Тусгай олимпод оролцсон монгол тамирчид гадаадынхны анхаарлыг татжээ

2015 оны 09 сарын 02

Хөгжлийн бэрхшээлтэй, тархины саажилттай гээд олон хүн нийгмийн амьдралд оролцож чадахгүй хаа нэг газар бусдаас тусгаарлагдан сууж байхад бид тэдний талаар ямар ч төсөөлөлгүй аж төрсөөр ирсэн. Тэгвэл 1968 оноос америкчууд оюуны бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэх зорилгоор “Тусгай олимп” гэх спортын томоохон арга хэмжээ зохион байгуулдаг болсон байна.

Та бидний мэддэг паралимптой төстэй энэ арга хэмжээг бусад уралдаан тэмцээний жишгээр дөрвөн жилд нэг удаа, зуны болоод өвлийн гэсэн хэлбэрээр зохион байгуулдаг. Энэ жил долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 2-нд АНУ-ын Лос Анжелес хотноо зуны тусгай олимп болж өнгөрсөн.

Ес хоног үргэлжилсэн уг арга хэмжээнд Монгол Улсын өсвөр насны 14 тамирчин ширээний теннис, жүдо, гүйлт, бөөрөнцгөөр ганцаарчилсан болон хосын төрөлд оролцож, 11 медаль авсан. Уг тэмцээнд манай улсын баг тамирчид анх удаа оролцсон ч үеийнхнээ манлайлж чадсан.

Энэ нь Олон улсын тусгай олимпийн хорооны Зүүн Азийн бүсийн орнуудын удирдах зөвлөлийнхний анхаарлыг татсанаар 2015 оны хурлаа анх удаа Монгол Улсад зохион байгуулж байна. Хуралд Олон улсын тусгай олимпийн хорооны тэргүүн дэд захирал Жанет Фроетшер, Бүс нутгийн хөтөлбөрийн захирал Марк Эдэнзон, Зүүн Азийн бүсийн захирал Мэри Гү нар хүрэлцэн иржээ.

Энэ сарын 1-3-ныг хүртэл үргэлжлэх хурлын гол зорилго нь манай улсын оюуны бэрхшээлтэй иргэдтэй тулж ажиллах, биеийн болоод оюуны хувьд саажилттай хүмүүсийг нийгэмтэй холбох, цаашид олон улсын байгууллагуудтай хэрхэн яаж илүү идэвхтэй байдлаар хамтран ажиллах боломж нөхцөлийг судлахад оршиж байгаа гэнэ.

А.ТҮМЭННОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД