УСЕЙН БОЛТЫН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

2015 оны 08 сарын 31

Хятадын нийслэл Бээжин хотноо явагдаж буй хөнгөн атлеткийн ДАШТ-ий 100 метрийн зайд Ямайкийн тамирчин Усейн Болт түрүүлж, харих болоогүй байгаагаа харууллаа. Энэ зайд сүүлийн нэг жил ноёрхож байсан Америкийн Жастин Гатлин хоёрдугаар байрт орсон. Болт сүүлийн хоёр жил бараг тэмцээн уралдаанд оролцоогүй. Энэ жил ч гэсэн эрүүл мэндийн шалтгаанаар “Алмазан лиг”-ийн уралдаанд оролцоогүй нь хөгжөөн дэмжигчдийнх нь урмыг хугалсан билээ. Тэрбээр бэлтгэл ханасан, хүч чадалдаа итгэлтэй байгаа үедээ л уралдана гэсэн зарчимдаа үнэнч байгаа ч тэмцээнд оролцохгүй байна гэдэг нь түүнд санхүүгийн хувьд ихээхэн хохирол учруулж байгаа нь мэдээж. Тийм болохоор л Усейн Болтыг зодог тайлах дөхөж байна гэсэн яриа гарах болсон юм. Жирийн хүнээс хэд дахин илүү ачаалалтай ажилладаг нь ч бие махбодид нь нөлөөлөх нь аргагүй. Ингээд Усейн Болтын амьдралын хэв маягтай танилцъя.

АЯНГА

Дэлхийн хамгийн хурдан хүн болох Усейн 1986 оны наймдугаар сарын 21-нд төржээ. Шүтэн бишрэгчид нь ч түүний нэрийг бүтнээр нь мэддэггүй. Усэйн Сен Лео Болтод хөгжөөн дэмжигчид 2008 оны Бээжингийн олимпийн наадмаар “Аянга” гэсэн нэр хайрласан байна. Түрүүлснийхээ дараа түүний үзүүлдэг хойш налан, гараа өргөдөг алдарт үзүүлбэр нь аянгыг дүрсэлж байгаа аж. 2009 онд Кенид айлчлахдаа Болт хулгайн анчдын гарт эхийгээ алдсан гепардын зулзаганд “аянга” нэр өгөн, ивээлдээ авсан юм. Тэрбээр 17 мянган ам.доллар төлснөөс гадна Найробийн амьтны хүрээлэнд жил болгон гурван мянган доллар гепардынхаа хүнс, хоолонд зориулан шилжүүлдэг байна.

ТОГЛООМ

Усейн Болтод өөрийн гэсэн гар утасны тоглоом бий. Bolt нэртэй энэ тоглоомыг түүний төрсөн нутаг Ямайкад бараг бүх хүн тоглодог бөгөөд АНУ-д үнэгүй тоглоомын зах зээлд хоёрт бичигдэж байгаа юм. Тоглоом нь Болт далайн дээрэмчдээс зугтан, алт цуглуулах дүрэмтэй бөгөөд үе ахих тусам хүч чадал нь нэмэгдэж, хурдан гүйдэг болдог.

КРИКЕТ

Тэрбээр спортын замналаа крикетээр эхэлсэн гэхээр та гайхах биз. Тийм ээ, энэ үнэн. Болт алдарт крикетчин Сачин Тендулкар, Криа Гейл, Вакар Юнис нарыг бишрэн шүтэж, дууриахыг оролддог байсан ч дасгалжуулагч нь түүнийг хөнгөн атлетикийн ойрын зайд хүч сорихыг зөвлөсөн байна. Хэдэн жилийн дараа Болт дэлхийн хамгийн хурдан хүн, гүйлтийн машин, аянга зэрэг олон хочтой болтлоо алдаршсан билээ. Болт хөлбөмбөг тун давгүй тоглодог. Английн “Манчестер Юнайтед” багтай хамт бэлтгэл хийхэд нь сэр Алекс Фергюсон түүнийг багтаа авахад бэлэн байна гэж ярьж байжээ. Болт ч хэрэв Фергюсоноос урилга ирэх юм бол хөнгөн атлетикийг эргэлзэх зүйлгүй хаяна гэж мэдэгдэж байсан удаатай.

ТАЙЛАГДСАН ҮДЭЭС

Бээжингийн олимпийн наадмын 100 метрийн гүйлтийн шигшээ уралдаанд гүйхдээ тэрбээр 9.52 секундын амжилтаар дэлхийн рекорд тогтоогоод зогсохгүй, тайлагдсан үдээстэй пүүзтэй гүйж түрүүлсэн анхны тамирчин болон түүхэнд үлдсэн.

ЖИЛД 24 САЯ ДОЛЛАР

Усэйн Болт дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчны нэг. Тэрбээр тэмцээний шагнал, ивээн тэтгэгчийн хандив, Засгийн газрын шагнал, зар сурталчилгаанаас жилд нийт 24 сая ам.доллар олдог. Дэлхийн хамгийн баян тамирчдын жагсаалтын 40-д бичигдэж, эхний 100-д багтсан анхны хөнгөн атлетикч болсон. Puma, Visa, Nissan Motors, Virgin Media, Ga¬torade, Hublot компанийн сурталчилгаанд оролцдог. “Усейн Болт” нэртэй шуудангийн тагтааг дуудлага худалдаагаар арилжихад Хятадын нэгэн бизнесмэн 400 мянган ам.доллараар худалдан авч байв.

ЧИХЭВЧ, МАШИНЫ ЦУГЛУУЛГА

Болт хөгжимд дуртай. Түүнд зориулан Soul Elec¬tronics компаниас шинэ чихэвч зохион бүтээсэн нь Bolt music нэртэй. Усейн Болт Ямайкад хувийн ресторан, хувцасны загвар зохион бүтээх газартай. Түүний гараажид Ferrari F430, Ferrari F458 Italia, Ferrari California, BMW M3, Nissan GT-R эгнэн зогсож байдаг.

ГЭР БҮЛ

Болт нэг дүү, нэг эгчтэй. Дүүг нь Садик, эгчийг нь Кристина гэдэг. Гэхдээ тэд бүгд өөр өөр ээжтэй. Алдартай тамирчин маань зав гарвал гэр бүлийнхэнтэйгээ байх дуртай. Багадаа сахилгагүй хүүхэд байсан тул аавдаа байнга суран бүсээр ороолгуулдаг байжээ. Болт дараа нь “Тэр үед би гомдоод уйлдаг байсан ч одоо санахад аавын хатуу чанга хүмүүжлийн ачаар л би одоогийн өндөрлөгт хүрч чадсан” гэж ярьж байв.


ХАР ТАМХИ

Намтар номондоо бичсэнээр бол тэр ганцхан удаа л хар тамхи татаж үзсэн гэнэ. “Олимпийн аваргын амнаас ийм үг гарах нь хачирхалтай санагдаж болох ч би нуухыг хүсэхгүй байна. Найзуудтайгаа хөлбөмбөг тоглож байтал нэг нь хар тамхи татах уу гэж асуусан. Дуртай нь аргагүй зөвшөөрсөн ч нэг сороод л надад тохирохгүй эд байна гэж мэдсэн” гэж тэр дурсжээ.

ЭМЭГТЭЙЧҮҮД

Усейн Болт “Бүсгүйчүүд миний хөлд сөхрөн унадаг нь үнэн. Гэхдээ би иймэрхүү зүйлд дасаж орхиж дээ. Бээжингийн олимпийн үеэр би ямар ч үзэсгэлэнтэй бүсгүйтэй тааралдсан, хүсэх л юм бол аваад явчихна гэдгээ мэдэрч байлаа. Үдэшлэгт очоод, за өнөөдөр хэнтэй шөнийг өнгөрүүлэх вэ гээд л хүүхнүүдийг шинждэг байсан. АНУ-д би Сандра Баллок, Хайди Клум нартай танилцаж, ууцгаасан. Гэхдээ нэг оронд ороогүй салсан. Спортын талбайд амжилт гаргахын тулд хувийн амьдрал маань ч хурц байх ёстой” гэж ярьж байв. Болт 2011 оноос Словакын загвар өмсөгч Лубица Куцероватай үерхэж байгаад 2012 онд салсан. Лондонгийн олимпийн өмнө Их Британийн тамирчин Меган Эдвардстай уулзаж байсан ч бас л тус тусын замыг хөөжээ.

М.СУГАР-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД