүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Хувийн эмнэлгүүд бол өндөр өртөгтэй. Хүмүүс голдуу тийш ханддаг л даа. Гэхдээ иргэд хувийн эмнэлгээр үйлчлүүлэхдээ эмчилгээгээ тасалдаг, хаядаг тохиолдол бишгүй. Бэлгийн замын халдварт өвчнийг бууруулах, эмчлэхэд жилд дунджаар 400 гаруй сая төгрөг төсөвлөдөг.

ДОХ, сүрьеэтэй өвчтөнүүдийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг “Глобаль” сангаас түлхүү санхүүжүүлдэг. Үүний ачаар манай улс сүүлийн 20 жил ДОХ-ын тархалт багатай орны тоонд багтсаар байгаа ч халдвартай хүмүүс нэмэгдэх хандлагатай боллоо. Өмнө нь жилд нэг, хоёр хүнээс ДОХ илэрч байсан бол одоо 10 гаруй оношлогдож байгаа.

Энэ нь нэг талаас илрүүлэлт сайжирсан гэж хэлж болох ч нөгөө талаас бэлгийн замын халдварт өвчин их байгаа нь ДОХ тусах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тэмбүү, бэлгийн замын халдварт өвчин нь улаанбурхан, салхинцэцэг шиг биш. Яг л томуу шиг. Хувь хүний бэлгийн зан үйлээс шууд хамааралтай учраас хэдэн ч удаа дахидаг. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ түлхүү авах нь чухал.

-Анагаах ухаанд тэмбүүг бүрэн оношилж, эмчилж байгаа. Шалтгаан, халдварлаж буй замыг нь ч мэднэ. Нөхөн үржихүйн насны иргэдээ нийтээр нь үзлэгт хамруулаад өвчин илэрснийг нь албадан эмчилж яагаад болохгүй гэж.

-Бид нэг хэсэг үйлчлүүлэгчийнхээ эрхийг хүндэтгэх үүднээс нэр усыг нь тэмдэглэж авалгүйгээр кодоор эмчилж байсан. Гэтэл эргээд энэ нь сөрөг үр дагавар авчирсан. Эмч нар өвчтөнүүдийнхээ араас явахад хүрч, тандалт судалгааны ажилд нь ч тээг болсон. Тиймээс өдгөө регистрийн дугаараар нь бүртгэж, эмчилгээнд хамруулж байгаа.

Социализмын үед өвчтөнүүдийг “Хамтрагчаа хэлэхгүй бол эмчилгээ хийхгүй” гэдэг ч юм уу албадаж байгаад хавьтагчийнх нь тухай хэлүүлчихдэг байсан. Түүгээр ч барахгүй гэр орон, албан байгууллагууд тэмбүүтэй хүмүүсээ мэдээлдэг, хатуу дүрэм журам байлаа. Сүүлийн жилүүдэд олон улсын чиг хандлага өөрчлөгдөж, хүний эрхийг дээдийн дээдээр хүндэтгэх болсон. Тэгэхээр албадан эмчилнэ гэхээсээ илүүтэй үнэгүй эмчилж, сайн дурын шинжилгээнд ухамсраар нь хамруулахыг чухалчилж байна.

Нөгөө талаар хүмүүсийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь маш чухал. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын программд нөхөн үржихүйн эрүүл мэнд тэр дундаа бэлгийн замын халдварт өвчний тухай хичээл оруулж байгаа. Харамсалтай нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам шинэчлэлийнхээ хүрээнд энэ жилээс эрүүл мэндийн хичээлийн цагийг танаж, биологийн хичээлтэй хавсран заахаар боллоо.

Биологийн хичээлд биологийн шинжлэх ухааны үндсийг заана уу гэхээс тухайн хүний эрүүл байх, бэлгийн замаар дамжих халдвар, нөхөн үржихүйтэй холбоотой асуудлыг хүүхдүүдийн ой тойнд ортол хэлж өгнө гэж байхгүй. Тиймээс бид БСШУЯ-нд энэ хичээлийг дангаар нь оруулах санал удаа дараа тавиад байна.

Хүүхдүүдэд “Бэлгийн ариун цэвэр сахихгүй, замбараагүй харилцаанд орвол бэлгийн замын халдварт өвчин тусна. Энэ нь том хүн болоход чинь сөргөөр нөлөөлнө. Хор уршиг нь ийм” гээд нэг удаа хэлээд ойлгуулчихгүй учраас үүнийг программчилж заах зайлшгүй шаардлагатай.

-Улсын хэмжээнд тэмбүүг үзэж, оношилдог эмч нар бараг байхгүй. Олон улсын стандартаар 50 мянган хүн тутамд тэмбүүгийн нэг эмч байх ёстой. Харин манайд мэргэжлийн цөөн эмч нийт өвчтэй хүмүүсийн 40-50 хувьд нь л хүрч үйлчилдэг гэж ХӨСҮТ-ийнхөн хэлнэ лээ.

-Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчний нарийн мэргэжлийн 50 гаруй эмч бий. 21 аймаг, дүүргүүдэд хуваахаар нэгээс хоёр эмч л ногдож байна гэсэн үг. Бэлгийн замын халдварт өвчний тархалт өндөр байгаа энэ үед эмч нар хүрэлцэхгүй байгаа нь үнэн.

Сургуулиа төгсөж буй залуу эмч нарыг энэ чиглэлээр ажилла гэж албадах эрх бидэнд байхгүй. Тиймээс төгсөлтийн дараах сургалтад залуу эмч нарыг богино хугацаанд буюу хоёр жилээр хамруулаад Төрийн сангаас төлбөрийг нь гаргах замаар хүний нөөц бэлтгэхээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөнтэй ярихаар төлөвлөөд байна.

-Оюутнуудын дунд ч тэмбүү их байгаа юм билээ.

-Жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” байхаар зарласан. Энэ хүрээнд олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд шинэ оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. Цаашлаад нийт оюутнуудыг хамруулахаар сургуулиудын захиргаатай нь ярихаар төлөвлөөд байна.

Мөн тэдэнд эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх зорилгоор мэдээлэл, сургалт сурталчилгаа давхар явуулна. Болж өгвөл “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” бүрт бэлгийн замаар дамжих халдварт өвчний эсрэг нэг арга хэмжээ өрнүүлж байх юм.

Хамгийн гол нь дээрх үзлэг, шинжилгээ нь зөвхөн бэлгийн замын халдварт өвчинтэй холбоотой биш. Оюутнуудыг сайн дураараа урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамрагдах суурь тавьж өгч буй юм. Манайх ДЭМБ-ын дэмжлэгээр бэлгийн замын халдварт өвчнийг статистикт бүртгэхээс гадна хүн амын дундах тархалтыг хоёр жилд нэг удаа судалдаг.

Үүгээр жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүү их байгаа нь ажиглагдсан. Уг нь жирэмсний хяналтын хугацаанд энэ өвчний шинжилгээг хоёроос гурван удаа давтан хийдэг. Гэтэл бие давхар эмэгтэйчүүд хяналтдаа хугацаандаа ордоггүй, хүүхэдтэй болонгуутаа тэмбүүтэй гэдгээ мэдэж байгаа нь харамсалтай.

Энэ нь нөгөө л эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгаагийн илрэл.

-Хил дагуух аймгууд, боомтуудын ажилчдын дунд тэмбүүтэй хүн олон байдаг юм билээ. Дорнод л гэхэд урагшаа БНХАУ, хойшоо ОХУ-тай хиллэдэг. Хилийн олон боомт байдгаас газрын тос олборлох, хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн долоон компани тэнд бий. Тиймээс сүүлийн 10 жил өвчтэй хүмүүсийнх нь тоо улс, аймгийн дунджаас хоёроос гурав дахин олон болжээ. Хил дагуу ажиллаж, амьдардаг хүмүүст хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Хилийн боомтуудаар хил дамнан биеэ үнэлдэг эмэгтэй олон. Ялангуяа БНХАУ-ын Эрээн хотод ирж, очин биеэ үнэлэх нь бий. Бэлгийн замын халдварт өвчнийг бууруулахад дан ганц эрүүл мэндийн салбарынхны ажил хангалтгүй. Бусад салбартайгаа уялдаа холбоотой ажиллах зайлшгүй шаардлага тулгараад байна.

Хил гаалийнхан, цагдаа, хууль, боловсролын салбарынхан гээд төрийн бус байгууллагуудтай хүртэл хамтарч ажиллах хэрэг гардаг. Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахаар нөгөөдүүлийг чинь баривчилна, шийтгэнэ. Тэгэхээр нь биеэ үнэлэгчид нууц байдалд ордог. Хүмүүс их ярьдаг л даа. “Гадаадаас тэр дундаа БНХАУ-аас бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүсийг ажиллах хүч болгон авч байна” гэж.

Бид тэднийг “Та нар тэмбүүтэй, ажиллуулахгүй” гэх эрх байхгүй. Өвчтэйгөөр нь ялгаварлан гадуурхаж, ажлаас халан, нэр хүндийг нь унагаж болохгүй. Тиймээс ажил олгогч нарт нь хүмүүсээ урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1-2 удаа заавал хамруулах шаардлага тавьж байгаа. Үүнийг цаашид тогтмол болгоно. Эмчилгээ, үйлчилгээнийх нь зардлыг ч тухайн компани хариуцах ёстой. Тэгэхгүй бол 50 гаруйхан эмч идэвхтэй хөдөлмөр эрхэлж буй нэг сая гаруй хүний араас хөөцөлдөх ямар ч боломжгүй.

Манайхны нэг нийтлэг дутагдал нь эрүүл мэндээ бусдад даатгачихдаг. Машин нь эвдэрвэл засварын газар луу хурдхан очоод хэдэн ч төгрөгөөр хамаагүй засуулчихдаг. Гэсэн хэрнээ эрүүл мэнддээ огт санаа тавьдаггүй, хайнга зан нь өвчнөө даамжруулах нэг шалтгаан болдог. Хүүхэд, хөгшид, ажилгүй хүмүүсийг Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үзлэг, шинжилгээнд хамруулах боломжийг нь нээж өгөх бол ажил олгогч нар нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарах цаг болсон.

Ингэж шат шатанд нь арга хэмжээ авахгүй бол эрүүл мэндийн хэдхэн ажилтнууд нь хаа хаанаа хүрэлцэхгүй байгааг ойлгох хэрэгтэй.

-ЭМСЯ бэлгийн замын халдварт өвчнийг бууруулах чиглэлээр ямар бодлого баримталж байна вэ?

-Бодлогын баримт бичиг олон бий. “ДОХ, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах стратеги- 2”-ыг энэ жил хэрэгжүүлж дуусаад одоо үнэлгээгээ хийж байна. Одоо 10 жилээр хэрэгжүүлэх үндэсний стратеги боловсруулна. Стратеги төлөвлөгөө гэхээсээ илүү эрсдэлт бүлгийн хүн ам буюу биеэ үнэлэгчид, ижил хүйстнүүдэд чиглэсэн үйл ажиллагаа түлхүү явуулна гэж бодож байгаа.

Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана. Мөн “Бэлгийн замаар дамжих халдварт өвчний удирдамж”-ыг шинэчлэн боловсруулж байна. Үүгээр үзлэг, тандалтыг салгаж байгаа. Ингэхээр тогтолцооны хувьд өөр болох юм. Үзлэгийн эмч тусдаа, өвчтөнөө үзнэ.

Нөгөөх нь тухайн хүний хавьтагч контактуудыг олж тогтоох юм. Үүнийг ирэх аравдугаар сараас гурван аймагт туршиж үзэхээр бэлтгэж байна. Хүмүүсийг “Сексийн хамтрагчаа хэл” гэхээр бүгд л мэдэхгүй гэдэг. “Тохиолдлоор нэг удаа бэлгийн харилцаанд орсон, утасны дугаарыг нь мэдэхгүй” гэнэ. Зарим нь бүр “Нэрийг нь ч мэдэхгүй” гэх. Нэр, хаягаа үнэн зөв хэлнэ гэж байхгүй.

Энэ нь өвчтэй хүмүүсийг илрүүлэхэд тушаа болдог. Тиймээс бид зөвлөгөө өгөх, хүмүүстэй ярилцах мэргэжилтнүүдийг түлхүү бэлтгээд үзлэг, тандалтын эмчийг тусад нь ажиллуулахаар болж буй. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хурдавчилсан оношлуурууд тарааж өгөхөөр болоод байгаа. Манайхан халдварт өвчин тусав уу, үгүй юү ХӨСҮТ-д л очих ёстой гэж ойлгоод байдаг.

Гэтэл дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд, сайн дурын үзлэг, шинжилгээний төвүүдэд шинжилгээ хийлгэж болно шүү дээ. Зарим сургуулийн хажууд Оюутны клиник байгуулагдсан.

-УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зургадугаар сарын 23-ны хуралдаанаар бэлгийн замын халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хаалттай хуралдсан. Ямар нэгэн шийдвэрт хүрсэн юм болов уу?

-Хаалттай хурлын материалыг ил болгодог, эсэхийг сайн мэдэхгүй л байна. Хурлаар бэлгийн замын халдварт өвчин их байгаа талаар хэлэлцэж, цаашид ямар арга хэмжээ авахыг ярьсан. Эрүүл мэндийн талаарх мэдээлэл, сурталчилгааг телевиз, радио, сонин, сайтаар үнэ төлбөргүй цацах, албан байгууллагууд нь идэвхтэй хөдөлмөр эрхлэгчдээ үзлэг шинжилгээнд хамруулдаг болгоё гэсэн л дээ.

Оюутнуудыг мөн сайн дураараа шинжилгээнд хамрагдах орчин нөхцөлийг нь бүрдүүлэх талаар ярьсан. Удахгүй байнгын хорооны шийдвэр гарах байх.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.119 niiteer ni hucheer iim uzlegt hamruulaad tiim huuhduudiig etseg ehed ni medegdej alban gucheer emchluuleh heregtei shd. tegj baij mal adguus shig bolson humuusiin setgehuid ni joohon nuluuluh baih
112.72.8.234 ene hvntei holboo awah gesiin utasni dugaar ymu Facebook haygiig ni olod ogooch
203.91.117.78 хуц ухна олширвол мал сувайрдаг дарга нар олширч ярихаас хэтрэхгүй хэвлэлийн хурал их хийдгээс энэ хаа байна урьдчилан сэргийлэх тарилга вакцин дарга нарын цалин хангамжинд яваад дашийн шог...
112.72.13.7 Twittert Eliirdeg neg Tembuutei huuhen bna aa, ter emchlegdsen yum bol uu? huurhii gadniihanii doodohiig bayarluulj yavaad,bas mongol hund taraasan yum shig bgaan. Tembuu Uyangaa
112.72.13.7 Таны хариулт ...dfweknmbvdfjewhbcvjbsvkerf
  • 2015 оны 09 сарын 03
112.72.13.7 Eliiregch biluu te
  • 2015 оны 09 сарын 02